Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0806

 

      2022        11          02                                   128/ШШ2022/0806

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н*********** 

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц********** нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэг. Нэхэмжлэгч Ц.Н********** шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлдээ: "Ц.Н************* миний бие 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолоор чөлөөлөгдсөн. Засгийн газрын шийдвэр гаргуулахад Соёлын сайд Ч.Н*********-н гаргасан үндэслэл бүхий санал нь хууль бус байсан. Соёлын сайд Ч.Н томилогдож ирсэн цагаасаа хойш тус агентлагийн үйл ажиллагаатай нэг ч танилцаагүй, хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлыг хойш тавьдаг, шийддэггүй, удирдлагын зүгээс манлайлал үзүүлээгүй, уулзах гэхээр "илтгэх хуудас бичиж цаг ав" гээд уулздаггүй, утас мессежинд хариу өгдөггүй, уулзахаас зайлсхийдэг, хүний ховоор ажил үнэлдэг, хамт олныг хагалан бутаргаж, дарамт үзүүлж, мөн хувь хүний болон байгууллагын нэр хүндэд удаа дараа халдсан.

Соёлын сайдын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр баталсан Хяналт шалгалтын удирдамжийн дагуу Соёл, урлагийн газарт хяналт шалгалтын баг ирж 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажилласан. Уг удирдамжид тус газрын 2020-2021 оны эхний хагас жилийг хамруулан шалгалт хийхээр батлагдсан байсан. Гэтэл 2020 оны санхүүгийн тайланг Үндэсний аудитын газраас, үйл ажиллагааны тайланг Соёлын яамны удирдлагын зөвлөлөөр хэлэлцэн дүгнэсэн байхад хяналт шалгалтын ажлаас дахин шалгасан нь ажлын үр дүнг сайжруулах, зөвлөн туслах гэхээсээ илүүтэй алдаа, өө хайсан, байгууллагын удирдлагыг буруутгах гэсэн зорилготой байсан нь шалгалтын тайланд тусгагдсанаас тодорхой болсон.

Дээрх дотоод хяналтын шалгалтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Соёлын яамны Ёс зүйн зөвлөл хуралдаж, 02 дугаартай тогтоол гаргахдаа "...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, бусад албан хаагчдын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах эрсдэл үүсэх магадлалтай нөхцөл байдал тогтоогдов ..., .... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, ... дахь заалтуудыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдов..." гээд Ц.Н намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, “сануулах" хариуцлага хүлээлгэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ..." тохиолдолд сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулахаар заасан. Гэтэл дээрх тогтоолд надад сануулах хариуцлага хүлээлгэхдээ холбогдох ёс зүйн дүрэм, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоогоогүй, харин зөрчсөн байж болзошгүй гэж үзээд хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Улмаар Соёлын яамны Ёс зүйн зөвлөлийн хууль бус дүгнэлтээ үндэслэн "Соёл, урлагийн газрын дарга нь Төсвийн тухай хууль зөрчин төсөв санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил гаргасан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн" талаарх албан бичгийг Соёлын яамнаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/1254 тоот албан бичгээр дээрх асуудалтай холбогдуулан тайлбар ирүүлэхийг надад мэдэгдсэний дагуу ажлын байрны дарамт шахалт үзүүлж, удирдлагыг буруутгасан байдлаар дотоод хяналт шалгалтыг явуулахдаа хууль, журамд заасны дагуу явуулаагүй, үүндээ үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар тайлбар гаргаж хүргүүлсэн бөгөөд мөн нэг хувийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ХЭГ/234 дүгээр албан бичигт "...Ц.Н********-н гаргасан үйлдлийг "ёс зүйн зөрчил” гэж үзэн сануулах арга хэмжээ авсан байна. ...сахилгын шийтгэл нэгэнт ногдуулсан тохиолдолд тухайн албан хаагчийг албан тушаалаас нь халах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулах боломжгүй..." гэж ажлаас чөлөөлүүлэхээр хүргүүлсэн албан бичигт хариу өгсөн талаар надад мэдэгдсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/174 албан бичигт "...ажлын байрны дарамттай холбоотой хэсгийг шалгуулахаар Хүний эрхийн үндэсний комисст шилжүүлсэн..." гэж дурдсан бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 03/302 албан бичигт "...Комиссын гишүүний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03/05 дугаар шаардлагыг Ч.Н********* сайдад хүргүүлсэн. ... Ц.Н***********-н гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн" байна.

Харин 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Соёлын сайдаас Монгол Улсын Ерөнхий сайдад "...Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Н**********-г ажлаас чөлөөлөх тухай" саналыг хүргүүлжээ.

Дээрх албан бичгийг хүргүүлсэн талаар надад мэдэгдээгүй, тухайн асуудлаар хүргүүлж байсан, шийдэгдсэн асуудал байхад нэг зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэхээр санал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03/05 албан бичгийг Ч.Н******* сайд дарагдуулан Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахдаа үл хэрэгссэн. Соёлын сайдын ажлаас чөлөөлөхөөр гаргасан санал үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан нь тодорхой байх тул уг саналыг үндэслэсэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/911 дүгээр албан бичгээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Н********* намайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү" гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Дотоод аудитын хяналт шалгалтыг зөвхөн Ц.Н*********-т хандаагүй тухайн байгууллагад хийсэн. Тушаал шийдвэр гаргахтай холбоотой асуудлыг төрийн захиргаа удирдлагын дарга хийх ёстой. Авто машиныг хувьдаа ашигласан гэдэг асуудал бол Ц.Н**********-г томилогдохоос өмнө гарсан, өмнө байсан албан тушаалтанд 1 сая 900 мянган төгрөгийг төлөх аудитын дүгнэлт гарсан, тэр хүн нас барсан тул төлөгдөөгүй асуудал гарсан. Тендертэй холбоотой асуудал бол Тендерийн үнэлгээний хороо ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа этгээдүүдтэй хамааралтай асуудлыг шууд Ц.Н*********-той хамааруулсан байсан. Хугацаандаа цалин хөлс тавиагүй асуудал нягтлантай холбоотой байгаа. Соёл урлагийн газрын нягтлан олон удаа солигдож, нягтлан байхгүйгээс цаг хугацаандаа цалин хөлсөө өгч чадаагүй асуудал гарсан.

Аудитын дүгнэлттэй холбоотой маргаагүй. Хамгийн гол нь аудитын дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар хийсэн. Тухайн үед хариуцаж ажиллаж байгаагүй ажлууд байсан. Ажлаас чөлөөлөх бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчсөн, үүнд нь ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх ёстой. Аудитын дүгнэлт гарч хугацаатай зөвлөмжүүдийг өгсөн. Уг хугацаатай зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авах санал хүргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ зөрчлүүд нь илэрснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэлийн тайланг гаргаж хүргүүлсэн. Гүйцэтгэлийн үнэлгээний хуудас шинэчлэгдсэнтэй холбогдуулан Захиргаа удирдлагын газрын дарга н.Э******, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын  дотоод ханалтын н.Ч********* гарын үсэг зурж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 73 оноогоор үнэлсэн байсан. Мөн хяналт шинжилгээ 2 үнэлгээний хуудас байгаа. Соёлын сайдаар үнэлүүлэх гэхээр Соёлын сайд Ц.Н*********-г ажлаас чөлөөлөх тухай саналаа өгсөн байсан учраас эцсийн үнэлгээг өгөөгүй гэж тайлбарладаг.

Энэ албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал, төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ёстой. Соёлын сайдын саналд дурдагдаж байгаа зөрчил нь хуульд заасан журмын дагуу тогтоогдсон байх ёстой. Дотоод аудитын дүгнэлтэд “Ц.Н********* буруутай, зөрчил гаргасан байна, арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт  байхгүй. Энэ зөрчил илэрснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ц.Н********* өмнө нь төрийн албанд ажиллаж байсан хугацаа нь ажлын байрны шаардлагад хүрэхгүй гэдэгт маргахгүй, анх томилогдохдоо төрийн албаны шаардлага хангахгүй гэж байгаа боловч ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Нэхэмжлэгч Ц.Н**********-н гаргасан Засгийн газрын 2022 оны 126 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна:

1. Ц.Н********** нь Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа дараах зөрчил гаргасан болохыг Үндэсний аудитын газрын “Төрийн аудитын тухай хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” 2021 оны 10 дугаар сарын 20-ны 01/2268, Ш ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын 2 дугаар газарт хүргүүлсэн 21/55 тоот албан бичиг, холбогдох акт, албан шаардлагаар тогтоогдсон байна:

1.1. Албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж, 1,913.9 мянган  төгрөгийн үргүй зардал гаргасан,

1.2. Хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан зардлын 25,036.0 мянган төгрөгийг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр өөр зориулалтаар шилжүүлэн зарцуулсан,

1.3. Шилэн дансны мэдээллийг бүрэн гүйцэд шивж оруулаагүй, хугацаа хоцроосон,

1.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин, шууд худалдан авалт хийсэн, худалдан авалтын мэдээллийг холбогдох журмын дагуу мэдээлээгүй,

1.5. Нягтлан бодох бүртгэлийн ажлын зохион байгуулалт, бүртгэл хөтлөлт хангалтгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, мөнгөн хөрөнгийн зарлагын баримтууд и-баримтаар баталгаажаагүй,

1.6. Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг сунгах мэдэгдлийг хүргүүлсэн ч гэрээг сунгаагүйгээс завсрын аудитыг эхлүүлээгүй.

2. Соёлын сайдын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Соёл, урлагийн газарт хяналт шалгалт хийсэн ХШҮДАГ-****-**/хша/-** кодтой хяналт шалгалтын тайланд дурдсанаар дараах асуудал, зөрчил гарсан байна.

2.1. Төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг тайлант хугацаанд нээлгээгүйн улмаас төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх Төсвийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй,

2.2. Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн албаны тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин, төрийн албан хаагчийн цалин хөлсийг тухайн сард нь олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроож, буруу дүнгээр тайлагнасан, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд эдийн засгийн ангилал баримтлаагүй, Зөрчлийн тухай хуулийн "Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих" 10.17 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил гаргаж, торгууль хүлээсэн,

2.3. Бараа, материал, мөнгөн хөрөнгийн анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, анхан шатны баримтгүй гүйлгээ, бараа, материалын худалдан авалт хийсэн нь нягтлан бодох бүртгэл үнэн зөв байх, иж бүрэн байх зарчмыг зөрчсөн,

2.4. Эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд хийгээгүй,

2.5. Иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг баталгаажуулахдаа бараа, бүтээгдэхүүнийг биетээр хүлээн аваагүй байж, гэрээ дүгнэсэн акт хуурамчаар үйлдсэн,

2.6. Гэрээний төлбөрийг гэрээлэгч талаас буцаан гаргуулж, зарим мэргэжилтний дансанд шилжүүлэн авсан, бэлнээр авсан,

2.7. Соёл, урлагийн газрын дарга нь хүчин төгөлдөр болсон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг Үндэсний аудитын газраас тогтоосон хугацаанд хүргүүлээгүй,

2.8. Төрийн албаны тухай хуулийн 38.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх зөрчигдөх нөхцөл үүссэн.

Иймд Хяналт, шалгалтын дүн, илрүүлэлтэд үндэслэн Соёл, урлагийн газрын 2020-2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, Соёл, урлагийн газрын даргын  хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг "хангалтгүй" гэж дүгнэжээ.

Мөн "Хяналт шалгалт, дотоод аудитын ХШҮДАГ-****-**/хша/-** тоот тайлан баталгаажуулах тухай" Соёлын яамны дотоод аудитын хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "хангалтгүй" дүгнэлт өгчээ.

3. 2021 оны шударга байдлын үнэлгээгээр улсын дунджаас доогуур үнэлгээтэй гарч, дотоод шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага үнэлгээ авч, хамгийн их хэмжээгээр буурсан байгууллага нь Соёл, урлагийн газар байв гэж дүгнэсэн нь Ц.Н нь Соёл, урлагийн газрыг удирдаж байсан хугацааны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ юм.

4. Соёл, урлагийн газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар дараах асуудлыг онцолсон байна.

4.1. Төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д заасан бүрэлдэхүүн хэсгийн дагуу иж бүрэн бэлтгээгүй байна,

4.2. Худалдан авах ажиллагаатай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд тавих хяналт сул, гэрээ дүгнэсэн актыг хуурамчаар үйлдсэн, гэрээний хэрэгжилтийн тайланг гүйцэтгэгч талаас аваагүй, Соёлын яамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын хяналт шалгалтаар илрүүлсэн байгууллагын хөрөнгө мөнгийг завшсан байж болзошгүй асуудлын хүрээнд Төрийн аудитын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох албан тушаалтны ёс зүйн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн байна,

4.3. Тайлант хугацаанд оруулбал зохих 175 мэдээллээс 148 мэдээлэл, хугацаа болоогүй 1 мэдээлэл 2,067,132.4 мянган төгрөгийн 22 мэдээллийг хугацаа хоцроосон, 4 мэдээллийг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй, шилэн дансны үнэн зөв бодитой, иж бүрэн байх зарчмыг ханган ажиллаагүй,

4.4 Шилэн дансанд байршуулсан мэдээлэл нь Шилэн дансны хууль тогтоомжийн холбогдох заалттай нийцээгүй, худалдан авах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, заавар, журамтай нийцээгүй, өмнөх оны төлбөрийн актын хэрэгжилтийг ханган ажиллаагүй гэж дүгнэлээ. Нягтлан бодогч тогтвор суурьшилтай ажиллаагүйгээс зөрчлүүд давтан гарсаар байна,

4.5. Шалгагдагч байгууллага нь хугацаандаа холбогдох материалыг хүлээлгэн өгөөгүй тул завсрын аудит хийгдээгүй болно.

Үүний хүрээнд дараах албан шаардлагыг тус тус хүргүүлсэн байна.

1. U төсөл, арга хэмжээ, н 21 аймаг цахим тоглолт зохион байгуулах тусгай хөтөлбөрийн санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 51,000,000 төгрөгийг санхүүжилтийн авлагаар бүртгэж, үлдэгдлийг нийлсэн актаар баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т "Данс өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гаргахаас нь өмнө хянан баталгаажуулах", 20.2.6-д "Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах" гэж заасныг зөрчсөн тул "зөрчил арилгах тухай" Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 268А/0150458 АХГ2022/192/НА СТА-ТШЗ албан шаардлага,

2. А музейн үзүүлэг дэглэлтийг шинэчлэн боловсруулах, 100 жил, 100 үйл явдал антолог гаргах ажил огт хэрэгжээгүй байхад мэргэжлийн арга зүйн дэмжлэг авахаар 1 зөвлөх ажилтныг шинээр томилон 4 сар ажиллуулж 3,972,995.00 төгрөгийн цалин олгосон байна. Мөн Захиргааны хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, хууль тогтоомжийн биелэлт, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд томилсон ажилтан нь байгууллагад дотоод хяналтын ажлыг хэрэгжүүлээгүй, үр дүнгийн ажлын тайланг гаргаж ирүүлээгүй бөгөөд 4 сарын хугацаанд 3,779,271.00 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн үргүй зардал гаргасан нь Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1.2 "Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг тус тус зөрчсөн тул "зөрчил арилгах тухай" Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 269 А0/0150458 АХГ2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

3. Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, тайлант онд шилэн дансны цахим сайтад 174 мэдээлэл байршуулахаас 883,915,100.00 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг мэдээлээгүй, 52,913,900.00 төгрөгийн өр авлага үүсгэсэн, тус шийдвэр, худалдан авах ажиллагаатай холбоотой 144,900,000.00 төгрөгийн мэдээллийг тушаал шийдвэр, тайлан, бусад материалыг тус тус хавсаргаж мэдээлээгүй, өмнөх оны зөрчлийг давтан гаргасан бодитой, иж бүрэн байх, 4.1.3-д тогтоосон хугацаанд тогтмол, шуурхай мэдээлэл байх", Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журамд заасныг зөрчсөн тул "сахилгын хариуцлага тооцуулах тухай” Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 270 А0/0150458 АХГ 2022/102/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

4. Мөнгөн хөрөнгийн зарлагын 99,591,809.00 төгрөгийн гүйлгээ дэмжих баримтгүй, төлбөрийн и-баримтаар баталгаажаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна", 13.5 "Анхан шатны баримтад түүний үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна", 13.7. "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн тул "зөрчил арилгах тухай" Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 271/АО150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

5. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Үндэсний номын санд 45,000,000.00 төгрөг, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажил зохион байгуулахад 80,000,000.00 төгрөг, соёлын биет бус өвийн үзлэг хийх ажилд 66,000,000.00 төгрөгийг тус тус зарцуулж, үр дүнг тайлагнаагүй, үзлэг тооллогын тайлан мэдээ байхгүй нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг тус тус зөрчсөн тул "зөрчил арилгах тухай" Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 272/А0150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

6. “Н 21 аймагт” тоглолтын 210,000,000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах нөхцөлөөр шалгаруулж, шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх болсон үндэслэлийг Сангийн яаманд хүргүүлээгүй, шалгаруулалтын үр дүнг цахим тендерийн сайтад мэдээлээгүй. "Тусгаар тогтнол шүлгээр дуу бүтээх" сонгон шалгаруулалтад 3 байгууллагаас үнийн санал, материал ирүүлсэн гэж дурдсан боловч ажлын баримтад зөвхөн М ХХК-ийн материалыг хавсаргаж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, төлбөрийг шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 "Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.", 8 дугаар зүйлийн 8.2-т "Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ", 17 дугаар зуйлийн 17.1 "Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана" гэж заасныг тус тус зөрчсөн тул "зөрчил арилгах тухай" Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 273/ АО150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага.  

Дээрх баримт, эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр Ц.Н нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна.

1. Төсвийн тухай хууль зөрчсөн: Төсвийн захирагч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 "санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах", 6.4.1 "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.8 "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", 16 дугаар зүйлийн 16.5.4 "төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх", 16.5.6 "дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх", 26 дугаар зүйлийн 26.1 "Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө" гэсэн заалтыг тус тус зөрчсөн,

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1 "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", 13.4 "Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, Нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна", 13.7 "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэснийг зөрчсөн,

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т заасан “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана", 34.3-т "Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэснийг тус тус хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн нь дээрх баримтаар нотлогдсон,

4. Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4-т заасан "мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх", "тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх", "хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” зарчмыг ханган ажиллаагүй байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн алба хааж байгаа этгээдийн хүлээх нийтлэг үүргийг бүрэн хэрэгжүүлэн ажиллаагүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.7 "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.15 "харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах" үүргийг хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн байна." гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Соёл урлагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.” 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт “Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна.”, Засгийн газрын 2019 оны 273 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн захиргааны ангилал зэрэглэл түүнд хамаарагдах албан тушаалын жагсаалтаар заасны дагуу төрийн захиргааны албан тушаалтанд хамаардаг учраас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр томилогдсон. Энэ хуулийн үйлчлэл өөрчлөгдсөнөөр 2021 оны 12 дугаар сарын 31, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж хугацааг нь өөрчилсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай 411 дүгээр тогтоолоор “төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг төрийн бүх шатны байгууллагад даалгасан. Ц.Н нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй. Үүнтэй холбоотой баримтыг Төрийн албаны зөвлөлийн 06/1765 дугаартай албан бичигт дурдсан байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 01/911 дүгээр албан бичгээр Ц.Н-н гомдолд хариу өгөхдөө “Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан албан тушаалын шаардлагад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй. Төрийн албаны нөөцөд байхгүй, хууль бус томилгоотой” байсан талаар дурдсан байдаг. Тэгэхээр анхнаасаа хууль бус томилгоотой, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу түр томилогдсон, чөлөөлөгдөх албан тушаалтан байсан. Мөн Төрийн албаны тухай хуульд төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгаалалтын дэглэмийг сахин зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдсон албан тушаалтан чөлөөлөгдөхөөр болсон.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтээр тухайн үед төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахгүй гэсэн заалт байсан. Үүний дагуу түр томилогдож ажиллаж байсан. Ц.Н өмнө төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Одоо энэ албан тушаал дээр Н.М гэж хүн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй ч төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Яаманд ажиллаж байсан хүнээр Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа.  

Нэгдсэн удирдлагаар хангана гэж заасны хүрээнд эрх шилжүүлсэн тушаалуудыг хэрэгжүүлээгүй байгаа нь Соёлын өвийн хэрэгжүүлэгч газрын дарга н.Д-н гэрчийн мэдүүлгээр болон баримтаар хангалттай дурдагдсан гэж үзэж байна. Сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуульд сахилгын зөрчлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан болохоос сахилгын болон ёс зүйн зөрчлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн талаар заагаагүй. Ёс зүйн зөрчлийг хууль бус гэж ямар ч гомдол шаардлага гаргаж байгаагүй.  

Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар 2021 оны ажлын гүйцэтгэлийн тайлан албан бичгээр үнэлэгдээгүй. Хэрэгт авагдсан баримтаар албан бичгээр хүргүүлсэн гэж байгаа боловч энэ албан бичиг нь манай бичиг хэрэгт байхгүй. E-mail хаяг руу явуулсан байгаа. Ц.Н-н дүгнэгдсэн гэж байгаа баримт нь Соёлын яаманд эх хувиар нь авчирсан байгаа. Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар дотоод албан бичгээр хүргүүлж Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга 2021 оны төлөвлөгөө түүний биелэлтийг огт ирүүлээгүй. Ц.Н энэ баримтыг эх хувиар нь авч явж, Соёлын яаманд өгөөгүй учир үнэлэгдээгүй байсан. Төлөвлөгөөг Соёлын сайд баталсан. Энэ төлөвлөгөөний биелэлтийг харин дүгнээгүй. Яамны бүх дарга нар хийсэн ажлын гүйцэтгэлтэй хувьчилж танилцдаг. Энэ үнэлгээг хийгээгүй.

Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн чөлөөлөх болсон үндэслэлүүдийг зарим нэг хэсгийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулж ажилласан, ажилчдын цалингийн дансаар нэмэлт урамшуулал өгч өөрөө авдаг байсан, албан тушаалтнуудыг дарамталдаг байсан гэдэг асуудлуудыг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа. 

Сахилгын шийтгэлийн илрүүлснээс хойш 6 сарын дотор аудитын дүгнэлтүүд, Засгийн газрын тогтоол гарсан. Хуульд зөрчсөн тухай үйлдлүүд нь хангалттай нотлох баримттаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Эдгээр зөрчил илрүүлсэн баримтуудын алинд нь ч гомдол гаргаагүй учир хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байгаа юм.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар түр томилогдсон ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан ч Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь түүнийг Соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, “дотоод аудитын хяналт шалгалт өө хайсан, удирдлагыг буруутгах л зорилготой байсан, энэ шалгалтын дүнгээр Ёс зүйн зөвлөл ёс зүйн зөрчилд сануулах хариуцлага хүлээлгэсэн байхад ажлаас чөлөөлүүлэх тухай Соёлын сайдын санал нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгэхийг хориглох заалтыг зөрчсөнөөр хууль бус болсон, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, тайлбар гаргах боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр маргасан бол хариуцагч “аудитын байгууллагаас хийсэн аудит болон дотоод хяналт шалгалтаар төсөв, санхүүгийн зөрчлүүд илэрсэн нь тодорхой баримтуудаар тогтоогдсон, агентлагийн шударга байдлын үнэлгээ буурсан, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн тул чөлөөлсөн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, төрийн жинхэнэ албан тушаалын хуулиар тавигдсан шаардлагыг хангаагүй томилогдсон тул эгүүлэн тогтоох үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрхийг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 2-т зааснаар “агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх”-ээр байх тул Соёлын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/2905 тоот, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/61 тоот, 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/443 тоот,  3 дугаар сарын 18-ны өдрийн 1/639 тоот албан бичгээр “төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шалгалтаар тогтоогдсон, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлүүлээгүй, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Засгийн газрын эрх хэмжээний  хүрээнд, хуулиар тогтоосон процессын дагуу байна.  

2. Үндэсний аудитын газар гэрээгээр Ш ХХК-иар Соёл, урлагийн газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийлгэсэн аудитаар 30,7 сая төгрөгийн зөрчил илэрч, “хязгаарлалттай” дүгнэлт өгч, зөрчлийг арилгуулахаар тухайлбал, албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж, 1,913.9 мянган  төгрөгийн үргүй зардал гаргасныг төлүүлэхээр акт, хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан зардлын 25,036.0 мянган төгрөгийг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр өөр зориулалтаар шилжүүлэн зарцуулсан, шилэн дансны мэдээллийг бүрэн гүйцэд шивж оруулаагүй, хугацаа хоцроосон зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин шууд худалдан авалт хийсэн, худалдан авалтын мэдээллийг холбогдох журмын дагуу мэдээлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт хангалтгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу, мөнгөн хөрөнгийн зарлагын баримтууд и-баримтаар баталгаажаагүй зөрчлийг арилгуулахаар зөвлөмж бичсэн.

3. Түүнчлэн тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар  Сайдын удирдамжаар Соёл, урлагийн газрын 2020-2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 20-ны өдөр дотоод хяналт шалгалт хийж, ХШҮДАГ-****-**/хша/-** тоот хяналт шалгалтын тайланд дурдсанаар,

- Төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг төсвийн шууд захирагч тайлант хугацаанд нээлгээгүйн улмаас төсөвт арга хэмжээг хэрэгжүүлээгүй,

- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам баримтлаагүйгээс батлан гаргасан тушаалыг хуульд үндэслээгүй, алдаатай боловсруулагдаж албажсан,

- Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн албаны тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин төрийн албан хаагчийн цалин хөлсийг тухайн сард нь олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроож, буруу дүнгээр тайлагнасан, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд эдийн засгийн ангилал баримтлаагүй, Зөрчлийн тухай хуулийн "Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих" 10.17 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил гаргаж, торгууль хүлээсэн,

- Бараа, материал, мөнгөн хөрөнгийн анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, анхан шатны баримтгүй гүйлгээ, бараа, материалын худалдан авалт хийсэн нь нягтлан бодох бүртгэл үнэн зөв байх, иж бүрэн байх зарчмыг зөрчсөн,

- Эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд хийгээгүй,

- Иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг баталгаажуулахдаа бараа, бүтээгдэхүүнийг биетээр хүлээн аваагүй байж гэрээ дүгнэсэн акт хуурамчаар үйлдсэн,

- Гэрээний төлбөрийг гэрээлэгч талаас буцаан гаргуулж, зарим мэргэжилтний дансаар болон бэлнээр авсан,

- Соёл, урлагийн газрын дарга нь хүчин төгөлдөр болсон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй,

- Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх зөрчигдөх нөхцөл үүссэн зэрэг зөрчлүүд илэрч, Соёл, урлагийн газрын 2020-2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, газрын даргын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг "хангалтгүй" гэж дүгнэж, яамны Дотоод аудитын хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор энэ тайланг баталгаажуулж, тогтоолын хавсралтаар яамны Ёс зүйн зөвлөлд “Соёл, урлагийн газрын дарга Ц.Н-т ёс зүйн болон сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх”-ийг зөвлөжээ.  

4. Үндэсний аудитын газар Соёл, урлагийн газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2022 оны 2 дугаар сарын 25-нд 07/435 тоот аудитын санал дүгнэлт гаргасан ба,

- U төсөл, арга хэмжээ, Н 21 аймагт цахим тоглолт зохион байгуулах тусгай хөтөлбөрийн санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 51,000,000 төгрөгийг санхүүжилтийн авлагаар бүртгэж, үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 268А/0150458 АХГ2022/192/НА СТА-ТШЗ албан шаардлага,

- А музейн үзүүлэг дэглэлтийг шинэчлэн боловсруулах, 100 жил 100 үйл явдал антолог гаргах ажил огт хэрэгжээгүй байхад мэргэжлийн арга зүйн дэмжлэг авахаар 1 зөвлөх ажилтныг шинээр томилон 4 сар ажиллуулж 3,972,995.00 төгрөгийн цалин олгосон, Захиргааны хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, хууль тогтоомжийн биелэлт, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд томилсон ажилтан нь байгууллагад дотоод хяналтын ажлыг хэрэгжүүлээгүй, үр дүнгийн ажлын тайланг гаргаж ирүүлээгүй бөгөөд 4 сарын хугацаанд 3,779,271.00 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн үргүй зардал гаргасан нь "шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй, цалингийн зардлыг хэмнэх" Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолыг, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" заалтыг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар мөн өдрийн 269 А0/0150458 АХГ2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

- Өмнөх оны албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, тайлант онд шилэн дансны цахим сайтад 883,915,100.00 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг мэдээлээгүй, 52,913,900.00 төгрөгийн өр авлага үүсгэсэн, худалдан авах ажиллагаатай холбоотой 144,900,000.00 төгрөгийн мэдээллийг тушаал шийдвэр, тайлан, бусад материалыг хавсаргаж мэдээлээгүй нь Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмыг зөрчсөн тул "буруутай этгээдэд сахилгын хариуцлага тооцуулах”-аар мөн өдрийн 270 А0/0150458 АХГ 2022/102/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

- Мөнгөн хөрөнгийн зарлагын 99,591,809.00 төгрөгийн гүйлгээ дэмжих баримтгүй, төлбөрийн и-баримтаар баталгаажаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар мөн өдрийн 271/АО150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

- Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний номын санд 45,000,000.00 төгрөг, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажил зохион байгуулахад 80,000,000.00 төгрөг, соёлын биет бус өвийн үзлэг хийх ажилд 66,000,000.00 төгрөгийг зарцуулж, үр дүнг тайлагнаагүй, үзлэг тооллогын тайлан мэдээ гаргаагүй Төсвийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар мөн өдрийн 272/А0150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага,

- “Н 21 аймагт” тоглолтын 210,000,000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах нөхцөлөөр шалгаруулж, шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх болсон үндэслэлийг Сангийн яаманд хүргүүлээгүй, шалгаруулалтын үр дүнг цахим тендерийн сайтад мэдээлээгүй. "Тусгаар тогтнол шүлгээр дуу бүтээх" сонгон шалгаруулалтад 3 байгууллагаас үнийн санал, материал ирүүлсэн гэж дурдсан боловч ажлын баримтад зөвхөн М ХХК-ийн материалыг хавсаргаж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, төлбөрийг шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар мөн өдрийн 273/ АО150458 АХГ 2022/192/НА-СТА-ТШЗ албан шаардлага тус тус бичжээ.

5. Соёл, урлагийн газрын 2021 оны гүйцэтгэлийн тайланг шаардлага хангуулж ирүүлээгүй үндэслэлээр яам үнэлээгүй байх бөгөөд тайлан үнэлэгдээгүй талаар талууд маргаагүй болно.

6. Төсвийн шууд захирагчийн хувьд Соёл, урлагийн газрын дарга Ц.Н нь төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг тайлант хугацаанд нээлгээгүйн улмаас агентлагийн зарим төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, тухайлбал соёлын биет бус өвийн үзлэг, үл хөдлөх дурсгалын тооллого, соёлын биет бус өвийг хамгаалах, баримтат өвийг хамгаалах хөтөлбөрийн зарим арга хэмжээг хэрэгжүүлээгүй төсөв буцаан татагдсан буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.О, Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Д, Төсвийн нэгтгэл, төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Т.У нар гэрчээр мэдүүлсэн байдаг.  

7. Ийнхүү Соёл, урлагийн газрын 2020, 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас аудит хийж, мөн агентлагийн үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллагаас хяналт шалгалт хийж төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тодорхой зөрчлүүд илрүүлж, аудитын дүгнэлт, акт, албан шаардлага, дотоод хяналт шалгалтын дүгнэлт гаргасан, үүнийг нэхэмжлэгч Ц.Н нь эс зөвшөөрч тухайлан аудитын дүгнэлт, акт, албан шаардлага, дотоод хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүйн дээр аудит болон шалгалтаар илэрсэн санхүү, төсвийн эдгээр тодорхой зөрчлүүдийг баримтаар няцааж тайлбарлаагүй тул захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.    

8. Соёлын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас ирүүлсэн хяналт шалгалтын танилцуулга, холбогдох материалаар тус яамны дэргэдэх Ёс зүйн хороо хэлэлцээд Соёл, урлагийн газрын дарга Ц.Н-г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр сануулах хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд “сахилгын шийтгэл ногдуулаагүй учир сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэсэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсгийг зөрчөөгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.  

9. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны тэргүүн түшмэлийн буюу төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх шийдвэрийг түүний эрх зүйн байдлыг тодорхойлох Төрийн албаны тухай хуулийг баримтлан гаргах ёстой ч,  нэхэмжлэгч нь Соёл, урлагийн газрын даргаар түр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтаар тогтоосон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчиж томилогдсон тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзэхгүй.  

10. Хэдийгээр албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж буй гэх үндэслэл үүрэгт ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолын үндэслэл болоогүй ч аудитын дүгнэлт, хяналт шалгалтын тайланд дурдагдсан санхүү, төсвийн болон төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газар 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг тус газраас ирүүлснийг дурьдах нь зүйтэй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр сайдын саналыг үндэслэн агентлагийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хоёр. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Ц.Н-н хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор түр томилогдсон, тэрээр төрийн албаны мэргэшлийн ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан “төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх” тухайн албан тушаалын шаардлагыг хангаагүй томилогдсон талаар маргаагүй болно.  

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд түүнийг томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд дээрх зохицуулалтууд нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тухайн албан тушаалын шаардлагыг хангуулахгүй шууд томилох зохицуулалт биш, тухайлбал Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг нь бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд сонгон шалгаруулалт явуулахыг хязгаарласан л зохицуулалт байна.  

Энэ хуулиар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулж буй Төрийн албаны тухай хуулийг, тодруулбал мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан байж томилох” зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм. Хэдийгээр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгээр албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэлийн үед хэрэгжүүлэхгүй ч энэ зохицуулалт нь сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй агуулгатайгаас биш төрийн жинхэнэ албан тушаалын томилгоог Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг зөрчиж хийхийг зөвшөөрсөн агуулгагүй болно.

Тодруулбал, цар тахлын улмаас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагад төрийн албаны  сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангуулж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйд заасан албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлага, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан албан хаагчаар, эсхүл төрийн жинхэнэ албаны нөөцөөс нэр дэвшүүлэх замаар сул орон тоог нөхөх, эсхүл төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх буюу чиг үүргийн хувьд ойролцоо албан хаагчаар гүйцэтгүүлэх зохицуулалтыг хэрэглэнэ.

Нэхэмжлэгч Ц.Н-н томилогдон ажиллаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албан тушаал нь төрийн захиргааны тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх” гэж зааж өгсөн, тэрээр энэ шаардлагыг хангахгүй талаар маргаагүйг дээр дурдсан.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.Н нь тухайн албан тушаалд томилох хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтаар төрийн жинхэнэ албан хаагчид олгогдсон “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг эдлэхгүй, тиймээс ч түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын буюу төрийн захиргааны тэргүүн түшмэлийн ТЗ-14 ангилал, зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд. Нэгэнт нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль зүйн үндэслэлтэй, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгох боломжгүй, энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 23 дугаар зүйлийн 23.2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай Ц.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА