| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2005000001594 |
| Дугаар | 2021/ДШМ/68 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/68
Б.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:
прокурор Н.Энхболд,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхболдын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2005 00000 1594 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Х, 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Меко” тавилгын үйлдвэрт операторч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75б байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УД96022917/;
Б.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Меко” тавилгын дэлгүүр дотор хохирогч Б.Б-той маргалдан, халдаж, улмаар биед нь доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Х-д даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдэж, Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь,
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн.
2. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгосон 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэж дүгнэсэн нь илтэд хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийг эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Б.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Меко” тавилгын дэлгүүр дотор хохирогч Б.Б-той маргалдан, халдаж, улмаар биед нь доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ийн “... Би ажил дээрээ байж байсан. Тэгээд хийж байгаа ажлаасаа болоод хамт ажилладаг Б.Х гэх залуутай маргалдаад харилцан бие биенийхээ цамцаар хоолойг боосон. Тэгж байгаад бид хоёр гараа тавиад би Х-аас уучлалт гуйгаад “эвлэрье” гэхэд “ахыгаа дуудаж байгаад зодно” гээд уурлаад гараад явсан. Удалгүй Б.Х ахыгаа дагуулаад орж ирээд намайг дуудахаар нь очилгүй байж байтал Х над руу гүйж хүрч ирээд миний уруул руу толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь би тонгойтол миний дух руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...” /хх 11-12/,
гэрч М.Б-ийн “... Б.Х нь Б.Б ахын араас очоод “хөөе” гэж дуудсан чинь Б ах эргээд хартал Б.Х дээшээ үсрээд Б.Б ахын нүүрэн тус газар нь нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн. Б.Б ах доошоо тонгойх үед Х зүүн хөлөөрөө нүүр лүү нь дахин нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Б.Б ахын уруулаас цус гарч байсан. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Б-ийн биед доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10838 дугаартай дүгнэлт /хх 20-21/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” талаар тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, уг гэмт хэрэгт заасан ялыг оногдуулахгүйгээр чөлөөлөх тухай зохицуулалт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 283 дугаартай прокурорын тогтоол үйлдэж, прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, уг ялаас чөлөөлүүлэх саналаа хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд бус Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн гэм буруутай үйлдэл болон түүний үр дүнд бий болсон хохиролд гэмшиж буйгаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ч тогтвортой мэдүүлж, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, хохирогч Б.Б нь хохирол төлбөргүй болохоо илэрхийлсэн, Б.Х-ын урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтаас гадна, хэргийг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Энэ талаар бичсэн прокурор Н.Энхболдын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэсэн зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх талаарх прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үүнээс гадна, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон 17.5 дугаар зүйлийг тайлбарлан, хэргийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба цаашид анхан шатны шүүх хуулийн нэмэлт, өөрчлөлт болон шинээр батлагдан гарсан хуулийг сайтар судалсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэхийг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР