Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

                                 Б.О-д холбогдох эрүүгийн

                                           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Ж.Энх-Амгалан,

цагаатгагдсан этгээд Б.О-ийн өмгөөлөгч А.Оч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ЦТ/879 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.О-д холбогдох эрүүгийн 2009 01031 0636 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.О, 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 41 дүгээр байрны 193 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 414 дүгээр байрны 89 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТИ90082111/;

Б.О нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргахдаа хүсэлтийн хамт “2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Боржигон овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлгийн объект нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинж болох “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт” гэх ойлголтод тодорхой хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоож буй нотлох баримтыг хамааруулахаас гадна тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тодорхой асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг хамааруулж ойлгоно. Ингэсэн тохиолдолд “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа”-г бүхэлд нь хамгаалах хуулийн зорилт хангагдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэр гэж заасан ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх тухай” шүүгчийн захирамж гарах үндэслэл болсон нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гарган өгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргуулсан үйлдэл нь “Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 3.2. Эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тогтоосон үзлэг, шинжилгээ, эмчилгээ, сувилгааны үр дүн, цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад материал зэрэгт үндэслэн эмнэлгийн магадлагааг гаргана. 3.3. Магадлагаа гаргаж буй эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн нөхцөл байдалд тулгуурлаж, бодит үндэслэлтэй магадлагааг гаргах ба нэг асуудлаар зөрүүтэй буюу зөрчилтэй магадлагаанууд гаргаж болохгүй гэж заасан байтал Б.О нь үзлэг, шинжилгээ хийлгэлгүйгээр “Өвчтэй” гэсэн магадлагаа гаргуулан авсан, тухайн магадлагааг шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинж нь зөвхөн хэлбэр, бичиглэлийн хувьд хуурамч байхыг шаардахгүй, агуулгын хувьд хуурамч байх нь уг гэмт хэргийн шинж болно. “Нотлох баримт хуурамчаар үйлдэх, ашиглах” болон “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүд нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршиг шаардахгүй, тухайн үйлдлийг хийснээр төгсөх гэмт хэргүүд байна. Б.О-д холбогдох хэргийн хувьд хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийн улмаас захиргааны хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдсан, шүүхээс хуурамч нотлох баримтад үндэслэсэн үндэслэлгүй шийдвэр гарсан зэргээс тухайн үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлох боломжтой байна. Иймд Б.О-д холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ЦТ/879 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.О нь тухайн үед эмнэлэгт очиж үзүүлээгүй, эмчид хандаагүй атлаа эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдэж байгааг агуулгын хувьд хуурамч бичиг баримт гэж үзнэ. Энэ хуурамч баримтыг үндэслэж шүүгчийн захирамж гарч, давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээгдсэн. Шүүгчийн захирамж гэдэг нь шүүхийн шийдвэрийн нэг хэлбэр юм. Шүүгчийн захирамж нь хуурамч актыг үндэслэж гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.О-ийн өмгөөлөгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 1 сард Б.О-ийн бие өвдөөд өөрөө эмч учраас хамт ажиллаж байсан эмч Л руу залгаж, өөрийн оношийг хэлээд эмнэлгийн магадлагааг авсан. Ямар нэгэн байдлаар хуурамчаар акт бүрдүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотлох баримтыг тодорхойлсон байдаг. Б.О нь Нийслэлийн эрүүл мэндийн газар Захиргаа удирдлагын газрын хэлтсийн даргаар ажилладаг. Удирдлагаас өгсөн үүргийн дагуу байгууллагаа төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. ... Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.О-ийн гаргаж өгсөн нотлох баримт нөлөөлсөн зүйл байхгүй. Прокурор нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан. Тогтоол гарч яллагдагч болоод тогтоолтой танилцаж чадаагүй. Б.О-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Б.О-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн түвшин, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Прокуророос Б.О-г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргахдаа хүсэлтийн хамт “2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хэрэгт авагдсан баримтад прокурор нь Г.Л гэгчид холбогдуулан “эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдэж, Б.О-д олгосон” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан /хх 100-101/ байна.

Гэтэл прокурор Г.Л-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт цаашид хэрхэн, ямар ажиллагаа хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх ба анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “...Г.Л-д холбогдох хэргийг тусгаарласан...”  гэсэн тайлбар гаргах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэг  “Шүүх прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт бүрэн гүйцэд цугларсан эсэхийг нягтлан тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд хийгдвэл зохих ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.О-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” талаар прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ЦТ/879 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох 2009 01031 0636 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР