Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                            

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: С.Уянга

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар, Д.Долгорсүрэн

Шүүгдэгч: Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарт холбогдох 201612000220  тоот хэргийг 2017 оны 4 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1993.11.12-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, сургуульд суугаагүй бичиг үсэг муухан мэднэ гэх,  мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмэг, эхийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р баг Чингийн 1-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗГ93111211/ Халх баян овогт Баярцогтын Чулуунбаатар;
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1995.04.19-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р баг “Өндөр толгой”-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗГ95041917/ Чимэд овогт Цэвэгдэлгэрийн Рэнчин нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурьдсанаар: яллагдагч Б.Чулуунбаатар нь тээврийн хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн “Улаан толгой” гэх газраас 2016 оны 11 сарын 15-ны өдөр иргэн Б.Майхүүгийн 1 тооны хонь, 2 тооны ямаа хулгайлж, бусдад 260000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ц.Рэнчинтэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн нутаг “Сайнхарын бууц” гэх газраас иргэн Л.Батсайханы 3 тооны хонийг давтан үйлдлээр хулгайлж бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Рэнчин нь Б.Чулуунбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн нутаг “Сайнхарын бууц” гэх газраас иргэн Л.Батсайханы 3 тооны хонийг давтан үйлдлээр хулгайлж бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  • Шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
  • Шүүгдэгч Б.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би ганцаараа Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвөөс хойш 8 км орчимд байх Майхүү гэх айлаас 2016.11.15-ны үед 1 хонь, 2 тооны ямааг Рэнчингийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн Хэнсим мотоциклоор явж хулгайлсан. 2016.12.16-ны өдөр Рэнчингийн хамтаар Дундговь аймгийн төвөөс баруун хойш 10 гаруй км явж бэлчиж байсан хониноос 1 хонь авч, аймгийн төвд авч ирээд Бэрхээ ченжид зарсан. Надад өөр хийсэн хулгайн хэрэг байхгүй. Би өмнө нь айсандаа худлаа ярьсан юм. Рэнчинтэй хамт хулгай хийгээгүй. Би нэг хонь хулгайлахад л хамт явсан. Өөр явсан удаагүй” гэжээ. /хх-89/
  • Шүүгдэгч Ц.Рэнчин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016.12.11-ний өдөр Чулуунбаатартай пиво уунгаа хулгай хийхээр тохирсон. 2016.12.12-нд Чулуунбаатар утсаа авахгүй байхаар нь ганцаараа 3 хонийг тасдаж туугаад, наана нь байсан хороонд оруулаад нядалсан. Тэнд нь гэдсийг нь гаргаж байтал нэг эгч ирэхээр нь  махаа үлдээчихээд шууд зугтаасан. Би тэр хүнийг явчихлаа гэж бодоод хороон дээрээ эргэж ирээд 3 хонины махаа хоёрыг нь холбож тохоод, нэгийг нь дээр нь даруулчихаад байж байтал нөгөө хүн дахиад ирсэн. Би тэр хүнд нэг үнэг, хоёр зээр алсан юм, та цагдаад битгий хэлээрэй гэсэн. Тэр эмэгтэй гэрт хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Би ус уучихаад гарч 3 хонины махаа авч аймгийн цэргийн ангийн өмнө орхиод, Чулуунбаатарт 3 хонь нядалсан аймагт ирлээ, унаа байна уу гэхэд байгаа гэсэн. Би Чулуунбаатарыг Мандалын 3-18 тоотоос очиж аваад Зоог хорооллын 4-1 тоотод байх эзэнгүй хамаатныдаа мотоциклоо орхисон. Чулуунбаатар ахыгаа дуудсан. Бид гурав хамт явж хонио аваад махыг нь захад авч очиж, танихгүй хүнд 290000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаж Зоог ороод таксины мөнгийг нь өгсөн.  Би хонь зарсан мөнгөнөөсөө Чулуунбаатарт 20000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь өөрөө үрсэн. Дараа нь 2016.12.16-ны өдөр  Чулуунбаатартай аймгийн төвөөс баруун хойш гарч 10 гаран километр яваад бэлчээр дээр байсан хониноос нэг хонь дүүрч аваад  500 гаруй метр зайд гэдсийг нь гаргаж орхиод аймгийн төвд орсон. Аймгийн төвд ирээд Мандалын 3-18 тоотод хонио хуулсан. Тэдний хашаанд хүн байхгүй байсан. Чулуунбаатар нөгөө ахыгаа дуудаж, бид хонины махаа Бэрхээ ченжид 90,000 төгрөгөөр зарж бид мөнгөө хувааж авсан. Тэгээд тэр өдөр цагдаад баригдсан. Би өөрийн Хэнсим маркын цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикльтой явж хулгай хийсэн. Тэр үед би цэнхэр дээл, цэнхэр малгай, шар түрийтэй гутал өмссөн байсан.  Чулуунбаатар  хүрэн дээлтэй, хүрэн малгайтай, эсгий гуталтай байсан” гэжээ. /хх-95/
  • Хохирогч Л.Батсайхан мэдүүлэгтээ: 2016.12.12-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би хонио хөдөлгөөд буцаж хариад гэртээ байж байгаад 13 цагийн үед хонин дээрээ ирэхэд  хонь гайгүй тогтуун байсан. Хонио харж 40 гаран минут зогсож байгаад зүүн хойд Өндөр хөхийн хороон дээр шувуу эргээд байхаар нь овоон дээр гарахад манай саахалтын залуу Нямдаваа хонио туугаад хорооныхоо хажууд явж байснаа над дээр хүрч ирээд манай хороон дээр хүмүүс зээр хийсэн юм шиг байна гэж хэлээд буцаад хорооруугаа давхиж ирээд зээр биш юм шиг байна, малын гэдэс байх шиг байна та очоод үз гэхээр нь би очоод үзтэл хороон дотор нь 3 хонины гэдэс халуунаараа байж байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Уг хийсэн байсан хонийг тууж ирсэн мөрийг нь сөргөж хөөхөд манай хонин дээр очсон. Маргааш нь хонио тоолоход 5 хонь 3 ямаа дутаж байсан. Би хонио алдахаасаа өмнө 2016.12.08-ны өдөр тоолсон. Тоолоход хонь 1038,  ямаа 381 байсан. 2016.12.12-ны өдөр 3 хонийг маань хороонд хийсэн байсан. Уг гурван хонио хулгайд алдагдсан гэдгийг лавтай мэдэж байна. Нөгөө хэдийг нь яасныг нь мэдэхгүй байна. 3 хонь тууж байхад нь тасарсан байж магадгүй, хайж байгаад хохиролд тооцуулах үгүйгээ шийдүүлнэ. Манай хонь ямаа бүгд буруу чих онь, зөв чих нь өмнөөсөө эрхэс имтэй, ямааны хоёр эвэр нь улаан будагтай, хонь нь зөв цавиндаа улаан будагтай. Цагаан сар дөхөж байгаа учраас хонио ууцны үнээр үнэлж, нэг хонийг 250000 төгрөгөөр үнэлж байна. Би хонь ямааныхаа зүсийг хэлж мэдэхгүй байна.  Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, гэхдээ манай саахалтын охин хонь хийж байсан хүнийг “цэнхэр дээлтэй, цэнхэр малгайтай, хамрынхаа хажууд мэнгэтэй хүн байсан” гэж хэлсэн. Би гомдолтой байна, би 3 хонио төлүүлэх болно гэжээ. /хх-19/
  • Хохирогч Б.Майхүү мэдүүлэгтээ: 2016 оны 11 сарын дундуур малаа тоолоход 1 хонь, 2 ямаа дутсан. Ойр хавийн айл, газруудаар хайгаад олоогүй, ямар ч байсан манай мал дутсан. Алдсан хонь нь хөх шанаатай,  буруу чих цуулбар, зөв чих эрхэм имтэй, ямаагаа зүслэж мэдэхгүй, им тэмдэг нь олон янз байдаг учраас хэлж мэдэхгүй байна. Би хонио 150,000 төгрөгөөр ямаагаа тус бүрийг нь 80.000 төгрөгөөр үнэлнэ. Би малаа хулгайд алдсан үгүйгээ мэдэхгүй байна, мал дутаад байгаа, гомдолтой байна, малаа төлүүлмээр байна” гэжээ. /хх-21/
  • Гэрч Ц.Бэрхсайханы мэдүүлэгт “2016.12.16-ны 13 цагийн үед  ажил дээрээ байж байтал Аксент маркын машинтай 2 залуу бууж ирээд 1 хонины мах, нэг хонины арьс өгсөн. Хонины мах нь 30 кг болсон. Нэг кг-г нь 3000 төгрөгөөр тооцож, 90,000 төгрөгөөр, хонины арьсыг нь 1000 төгрөгөөр худалдаж авсан. Жолоочтойгоо нийлээд 3 хүн байсан, одоо харвал танихгүй, ямар хувцастай байсныг нь санахгүй байна” гэжээ. /хх-24/
  • Гэрч А.Баатархүүгийн мэдүүлэгт “Би 2016.12.16-ны өдөр гэрийнхээ гадаа юм хийж байтал манай зүүн талын замаар нэг хүн сундалсан улаан шар ханцуйвчтай, ногоон өнгийн мотоцикльтой, залуу их хурдтай, хойд зүг рүү явсан, тэгэхээр нь би юун хүн байдаг юм бол доо гэж бодоод дурандахад цэнхэр дээлтэй, цэнхэр малгайтай хүн мотоциклийг жолоодож, ард нь хүрэн дээлтэй хүн сундалсан байсан. Тэд манай хойд овоон дээр нэг хүнтэй уулзаж  байсан, би тэр хүнийг танихгүй, манай нутгийн залуу биш. Тэр уулзаад байсан хүн нь удалгүй манайд ирээд зам асуухаар нь та юун хүмүүстэй уулзсан юм бэ гэхэд нэг гацаадуу залуу Дэрэнгийнх гэж хэлсэн гэсэн. Тэрнээс хойш 20-30 минутын дараа мотоцикль дуугарахаар нь харахад нөгөө хоёр мотоцикльтой хүн голдоо мал дүүрчихсэн, ард талынх нь залуу дээлийнхээ хормойгоор хонио хучсан, урагшаа аймгийн төврүү явахаар нь хулгайч байна гэж бодоод араас нь хөөсөн ч гүйцээгүй, манай саахалтын малнаас дүүрчихлээ гэж бодоод саахалтын Отгонбаяр руу утсаар хэлсэн. Би тэр хүмүүсийн царай, мотоциклийн улсын дугаарыг хараагүй, тэр хүмүүсийг танихгүй, зам манай гэрээс 500 м зайд байдаг. Би тэр хүмүүсийг дурандаж харсан. Манай нутагт ногоон мотоцикльтой залуучууд байхгүй” гэжээ. /хх-25/ 
  • Гэрч Б.Мядагбадам мэдүүлэгт “ Би одоо тэр хүнийг харвал шууд танина. Сүүлд Нямдавааг хэлсний дараа очиж үзсэн.  Шуудайтай юм байгаа л харагдсан. Юу байгааг нь хараагүй.  Би тэр хүний мотоцикль нь улсын дугааргүй байсан. Тэр хүн ганцаараа байсан” гэжээ. /хх-26/
  • Гэрч Д.Нямдаваагийн мэдүүлэгт “ Тэр хүнийг би одоо харвал танина. Манай саахалт нутагладаг Батсайхан гэх хүний 3 хонь байсан. Тэдний хониноос тасдаж туусан байсан. /хх-27/
  • Гэрч Б.Ганзоригийн мэдүүлэгт /Чулуунбаатарын эцгийн дүү/ “2016.12.12-ны өдрийн 15 цагийн үед  өөрийнхөө аксент маркийн машинтай таксинд явж байтал манай дүүгийн дагавар хүү Чулуунбаатар надруу утсаар ярьж та Зоог хороололд хүрээд ир гэхээр нь очиж авсан. Тэгэхэд Чулуунбаатар Рэнчин гэх залуутай хамт миний машинд сууж мотоциклийн дугуй хагарчихлаа. Аймгийн төвөөс зүүн урагш явах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд хамт явахад  Хөрхийн хадны наад талын нэг жижиг жалганд очиход жалганд 3 хонины гулууз мах байсан. Энэ юун мах юм бэ гэхэд Рэнчин би найзаасаа өрөнд авсан юм гэсэн. 3 хонины махыг миний машинд ачаад Шанд хороололд нэг эзгүй айлд очиж, хонины арьсыг нь хуулж, зах дээр авч очиж зарсан. Би машинд сууж байсан, хэнд өгснийг нь мэдээгүй. Чулуунбаатар Рэнчин хоёр махныхаа мөнгийг аваад явсан. Би тэр хоёртой тэр өдөр дахиж уулзаагүй. 2016.12.16-нд намайг дахиж дуудаад гэртээ байна хүрээд ир гэхээр нь очтол нэг хонь хуулчихсан, Рэнчинтэй хамт байсан. Би тэр хоёроос юун хонь юм бэ гэж асуухад Рэнчин гэрээсээ сая авч ирлээ гэж хэлсэн. Тэр махыг Бэрхээ ченжид авч очиж зарсан. Би тэр хоёроос таксины мөнгөө л авсан.  Би тэднийг мал хулгайлаад байна гэж бодоогүй. Мэдсэн бол шууд цагдаад хэлэх байсан. Тэд мөнгөөрөө юу хийснийг нь мэдээгүй. Өмнө нь мал зөөлгөж байгаагүй. Малын зүс тамгыг нь мэдэхгүй” гэжээ. /хх-28/
  • Эд зүйлд үнэлгээ хийсэн актад : нас гүйцсэн 3 тооны эр хонь тус бүр нь 250.000 төгрөг” гэжээ /хх-44/
  • Эд зүйл үнэлгээ хийсэн актад: Хэнсим маркийн 2016 онд худалдаж авсан мотоцикль 700,000 төгрөг,  нэг тооны хонь 100,000 төгрөг,  2 тооны ямаа тус бүр нь 80,000 төгрөгийн үнэлгээтэй” гэжээ /хх-48/

 

Дээрх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч Б.Чулуунбаатар нь 2016 оны 11 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан толгой” гэх газраас иргэн Б.Майхүүгийн 1 тооны хонь, 2 тооны ямаа хулгайлж 260000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Чулуунбаатар Ц.Рэнчин нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 12 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сайн харын бууц” гэх газраас иргэн Л.Батсайханы 3 тооны хонь хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан, уг үйлдэлдээ Ц.Рэнчингийн эзэмшлийн мотоцикль хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /хх-155, 175, 198/ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар “гомдолгүй” гэснийг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхээс Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн боловч эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, Hensim маркийн хөх өнгийн улсын дугааргүй, LVAHPK500G1000821 рамны дугаартай, 162FMJ18500640 моторын дугаартай, 700000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-ын “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах” тухай заалтын дагуу гэм буруутай этгээдээс хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарын 2016 оны 12 сарын 17-ноос 12 сарын 20-ныг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-299, 301,

304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Халх баян овогт Баярцогтын Чулуунбаатар, Чимэд овогт Цэвэгдэлгэрийн Рэнчин нарыг тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нараас тус бүр 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөг хураах ял, тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарын сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн улсын дугааргүй Хенсим маркийн 700000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
  6. Шүүгдэгч Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нар нь бусдад төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй гэсэн, Ц.Рэнчингийн эзэмшлийн мотоцикль нь Дундговь аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чулуунбаатар, Ц.Рэнчин нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хенсим маркийн мотоциклийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ