Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/00978

 

 

 

 

2017 оны 04 сарын 05-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00978 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БН-нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл 51,960,682 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 25,980,341 төгрөг нийт 77,941,023 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 14 дүгээр зүйлүүдэд  тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 51,960,682 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 21 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болгож байна.

Тус компанийн  удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкнуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж  барагдуулах талаар ажил олгогчоос  ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон  үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч барагдуулахад хүндрэлтэй болсон.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т засан заалтын дагуу Ц нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 51,960,682 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 25,980,341 төгрөг бүгд 77,941,023 төгрөгийг Ц-с гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан төлөгдөөгүй шимтгэлийн төлбөрийг  тодорхой хугацаанд төлөхөөр  төлөвлөж энэ тухай 04 тоот албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч манай байгууллагын хүсэлтийг харгалзан үзэлгүй шүүхэд хандсан байна.

Манай төв ашгийн бус номын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015, 2016 онуудад үйл ажиллагаа доголдож санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал үүссэний улмаас нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн болно.

Одоогоор 2017 оны нийгмйин даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл болох 51,960,682 төгрөгийг энэ онд багтаан төлөхөөр эх үүсвэр бүрдүүлэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Иймд манай төвийн онцлог шимтгэл төлөх хуваарийг харгалзан үзэж хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 25,980,341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү .

Хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөр 51,960,682 төгрөгийг төлөх төлөвлөгөө графикаар төлөх  болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б,Н нь хариуцагч Ц-с нийгмийн даатгалын шимтгэл 51,960,682 төгрөг, алданги 25,980,341 төгрөг нийт 77,941,023 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай төв ашгийн бус номын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байх тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 51,960,682 төгрөгийг төлөх төлөвлөгөө графикаар төлнө гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөр хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна гэж зааснаар Ц буюу ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй  байна.

Энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан Анзын нийт дүн гүйцэттгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч бологүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б,Н нь даатгалын шимтгэлийн өр 51,960,682 төгрөг, алданги 25,980,341 төгрөгийг ногдуулсан нь НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, улсын байцаагчийн шаардлага, мэдэгдэл, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ц-с Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 51,960,682 төгрөг, алданги 25,980,341 төгрөг нийт 77,941,023 төгрөгийг гаргуулж Б,  Н-т олгож шийдвэрлэв.

Түүнчлэн, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасныг баримтлан Ц-с нийгмийн даатгалын шимтгэлийн өр 51,960,682 төгрөг, алданги 25,980,341  төгрөг нийт 77,941,023 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б,Н-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц-с нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 77,941,023 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамж 547,655 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНЧИМЭГ