Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00047

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03237 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Б ад холбогдох

 

2 650 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 5 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оролжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. О.Б ын хүсэлтээр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Баян монгол хорооллын 404 дүгээр байрны 80 тоотод орших 78.4 м.кв талбай бүхий орон сууцыг түрээслүүлэхэд зуучлалын үйл ажиллагаа явуулсан.

О.Б тай харилцан тохиролцож орон сууцыг сарын 850 000 төгрөгөөр М ХХК -д 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр гурвалсан гэрээг байгуулсан. Гэрээний дагуу түрээслүүлэгч О.Б  нь түрээсийн төлбөрт 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 3 сарын түрээсийн төлбөр 2 550 000 төгрөг, 1 сарын барьцаа 850 000 төгрөг нийт 3 400 000 төгрөг авсан. Гэтэл түрээслэгч буюу М ХХК  түрээсийн байрыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан ч 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалж дуусгавар болгох санал хүсэлтээ гэрээний 7.2-д заасны дагуу 14 хоногоос доошгүй хоногийн өмнө бидэнд мэдэгдэж орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сулласан. Орон сууцыг сулласан өдөр барьцааны төлбөр 850 000 төгрөгийг манай компани М ХХК -д түрээслүүлэгч О.Б ын өмнөөс төлсөн. Гэрээний 2.8-д жилийн дотор гэрээ цуцлагдсан тохиолдолд дараагийн түрээслэгчийг хугацаа алдалгүй, ажлын хөлсгүйгээр олж өгөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зар тавьж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Я.Э тэй харилцан тохиролцсоноор түрээсийн төлбөрийг сарын 900 000 төгрөгөөр түрээслэх болсон.

Харин түрээслүүлэгч талд энэ тухай мэдэгдэж гэрээнд гарын үсэг зуруулахаар төлөвлөж байсан ч тухайн өдөр амжаагүй. Бид ийнхүү түрээслүүлэгчийн эрх ашгийн үүднээс орон сууцанд хугацаа алдалгүй түрээслэгч олж оруулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 2 сарын түрээсийн төлбөр 1 800 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр О.Б ад шилжүүлсэн.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түрээслэгч Я.Э г орон сууцнаас гарахыг О.Б  шаардсан ба үндэслэлээ мэдэгдэж танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Одоогийн байдлаар орон сууцны өмчлөгч болох О.Б  Я.Э г гарахыг шаардаж байгаа, мөн Я.Э  нь тус орон сууцыг түрээслэхээ болихоор шийдвэрлэж түрээсийн төлбөрт өгсөн 1 800 000 төгрөгөө буцаан шаардаж байна. Я.Э гийн төлсөн 1 800 000 төгрөгийг О.Б ад шилжүүлэн өгсөн тул түүнээс гаргуулж Я.Э д буцаан олгох шаардлагатай байна.

Тэрээр манай компанийн Я.Э тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй хамтарч ажиллахгүй гэж байгаа тул 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хоёр сарын төлбөрт тооцон шилжүүлсэн 1 800 000 төгрөг, мөн түүний өмнөөс М ХХК -д олгосон барьцаа төлбөр 850 000 төгрөгийн хамт нийт 2 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Баян монгол хорооллын 404 дүгээр байрны 80 тоотод орших 78.4 м.кв талбай бүхий 150 000 000 төгрөгийн орон сууцыг эд хогшлын хамт гадаадын иргэнд хөлслүүлэх зорилгоор vww.unegui.mn вебсайтад зар оруулсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард 99964095 утасны дугаараас Н ХХК байна, байрыг чинь зуучлан түрээслэж өгье хэмээн холбогдсон. Ийнхүү хандахдаа таны байрыг бид бүрэн найдвартай, цэвэрхэн, гадаадын иргэнд хөлслүүлэх болно, та бидэнд итгэж болно гэж бүрэн итгүүлсэн.

Миний бие жирэмсэн учир өөрийн биеийн амар тайвныг бодож бүрэн тавилгатай анхны гал голомтоо цэвэрхэн, зөвхөн гадаадын иргэнд хөлслүүлэх талаар нэхэмжлэгч компанид хэлэхэд хүлээн зөвшөөрч гадаадын иргэнд бүрэн тавилга бүхий байрыг минь түрээслэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал над руу утасдаж М ХХК -д албаны дарга хийдэг Энэтхэг улсын иргэн түрээслэхээр боллоо гэж ойлгуулан тухайн өдрөө гурван талт гэрээ байгуулсан юм. Уг гэрээг нэг жилийн хугацаатай, сарын 850 000 төгрөгийн төлбөр төлөх, төлбөрийг улиралд 1 удаа авахаар хуваарь гарган, төлбөрийг миний дансанд байршуулах, улмаар зуучлагч нэхэмжлэгч компанид миний бие нэг сарын түрээсийн 60 хувьтай тэнцэх хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг баталгаажуулж,  60 хувьтай тэнцэх хэмжээний 540 000 төгрөгийг шилжүүлсэн. 

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний 92096867 тоот гар утсанд юнивишн үйлчилгээний төлбөр 74 600 төгрөг төлөх мессэж 131424 дугаараас ирсэн. Ингээд би М ХХК  руу утасдахад таны байрнаас манай компанийн гадаад ажилтан 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан, таныг уулзах боломжгүй гэж нэхэмжлэгч компанийн захирал А.Амандых хэлсэн тул байрыг А.Амандыхад хүлээлгэж өгсөн гэсэн. Үүнийг сонсоод үнэхээр цочролд орсон тул нэхэмжлэгч компани руу миний өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ мэдэгдсэнгүй гэж утасдан гэртээ очиход байрыг түрээсэлсэн гээд Я.Э  гэх эмэгтэй охин, ач зээгийн хамт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дөнгөж нүүн ирж, арц хүж асаасан байдалтай байсан. Мөн нүүж ирэхэд танай гэр маш бохир, архины шил их хэмжээгээр гаргаж хаясан гэж надад хэлсэн. 

Гэрээ нэг бүрчлэн шалгахад гэрийн тавилгууд сэтэрч гэмтсэн, хивс маш их бохирдолтой, шингэн зүйл энд тэндгүй их хэмжээгээр асгарсан, орны даавуу их хэмжээний үрийн шингэнтэй, үнэ бүхий тавилга болох гал тогооны чулуун ширээг сэтэлсэн, том өрөөний сэтгүүлчийн ширээг сэтэлсэн, гал тогооны тавилганы хаалга эвдэлсэн, том өрөөний буйдангийн бүрээсүүд урагдсан, буйдан дээр шээсэн, виагра эм 4 боодол олдсон, тогны залгуурууд эвдэрсэн, будаа агшаагч эвдэрсэн, ванны өрөөний плита цуулж, хананд суурилсан савангийн тавиурууд эвдэрсэн, тоос шороонд дарагдсан байдалтай байсан. 

Н ХХК нь надад огт мэдэгдэлгүй 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М ХХК -ийн түрээслэгчийг гаргасан байна. Улмаар бүр 20 өдрийн турш надад хэлэлгүй миний өмчлөлийн байрыг дураараа эзэгнэж архидан согтуурч, шөнийн цагаар хөрш айлуудтай маргаан үүсгэж, нийтийн эзэмшлийн коридорт нүцгэн хэрүүл зодоон хийснийг хөрш айлууд гэрчилнэ. Хөршүүд цагдаа дуудна гэж нэхэмжлэгч компанийн залууст хэлсэн байсан. Тухайн компанийн зуучлагч нар миний гэрт архидан согтуурч байгааг тэд мэдээгүй бөгөөд эрлийз царайтай туранхай залуучууд байсан, таны дүү нар юм болов уу гэж бодоод цагдаад өгөөгүй гэж хэлсэн. Түрээслүүлэгч миний зөвшөөрөл, гарын үсэггүй иргэн Я.Э тэй 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэсэн он cap бүхий гэрээг байгуулсан байх боловч бодит байдал дээр иргэн Я.Э  миний өмчлөлийн байранд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Мөн түрээсийн төлбөрийг 900 000 төгрөг болгож дур мэдэн нэмэгдүүлсэн. Түрээслэгч Я.Э  байрны эзэнтэй уулзах хүсэлт тавихад тэр хүнтэй уулзах боломжгүй завгүй хэмээн миний өмнөөс тайлбар тавьж, хууран мэхэлж гэрээ хийсэн байна. 

...Тухайн иргэн нь Монгол улсын иргэн байх ба миний бие орон сууцыг зөвхөн гадаадын иргэнд хөлслүүлэх учир бүрэн тавилгатай түрээслэхээр бэлдсэнийг нэхэмжлэгч компани ойлгож анхнаасаа бид харилцан тохиролцсон боловч уг тохиролцоог маш ноцтой зөрчсөн. Бүр ингээд зогсолгүй шоу цэнгээн хийж, архидан согтуурч, танхайрч миний нэр төр, эргэн тойрон айл орчны амгалан тайван байдлыг алдагдуулсан маш муухай итгэл эвдсэн үйлдэл гаргасан. Дээрх үйлдлүүд нь монгол хүний гал голомтоо ариун байлгах, үр хүүхдийнхээ өссөн гэр орныг муу муухай зүйл, садар самуунаас хол байлгах эмэгтэй хүн, эх хүний сэтгэлд маш хүндээр тусч, миний бие жирэмсэн бөгөөд цочролын улмаас цус алдаж Таны төлөө бид эмнэлэгт цус тогтоох эмчилгээ хийлгэж, зөвхөн эд хөрөнгөөр биш, сэтгэл санааны гүн цочролд орсон тул үнэхээр гомдолтой байна. Иймд Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Баян монгол хорооллын 404 дүгээр байрны 80 тоотод орших 78.4 м.кв талбай бүхий эд хөрөнгийг Н ХХК-иар зуучлуулан М ХХК -ийн албаны дарга Энэтхэг улсын иргэнийг орон сууцанд байлгахаар харилцан тохиролцож гурвалсан гэрээг байгуулсан боловч зуучлагч нэхэмжлэгч компанийн захирал А.Амандых гэдэг хүн зуучлагчийн эрх хэмжээг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж, миний өмнөөс миний өмчлөлийн орон сууц болоод эд хөрөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан байдаг. Үүнээс хойш миний өмчлөлийн байранд надад мэдэгдэлгүй орж, шоудаж, эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн тул Делтамон ХХК-ийн шинжээч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байранд очиж шинжилгээ хийж эд хөрөнгөд 2 079 000 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон. 300 000 төгрөгийг өөрөөс гаргаж үнэлүүлсэн. Иймд дээрх зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас нэхэмжилж байгаа. 

Миний бие өөрийн өмчлөлийн байранд ийнхүү архидан согтуурч, шоудсаныг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр очиж үзэхдээ мэдсэн бөгөөд тухайн үед жирэмсэн байсан, өөрийн гал голомтоо аймаар болсон байхыг хараад сэтгэлээр ихэд унаж, цус алдан, сэтгэл санааны гүн хямралд орж Таны төлөө бид эмэгтэйчүүдийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ингэж хүнийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироосон нэхэмжлэгч компаниас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн дагуу сэтгэл санааны хохирол 1 047 709 төгрөг гаргуулна.

Тухайн үед очиход байрны цахилгаан, интернетийн мөнгө зэргийг огт төлөөгүй байсан нь зуучлагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний 2.2-т заасан хяналтаа тавилгүй, 2018 оны 01, 02 дугаар сард төлөх ёстой байсан цахилгаан, интернетийн төлбөрийг огт төлүүлээгүй, хяналтаа тавиагүй тул 534 958 төгрөг гаргуулна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц хөлслүүлэх гурван талт гэрээний хугацаа нь нэг жилийн хугацаатай байсан бөгөөд энэ хугацаанд миний бие 10 200 000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Харин Н ХХК зөвхөн зуучлалын хөлсөө авах ёстой байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн дээр хууль бусаар эд хөрөнгөд хохирол учруулж өнөөдрийн байдлаар маш их хохирлыг надад учруулаад байна. Иймд олох ёстой байсан орлого 10 200 000 төгрөг гаргуулахаар байгаа боловч нэгэнт сөрөг нэхэмжлэлээр 5 000 000 төгрөг нэхэмжилж, түүнд тохирсон тэмдэгтийн хураамж төлсөн болно. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 19 хоногийн орон сууцны түрээс 538 333 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: О.Б  сөрөг нэхэмжлэлдээ миний гэрт cap гаруй надад хэлэлгүй дураараа эзэгнэж архидан согтуурсан мөн Н ХХК-ийн захирал нь миний байрыг дур мэдэн түрээслүүлж 3 000 000 орчим төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэжээ. Гэтэл орон сууц түрээслэгдээгүй хугацаа нь 19 хоног байсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн ажилчид архидан согтуураагүй болно. Манай байгууллага түрээслэгч иргэн Я.Э гийн 2 сарын түрээсийн төлбөрийг цаг тухайд нь О.Б ад шилжүүлсэн мөн түрээслүүлэгч О.Б  түрээслэгч Л.Должинд буцаан төлөх ёстой байсан барьцааны төлбөр 850 000 төгрөгийг өөрийн байгууллагаас гарган Л.Должинд хүлээлгэн өгсөн. Иймээс иргэн О.Б ын тайлбарт дурдсанчлан 3 000 000 орчим төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг нь худал юм. Иргэн О.Б  нь тухайн орон сууцны байдлыг хараад цочролын улмаас цус алдаж Таны төлөө бид эмнэлэгт цус тогтоох эмчилгээг 7 хоног хийлгэн эм тариа авч нийт 260 000 төгрөг зарцуулсан гэдэг нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.

Түрээслүүлэгч О.Б , түрээслэгч Л.Должин нартай байгуулсан орон сууц хөлслүүлэх гурвалсан гэрээний 4.1-д түрээслэсэн орон сууцны эдэлгээ, ашиглалтын горимыг чанд мөрдөн ариг гамтай эдлэх, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж зүй бусаар элэгдэл гэмтэлд оруулахгүй байх, ямар нэгэн эвдрэл гарсан бол анхны байсан байдалд оруулахад шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч О.Б ын орон сууцны эд хогшлын эвдрэл гэмтлийн хохирлыг зуучлагч Н ХХК бус харин түрээслэгч М ХХК  хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Эхний түрээслэгчийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдан дараагийн түрээслэгчтэй 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд маргах асуудал биш бөгөөд үүний улмаас түрээслүүлэгч О.Б ад ямар нэгэн хохирол учраагүй. Иймд 5 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б аас 2 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н ХХК-аас 2 447 140 төгрөг гаргуулан хариуцагч О.Б ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 2 014 527 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б  нэхэмжлэгч Н ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны хөлс 538 333 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57 350 төгрөг, хариуцагчаас төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н ХХК-иас 54 104.24 төгрөг гаргуулан хариуцагч О.Б ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн О.Б  нь өөрийн орон сууцаа манай компаниар зуучлуулан түрээслүүлэхээр хандахдаа жирэмсэн учраас өөртөө ачаалал авахгүй байх, орон сууцаа нэг жилийн хугацаанд цэвэрхэн ашиглах хүнд түрээслүүлэх хүсэлттэй байгаа талаар хэлсэн тул бид бусдад зуучлах ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М ХХК -иас түрээслэх санал ирсний дагуу зуучлуулагч О.Б тай 17 дугаартай орон сууц хөлслүүлэх гэрээг байгуулсан.

Орон сууц хөлслөгч болон хөлслүүлэгч манай компаниар зуучлуулж энэхүү харилцаанд ордог тул бид хэн алиных нь өмнө гэрээний харилцаа таатай үргэлжлэх, дуусгавар болсон тохиолдолд хохиролгүй байлгахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Түрээслэгч М ХХК -ийн гадаад ажилтан эх орон руугаа буцах болсон тул гэрээг цуцлахаар болсныг мэдэгдэж байрыг чөлөөлөхдөө энэ талаар орон сууцны эзэнд мэдэгдэх гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байх тул та бүхэн зуучлагчийн зүгээс хүлээн авч, барьцааг шилжүүл гэдэг шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тависан. Үүний дагуу хариуцагчтай холбогдохоор оролдсон боловч гар утас нь холбогдохгүй байсан. Ийнхүү биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал бий болсон тул зуучлагчийн хувьд түрээслэгч болон түрээслүүлэгч нарт хохирол, алдагдалгүй байлгахыг зорин түрээсийн зүйлийг ердийн хэрэглээнээс дордуулсан эсэхийг шалгаж, түрээслүүлэгчийн зөвшөөрлийг хүлээхгүйгээр байрыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, барьцаа 850 000 төгрөгийг М ХХК -д шилжүүлэн өгсөн. Орон сууцыг хүлээн авах үед түрээсийн байрны эд хогшил, тавилгад хэвийн хэмжээтэйгээс илүү хохирол, гэмтэл байхгүй байсан.

Хариуцагч нь гэрээ байгуулах үед эрүүл мэндийн байдлаа бидэнд тайлбарласан тул гэрээний 2.8-д заасны дагуу дараагийн түрээслэгчийг яаралтай олох зуучлалын ажиллагааг эхлүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 иргэнд түрээсийн байрыг үзүүлсэн. Эдгээрээс иргэн Я.Э  уг орон сууцыг түрээслэх хүсэлтээ илэрхийлсний дагуу орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Энэ талаар хариуцагчид мэдэгдэж, гэрээг албажуулахаар бэлтгэж байтал тэрээр түрүүлээд холбогдсон. Бидний зүгээс өөрийнх нь эрх ашигт нийцүүлэн ажиллаж байгаа талаар хэлэхэд орон сууцандаа ирж, Я.Э тэй эд хогшлоо хүлээлцсэн байсан тул Я.Э тэй байгуулсан гэрээний төлбөрийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би энэ хүнийг байлгахгүй энэ хүнээ гарга гэсэн гэрээ байгуулсан хөлсийг нь та авсан шүү дээ гэхэд буцаагаад шилжүүлчихье гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн. Түрээслэгч Я.Э  түрээсийн байрны эзэн нь байрнаас хөөгөөд байхад бид амьдрах боломжгүй гэж тайлбарлаад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байрыг чөлөөлсөн. Гэтэл хариуцагч гэнэт эд хогшил эвдэрсэн байх тул үүний төлбөрт 1 800 000 төгрөг, өмнө нь М ХХК -д хариуцагчийн өмнөөс өгсөн 850 000 төгрөг нийт 2 650 000 төгрөгийг суутган авна гэх болсон. Я.Э  мөн түрээсийн төлбөрт төлсөн 1 800 000 төгрөгийг буцаан шаардаж эхэлсэн. Тус мөнгийг нэгэнт хүлээн авч хариуцагчид шилжүүлсэн тул нэхэмжлэгч компани буцаан өгсөн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч анхны түрээслэгчээс барьцаа 850 000 төгрөг, нэхэмжлэгчээс 1 800 000 төгрөг тус тус хүлээн авсан болохоо бичгээр болон амаар гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дахь талын дээрээс 10-13 дугаар мөрөнд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт ...энэ гэрээний дагуу нэг жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 10 200 000 төгрөгөнд суутгаж авах бүрэн эрхтэй. Тийм ч учраас 10 200 000 төгрөгт суутгаж авсан гэдэг үндэслэлээр бол энэ 2 600 000 төгрөгийг төлөхийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй..., тус тэмдэглэлийн 15 дахь талын 2 дахь догол 12-14, 17-19 дүгээр мөрөнд авагдсан мөн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт ...Гэтэл дундаас нь орж ирээд түрээслэж байгаа этгээдээс 1 800 000 төгрөг аваад буцаагаад түрээслүүлж байгаа эд хөрөнгийн эзэнд ингэж өгч байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээний 5.1-д тодорхой заасан байгаа. ... 1 800 000 төгрөг болон 850 000 төгрөгийг түрээслэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл олох ёстой байсан орлогод суутгаж авсан гэж үзэж байгаа юм гэсэн нь тусгагдсан. Энэ баримтаар хариуцагч нэхэмжлэгчээс 1 800 000 төгрөг авсан, 850 000 төгрөгийн барьцааг эхний түрээслэгчид төлөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Н ХХК-ийн захирал А.Амандыхын Хаан банк ХХК дахь 5114180012 тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Түрээс 2 сараар 404-80 агуулгатай зарлагын гүйлгээний баримт, хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Н ХХК-ийн захирал А.Амандыхын 5845488761 тоот данснаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 850 000 төгрөгийг 5079009176 тоот данс руу барьцаа буцаалт, Баянмонгол 404-80 тоот агуулгаар шилжүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлийн байртай холбоотой гүйлгээ болох 1 800 000 төгрөг төлснийг болон уг байрны барьцааг анхны түрээслэгчид буцаан өгсөн үйл баримт давхар нотлогддог. Гэтэл шүүх баримтаар нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө зуучлах харилцаа явагдан түрээсийн зүйлийг зуучлагчаар дамжуулан нэг жилийн хугацаатай бусдад түрээслэх, зуучлуулагч өөрийгөө жирэмсэн учраас өөрт ачаалал авахгүй байх, сар бүр 850 000 төгрөгийн түрээсийн орлоготой байх гол тохиролцоог хийсэн. Анхны түрээслэгч эх орон руугаа буцах болсон нөхцөл байдал бий болсон шалтгаанаар гэрээг цуцлах болоход түрээслүүлэгчтэй холбоо барих боломжгүй байгааг зуучлагчид мэдэгдэн түрээсийн зүйлийг хүлээн авахыг хүссэн тул зуучлагч талуудын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж хөрөнгийг түрээслэгчийн өмнөөс шалган хүлээн авч түрээслүүлэгчийн барьцаа буцаах үүргийг түүний зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн. Энэ нөхцөл байдалд барьцаа буцаах үүргийг гүйцэтгэх нь түрээслүүлэгчийн хувьд зайлшгүй гүйцэтгэх үүрэг байсан. ...Шинэ түрээслэгчийн түрээсийн төлбөр болох зуучлагчаас хүлээн авсан 1 800 000 төгрөгийг буцааж өгөхгүй удаж байгаад гэнэт хөрөнгөд алдагдал, хохирол үүссэн байна үүнд тооцож авна гэж 850 000 төгрөгийг ч өгөхгүй гэх болсон. Ийм нөхцөл байдалд бид шүүхэд хандан нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргасны дараа тухайн байр сууриа өөрчлөн олох ёстой байсан орлогод суутгана гэж тайлбарласан. Хариуцагчийн дээрх үйлдэл нь зүй бус юм. Олох ёстой байсан орлогод тооцон авах эрх зүйн үндэслэл огт байхгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Я.Э  хариуцагч нарын хооронд нэхэмжлэгч компанийн зуучлалын тусламжтайгаар үүссэн түрээсийн харилцаа зуучлуулагчийн өөрийн санаачилгаар дуусгавар болсон тул төлбөрийг зуучлуулагчид шилжүүлсэн зуучлагч зуучлуулагчаас 1 800 000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгч компанид бий. Түрээсийн хөрөнгөд ердийнхээс илүү буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй. Хэргийн 30,31 дүгээр хуудсанд авагдсан баримтаар орон сууцанд ердийн элэгдэл учирснаас өөрөөр хохирол, гэмтэл учраагүй байсныг давхар нотолдог. Мөн хөрөнгийн үнэлгээний Дельтамон компанийн үнэлгээний тайлан хэргийн 66-79 дүгээр хуудсанд авагдсан байх бөгөөд үнэлгээний тайланг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06506 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийж 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тайланг гаргасан болох нь тайлангийн нүүр хэсгийн мэдээлэл болон хэргийн 70 дугаар хуудас дахь үнэлгээний тайланг хэрэглэх нөхцлийн 2-т заасан мэдээллээр нотлогдох боловч тайлангийн хөрөнгийн тодорхойлолт үнэлгээний мэдээлэл агуулсан хэсэгт үнэлгээний зүйлтэй газар дээр нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр очиж танилцсан болно гэсэн нь шүүгчийн захирамж гархаас өмнө үнэлгээний компани хөрөнгөтэй танилцчихсан байсан гэх хардлага төрүүлж байна. Үнэлгээний зүйлтэй 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан байх магадлал нь хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагддаг. Я.Э  байрыг хүлээлгэж өгсөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 7 сар 4 хоногийн хугацаанд ямар ч хэмжээний элэгдлийг санаатай болон болгоомжгүйгээр хариуцагч үүсгэсэн байх боломжтойг шүүх анхаараагүй, хариуцагчийн тайлбараар үнэлгээ хийсэн нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх байдалд хүргэсэн. Мөн уг тайланд ердийн элэгдэлтэй хаях шаардлагагүй эд хөрөнгөнүүдийг хариуцагч алга болгосон, хаясан байгаа нь шинжээчийн дүгнэлтийг бодитой гарахад саад болж шинээр худалдан авах хэмжээний алдагдал, гэмтэл, сүйрэл эд хөрөнгөд учирсан мэтээр шинжээчийг төөрөгдүүлсэн. Шинжээч байсан эсэх нь тодорхойгүй, хараагүй эд хогшлыг үнэлсэн байгаа нь үнэлгээнд эргэлзэх, хардах нөхцөл болж байна. Ашиглалтын зардалд тооцон хангасан 368 140 төгрөгийн баримт хэрэгт хамааралгүй баримт мөн. Шүүх ...2018 оны 01 дүгээр сард 14 хоногийн хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласан байх тул баримтаар нотлогдож буй 368 140 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэстэй ... гэж үзжээ. Гэтэл энэхүү баримт нь түрээсийн орон сууцны 2018 оны 7 дугаар сарын байрны төлбөрийг өмнөх үлдэгдлийн хамт 351 792.74 төгрөг, мөн оны 7 дугаар сарын цахилгааны төлбөрт 17 791 төгрөг нийт 368 140 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн болохыг нотолсон баримт байдаг. Хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс түрээсийн байрыг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд энэ хугацааны ашиглалтын зардлыг нэхэмжлэгч компаниас шаардсан нь илт үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн атлаа хариуцагчаар нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн нөхцөл байдал бий болсон байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч О.Б ад холбогдуулан 2 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч О.Б  нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байр 80 тоот хаягт байрлах 78.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тавилгын хамт бусдад хөлслүүлэхэд зуучлуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөлслөгч М ХХК -тай орон сууц хөлслүүлэх гэрээг байгуулж, тус орон сууцыг 1 жилийн хугацаатай, 1 сарын хөлс 850 000 төгрөг, барьцаа 850 000 төгрөгийг хөлслүүлэгчид төлөх, мөн хэрэглээний зардлыг хариуцах, хөлслүүлэгч нь зуучлагчид нэг сарын хөлсний 60 хувиар тооцон зуучлалын хөлс төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслүүлэх гэрээ, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцсан Реалторуудын ажлын тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 5-10, 53/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч О.Б аас 2 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нур капиталХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Дельтамон ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон эд хөрөнгийн хохирол 2 079 000 төгрөг, шинжээчийн төлбөр 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1 047 409 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийн хохирол зөвхөн 1, 2 дугаар сараар буюу Юнивишн үйлчилгээний төлбөр 106 528 төгрөг, байрны мөнгө буюу ашиглалтын зардал 368 140 төгрөг, цахилгааны төлбөр 60 290 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нийт 19 хоногийн түрээсийн төлбөр 538 333 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөр болох 538 333 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /хх 52, 66-79, 111-115, 144-145/

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Дельтамон ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон 2 079 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хангаж, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1 047 409 төгрөгийг ...хариуцагчийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учирсан нь нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч хариуцагчид сэтгэл санааны хохирол учруулсан байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна... гэж, мөн ...сөрөг нэхэмжлэлд хавсаргасан Юнител ХХК-ийн нэхэмжлэлд тусгагдсан 106 528 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн сонордуулга гэсэн баримтад дурдсан 60 290 төгрөгт холбогдох төлбөрийг хариуцагч төлсөн гэж үзэх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. /хх34-35,111-114/

 

Харин хариуцагчийн ашиглалтын зардалд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 368 140 төгрөгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь хариуцагч өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг эзэмшилдээ хүлээж авсан хугацаанаас хойш буюу 2018 оны 02 дугаар сараас хойш гарсан зардлыг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, хэргийн 115 дугаар талд авагдсан Төрийн банк ХХК-ийн Баянмонгол хотхон, 404 дүгээр байрны 80 тоот орон сууцны ашиглалтын зардал 368 140 төгрөгт холбогдох нэхэмжлэх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр огноологдож хариуцагчид хүргэгдсэн баримт байна. Энэхүү баримтаар 2018 оны 01 дүгээр сараас мөн оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд гарсан ашиглалтын зардал гэдгийг тодорхойлох боломжгүй.

 

Нэхэмжлэгч талаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч Дельтамон ХХК-ийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх зохих журмын дагуу, өөрийн эрх хэмжээнийн хүрээнд мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101/ШЗ2018/16776 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Мөн хэргийн 14, 46 дугаар талд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтууд авагдсан байх ба хариуцагч О.Б  2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, түүний өмгөөлөгч Н.Оролжмаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус танилцаж гарын үсэг зурсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2 447 140 төгрөг гэснийг 2 079 000 төгрөг, ...2 014 527 төгрөг гэснийг 2 382 667 төгрөг гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...54 104.24 төгрөг гэснийг 48 214 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н ХХК-иас төлсөн 96 504 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                                     ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН