2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

  

 

 

 

 

 

 

 

 

    2025         01            20                                       2025/ШЦТ/229

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-н Г /РД:............/-д холбогдох эрүүгийн....................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн товч утга: 

Шүүгдэгч Ш.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17-н автобусны буудлын эсрэг талд байрлах Соёл үйлчилгээний төвийн урд замд “.......” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас  зам гарч байсан явган зорчигч С.С-г мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар дээрх зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд  холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ...... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  шүүгдэгч Ш.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17-н автобусны буудлын эсрэг талд байрлах Соёл үйлчилгээний төвийн урд замд “.............” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэснийг тус тус зөрчин, явган зорчигч С.С-г мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь ахар сүүлний 3 дугаар нугалман ташуу сэлтэрсэн хугарал, баруун тохойд няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Улмаар дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах..., хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, /хх 5/,

Зам тээврийн ослын талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх 6-7/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05:15:02 цагт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, 17-н автобусны буудал болон төв зам харагдаж байв. Явган зорчигч С.С нь 1 хүний хамт автобусны буудал дээр зогсож байгаа нь бичигсэн байв. Бичлэгийн 05:17:18 цагт С.С нь автобусны буудлын зам дээр ганцаараа зогсож байгаа бичлэг байв. Бичлэгийн 05:17:58 цагт С.С нь замын эсрэг тал руу гарахаар 2 урсгалын дунд зогсож байв. Бичлэгийн 05.18.01 цагт явган зорчигч С.С нь замын эсрэг тал руу зам гарахаар замын гарц гарамгүй хэсгээр гарч саарал өнгийн жижиг суудлын автомашины зүүн толинд шүргүүлж байгаа бичлэгийг харуулав. Бичлэгийн 05:18:05 цагт явган зорчигч С.С нь машинд шүргүүлэн унаж зам дээр хэвтэж байгаа зургийг харуулав. Бичлэгийн 05:18:25 цагт замын 2 талаас хүмүүс С.С дээр очиж байгаа бичлэг байв.” гэх тэмдэглэл, /хх 18-21 / ,

Хохирогч С.С-ийн өгсөн "...Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө Хайлаастад найзтайгаа уулзахаар очоод байхгүй болохоор нь шөнө Сүхбаатар дүүргийн ....дугаар хороо 17-н буудлын эсрэг талд “.....” төвийн буланд байдаг караокед шөнө 03 цаг 00 минутын орчим ганцаараа ороод ойролцоогоор 5 шил пиво ганцаараа уусан. Тэгээд тэндээсээ шөнө 05:00 цагийн орчим гарахад караокены гадаа хүмүүстэй муудалцаад 1 хүн намайг цохисон санагдаж байна. Тэгээд би энэ нэг л биш болчихлоо гэж бодоод хойшоо ухарч байгаад зам уруу яваад орчихсон. Тэгсэн миний араас ахар сүүлний орчим араас машин мөргөх шиг болсон. Тэгээд машинд мөргүүлж унахдаа тохойгоороо газар тулаад толгойгоороо газар саваад унасан. Тэгээд газар унатал замын хажууд явж байсан хүн намайг замаас чирч холдуулаад эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Намайг мөргөсөн машин зугтаад явчихсан байсан. Тэгээд намайг түргэн ирж авч яваад гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Баруун гарын тохойн дээр оёдол тавиулсан. Тэгээд би Гэмтэл согог судлалын Төвөөс гараад хорооллын хойно буудалд байж байгаад оройхондоо дүүгээ дуудаж гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх 26/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүү мэндийн, тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2024 оны 09-р сарын 13-ны өдрийн 05 цаг 00 минутын орчим Сүхбаатар дүүргийн ....-р хороо 17-н автобусны буудлын эсрэг талд байрлах Соёл үйлчилгээний төвийн урд замд явган зорчигч С.С нь марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч мөргөж хэргийн газрыг орхиж зугтсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 246,300 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 246,300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 246,300 тусламж үйлчилгээний зардлыг холбогдог Ш.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ..............дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх 29/,

Гэрч Л.Б-н өгсөн "...Бид нар нэг сургуулийн хүүхдүүд байсан. Г-ын эхнэр нь манай төрсөн дүү бөгөөд энэ хоёр багаасаа нэг ангид сурдаг байсан. Их цэвэрч нямбай маш их цэвэрч цайлган зантай, түүх судлах тал дээр мундаг судалдаг. Ямар ч хүнтэй ярихад түүх тал дээр унахгүй. Хүнтэй маш их нийцтэй харилцдаг. Хүнийг маш их хүндэлдэг. Айлын 6 хүүхдийн дунд хүүхэд байгаа. Хань ижилдээ болон үр хүүхэд маш их халамжтай ярих юм байхгүй. Мундаг аав гэж хэлнэ. Хүнтэй их нийцтэй ярьдаг хүн байгаа. Аав ээж нь хоёулаа байдаг бөгөөд 90 гаран насалж байгаа хоёр сайхан буурай байна. Удам сайтай айлын сайхан хүмүүжүүлсэн хүүхэд байгаа..." гэх мэдүүлэг /хх 38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Э-ын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ......... дугаартай “...С.С-ийн биед ахар сүүлний 3 дугаар нугалман ташуу сэлтэрсэн хугарал, баруун тохойд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 44-45/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч Н.Г-гийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №465 дугаартай дүгнэлт /хх 51-55/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай "...Явган зорчигч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Ш.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах..., хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах", 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг тус тус зөрчсөн нь уг осол гарах үндсэн шалтгаан болсон байна..." гэх магадалга /хх 58-59/ ,

Жолооч Ш.Г-ын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх 63-70/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.

Улмаар шүүгдэгч Ш.Г замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган явган зорчигч С.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал  хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч С.С нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан гэх үйл баримт тогтоогдож, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал байх боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Ш.Г-ыг зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.

4. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, мөрдөгчийн магадлагаа, “приус 20 маркын машин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.Г нь дээр дурдсан зам тээврийн осол гаргасны дараа хууль, журамд заасан үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт нотлогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь осол гаргасны дараа сандарсны улмаас хэргийн газрыг орхиж явсан, санаатай орхиж зугтаагүй гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.Г нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчид анхан шатны тусламж үзүүлэлгүйгээр хэргийн газрыг орхин зугтсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Ш.Г-ыг зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.   

 

Хохирол, төлбөрийн талаар:

5. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхэд хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгчээс хохирлын төлбөрт 800.000 төгрөг төлж барагдуулсан байна. Түүнчлэн хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээс сайн дураар татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч С.С-д төлөх төлбөргүй байна.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч С.С нь 246.300 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, иргэний нэхэмжлэгчээс дээрх төлбөрийг нэхэмжилсэн байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Ш.Г-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь хуульд нийцэж байна.         

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан болно.

 

7. Шүүгдэгч Ш.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Ш.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

Торгуулийн ял нь хэдийгээр хуульд заасан хамгийн хөнгөн ял боловч шүүгдэгч Ш.Г-ын хувьд зохимжгүй, шүүхээс оногдуулсан ял биелэх боломжтой байх ёстой гэх зарчимд нийцэхгүй, улмаар түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдалд хүргэж болзошгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй байна.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн багалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв. 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш-н Г /РД:......................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ш-н Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ш-н Г-ыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-с 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээсүгэй.

     8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЧАНЦАЛНЯМ