Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/93

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1016 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч  Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Л-д холбогдох эрүүгийн 2008000001062 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Адуучин овгийн Ш.Л-, 19....... оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ........... хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД.................../;

            Дундговь аймгийн 1 дүгээр нүүдлийн шүүхийн 1975 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76/б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

            Ш.Л- нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 3-205 тоот дахь өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн даалуу тоглож байх явцдаа Б.Н-ийн толгой тус газарт нь хатуу зүйлээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхавгыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаан дээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад хийсэн шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа талаар дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс удаа дараа хяналтын прокурорт гомдол гаргаж байсан боловч хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан хүлээж аваагүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Л- нь нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 3-205 тоот дахь өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрт нь хамт даалуу тоглож байсан Б.Н-тэй маргалдаж, улмаар толгой тус газарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-ийн “...миний толгой руу Л- ямар нэгэн хатуу зүйлээр цохисон чинь толгойноос маш их цус гараад байхаар нь толгойгоо бариад сууж байхад Хүрэлбаатар гаднаас орж ирээд юу болсон талаар асуухад нь “Л- намайг цохичихлоо” гэж хэлсэн...” /хх 12/,

гэрч М.Хүрэлбаатарын “... Л-, Болд, Н- нар чанга чанга дуугараад маргалдаад байгаа санагдахаар нь би 00-оос гараад тэр даруй очсон чинь найз Н-ийн толгойноос цус гасан байхаар нь “чи яасан бэ? Юу болсон бэ?” гэж асуусан чинь “Л- намайг цохичихлоо” гэж хэлээд толгойноосоо гарсан цусыг дараад суугаад байхаар нь би найз Н-ийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн” /хх 29-30/,

Ш.Лхавгын яллагдагчаар өгсөн “... Н- намайг мөнгө төгрөг байхгүй, согтуу, тэгээд даалуу тоглож чадахгүй зэргээр хор шар малтаад байхаар нь би ууж байсан архины шилээр толгой руу нь цохисон юм. Тэгтэл Н-ийн толгойноос цус гараад эхэлсэн” /хх 66/,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 23028 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх 15-16/,

“Лазер мед” эмнэлэг болон Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх 17-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7064 дугаартай “... Б.Н-ийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд сорви тогтоогдлоо. Дээрхи сорви нь ямар зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” /хх 23-24/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ш.Лхавгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.Лхавгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхавгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ш.Лхавгын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан торгох ялыг сонгож шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалаас “...Өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Давж заалдсан гомдолд ямар нотлох баримтыг үндэслэж, хуульд заасан аль хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрхэн яаж хангаж байгаа талаар огт дурьдаагүйгээс шүүгдэгч Ш.Лхавгын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ш.Л-ын нэрийг Ш.Л- гэж буруу бичсэнийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн лавлагаанд үндэслэн Ш.Л- гэж залруулсан нь үндэслэлтэй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1016 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ