Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/92

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

хохирогч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг, Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/896 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн 1909038661243 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Сайнжаргалын Б-, 19........ оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ................... захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 3 сар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өрөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 3 сар хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 996 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийг өршөөн сулласан.

С.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.Ц-ээс мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж “хэрэв өгөхгүй бол бэлгийн харьцаанд орсон бичлэгийг хүүхдүүд болон аав, ээжид чинь үзүүлнэ” гэж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,

2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээнтэн” цогцолборын автомашины зогсоол дээр хохирогч Г.А-тай маргалдаж нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж, цээж рүү нь хөлөөрөө дэвсэж биед зүүн 7-8 дугаар хавирганы далд хугарал, духанд шарх буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1.350.000 төгрөгийг энэ тогтоолоо оногдуулсан 2.500.000 төгрөгөөс хасаж нийт төлөх торгуулийн ялын хэмжээг 1.150.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утасны бичлэг бүхий 1 ширхэг сиди, С.Б-д гэж хаяглан бичсэн бичвэр бүхий 1 хуудас шар өнгийн цаас зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн “Iphone” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Samsung” маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан хохирогч Б.Ц-ээс 56.840.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч С.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Б.Ц-тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Ганхүү /хх35-36/, Б.Мажиг /хх 40-41/, Ц.Номиндарь нарын мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй ба дээрх хүмүүсийн мэдүүлгийг үгүйсгэсэн байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл шүүхээс С.Б- нь хохирогч Ц-ийг 6 сарын турш үргэлжилсэн үйлдлээр мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж түүний хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдлийн талаар хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.  Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд дуудан ирүүлсэн гэрч Д.Аззаяа, Т.Төрболд, Г.Баттөмөр нарын шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь эрс зөрүүтэй байхад дээрхи гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрчүүд нь урьд мөрдөн байцаалтад огт яриагүй зүйлийн талаар шүүх хуралдаанд ярьж мэдүүлсэн ба шүүх аль мэдүүлгийг нь эргэлзээгүй үнэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Ц- нь шүүгдэгч С.Б-д машин худалдан авч өгсөн, үнэтэй байр түрээслэн өгч төлбөрийг нь төлж байсан зэрэг нь түүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар нь өөрийн хүүхдүүд болон ойр дотны хүмүүсдээ мэдэгдэхгүй гэсэндээ Б-ийн нэхсэн зүйлийг авч өгч хэлсэн үгээр нь байж түүнийг аргалах гэсэн эмэгтэй хүний ядарсан арга байсан нь тодорхой байхад хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй гэж шүүх үзээд хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байхаар бичигдсэн байна...” мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, мөн хуулийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг...” тус тус тусгана гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй С.Б-ийг ямар үндэслэлээр тухайлбал хэрэгт авагдсан ямар баримтуудыг үндэслэж гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь өөрөө ойлгомжгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхээр С.Б-ийг гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцож үүний хууль зүйн үндэслэл тайлбарыг нотлох баримттайгаар дүгнэлт гаргасан боловч өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэрч Аззаяагийн мэдүүлэг худлаа. Учир нь Аззаяа нь надаас 16.500.000 төгрөг залилж авсан үйлдэл дээр шалгагдаж байгаа. Би хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Гэтэл гэнэт С.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр Аззаяа орж ирээд намайг үндэслэлгүй гүтгэж, хуурамч мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт С.Б-ийн ярьсан бүх зүйл худлаа байсан. С.Б- нь намайг маш их дарамталсан. Анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарсаны дараа ч намайг дарамтлах байдал нь үргэлжилсэн. Намайг өдөр, шөнөгүй 6181 дугаартай хар машин үргэлж дагаж байна. С.Б- “хууль шүүхийн байгууллагаар яваад нэмэргүй, би Өршөөлийн хуульд орчихно” гэж надад хэлсэн. Хууль шүүхийн байгууллагыг хүртэл доромжилж байна. ...” гэв.

Хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эд мөрийн баримтаар хураагдсан СД болон гэрчүүдийн мэдүүлэг, мөн мөнгө шилжүүлж байсан дансны хуулга зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл заналхийлэх гэмт хэргийн гол шинж болох хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйл баримт нь нотлогддоггүй. Б.Ц- “над руу бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг явуулсан” гэдэг боловч бичлэг байдаггүй. С.Б-ийн гэрт нэгжлэг хийж, 2 гар утас хурааж авсан. Хурааж авсан гар утсанд үзлэг хийхэд Б.Ц-тэй бэлгийн харьцаанд орж буй бичлэг байгаагүй. Б.Ц-ээс С.Б-ийн данс руу мөнгө шилжүүлж байсан болон авто машин лизенгээр авч өгсөн асуудал байдаг. С.Б- мэдүүлэхдээ “бид хоёр харилцан бие биедээ тусалж явдаг байсан. Салхинд гарахдаа миний дансруу мөнгө шилжүүлээд хамт мөнгөө хэрэглэдэг байсан” гэсэн байдаг. Шүүх хуралдааны явцад гэрч Аззаяа мэдүүлэхдээ “Ц- нь надтай уулзаад “би Б-д хайртай” гэж хэлдэг байсан” гэсэн. С.Б-ийн фэйсбүк хаягт үзлэг хийхэд Ц-ээс хайр сэтгэлээ илэрхийлсэн маш олон мессежүүдийг явуулсан байдаг. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд С.Б-ийн “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ингэхдээ, “Шүүгдэгч С.Б- нь хохирогч С.Ц-ийг 6 сарын турш үргэлжилсэн үйлдлээр мөнгө болон автомашин худалдан авч өгөхийг шаардаж түүний хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдлийн талаар хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзлээ” гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлажээ.

            Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гарсан эсэхийг нийтийн эрх зүйн хүрээнд прокурорын хяналтын доор эрх бүхий байгууллага шалган тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, улмаар шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийдэг.

            Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “хэрэгт авагдаагүй” гэх утга агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь хувийн эрх зүйн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа мэт ойлголтыг төрүүлэхээр болжээ.

            С.Б-д холбогдох хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд,

С.Б- нь “Б.Ц-тэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” талаар яллагдагчаар мэдүүлсэн байхад “гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-үүд, дансны гүйлгээний хуулбар болон хохирогчийн мэдүүлгээр тэд бэлгийн харьцаатай байсан болох нь тогтоогдсон. Улмаар бэлгийн харьцаанд орж буй байдлыг буулгасан дүрс бичлэгийг бусдад үзүүлнэ гэж эд хөрөнгө шилжүүлэн авч байсан байж болох үйл баримт хэрэгт авагдсан байхад хохирогчийн мэдүүлгээс өөр баримт байхгүй гэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...шүүгдэгчийг яллах байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилсан байна.

            Хуульчлан тогтоосон дээрх зарчмыг хангах нийцүүлэх зорилгоор анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч С.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хохирогч Б.Ц-ийн удаа дараалан өгсөн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтууд нь өөр ямар нотлох баримтаар няцаагдсан, эсхүл батлагдсан талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгөх замаар тухайн хэргийг дахин хэлэлцэх шаардлага үүсч байгаа ба үүнийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. 

            Иймд хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/896 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Б.Ц-тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ