2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар    2025/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

   2025        01          20                                         2025/ШЦТ/228

   

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч М.Б /томилолтоор/,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А-ын Х-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч утга:

Шүүгдэгч А.Х нь ...............” ХХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн .........дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............ салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сард  2 удаагийн үйлдлээр нийт 999.82 литр дизель түлшийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж улмаар төлбөр болох 3.999.280 төгрөгийг  хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ............ дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулж оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Х нь  2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ............” ХХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... салбарын эрхлэгчээр томилогдон  ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2023 оны 11 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2 удаагийн үйлдлээр 999.82 литр дизель түлшийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж, нийт 3.999.280 төгрөгийн хохирол учруулан дээрх мөнгийг хувьдаа захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.З-ын: "............ ХХК нь Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг. Тус ..........-ын эрхлэгч А.Х, түгээгч О.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагаас явуулсан тооллогоор тухайн хариуцан ажиллаж байсан ШТС-н дизель түлшнээс нийт 1.286.25 литр түлш дутаасан байсан. Үүнийг төгрөгт хөрвүүлэн бодоход 5.145.000 орчим төгрөг болж байна. 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдөр тухайн ШТС дээр дутсан түлшний тоолуур тодорхой шалгалтыг явуулахад...". "...түгээгчээр ажиллаж байсан О.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 15-16-ний шилжих шөнө 286,43 литр түлшийг байгууллагад мэдэгдэлгүй зарж борлуулсан хувьдаа завшсан нь тогтоогдсон. Мөн эрхлэгч А.Х нь 2023 оны 11 дүгээр сард дизель түлшнээс нэг хошуунаас 162 литр, нөгөө хошуунаас 837,82 литр түлшийг зарж борлуулан байгууллагын тайланд оруулалгүйгээр мэдэгдэлгүй нийт 999.82 литр түлш буюу 3.999.000 төгрөгийг завшсан үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тус байгууллагын 2023 оны 11 дүгээр 01-ний өдрийн шийдвэрээр дотоодод хэрэглэгдэх дизель түлшийг дотооддоо худалдан борлуулахгүй зогсоосон байсныг зөрчин худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа завшсан байсан үйлдэл нь шатахуун түгээх станцын түлшний тоолуурын зөрүүтэй байдал...","... 12 дугаар сарын 01-ний өдрийн тооллогын бүртгэл, мөн тус салбарын эрхлэгч А.Х, түгээгч О.Б нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гар тайлбар зэргээр нотлогдсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна." гэх мэдүүлэг /хх 34/,

"............." ХХК-ийн ажилд авсан тухай захирлын тушаал /хх17/,

"..............." ХХК-ийн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, /хх 22-30/,

Тооцоо нийлсэн тооллогын бүртгэл /хх 31-32/

Шүүгдэгч А.Х-аас хохирол төлж барагдуулсан талаарх баримт /хх 43-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, “завших” гэмт хэрэг нь нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эрхийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А.Х нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулж хувьдаа ашиг хонжоо олсон байх тул дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Шүүгдэгч А.Х дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “.............” ХХК-д 3.999.280 /гурван сая есөн зуун ерөн есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан талаарх баримт /хх 45/ авагдсан байх тул шүүгдэгч А.Х-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000  төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

 

8. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

9. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлоо төлж барагдуулсан, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан А.Х-д торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

 

10. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт А-ын Х /РД:.....................-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай.

 

         5. Шүүгдэгч А.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЧАНЦАЛНЯМ