Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00469

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/00469

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,

Нэхэмжлэгч: ҮЦ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н холбогдох,

Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 2,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: "ҮЦ' ХХК, иргэн Н.Нтэй харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулан Америк Улсад үйлдвэрлэсэн PURE PRO /цаашид Ус цэвэршүүлэх төхөөрөмж гэх/ төхөөрөмж эзэмшүүлсэн бөгөөд Н.Н нь уг төхөөрөмжийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу Н.Н нь төлбөрөө cap бүрийн 27-ны дотор төлсөн байх ёстой. Гэтэл Н.Н нь төлбөр төлөх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан ба энэ үеэс төлбөр төлөх асуудал сунжирч, улмаар ҮЦ ХХК-д авлага үүссээр өнөөг хүрсэн. "ҮЦ ХХК-ийн зүгээс төлбөрийг барагдуулах талаар удаа дараа иргэн Н.Нт утсаар болон уулзаж мэдэгдэж байсан боловч ямарч үр дүн гарсангүй.

Иймээс иргэн Н.Нээс ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 1 340 000 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөг, гэрээний 2.4-т заасны дагуу алданги 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 2 010 000 /хоёр сая арван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү ус цэвэршүүлэх төхөөрөмж нь хууль ёсны бус, хүмүүсийн толгой тархи угааж, энэхүү төхөөрөмжүүдийг зардаг нь батлагдсан гэж бүх улс орон даяар, телевизээр олон эрдэмтэд болон хуульчид оролцсон нэвтрүүлэг гарсан. Энэ төхөөрөмж нь усны бүх эрдэс материалуудыг шүүдэг тул хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг, уг төхөөрөмжийг салгаж ав гэж хөлийг минь эмчилж байсан эмч нар хэлж байсан. Энэ төхөөрөмжийг салгаж авсны дараа энэ компанид төхөөрөмжөө ирж ав гэж олон удаа хэлсэн боловч ирж аваагүй. Энэхүү төхөөрөмжийг ашиглах явцад би 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ төхөөрөмжөөс татгалз гэж эмч нар надад зөвлөсөн. Би энэхүү төхөөрөмжийг шалгаж мэддэг газар нь шилжүүлэх болно.

ҮЦ ХХК-д маш их гомдолтой байна. Харин ч би хохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эднийд маш их мөнгө төлсөн, эднийх 1 150 000 төгрөг төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний төлсөн баримтын зарим нь надад байгаа би авч ирээгүй тул миний төлсөн баримтуудыг бүгдийг гаргуулахыг хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ҮЦ ХХК нь хариуцагч Н.Нт холбогдуулан, Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 1 340 000 төгрөг, алданги 670 000 төгрөг, нийт 2,010,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч компаниас авсан ус цэвэршүүлэх төхөөрөмжийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж эмч зөвлөсөн тул би уг суурилуулсан төхөөрөмжийг нь салгаж, түүнийг ав гэж нэхэмжлэгчид хэлсэн гэтэл өөрсдөө аваагүй, миний төлсөн мөнгийг дутуу тооцож, 2.010.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Н.Н нь өмнөх шүүх хуралдаанд ҮЦ ХХК-д ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийг төлсөн. Гэтэл миний төлсөн тооцоог дутуу бодож, надаас илүү их мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, иймд төлсөн баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад, нэхэмжлэгч ҮЦ ХХК болон хариуцагч Н.Н нараас тус тус нийт хэдэн төгрөг төлсөн талаарх баримтуудыг гаргуулахаар тогтоож, шүүх хуралдааныг 2018 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл хойшлуулсан атал нэхэмжлэгч талын нягтлан бодогч гадаад улс руу явсан эзгүй учир нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй, манайх төлбөр төлсөн байдлыг нь тухай бүрд нь программд оруулсан тооцоогоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үнэн зөв, хариуцагч төлсөн гэж маргаж байгаа татгалзлаа нотолж баримтаа гаргаж өгөх, бүрдүүлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, шүүх хуралдаанд ирээгүй учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Зохигч талуудын хооронд 2015 оны 07 сарын 27-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, 2 490 000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдан авагч талаас 200 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгч, заасан газарт нь суурилуулж өгөх, 2015 оны 08 сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл 15 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 152 700 төгрөгийг төлж барагдуулах, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдан авагч нь тухайн сарын төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.

Тус гэрээгээр тохирсны дагуу нэхэмжлэгч ҮЦ ХХК нь 2 490 000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хариуцагч Н.Нийн эзэмшилд шилжүүлж, заасан газарт нь суурилуулж өгсөн, худалдан авагч болох Н.Н нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байна. Энэхүү гэрээнд заасан үүргээ хариуцагч Н.Н бүрэн биелүүлээгүй үндэслэлээр тус төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрт 1 340 000 төгрөг, гэрээний 2.4-т Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдан авагч нь тухайн сарын төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж зааснаар алданги 670 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалттай ҮЦ ХХК болон Н.Н нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нийцсэн байна.

Түүнчлэн гэрээний 2.4-т заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1 340 000 төгрөгийн тал хувь 670 000 төгрөгийг алдангид тооцож гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч компаниас гэрээний дагуу авсан Герман улсад үйлдвэрлэсэн BLUE FILMERS бүтээгдэхүүн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж эмч хэлсэн гэж маргаж байгаа боловч тухайн маргаж буй үндэслэлийн талаарх холбогдох бичгийн баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь тухайн төхөөрөмжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораториор 2014, 2016 онуудад тус тус шинжилгээ хийлгэсэн талаар сорилтын дүнгийн хуудсуудыг, PURE-PRO WATER CORPORATIONтай, ҮЦ ХХК-ний 2013 оны 10 сарын 10-ны өдөр хийсэн Борлуулагч байгууллагын гэрээ-ний англи, монгол хэл дээрх баримт, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газруудын албан бичгүүдийг тус тус хавсаргасан нь хариуцагчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгэж байна.

Иймээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Н.Нээс шаардсан ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийн төлөгдөөгүй төлбөр 1 340 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй алданги 670 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Н.Нээс 2 010 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ҮЦ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47110 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 47110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ҮЦ ХХК-д олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ