Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

З.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02284 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч З.Т ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК -д холбогдох

 

М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн М ХХК -ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт шатахуун түгээх станцын түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд томилогдсон. Ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, өөрийн хариуцсан ажилд эзэн ёсоор хандаж ажилласан.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надтай хамт ажиллаж байсан Н.Бегарис нь 107 800 төгрөгийг хувьдаа завшиж санхүүгийн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчил нь М ХХК -ийн дотоод аудитын шалгалтаар илэрсэн байна.

Надтай хамт ажиллаж байсан Н.Бегарисын гаргасан зөрчилтэй холбогдуулан ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 95/18 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байна. Уг ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3, 6.3.7 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж заасан.

Гэтэл миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй боловч Н.Бегарисийн гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Нөгөө талаар миний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12 дахь заалтыг зөрчөөгүй, ямар нэгэн байдлаар санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай худал гаргаагүй, хэн нэгэнд шатахуун зээлээр олгоогүй боловч бусдын гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна. Би зөрчил гаргагч Н.Бегарист хяналт тавих албан тушаалтан биш бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах туай тушаалын З.Т  надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Т  нь 2015 оны 3 дугаар сараас манай компанид ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь заалтад заасан Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан. Нэхэмжлэгч З.Т  нь хамт ажилладаг байсан Н.Бегарисын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бусдад зээлээр олгосон 55 литр дизель түлш, шатахууны дутагдлыг ээлж хүлээж авахдаа удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж байхгүй 55 литр шатахууныг байгаа мэтээр шатахуун тоолуурыг ухраан хүлээн авч санаатайгаар худал тооцоо хийсэн нь компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр компанийн Дотоод аудитын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тогтоогдсон. Дутагдлыг санаатайгаар нуун дарагдуулж, Н.Бегарисаас ажил хүлээж авахдаа шатахуун тоолуураас хасалт хийн, мөнгө гүйлгэсэн зөрчил гаргасан талаар З.Т  Дотоод хяналтын газар өгсөн өөрийн тайлбартаа мөн дурдсан байдаг. З.Т  нь 2018 оны 4 дүгээр сард тус шүүхэд “МТ Секьюрити “ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэн гаргасан нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/06589 дугаартай шүүгчийн “Нэхэмжлэлийн буцаах тухай” захирамжаар буцаагдсан. Захирамжид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШТ2018/00239 тоот тогтоолоор хангахгүй орхисон болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 3 сарын хугацаа өнгөрсний дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг 129.2 дахь хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах тухай хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан МТ Секьюрити ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай З.Т ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч З.Т  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.Т  давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх надад хэргийн материал /хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд/-ыг танилцуулаагүй атлаа шүүх хуралдааныг товлон зарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж, илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т "Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан бол" гэж, 6.2.12-т "Шатахуун болон бусад бараа материалыг бусдад удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр олгосон бол" гэж тус тус заасан байна. "МТ Секьюрити ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай тушаалд ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.10 дахь заалтыг баримтлаагүй боловч шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх 6.2.10 "Орлогын мөнгийг гүйлгэсэн, дараагийн ээлжийн түгээгч, түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчаас авсан болон өгсөн" гэдгийг үндэслэл болгосон нь хэргийг нэг талыг баримталж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.  Шүүх “...ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12-т заасан зөрчлүүдийг ажилтан З.Т  гаргасан нь тогтоогдсон...” гэх боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хэн нэгэнд удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр шатахуун болон бусад бараа материалыг олгож байгаагүй, мөн санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг худал гаргаж байгаагүй бөгөөд шүүхээс хэт явцуу дүгнэлт хийж, ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөж, ажилтан миний зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөлгүй, буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч З.Т  нь хариуцагч М ХХК -д холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч З.Т  нь хариуцагч байгууллагын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10/15 тоот тушаалаар Түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3, 6.3.7 дахь хэсгийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4-5, 6, 31-54, 61-62, 76-78/

 

Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх ба 6.2.2-т “Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан”, мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7-д аливаа тайлан мэдээг санаатайгаар худал гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

Хэрэгт хариуцагч байгууллагын дотоод аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №09/18 дугаартай тайлан авагдсан байх ба уг тайланд 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн ШТС-156-д гэнэтийн тооллого хийхэд шатахууны борлуулалтын орлогоос 107871 төгрөг, жи-мобайлийн нэгжний борлуулалтын орлогоос 6000 төгрөг, нийт 113671 төгрөг дутаж , уг дутагдлыг түгээгч, харуул хамгаалалтын алба хаагч Н.Бегарис 2018 оны 02 дугаар сарын 27-нд 55 литр дизель түлш шатахуун зээлээр өгч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл милл /тоолуур/ хасаж тооцоо хийж байсныг түүнээс ээлж хүлээн авахдаа нэхэмжлэгч З.Т  мэдэж байсан боловч тайлан мэдээг худал /хуурамчаар/ гаргаж байсан гэжээ. /хх 31, 55-60/

Дээрх тайлангийн талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Т  нь тус компанид түгээгч, харуул хамгаалалтын алба хаагч ажилтай Н.Бегарист 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 55 литр дизель түлш шатахуун зээлээр өгч дараагийн ээлжинд ажил хүлээлцэхдээ шатахууны миллийг /тоолуурыг/ хэд хэдэн удаа гүйлгэн ухрааж байгааг мэдсээр байж тайлан мэдээг худал гаргасан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иймд шүүх ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлтэй гэж дүгнэн, М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай З.Т ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэргийн 63 дугаар талд нэхэмжлэгч З.Т  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж оролцуулахаар Е.Жандост 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон /хх 63/ байх ба уг итгэмжлэлийн дагуу Е.Жандос нь нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан анхан шатны шүүх надад хэргийн материал /хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд/-ыг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН