| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/1169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
2025 01 13 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Т-т холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Э-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ......... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
2. Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн.........дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Э-тэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Э.Э-ийн "...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "........." нэртэй зочид буудалд ажилладаг. Манай байгууллага 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "......" нэртэй автобусны буудлын орчимд байдаг байшин түрээслээд агаарт гарцгаасан бөгөөд тус өдрийн 13 цагийн үед тус байшинд ажлын газрын хүмүүстэйгээ хамт очсон, бид бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тус өдрийн 18 цагийн үед байх, тухайн түрээсэлсэн байшингийн гадна, триасны орчимд манай байгууллагад дууны инженер Т нь манай байгууллагын зөөгч Д-ыг дээрэлхэж байхад нь би Д-ыг өмөөрөөд Т-тай маргалдаж эхэлсэн, би тэр үед их согтсон байсан. Тухайн үед Т нь миний нүүр хэсэгт гурван удаа цохисон, тухайн үед бид хоёрын хажууд байсан хүмүүс салгасан, тэгээд тэр байшиндаа унтацгаасан, маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн үед сэрсэн бөгөөд тухайн үед зүүн нүд хөхрөөд, хавдсан байсан. Энэ тухай Т-т хэлэхэд "... Уучлаарай..." гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ясандаа бол гэмтэл аваагүй байна гэсэн. Бид нар тухайн байшингаас 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед явцгаасан. Тус байшинд надаас гадна манай байгууллагын 16 орчим хүн очсон. Хэлтсийн менежер Т, зохион байгуулагч Т, Б, зөөгч Д, Б, Н, Бармен Ц, Г, С, дууны инженер Т болон бусад хүмүүс байсан, яг тухайн маргаан болж байх үед яг хэн хэн байсныг сайн мэдэхгүй байна. Ц надад хэлэхдээ "...Д-ыг өмөөрөөд Т-тай маргалдаад цохиулсан..." гэж хэлсэн. Тэр байшинд хяналтын камер байгаа гэж хэлсэн, би хяналтын камер нь яг хаана байдгийг нь мэдэхгүй байна. Би тэр үед их согтсон, би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Миний санаж байгаагаар Т-тай маргалдаж байсан, Т- нь миний нүүр хэсэгт гурван удаа цохисон, миний уруул, болон хамар, зүүн нүдний хэсэгт цохисон. Т-аас өөр хүн намайг цохиж зодоогүй. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, бүрэн амьсгалж чадахгүй, хамар битүүрээд байгаа, мөн миний толгой дагз хэсгээр татаж өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч Б.Т-ын "...Миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сард манай ажлын газрын хүмүүс нь бүгдээрээ салхинд гарахаар болоод Бэлхийн орчимд байшинд 10 гаруй хүн байсан. Тэр үед 14-15 цагийн хооронд байшингийн гадаа Д, Тхоёр маргалдаад эхлэхээр нь тэр хоёрыг салгасны дараа Э нь Д-ыг өмөөрөөд Т-тай маргалдаж эхэлсэн. Байшингийн гадаа Т, Т, Энар үлдсэн. Маргалдаж байгаад Т нь Энхтөрийг хүзүүнээс нь гараараа ороож барьж байгаад баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиход нь Т ах бид 2 олоод салгасан. Т-ыг цохиж, зодсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Б.Б-ын "...Би тэр өдөр яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд Э-ийн зүүн нүд нь хөхөрсөн байсан. Э, Т ах нар хоорондоо маргалдаад зодолдсон байсан. Энэ үед би унтаж байсан..." гэх мэдүүлэг /хх 29/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ...........дугаартай шинжээчийн "...Э. Э-ийн биед хоёр нүдний зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх 31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа нүүрэн тус газар 2-3 удаа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Т нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Хохирогч Э.Э-ийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 49/ талд авагдсан байх тул шүүгдэгч Н.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
8. Шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, үйлдлийн шинж
зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Н-ийн Т /РД:............../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хохирогч Э.Э нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Н.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ