Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Г.Ганхуяг

Шүүгдэгч С.Баттуул нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх   хуралдаанаар

   Дундговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1976 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 13 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, гавьяа шагналгүй, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 127 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 35000 төгрөгөөр торгох ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг биечлэн эдлүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн гэх, /регистрийн дугаар ЗЮ76051817/ Хундай овгийн Содномцэрэнгийн Баттуулд

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тус шүүхийн 1392017/00028/Э/ индекстэй, эрүүгийн 201712000080 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүгдэгч С.Баттуул нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод байх айлд иргэн Гангарын Ганхуягийн толгойн тус газар алхаар цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

         Шүүгдэгч С.Баттуул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэв.

 

          Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. С.Баттуулаас эмчилгээний зардалд 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

          Шүүгдэгч С.Баттуулын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн зүс таних нэг хүнтэй... 2 шил архи хувааж уугаад нилээн согтсон. Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод Б.Бөхчулуун гэдэг айлд...00:10 цагийн үед очиход..манай эхнэр Б.Түмэннаст, Г.Ганхуяг нар газар ор засчихсан нэг хөнжилд ороод унтаж байсан. Хөнжлийг сөхөхөд тэд нүцгэн ямар ч хувцасгүй унтаж байсан. Миний уур хүрээд Г.Ганхуягийг босгож байгаад гараараа нүүрэнд нь 2 удаа цохьсон..Т.Цэдэн-Иш миний араас татахаар нь би гарахгүй гээд нэг гараараа гэрийн унинаас нэг гараараа баганаас барьсан. Т.Цэдэн-Иштэй зууралдаж байгаад гэрийн зүүн урд талд байх тогооны савыг татаж унагаасан..Т.Цэдэн-Иш намайг тавиад гэрээс гарахаар нь газар байсан төмөр алхаар би Г.Ганхуягийн толгойд 2 удаа цохьсон..Г.Ганхуягийн хацарнаас цус гарч байсан, өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй.. Г.Ганхуягийн биед гэмтэл учруулах үед би халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

     Хохирогч Г.Ганхуягийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 4 дүгээр сарын 27-ны

өдөр Дэлгэрцогт сумаас аймгийн төвд ирж эмнэлгийн группт орчихоод 20 цагийн үед нутгийн Б.Бөхчулуун гэх хүнтэй тааралдаад хамт дэлгүүр орж 0.5 литрийн 1 шил архи аваад Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод байх гэрт нь очиж Б.Бөхчулуун, Б.Түмэннаст бид 3 архийг хувааж уусан. Дараа нь Б.Түмэннаст дэлгүүр явж 1 шил архи авч ирээд бид 3 хувааж уугаад их согтоцгоосон...22 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна гаднаас Б.Түмэннастын нөхөр С.Баттуул орж ирээд надтай маргалдаж байгаад явсан...нэг сэртэл Б.Түмэннаст миний хөнжилд ороод унтсан байсан ба гаднаас С.Баттуул орж ирээд намайг эхнэртэйгээ хардаад миний нүүрэнд гараараа 2 удаа цохьсон...нэг сэрэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед миний толгойг хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

 Гэрч Т.Цэдэн-Ишийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод байх ээжийн төрсөн ах Б.Бөхчулууныд ороход Б.Бөхчулуун ах, Г.Ганхуяг гэдэг ахтай ирчихсэн нэг шил архи уугаад байж байсан. Б.Түмэннаст эгч хамт байсан. Тэр 3 архиа хувааж ууж дуусахад Б.Түмэннаст эгч дахин 1 шил архи дэлгүүрээс авчирч хувааж уусан. Б.Түмэннаст эгчийн нөхөр С.Баттуул ах гаднаас орж ирэхэд нь би бие засах гээд гэрээс гарсан хойгуур С.Баттуул ах гэрт байсан хүмүүстэй хэрүүл хийгээд байх шиг байсан...С.Баттуул ах дахин ирж Б.Бөхчулууны гэрт нь унтаж байсан Г.Ганхуягийн дээр нь гарчихсан толгойгоороо нүүрэнд нь мөргөөд, гараараа нүүрэнд нь хэдэн удаа цохисон..би С.Баттуул ахын араас нь татаад хорих санаатай босгох гэхэд нэг гараараа гэрийн унинаас, нэг гараараа баганаас барьчихаад байж байхдаа гэрийн зүүн урд байх тогооны савыг татаж унагаасан. Тэгэхэд нь би өөрийнхөө гэрт ороод ээжийг дуудаад эргээд Б.Бөхчулуун ахын гэрт орж ирэхэд С.Баттуул ах Г.Ганхуягийн хажуу талаас нь хүзүүгээр нь тэвэрчихсэн байсан ба Г.Ганхуягийн толгойн оройн хэсгээс нь цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Б.Түмэндэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 27-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод байх гэртээ байхад манай хүү гаднаас орж ирээд надад хандаж “С.Баттуул ах Б.Бөхчулуун ахынд агсам тавиад байна” гэхээр нь хамт Б.Бөхчулууныд ортол С.Баттуул Г.Ганхуяг гэх хүний хажуу талаас нь хүзүүгээр нь тэвэрчихсэн байсан ба Г.Ганхуягийн толгойн оройн хэсгээс нь цус гарч байсан. Г.Ганхуяг нь С.Баттуулын өөдөөс хэрүүл маргаан хийж эсэргүүцэж чадаагүй, чадваргүй согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.05.03-ны өдрийн 170200129 дугаартай дүгнэлтэд “Г.Ганхуягийн биед дагзны баруун дээд хэсэгт болон толгойн  оройн зүүн урд хэсэгт шарханд цэгцлэлт хийгдсэн, баруун доод 8-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дагзны баруун дээд хэсэгт болон толгойн оройн зүүн урд хэсэгт шарханд цэгцлэлт хийгдсэн, баруун доод 8-р шүд унасан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-ийн 15/

 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон эд зүйлд үзлэг хийн хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 63, 65/

 

       - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг уг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлэн дараах дүгнэлтийг хийлээ.

 

          Шүүгдэгч С.Баттуул нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 6 тоотод байх айлд Гангарын Ганхуягийн толгойн тус газар алхаар цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх санал гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч хохирлын талаар маргахгүй байх тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

      

         Хохирогч Г.Ганхуяг хэрэг бүртгэлтийн шатанд тус аймаг дахь Цагдаагийн газарт “..Бид сайн дураараа харилцан тохиролцож эвлэрч хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон” гэх хүсэлт гаргасан, мөн шүүх хуралдаанд “эмчилгээний төлбөрт 500000 /таван зуун мянга/ төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тайлбарыг тус тус гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 30 см урттай, 12 см урт төмөр толгойтой, 19 см төмөр ишэн дээр 8 см урт төмөр иш залгаж гагнасан нийт 27 см урт төмөр иштэй 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

 

  Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

       

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Хундай овгийн Содномцэрэнгийн Баттуулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч С.Баттуул нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ганхуяг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж нийт 30 см урттай, 12 см урт төмөр толгойтой, 19 см төмөр ишэн дээр 8 см урт төмөр иш залгаж гагнасан нийт 27 см урт төмөр иштэй 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Баттуулд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

       

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ