Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00589

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/00589

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т Ц ХХК  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5 973 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тосон цээнэтэй ХХК-ийг үүсгэн байгуулсан ба нэг хүний өмч юм. 2017 оны 08 дугаар сарын 29-нд Д.Ц нь 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээг байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.

Зээлдэгч Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 29 өдрөөс өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, үндсэн зээл 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөс төлөөгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс зээлийн хүү 2017 оны 09 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх нэг сарын хүү 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хүү алданги 2,263,100 /хоёр сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуу/ төгрөг, үндсэн зээл 3,500,000 /гурван сая таванзуун мянган/ төгрөг нийт 5,973,100 /таван сая есөн зуун далан гурван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагч Д.Цоос гаргуулж өгнө үү гэв.

Би 2017 оны 10 сарын 31 өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Ц хаяг дээрээ амьдардаггүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2017 оны 12 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Цыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан ба 2018 оны 01 сарын 25-ны өдөр Д.Ц нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 103-11 тоот, Баянзүрх дүүрэг, Таравлан хотхоны Д блок байрны 52 тоотод оршин суудаг болохыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс олж тогтоосон учир тус хаягаар нь нэхэмжлэлээ гаргасан. Д.Цын хариу тайлбарт бичсэн барьцаанд тавьсан Tоyoта estima маркийн машиныг нь би авахгүй. Яагаад гэвэл уг машин нь миний нэхэмжлэлд дурдсан үнэлгээнд огт хүрэхгүй. Уг машинаа зарахаар зар явуулсны дагуу 2 ч хүн ирж үзсэн боловч, 2 000 000 төгрөгийн үнэд хүрэхгүй байгаагаас одоог хүртэл машин нь зарагдаагүй байгаа гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 29 өдөр Тосон цээнэтэй ХХК-аас 3,500,000 төгрөгийн зээл аваад барьцаанд нь өөрийн Tоyoта estima маркийн машинаа өгсөн боловч хуваарийн дагуу төлбөрөө одоо болтол төлж чадахгүй байна. Иймээс гэрээний 5 дугаарт заасны дагуу Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу миний машиныг орлогод авна уу гэжээ.

Шүүх нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,973,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.Цт шүүх хуралдааны товыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрт нь мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9-д гарын үсэг зуруулж, хэргийн материалтай танилцуулсан атал, тэрээр тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ямар ч шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Д.Ц ...2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Тосон цээнэтэй ХХК-аас 3,500,000 төгрөгийн зээл аваад барьцаанд нь өөрийн Tоyoта estima маркийн машинаа өгсөн боловч хуваарийн дагуу төлбөрөө одоо болтол төлж чадахгүй байна. Иймээс гэрээний 5 дугаарт заасны дагуу Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу миний машиныг орлогод авна уу гэсэн хариу тайлбарыг гаргажээ.

Хариуцагч Д.Ц, нэхэмжлэгч Тосон цээнэтэй ХХК нарын хооронд 2017 оны 08 сарын 29-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, 3 500 000 төгрөгийг, 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх, барьцаанд Д.Цын өмчлөлийн Tоyoта estima маркийн, 09-11 УНП улсын дугаартай, цагаан өнгөтэй автомашиныг 3 500 000 төгрөгөөр үнэлж харилцан тохиролцож барьцаалжээ. /хх-ийн 8 дугаар тал/

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ зэрэг тус тус байгуулагдсан болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь уг зээлийн болон барьцааны гэрээ, нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээл 3 500 000 төгрөг, нэг сарын хүү 210 000 төгрөг, алданги 2 263 100 төгрөг, нийт 5 973 100 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу тооцох нь зүйтэй юм.

Иймээс, нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл 3 500 000 төгрөг, нэг сарын хүү 210 000 төгрөгийг тус тус гаргуулах нь хууль зөрчөөгүй байна. Алдангийг нийт 122 хоногоор тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг /3 500 000 + 210 000/ 3 710 000 төгрөг х 0.5%=18 550 төгрөгийг 122 хоногоор үржүүлэн 2 263 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байх тул хуульд зааснаар 3 710 000 төгрөгийн 50 хувь 1 855 000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагчаас үндсэн зээл 3 500 000 төгрөг, нэг сарын хүү 210 000 төгрөг, алданги 1 855 000 төгрөг, нийт 5 565 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 408 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөршөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч зөршөөрөхгүй байх бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Должинсүрэнгийн Цогт-Очироос 5 565 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тосон цээнэтэй ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 408 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 520 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Д.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 103 990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тосон цээнэтэй ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Д.Цоос гаргуулахаар тогтоосон мөнгөн дүнг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ