Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 19

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Цоодол, Г.Лхам

Шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарыг оролцуулан Дундговь аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Данзан, Б.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн  201712000031 тоот  хэргийг  2017 оны  4 сарын 20-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Дундговь аймгийн Баянжаргалан  сумын 3-р баг  Аргатайн  4-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Боржигон их догшин  овгийн  Төмөртогоогийн Данзан /РД:ЗБ67051914/

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан  сумын 2-р баг “Энгэр ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Баяуд  овгийн  Бордоржийн Амартүвшин /РД:ЗЮ82121233/

 

Шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сард Дундговь аймгийн  Баянжаргалан сумын  1 дүгээр багийн нутаг “Өехий” гэх газраас тус сумын иргэн Б.Сумъяадоржийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.   Шүүгдэгч Т.Данзан  шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэг  өгөхгүй  гэв.  

2. Шүүгдэгч Т.Данзангийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...сумаас урагш 20 гаруй километрт байх “Өехий” гэх газарт Амартүвшинтэй уулзсан.  Тэгээд бид хоёр тэнд бэлчиж байсан цөөхөн  үхэр дундаас 3 тооны үхрийг нь салгаж туугаад “Оюут” гэх газар руу явсан юм. Бид хоёр замдаа яаж үхрээ борлуулах талаар ярьж байсан. ...Тэгээд орой 20-21 цагийн үед манай хүү Одмагнай өөрийн микро маркийн машинтайгаа эхнэртэйгээ Улаанбаатар хотоос Өндөршил сум руу явж байгаа гээд замаараа бид хоёрын байгаа газарт ирсэн юм. Тэгээд бид хэд 3 тооны үхрээ нядлаад хүү Одмагнайгийн машинд ачаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх82-83/

3. Шүүгдэгч  Б.Амартүвшин шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэг  өгөхгүй  гэв.

4.Шүүгдэгч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар  өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 31-ний үед байх манай нутгийн Данзан гэх залуу нь над дээр хөдөө малаа усалж байхад ирээд дэл сул хулгайлчихаар үхэр юу байна гэж асуухаар нь манай ойролцоо “Өехий” гэх газарт бэлчээрлэж байсан Сумъяадоржийн үхрийг зааж өгсөн. Тэгээд тэр үхэр дундаас 3 тооны үхэр салгаж туугаад гэрээсээ урагш “Оюут” гэх газарт аваачиж 3 тооны үхрээ Данзантай хамт бариад байж байтал Данзангийн хүү Одмагнай орой цагийг  нь сайн  санахгүй байна эхнэр, ээж Алтанцэцэг нарын хамт ирсэн. Тэгээд бид хэд үхрээ нядлаад Одмагнайгийн машинд ачсан...” гэх мэдүүлэг /хх80/

             5.Хохирогч Б.Сумъяадоржийн:  “...2016 оны 9 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай үхэр “Өехий” гэх газраа бэлчиж байгаад 3 тооны үхэр хулгайд алдагдсан  байсан  юм. Тэгэхээр нь нутгийн  Амараа гэж дууддаг залууг мэдэж байж магадгүй гэж бодоод 2017 оны 1 сарын 10-ны өдөр Амараагийн гэрт нь очсон. Амараа гэртээ ганцаараа байсан. Тэгээд Амараагаас манай 3 тооны үхэр 2016 оны 9 сард алдагдсан,  таньд мэдэж байгаа зүйл байна уу гэж асуухад Данзан ах танай 3 тооны үхрийг хулгайлаад явсан гэж хэлсэн.  Тэгэхээр нь би Данзан  гэх хүнтэй утсаар яриад Амараагийн хэлсэн зүйлийг  хэлж та надтай ирж уулз гэж  хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа намайг хөдөө гэртээ ганцаараа байхад Данзан ах манайд ирээд би танай 3 тооны үхрийг хулгайлсан юм, би төлж өгнө өө гэж хэлээд явсан юм. Сүүлд нь Амараагийн аав Бордорж гэх хүн надруу утсаар яриад манай Амараа бас танай үхрийг хулгайлахад оролцсон юм шиг байна. Би нэг үхрийн мөнгө болох 1000000 төгрөгийг өгье гэж хэлээд 2017 оны 2 сард өдрийг  нь сайн санахгүй байна.  Манай эхнэр Оюунхандын Төрийн банкны 280300032399 тоот дансанд хийсэн байсан.  Дараа нь Данзан мөн манай эхнэрийн дээрх дансанд 1500000 төгрөг хийгээд үлдсэн 500000 төгрөгийг  3 сард өгөхөөр болсон юм...” гэх  мэдүүлэг /хх32-34рт/

6. Гэрч Р.Бордоржийн: “...Би Баянжаргалан сумын  төвд оршин суудаг. Хөдөө “Цагаан толгой” гэх газарт миний хүү Б.Амартүвшин ээжийнхээ хамт мал маллаж амьдардаг юм. Тэгсэн  манай сумын Данзан гэх хүн 2017 оны 1 сарын сүүлээр утсаар яриад би хүүтэй чинь хамт Сумъяадорж гэх хүний 3 тооны үхрийг хулгайлсан. Сумъяадорж тэр талаар мэдсэн байна. Тийм учраас хохирлыг нь барагдуулахгүй бол болохгүй нь гэж ярьсан. Тэгэхээр нь би Сумъяадорж гэх хүнтэй утсаар ярихад танай хүү Данзантай хамт миний 3 тооны үхрийг хулгайлсан гэж байна лээ.Танай хүү чинь хэргээ хүлээсэн,  та хэд хохирлоо 2017 оны 2 сарын 1-ний дотор барагдуул гэж хэлсэн. Тэгээд би мөнгө олоод 1000000 төгрөг Сумъяадоржийн дансанд хийсэн юм... ” гэх  мэдүүлэг /хх-37-рт/

7. Гэрч Э.Оюунхандын :  “...манайх 110 орчим тооны үхэртэй, манай нөхөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд мал маллаж байдаг юм. Тэгсэн 2016 оны 9 эхээр манайх үхэрнээсээ 3 тооны үхэр алдагдсан гэж манай нөхөр ярьж байсан юм. Тэгээд сүүлд нь 2017 оны 1 сард үхэр авсан хүмүүсийг олсон гэж ярьж байсан. Үхэр хулгайлсан хүмүүс хохирол барагдуулна гэж миний дансруу мөнгө хийж байсан. Нийт 2500000 төгрөг хийсэн байсан... ” гэх  мэдүүлэг  /хх38-39-рт/

8.Гэрч Ц.Эрдэнэчимэгийн: “...манай хадам ээж манай нөхөр Одмагнайтай утсаар яриад замдаа Баянжаргалан сумын урдуур ороод үхэр ачаад борлуулаад өгөөч гэж гуйсан. Тэгсэн манай нөхөр юун үхэр юм бэ гэж асуухад Амараа гэх залуу үхрээ зарах гэж байгаа талаар ярьж байсан. Тэгээд очиход манай хадам аав Данзан нэг залуутай, 2 мотоцикльтой 10 гаруй тооны үхэрнээс 3 тооны үхрийг  барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр 3 үхрийг хадам аав Данзан, хадам ээж Алтанцэцэг, манай нөхөр Одмагнай нар нядлаад машинд ачсан юм...” гэх  мэдүүлэг /хх40-41-рт/

9. Гэрч Д.Сандагдоржийн: “...Д.Одмагнай хамгийн  сүүлд хугацааг нь сайн санахгүй байна. 3 тооны үхэр хэдэн бага мал авчирч зарчихаад явсан. Гарал үүсэлтэй мал байсан, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх42/

10.Иргэний нэхэмжлэгч Д.Одмагнайгийн: “ ...Би “Hyundai grace” маркийн тээврийн хэрэгслийг Ганзориг гэх хүнээс 4000000 төгрөгөөр худалдаж авсан  юм. Тэр хүн “Бодь тэргэл” ХХК-иас худалдаж авсан гэж байсан. Миний ачсан үхрийн махыг би хулгайн  мах гэдгийг мэдээгүй, хэрэв мэдсэн бол би ачихгүй байх байсан.  Тийм учраас би тээврийн  хэрэгслээ авмаар байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-36/

11. В.Алтанцэцэгийн сэжигтэнээр өгсөн : “...Манай  нөхөр Данзан нь  над  руу  залгаад  хүү  Одмагнайг над  руу  хүрээд  ир  гэж  дуудаадах. Мах  ачих  гэсэн  юм  гэж  хэлсэн.  Амараа буюу Амартүвшин  гэх  залуу  өөрийн  үхрээсээ  нядлах  гэж  байгаа  гэж  хэлсэн ... Тэгээд бид гурав орой 20-21 цагийн үед “Оюут” гэх газарт очиход Амараа, Данзан хоёр 3 тооны үхэр барьчихсан  байж байсан.Тэгээд бид хэд нийлээд нөгөө гурван үхрийг нядлаад хүү Одмагнайгийн машинд ачаад явуулсан. Манай хүү Өндөршил суман дээр очиж ганц хоёр хоноод Улаанбаатар хот орж махаа борлуулсан гэж байсан. Тэгээд сүүлд нь тухайн үхэрнүүд хулгайнх болж таараад үхрийн эзэн гэх Сумъяадорж манай нөхөр рүү утсаар залгаад “та манай үхрийг хулгайлсан  байна. Гэрч байгаа шүү, хохирол мөнгөө барагдуул гэж хэлсэн  байсан.” гэх мэдүүлэг /хх69-71/

12. Хураан  авах тогтоол, эд зүйл хураан  авч үзлэг хийсэн  тухай тэмдэглэл /хх3-5, 17-18/

13. Тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх6-11/

14. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх12-13, 21-24/

15. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 37 дугаартай акт, хавсралт /хх26-27/

16. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сард Дундговь аймгийн  Баянжаргалан сумын  1 дүгээр багийн нутаг “Өехий” гэх газраас тус сумын иргэн Б.Сумъяадоржийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын хувийн  байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас  учруулсан  хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн зэрэг  нь  ял хөнгөрүүлэх нөхцөл болж  байх ба  ял  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч нар нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөг  төлсөн  болох  нь  хохирогч Б.Сумьяадоржийн  мэдүүлэг  /хх-ийн  32-34/ гэрч Э.Оюунхандын мэдүүлэг /хх-ийн 38-39/,  хохирол бүрэн   төлсөн, гомдолгүй гэсэн  хохирогч  Б.Сумъяадоржийн  хүсэлт /хх-ийн  132 / зэргээр тогтоогдож байх  тул тус  тус дурдаж  шийдвэрлэлээ.

Хэрэгт  авагдсан  баримтуудаар  шүүгдэгч нар нь бусдын 3 тооны үхрийг хулгайлж  нядалсаны  дараа  Д.Одмагнайгийн эзэмшлийн  “Hyundai grace”  маркийн  71-33 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр  махыг нь  тээвэрлэн  борлуулсан  болох нь  тогтоогдож  байх  боловч  3 тооны үхрийг хулгайлсан  гэдгийг  Д.Одмагнай мэдээгүй,  Б.Амартүвшингийн  үхэр  гэж  түүнд  хэлсэн  болох нь  Т.Данзан, Б.Амартүвшин  нарын  сэжигтэн  яллагдагчаар  өгсөн  мэдүүлэг, Б.Одмагнайн сэжигтэн, иргэний  нэхэмжлэгчээр  өгсөн  мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, В.Алтанцэцэгийн сэжигтэнээр өгсөн  мэдүүлэг зэргээр  нотлогдож  байна.

Иймд Д.Одмагнайн эзэмшлийн  “Hyundai grace”  маркийн  71-33 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх  үндэслэлгүй байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.03.24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн мөрдан  байцаалтын шатанд  шүүгдэгч  Т.Данзангийн  өмчлөлийн хөлдөөгчийг мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор  битүүмжилсэн ба шүүгдэгч  Т.Данзан  нь  бусдад учруулсан  хохирлоо нөхөн  төлсөн, бусдад  төлөх төлбөргүй  байх тул  эд хөрөнгө  битүүмжлэх  тухай  мөрдөн  байцаагчийн   2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг  хүчингүй  болголоо.

Мөрдөн  байцаалтын шатанд “Hyundai grace”  маркийн  71-33 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  хурааж хэрэгт  хавсарган  ирүүлсэн  ба уг тээврийн  хэрэгсэлийг  битүүмжилсэн  мөрдөн  байцаагчийн  тогтоолыг  хүчингүй  болгосон  тул уг  гэрчилгээг  тээврийн  хэрэгслийн  эзэмшигч Д.Одмагнайд  буцаан  олгох нь зүйтэй  гэж  үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 500000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй цэнхэр өнгийн “фекон” маркийн /арал №LDAPAK104EGD30350, мотор №DY156FMIA1128311/, 400000 төгрөгийн  үнэлгээ бүхий улсын дугааргүй саарал өнгийн “Даюун” маркийн  /арал №LZXPCKL28E0680681, мотор №162FMJ-A E0680681/ мотоциклийг тус тус ашигласан болох нь гэрч нарын болон шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч нарын өгсөн  мэдүүлгээр  нотлогдож  байх тул  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч  нарын  эрүүл  мэндийн  байдлыг  харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан  харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283-286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294-299, 301, 303, 304 дэх хэсгүүдэд тус тус заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон их догшин овгийн Төмөртогоогийн Данзан, Баяуд овгийн Бордоржийн Амартүвшин нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 3 тооны үхрийг  хулгайлж, бусдад 3000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарт тус бүрт нь эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хохирогч Б.Сумъяадоржид 3 сая төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 500000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн улсын дугааргүй, “Фекон” маркийн мотоцикль,  400000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Данзангийн эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол, иргэний нэхэмжлэгч Д.Одмагнайгийн 71-33 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 24-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн “Hyundai grace” маркийн 71-33 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн /00675013 дугаартай/ гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Д.Одмагнайд буцаан олгож, баримтыг Т.Данзан, Б.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 201712000031 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Данзан, Б.Амартүвшин нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ