2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

  2025         01          20                                          2025/ШЦТ/227

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Л.Ш нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Л-ийн Ш-т холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Ш нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй зочид буудалд байхдаа Б.О-ын эзэмшлийн “Айфоне 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ......... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Ш нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” нэртэй зочид буудалд байхдаа хохирогч Б.О-ын эзэмшлийн “Айфоне 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Б.О-ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найзууд болох М, түүний эхнэр Х, дүү, хоёр хүүхдийнх нь хамтаар ажлаасаа буугаад Сүхбаатар дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй зочид буудалд үйлчлүүлэхээр 01 цагийн үед орсон. Тухайн буудалдаа байж байгаад өглөө 09 цагийн үед манай найз М ажилдаа явлаа гээд явсан байсан. Би сэрээд М руу залгах гээд гар утсаа хайтал гар утас маань байхгүй байхаар нь гараад school police хийж байгаа хүний утсаар найзруугаа залгасан. Тэр үед Х-ын дүү нь хоёр хүүхдийнхээ хамт байхгүй байсан. Х-ын дүү болох хүний нэрийг нь сайн мэдэхгүй байна, утасны дугаарыг нь мөн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 8/,

Гэрч  Н.М-ын “...Би эхнэр П.Х-ын хамт өөрийн найз болох О-ыг хонхороо саваад ойр зуурын юм ярилцаад байж байтад манай эхнэр Х-ын дүү болох Л.Ш манай эхнэр лүү залгаад би нөхөртэйгөө маргалдсан байна аа, та намайг ирээд авах боломж байна уу, буудалд амаръя, би мөнгийг даая гэсэн. Тэгээд арга буюу Ш-ийг дэнжийн мянгаас аваад Сүхбаатар дүүргийн...дугаар хороонд байрлах ... нэртэй буудалд ороод нэг өрөөнд юм ярилцаад амарсан. Тэгээд би өглөө нь ажилтай байсан учраас эхнэр О, Ш түүний хоёр хүүхдийнх нь хамт үлдээгээд ажил руугаа 09 цагийн үед явсан. Улмаар ажил дээрээ байж байтал найз О хүний утсаар залгаж байна гээд буудлаасаа хөөгдөөд гарлаа, утас алга болсон байна гэж ярьсан. Өөр мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх 11/,

“Ашид билгүүн” ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаартай “...Айфоне 12 промакс загварын гар утас 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 21-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Манай хүүхэд та өрөөнөөс гарахдаа гар утас аваад гарсан гэж хэлсэн. Миний халаасанд миний өөрийн биш 150.000 төгрөг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

  3. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий “Ашид Билгүүн" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...... дугаартай үнэлгээгээр тогтоогдож байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Ш нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол, төлбөрийн талаар:

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-т 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Ш нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж байна.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-ээс 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-т олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял хүлээлгэж өгнө үү...”  гэжээ.

 

8. Шүүгдэгч Л.Ш-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, 2-8 настай бага насны гурван хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Ш /РД:....../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

                                                                                                                                                               

   3. Шүүгдэгч Л.Ш-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”  эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

   5. Шүүгдэгч Л.Ш-т оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шинэцэцэгээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгосугай.

 

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ