Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: С.Уянга

Улсын яллагч: Х.Мөнхбаатар

Гэрч: Н.Эрдэнэбилэг

Хохирогч: П.Пүрэвжав

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Цоодол

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Долгорсүрэн

Шүүгдэгч: Б.Цогт-Очир нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Б.Цогт-Очирт холбогдох 201712000048 тоот хэргийг 2017 оны 4  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1985.07.18-нд төрсөн, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй гэх, Дундговь аймгийн Дэрэн сумын 9-н жилийн сургуульд сургалтын менежер ажилтай гэх, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг ТАХ-ын орон сууцны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ85071810/ Боржигон овогт Болоожийн Цогт-Очир нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Цогт-Очир нь 2017 оны 2 сарын 23-ны өдрийн 19-20 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын төвд байрлах дунд сургуулийн сурагчдын дотуур байрны залгаа байранд П.Пүрэвжавтай архидан согтуурч, улмаар П.Пүрэвжавтай маргалдан зодолдож, нүүрэн тус газарт нь цохиж, хохирогч П.Пүрэвжавын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгч шүүх хуралдаанд: Би дэлгүүрт очоод архи аваад гарсан. Гэрт нь ороод архиа уух гэсэн чинь Пүрэвжав ууж чадахгүй байсан. 19 цаг болж байсан. Харуй бүрий болж байсан юм. Би цонхоор хартал Билгээ гээд манай сантехникч ах явж байхаар нь дуудаад Пүрэвжав надад хань болохгүй болохоор нь Билгээ ахыг 19 цаг болчихсон байна. Хоёулаа ганц юм уух уу гэсэн чинь Билгээ ах за ах нь ус өгчихөөд ороод очъё гэсэн. Худаг дээр ус өгдөг юм. Ус өгөөд зогсож байсан. Тэгээд Билгээ ахыг орж ирсэн чинь Пүрэвжав тамхи байна уу гэсэн чинь Билгээ ах тамхи байхгүй гэсэн чинь Пүрэвжав чи муу 50 нас гарчихаад татах тамхигүй явдаг яадаг п…. вэ гэхээр нь би хажуунаас нь босоод чи аав шигээ хүнийг ингэж болохгүй. Хүнд байх байхгүйн зовлон байдаг юм шүү гэсэн чинь чи муу юу вэ гээд босоод ирсэн. Тэгээд Пүрэвжав бид хоёр зууралдаж аваад намайг Пүрэвжав цохихоор нь би зөрүүлээд 2 цохьсон. Тэгээд хоёулаа зууралдаж унаад намайг үсэдсэн иймэрхүү л юм болсон. Тэгээд Билгээ ах боль гэсэн чинь гаднаас байрны жижүүр эгч орж ирээд та хоёр чинь дотуур байранд яаж байна гэхээр нь би уучлаарай гээд гарч явсан. Тэгээд эргэж уулзаагүй гэж мэдүүлэв.
  • Хохирогч шүүх хуралдаанд: Би машинаас буугаад гэр лүүгээ орсон. Цогт-Очир машины ар талаас буугаад нийгмийн багш гэлүү зургийн багш гэлүү нэг залуутай уулзаад тэр хоёр дахиад нэг шил архи авчирч уусан. Намайг орон дээр сууж байсан чинь чи бос архи аягал гээд би архи аягалсан. Нөгөө залуу нь архинаас 2, 3 татчихаад аймгаас ирсэн болохоор ядарч байна орж унтлаа гээд явсан. Тэгээд намайг архи уу гэхээр нь би уухгүй, 10 цаг хүртэл ажилтай байдаг, 10 цагаас хойш архи уувал болно. Гэхдээ архи ууна гэдэг чинь хэцүү шүү дээ би өглөө 8 цагаас ажилтай гэж хэлсэн. Тэгсэн надад уух хүн олдоно гээд цонхоор харж байгаад Билгээ гэдэг хүнийг дуудсан. Билгээ нь орж ирээд тамхи байна уу гэхээр нь би 50 нас хүрчихээд жоохон хүүхдээс тамхи гуйхаасаа ичихгүй байна уу гэж хэлсэн, бусдаар хараал хэлээгүй. Тэрнээс болж намайг цохиж эхэлсэн. Өмнө нь маргалдаад яваад байсан. Чи миний нутаг дэвсгэр дээр байгаа шүү. Энэ сургуулийн чинь менежер нь би. Мөн орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч хүн байсан гэсэн юм яриад байсан.  Тамхи гэдэг нь шалтаг байсан болохоос зодох болсон шалтгаан нь ажил, мэргэжилтэй минь холбогдуулж намайг зодсон гэж бодож байна. Цогт-Очир намайг эхлээд цохьсон. Билгээ нь намайг барьсан, дараа нь зодсон. Тэгээд сургуулийн жижүүр Должин эгч орж ирж салгасан. Би зодуулчихаад та нарт зүгээр зодуулахгүй би цагдаа дуудна гэсэн чинь утсаа олохгүй байсан юм. Тэгээд Батжаргал төлөөлөгчийн гэрт нь очиж хэлсэн. Тэгсэн Батжаргал төлөөлөгч цонхоо онгойлгочихоод царай зүс чинь гайгүй байна. Чи харьж бай би хувцсаа өмсчихөөд яваад очъё гэсэн. Билгээ нь газар суучихсан. Цогт-Очир хаалга түшээд зогсож байсан. Намайг ороод очсон чинь нөгөө эрх мэдэлтэй том п… чинь ороод ирлээ гэхээр нь би хажуугаар нь зөрөөд орсон. Би зүгээр ажлаа л гүйцэтгэж яваа шүү гэж хэлээд хувцсаа өлгөсөн юм. Хувцсаа өлгөчихөөд орон дээрээ суусан чинь Билгээ нь барьж аваад Цогт-Очир нь намайг өшиглөж зодсон. Цээжний хөндий рүү, тархи руу олон удаа өшиглөсөн. 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Дундговь аймгийн мэс засалын тасагт, дараа нь мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн гэж мэдүүлэв;
  • Гэрч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд: Орой худган дээр ус өгөөд зогсож байсан. Тэгсэн Цогт-Очир цонхоор дуудахаар нь би очсон. Хохирогч тамхи байна уу гэсэн чинь 50 хүрчихээд тамхигүй байхдаа яадаг п... вэ гэсэн чинь Цогт-Очир чи ах хүүг яагаад дээрэлхээд байгаа юм гээд ганц хоёр цохилцсон. Би боль гэсэн чинь п… минь араас чинь хутгалана шүү гэхээр нь би дахиж ойртоогүй. Орон дээр ноцолдоод байсан. Би ийм залуу хүмүүстэй зодолдохгүй гэж мэдүүлэв;
  • Гэрч Н.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.02.23-ны өдрийн 19.00 цагийн үед сумын сургуулийн баруун талд байх худаг дээрээс ус аваад зогсож байтал сургуулийн менежер Цогт-Очир гэх залуу дотуур байрны урд талын цонхоор Билгээ ах ороод ир гэхээр нь явж ороод тамхи байна уу гэж асуухад 50 нас хүрчихээд татах тамхигүй явж байдаг яадаг пизда вэ гэсэн чинь Цогт-Очир хажуу талаас нь чи яагаад ах хүү дарамтлаад байгаа юм бэ гээд заамдаад автал нөгөө залуу нь босож ирээд тэр 2 хоорондоо зодолдоод эхэлсэн. Би дундуур нь орж боль ингэж болохгүй дүү нар нар гэхэд намайг тавь нуруун дундуур чинь хутга шаана гэж Пүрэвжав орилоод байсан. Тэр хооронд манай байрны жижүүр Должинсүрэн орж ирээд та нар больцгоо яасан их архи уудаг юм өдрийн бүтэн архи уулаа гээд гэрлийн байцаагч залууг загнаж байсан. Тэгээд би Цогт-Очирыг гаргаж явуулчихаад гэр лүүгээ харьсан. Миний хувьд өшиглөж зодсон асуудал байхгүй” гэжээ /хх-30/;
  •  Шинжээчийн 2017.03.09-ний өдрийн 170200081 тоот шинжээчийн дүгнэлтэд: А. П.Пүрэвжавын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний доод зовхинд шимэгдэж байгаа цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. В. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ / хх- 34/;
  • Компьютерт томографикийн 2017.03.06-ны шинжилгээнд “тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, их тархины голын бүрдэл хазайлтгүй, хажуугийн ховдлуудын хэлбэр, байрлал хэмжээ хэвийн, 3 болон 4-р ховдлын хэлбэр байрлал, хэмжээ хэвийн, тархины бүрхүүл хальсны завсарууд дух, зулай хэсгээр жигд бусаар өргөссөн, тархины цистернүүд өргөсөөгүй, турк эмээлийн хэлбэр алдагдаагүй, өнчин тархи томроогүй, бага тархи, уртавтар тархи болон гүүрэн дээр эмгэг голомтгүй, хоёр талын нүдний алим тэгш хэмтэй, гавал ясанд гэмтлийн болон деструкци өөрчлөлтгүй “ гэжээ. /13-14/;
  • Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч П.Пүрэвжавын нэр дээр нээсэн өвчний түүх /хх-15-22/;
  • гэрч Ц.Должинсүрэн мэдүүлэгтээ: 2017.02.23-ны өдрийн 19.00 цагийн үед байранд жижүүртэй байж байхад доороос тогооч охин дуудсан. Яасан гэхэд Цогт-Очир, гэрлийн байцаагч 2 хоорондоо муудалцаад байх шиг байна гэхээр нь ортол Цогт-Очир гэрлийн байцаагч залуу хоёр зууралдаад газар хэвтэж байсан. Билгээ хажууд нь боль гээд л зогсож байсан. Тэгээд би боль та нар ямар учиртай сургуулийн байранд архи уугаад, зодоон хийгээд байгаа юм гэхэд Цогт-Очир Должин эгчээ уучлаарай гээд гарсан. Гэрлийн байцаагч залуу өдөржингөө архи уусан. Нэлээд халамцуу байсан. Эрдэнэбилэг архи уугаагүй эрүүл байсан. Намайг харахад нүүр амнаас нь цус гарсан, урагдаж шалбарсан зүйл байгаагүй” гэжээ. /хх-31/;

                 Шүүгдэгч Б.Цогт-Очир нь хохирогч П.Пүрэвжавтай “ах хүнийг дарамталлаа” хэмээн маргалдан зодолдож, нүүрэн тус газарт нь цохиж,  П.Пүрэвжавын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул прокуророос ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

                 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “одоо болтол тархи толгой өвдөж байгаа, тархи хавантай гэсэн, 3 сар хэвтрийн дэглэм сахих ёстой гэсэн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж байгаа, байнга эмчилгээ хийлгэж байгаа тул ажил цалгардуулахгүй гээд ажлаасаа гарсан” гэх тайлбар гаргасан нь дараахь баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Үүнд:

  • Шинжээчийн 2017.03.09-ний өдрийн 170200081 тоот шинжээчийн дүгнэлтэд: …  С.Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн.  /хх- 34/;
  • ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарах ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн, эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан;
  • Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 30 тоот түүхэнд “2017 оны 2 сарын 24-нөөс 7 хоног хэвтэж эмчлүүлсэн” гэсэн боловч 2 сарын 25, 26-нд “амралтын өдөр, толгойд хүйтэн жин тавих” гэсэн, 2 сарын 27-ноос 3 сарын 1-нд “сар шинийн амралт” гээд эмчилгээ хийгдээгүй, 3 сарын 2-нд үзлэг хийж, эмчилгээ бичээд ГССҮТ-ийн толгойн СТ хийлгэхийг зөвлөж эмнэлгээс гаргасан болох нь тогтоогдож байна. /хх18-21/;
  • Хэнийх болох нь тодорхойгүй амбулаторийн картанд /хх-22/ “Хүйтэн жин тавих, массаж хийх, хэвтрийн дэглэм сахих 3 хоног, Мэдрэлийн эмчийн хяналтанд 3 сарын дараа дахин үзүүлэх” гэжээ;

               Эдгээрээс өөр баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийн “тархи хавагнасан, байнгын эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд байгаа, 3-н сарын турш хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан, цаашид унаж ойчдог болж магадгүй байгаа” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу гаргасан шинжээчийн “П.Пүрэвжавын бие махбодид учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тогтоосон 170200081 тоот дүгнэлтийг баримтлахаар шийдвэрлэсэн болно.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос гаргаж өгсөн баримт /хх 53-59, 88-99/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтыг /20 хуудас/  судалж үзэхэд: эмнэлгийн ор хоногийн төлбөрт-344000 төгрөг, үзлэг, шинжилгээнд-395000 төгрөг, эм тарианы төлбөрт-1859000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс-500000 төгрөг, замын болон хот доторхи зардалд-350000 төгрөг, 3 сарын цалин-1671000 төгрөг, нийт 5119000 төгрөг бодитойгоор зарцуулсан гэсэн ба мөн цаашид хамарт эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжилсэн байна.

               Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгчээс 2500000 төгрөг авахаар тохиролцсон хэлцэл бичгээр байгуулсан, энэ мөнгөн дүнгээр бодитой гарсан зардлыг барагдуулсанд тооцох тухайгаа мэдүүлсэн, мөн эм тариа,  үзлэг шинжилгээ, замын зардалтай холбоотой нотлох баримт хангалтгүй цугларсан байгааг харгалзан шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Ийнхүү хэлэлцэхгүй орхисон нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн хохирогч дээр дурьдсан зардал болон хамарт хийлгэсэн мэс ажилбартай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар Б.Цогт-Очироос нэхэмжлэхэд саад болохгүйг хохирогчид тайлбарлах нь зүйтэй байна.

               Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь гаргаж байсан /хх-24, 25/, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаа, эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-42/ байдлыг харгалзан “хохирогчтой эвлэрсэн” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

               Шүүх хуралдааны шатанд эвлэрэх хүсэлт гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар дуустал нь явуулж, шүүгдэгч Б.Цогт-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3-т зааснаар шийтгэх тогтоол гаргасныг тайлбарлах нь зүйтэй.

              

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-286, 121 дүгээр зүйлийн 121.4,

290 дүгээр зүйлийн 290.3, 292, 297-299, 301, 304 дүгээр зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Болоожийн Цогт-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Цогт-Очир нь хохирогч П.Пүрэвжавтай эвлэрсэн үндэслэлээр Б.Цогт-Очирыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ялаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Цогт-Очирт холбогдох эрүүгийн 201712000048 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Шүүгдэгч Б.Цогт-Очир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогчоос бодитой гарсан зардал гэх 5119000 төгрөг, цаашид хамарт хийлгэх мэс заслын зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч П.Пүрэвжав нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Цогт-Очироос нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цогт-Очирт урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

                         ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ