| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.С |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
2025 01 21 ц
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Ц.С,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д овогт Г-н Б-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” гэх нэртэй дэлгүүрийн эсрэг талд байрлах Түлш борлуулах цэг дээр нүүрс худалдан авч байсан хохирогч С.У-тэй маргалдаж, улмаар биед нь халдаж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ......... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” гэх нэртэй дэлгүүрийн эсрэг талд байх Түлш борлуулах цэг дээр ажлаа хийж байхдаа тухайн үед нүүрс худалдан авч байсан хохирогч С.У-тэй тээврийн хэрэгсэл дээр нүүрс ачихтай холбоотойгоор маргалдаж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт нэг удаа гараараа цохих, нэг удаа хөлөөрөө өвдөглөх зэргээр биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь баруун зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Цагдаагийн байгууллагад С.У-ээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 14/,
Хохирогч С.У-ийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо Монелын “...........” дэлгүүрийн замын эсрэг талд байрлах нүүрс зардаг газраас нүүрс авахаар 10 цагийн үед очсон. Очоод нүүрс авъя гэтэл нэг залуу гарч ирсэн. Би тэр залууд хандаж "би машинтай ирсэн дээрээ 1 тонн нүүрс авчихмаар байна" гэж хэлсэн. Нөгөө залуу хариуд нь "160.000 төгрөг" гэж хэлсэн. Би хариуд нь "миний дүү нүүрсний үнэ нэмэгдээгүй биздээ 150.000 төгрөг болно биз дээ" гэж хэлсэн. Бид нар бөөнөөр нь их хэмжээгээр өгч байгаа үед ийм үнээр зардаг юм. Би хариуд нь ах үнээр нь авчихмаар байна гэж хэлсэн. Тэр залуу хариу өгөхгүй дуугүй зогсоод байж байсан. Би тэгсэн "за ачъя миний дүү" гэж хэлтэл нөгөө залуу ачиж эхэлсэн ба миний машины өндөрлөгөөн дээгүүр давуулаад шидээд байсан. Би харж байгаад миний дүү наана чинь хагараад байна, ах нь өөрөө дээрээ гарч байгаад авъя, чи ахдаа аваад өгчих гэж хэлсэн. Нүүрс ачиж байсан залуу уурлаад "боль тэгвэл өөр газраас ав заавал бид нар өгөх албатай юу" гэж хэлсэн. Би хариуд нь "тэгье чи наад ачсан нүүрсээ буцаагаад буулгачих" гэж хэлсэн. Тэр залуу бууж ирээд намайг заамдаад авсан. Миний хоолойг миний хувцсаар зүүн гараараа шахаж боогоод баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Би тэр залууд заамдуулсаны улмаас барьж байсан утсаа алдчихсан. Би утсаа авах гээд доошоо тонгойтол нөгөө залуу миний хамар луу өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгээд би хоёр салаад би цагдаа дуудсан... Би тэр залууг одоо харвал танина. Нүүрс зардаг газраа зогсож байсан..." гэх мэдүүлэг /хх 18-19/,
Хохирогчийн дахин өгсөн "...эхлээд намайг заамдаж аваад баруун нүд рүү нэг удаа цохиж авсан, бас гар утас авах гээд тонгойх үед миний нүүр лүү өшиглөсөн, тухайн үед миний уруул язраад, нүүр хавдсан, бас баруун нүд хөхрөөд хавдар болсон байсан, шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, уг гэмтлийг Бишрэлт гэх залуу учруулсан, сэтгэл санааны хохирлын үнэлгээ гаргахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Г.Г-ийн "...Би Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны ....... дугаар гудамж .... тоотын түүхий эд авах цэг дээр 2018 оноос хойш ажиллаж байгаа. Манай хаягдал түүхий эд авах цэгийн хажууд 2019 оноос хойш шахмал түлш борлуулалтын цэг ажиллаж эхэлсэн тухайн шахмал түлш борлуулалтын цэгийг Н.Ж гэдэг хүн ажиллуулдаг байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сараас Б гэх нэртэй залуу ажилд орсон байсан. Тухайн Б гэх залуу шахмал түлш борлуулалтын цэгт нэг сар гаруй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэр үедээ өндөр нь 170 см орчим, бор царайтай, туранхай биетэй залуу байсан..." гэх мэдүүлэг/хх 26-28/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын шинжээч эмч Б.С-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ........ дугаартай "С. У-ийн биед баруун зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх 43-44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэрэг үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Б нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.У нь 65.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлт гаргаж өгсөн байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
8. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б /РД:................/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ