Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2018/00685

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2018/00685

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Г холбогдох,

1 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Эгэх хүнээс Toeota Mark II 99-08 УБК улсын дугаартай машиныг өөрийнхөө машинаар солилцоо хийж авсан. Энь дүү Саасаа аваад өөрийнхөө нэр дээр болгоогүй байсан. Сутайн Буянт техникийн зах дээр Г ажиллаж байхдаа Mark II машинаа надад зарчих гэхээр нь би 2 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож гэрээ хийж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай гэрээс 2015 оны 10 дугаар сарын 15-нд төлж дуусгахаар авгайтайгаа ирж асаагаад надаас машиныг аваад явсан юм. Энэ хугацаанд надад 650 000 төгрөгийг удаа дараа нэхүүлж байж өгсөн. Тохирсон хугацаандаа мөнгийг маань өгөхгүй болохоор өдөр бүр очиж үлдсэн мөнгөө нэхдэг байсан. Сүүлдээ миний мөнгийг өгч чадахгүй, өгдөг газар байвал хэлээд ав гэдэг болсон. Гэтэл тухайн машины эзэн болох Эын дүү Сын утасны дугаарыг Г олж аваад ярьж, би машиныг чинь худалдаж авсан юм гэж овжин заль гаргаж өөрийнхөө нэр дээр болгуулсан байсныг би Саас мэдсэн. Би 2 жилийн турш хөөцөлдөөд Гоос үлдсэн 1 350 000 төгрөгийг авч чадахгүй байгаа юм. Г нь хүний санаанд багтамгүй заль хэрэглэж, хүний мөс чанаргүй зан гаргаж байгаад нь маш их гомдож байна. Иргэн Г нь худал хэлж, маш их чирэгдэл гаргаж миний мөнгийг өгөхгүй заль хэрэглээд байгааг нь тунгаан үзэж түүнээс машины үлдэгдэл төлбөр 1 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний эхнэр өвчтэй, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох эмч нарын шийдвэр гарсан тул мөнгөний хэрэг болоод байна гэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч З.Гт холбогдуулан 1 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, хариуцагч З.Гт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны дотор шүүхэд ирүүлэх үүргийг тайлбарлан танилцуулсан байхад хариуцагч З.Г нь шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

Иймээс шүүх хуралдааныг товлон зарлаж, хуралдааны товыг хариуцагч З.Гт түүний шүүхэд өгсөн, оршин суух Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 12-р гудамж, 466 б тоот хаягаар Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зоригт гэж гарын үсэг зурж, хүлээн авагч өөрөө авсан гэж тэмдэглэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар баталгаажигдсан байхад шүүх хуралдааны товлосон цагт хариуцагч З.Г нь хүрэлцэн ирээгүй байх ба нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд доорх үйл явдал тогтоогдлоо.

Хариуцагч З.Г нь нэхэмжлэгч Д.Дгаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Toeota Mark II 99-08 УБК улсын дугаартай суудлын автомашиныг 2 000 000 төгрөгөөр лизингээр тохиролцож зарав. Үүнд: 1.Урьдчилгаа 500 000 төгрөгийг 2015.7.15-нд төлөх, 2. Үлдсэн 1 500 000 төгрөгийг 7 хоногт 100 000 төгрөгөөр бодож 2015.10.15-нд төлөх болно гэсэн нөхцөлөөр гэрээ хийж, зохигч нар гарын үсэг зурж, баталгаажуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 7 дугаар тал/-гээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалтад Д.Д, З.Г нарын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээ нь нийцэж байна.

Хариуцагч З.Г нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.Дтай байгуулсан Гэрээ-ний дагуу зээлээр худалдан авсан Toeota Mark II 99-08 УБК улсын дугаартай суудлын автомашины үнэ 2 000 000 төгрөгөөс 650 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 1 350 000 төгрөгийг тухайн гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Дд нэхэмжлэлээр шаардаж буй 1 350 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Дгийн хариуцагч З.Гт зарсан Mark II 99-08 УБК улсын дугаартай суудлын автомашин нь Эын дүү Сын нэр дээр бүртгэлтэй байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч З.Гтой шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс түүний 86685005 дугаарын гар утас руу залгаж, хуралдаанд ирээгүй болон тухайн маргааны талаар шаардлагатай зүйлийг тодруулахад: ...би Өмнөговьд байна. ...Toeota Mark II 99-08 УБК улсын дугаартай суудлын автомашиныг 2 000 000 төгрөгөөр тохиролцож, гэрээ хийн Д.Дгаас худалдан авсан нь үнэн, авснаас хойш уг машинд маш их сэлбэг авч тавьсан тул үнийг нь 1 000 000 төгрөг болгоё гэж Д.Дд хэлж тохирсон учир төлөөгүй 350 000 төгрөгийг төлнө, ...уг машин С гэх хүний нэр дээр байсныг түүнтэй холбогдож, өөрийнхээ нэр дээр шилжүүлэн аваад, өөр хүнд зарчихсан машин надад байхгүй... гэж тайлбарласан болно.

Иймээс, Д.Дгийн З.Гт зарсан Mark II 99-08 УБК улсын дугаартай суудлын автомашин хэний эзэмшил, өмчлөлийнх болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ч хариуцагчийн шүүхэд утсаар тайлбарласан /чанга яригч дээр нь тавьж оролцогч нарт сонсгон/-ыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, бэхжүүлэн баримтжуулсны үндсэн дээр шүүх уг тайлбарыг нь үнэлж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүпийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч З.Гоос 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 36550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч З.Гоос улсын тэмдэгтийн хураамж 36550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ