2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар   2025/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

   2025         01          21                                          2025/ШЦТ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Ц.Сонинмөнх,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Л.Э, Ш.С, тэдгээрийн өмгөөлөгч С.М нарыг оролцуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л-ийн Э /РД:..........3/, И овогт Ш-ийн С /РД:.........../ нарт холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.Э, Ш.С нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” гэх нэртэй баарны гаднаас Б.М-г согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан Тоёота Кровн маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч явсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди зэргийг шинжлэн судалсан бол,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Б: /улсын яллагчтай давхцахгүй байдлаар/ хх 54-66, хх 36, хх 92-93, хх 100-102, хх 108-110, хх 140 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.М: Хавтаст хэргээс хх 14, хх 36, хх 38, хх 39-40, хх 41, хх 42,  хх 46, хх 54-66, хх 73, хх 76, хх 113, хх 111, хх 101, хх 122-127, хх 140, хх 164,  хх 180, хх 189-190, хх 197 зэрэг нотлох баримтыг зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцсон. Хохирогчийн өмгөөлөгч нэмэлт ажиллагаа хийлгүүлэх байр суурьтай оролцсон болно. 

2. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгээр хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлвэл 2024 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч  Л.Э, Ш.С нар нь хамт, харин хохирогч Б.М нь өөрийн нөхөр болон найзуудын хамт тусдаа нэг цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............”  гэх нэртэй баараар үйлчлүүлсэн... хохирогч Б.М нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн тул дотор нь муухайрч, толгой эргэсэн шалтгаанаар хамт явсан хүмүүсээс түрүүлж гадаа гарсан... шүүгдэгч Л.Э, Ш.С нар нь гарч ирээд гаднаас нь харахад согтуурсны улмаас биеэ хянах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалтай машин налан сууж байсан хохирогч Б.М-г харсан... шүүгдэгч Л.Э нь хохирогчтой яриа өдөж, явах гэхэд нь замыг нь хашиж улмаар гараараа хүзүүгээр нь тэвэрч боон хүч хэрэглэж ухаан алдуулсан, тэвэрч өргөн машиндаа суулгасан, энэ хооронд шүүгдэгч Ш.С нь машинаа асааж, эргэн тойрныг ажиглан, улмаар машинаа жолоодож явсан  байна.   Энэ нь:

Хохирогч Б.М-ийн "...Миний бие Б.М нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр....., СУИС-ийн зүүн талд байрлах "..." гэх нэртэй бааранд найзуудтайгаа болон нөхөртэйгөө 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд 02 цаг 50 минутын үед тус баарнаас би түрүүлээд гарсан. Манай найзууд болон нөхөр маань тооцоо хийхээр үлдсэн. Гадаа гараад баарны яг үүдэнд зогсож байхад эхлээд нэг залуу машин руу суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гээд баар руу орох гэж байсан чинь намайг оруулахгүй хашаад байсан. Тухайн үед 2 залуу байсан гэдгийг мэдээгүй, тойроод явах гэж байтал хашиж байгаад намайг хүзүүнээс тэврээд авах шиг болсон. Чанга тэврээд би ухаан алдсан байсан ба нэг мэдсэн айлд сэрсэн. Айлд сэрээд харахад жинсэн өмдтэйгээ хар өнгийн цамцтай, гутал куртик 2-ыг маань тайлсан байсан. ... хар саравчтай малгай өмссөн нэг эрэгтэй М сэрээрэй гэж дуудаад байсан. Тэр залуу намайг жижиг өрөө рүүгээ дагуулж ороод одоо ингээд унт хоёулаа цуг хононо гэж хэлсэн. Би үгүй ээ гэж хэлээд та намайг гаргачихаа би нөхөр хүүхэд дээрээ очмоор байна гэж их уйлж гуйсан. Тэгээд яв яв гэхээр нь би тухайн айлаас гараад зугтаачихсан. Гадагшаа гараад такси бариад таксины жолоочийн утаснаас нөхөр рүүгээ залгасан. Нөхөртөө болсон асуудлын талаар хэлж өгөөд бид 2 цагдаа дээр шууд ирсэн. Тухайн хүний утасны дугаар нь .............., гэрийн хаяг нь Хан-Уул дүүргийн .....-р хороо ......дугаар байр байсан тоотыг нь бол санахгүй байгаа. Машиных нь дугаарыг нь манай нөхөр камер шүүж олсон. .............. улсын дугаартай цагаан өнгийн кровн загварын тээврийн хэрэгсэл байсан. Харвал танина. Зураг нь манай нөхөрт байгаа. Миний дотор муухайраад байхаар нь гадагшаа түрүүлээд гарсан. Биеэ үзэхэд ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй. Намайг ухаан алдуулж машиндаа суулгаж, гэртээ хүчээр яаж оруулсан, юу хийсэн талаар шалгуулмаар байна. Энэ хүнийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Мөн над руу хэрэг болсны дараа 02 сарын 16-ны өдөр орой 20 цагийн үед дугаараа нууцалж миний дугаар руу залгасан ба манай нөхөр утсаар ярихад юм дугарахгүй сонсож байгаад тасалсан. Тэгээд 02 сарын 20-ны өдрийн 16 цаг 53 минутад дугаараа нууцалж миний............ дугаар pyy залгасан. Утсаа аваад ярихад "Э байна аа М мөн үү" гэж асуусан. Би Э гэж хүн танихгүй, чи дугаар андуураад байгаа юм биш үү гэсэн чинь "би нээрээ Дугаараа нууцалсан байгаа юм байна шд ээ" гэж хэлж таслаад 1 минутынд араа .........гэсэн дугаараас залгаад Ээгий байна, танихгүй байгаа юм уу гэж хэлээд тасалсан..." гэсэн мэдүүлэг (хх 100-102),

 Түүний 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "... намайг сэрэхэд намхан халзан залуу байсан. ... утсыг нөхөр маань аваад байна уу гэхэд тэр залуу дахин салгаад яриулахгүй байхаар нь...би гараад зугатаасан. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх 106/,

 Гэрч Б.Ц-ын "...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр М бид 2 ажлаа тараад найзуудтайгаа уулзаж Уран ган төвд сагсан бөмбөгийн тоглолт үзээд 23 цагийн үед тарсан. Тэгээд ......, Суис-ийн зүүн талд байрлах ..... гэх нэртэй бааранд орсон. Тэндээ нэлээн сууж байгаад 03 цагийн үед тарах болсон. Манай эхнэр М нь тухайн үед уугаад нэлээн муудсан сандал дээр сууж байсан юм. Би эхнэрээ сэрээгээд явъя гэж хэлэхэд эхнэр "миний дотор муухайраад байна, түрүүлж гараад гадаа байж байя” гэж хэлээд түрүүлээд гарсан. Тооцооны мөнгө жаахан дутаад хүнээс мөнгө асуугаад 10-аас 20 орчим минут болсон байсан. Тэгээд гадагшаа гараад эхнэрээ хайхад эхнэр байхгүй, надад утас нь байсан. Би шууд такси бариад гэр рүүгээ түрүүлээд харьсан юм байна гэж бодоод гэртээ очтол эхнэр байгаагүй. Тэгээд гэрээсээ гараад би 102 дугаарын утас руу залгаж "Манай эхнэр алга болчихлоо" гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагаас залгаж болсон асуудлын талаар утсаар лавласан. Цагдаатай ярьсны дараа нэг дугаараа нууцалсан дугаараас над руу манай эхнэр 03 цаг 11 минутын үед залгасан. Залгаад "байна уу хайраа, байна уу хайраа" гэж залгаад ярихгүй байж байгаад салгасан. Тэгээд дугаараа нууцалсан байсан болохоор би эргүүлж залгаж чадаагүй. 03 цаг 53 минутын үед эхнэр дахиж нэг дугаараас залгаад "таксины жолоочийн утсаар ярьж байна, талбайн энд явж байна" гэж залгасан. Би наанаа байж бай, би одоо очлоо гэж хэлээд таксины жолоочтой утсаар ярьсан. Жолоочтой утсаар яриад "чи яахаараа согтуу хүн аваад явдаг, юм цагдаа руу явж шалгуулна" гэж хэлсэн. Жолооч би дөнгөж сая танай эхнэрийг таксигаар хүргэж өгөхөөр аваад явж байна, Танай эхнэр чинь орж ирээд уйлаад утсаараа нэг яриулчих гэж гуйсан юм гэж хэлсэн. Би эхнэрээ талбайн урд талын автобусны буудал дээрээс очиж аваад юу болсон юм гэж асуухад эхнэр "Ухаан санаа ороод гарсан нэг мэдэхэд бурхан тахилтай айлд сэрсэн, чихэн дээр М, М гэж дуудаад байсан гэж хэлсэн" /Цүнхэнд нь бичиг баримт гэрийнх нь хаяг байсан болохоор дугараа нууцалж дарамтлаад байгаа/ Тэгээд эхнэр бид 2 Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ирсэн. Би эхнэрээсээ хүчиндэж барьсан уу, яасан зодсон уу гэж асуухад тийм зүйл намайг ухаантай байхад лав болоогүй гэж хэлсэн. Би маргааш нь ажлаасаа чөлөө авч камерын бичлэг шүүж үзсэн. Эхнэр суусан машиныхаа дугаарыг мэдэхгүй байсан. .......... улсын дугаартай цагаан өнгийн кровн загварын тээврийн хэрэгсэлтэй хар өнгийн хувцас өмссөн 2 залуу байсан. Эхнэр рүү бас дугаараа нууцалж залгаад дараа нь ............. дугаарын утаснаас залгаад Э байна аа танихгүй байгаа юм уу гэж ярьсан. Би тэгээд фэйсбүүк дээрээс бичлэг .......... дугаарын утсыг шүүж үзэхэд хэдэн пост мэдээллүүд гарч ирсэн. Эхнэрээсээ энэ хүн мөн байна уу гэж асуухад мөн байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх 108-110),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд "...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "..............." хотхоны хэсэг байв. ... цахилгаан шатаар 10 давхар руу дээш гарч ирэхэд орцны баруун хойд талд зүүн талдаа 1001 гэх бичиглэлтэй хар саарал өнгийн төмөр хаалга... үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд... өрөөний гол хэсэгт Гандан хийдийн зориулалттай суврага мэт алтлаг шаргал хүрээтэй Соёмбо тэмдэгтэй зүйл... хохирогч Б.М хаана байсан талаар асуухад том өрөөний гал тогоо хэсгийн цагаан өнгийн ширээний хажууд сууж байсан... гэж ярьсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. ... ".............." хотхоны СӨХ-ны хяналтын камерын Өрөөнд орж хохирогч Б.М нь тухайн үед уг байр руу яаж орсон талаарх дүрс бичлэгийг шүүж үзэхэд... 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх бичлэгүүд хадгалагдаагүй устсан байсныг тусгав... " гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хх 50-53/,

Авто тээврийн үндэсний төвийн ".......... улсын дугаартай сувдан цагаан өнгийн ........... арлын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлийг ..............регистрийн дугаартай Ш-ийн С нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өмчилсөн талаарх..." авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар /хх 169/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ гэх нэртэй баарны үүд хэсгийн камерын бичлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гадаа гараад баарны яг үүдэнд зогсож байхад эхлээд нэг залуу машин руу суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гээд баар руу орох гэж байсан чинь намайг оруулахгүй хашаад байсан. Тухайн үед 2 залуу байсан гэдгийг мэдээгүй, тойроод явах гэж байтал хашиж байгаад намайг хүзүүнээс тэврээд авах шиг болсон. Чанга тэврээд би ухаан алдсан байсан ба нэг мэдсэн айлд сэрсэн...” гэж,

 Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Б.М нь өөрийн ухаантай байсан бөгөөд хоорондоо ярилцсаны үндсэн дээр гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан, өөрөө хаалга онгойлгож машинд сууж явсан” гэж  тус тус мэдүүлжээ.

Хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь мэдүүлэг авахдаа дээрх үүргийг танилцуулан гарын үсэг зуруулж, мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шинжлэн судалсан камерын бичлэгээр хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тодорхой харагдах бөгөөд хохирогчийг машин налан ганцаараа сууж байгааг хараад шүүгдэгч Л.Э өдөж хоргоон замыг нь хааж хашиж зогсон, улмаар гараараа хүзүүгээр хэсгээр тэвэрч ухаан алдуулан, ташаагаараа тулан өргөж машинд суулгасан, шүүгдэгч  Ш.С нь энэ хооронд машинаа асаан бэлдэж, ойр хавийг ажиглан улмаар машинаа жолоодон явж байгаа үйл баримт тогтоогдсон.

 Дээрх камерын бичлэг нь хохирогчийн мэдүүлгийг давхар нотолж байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй болохыг тайлбарлаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “хэрэгт авагдсан баримтаар хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.

Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд хамаарч байна гэж үзлээ. 

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий сидиг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж нотлох баримтаар үнэлэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан камерын бичлэгээр хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бусад этгээдийн аливаа хууль бус үйлдлийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх, биеэ хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан гэх өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

4. Хохирогчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэгт бэлтгэсэн гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн атлаа тухайн тээврийн хэрэгслийг хураан авч, үнэлгээ хийлгээгүй мөн шинжээч томилж хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгоогүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах гэмт хэрэг нь эрхшээлдээ оруулан авч явсанаар төгсдөг.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э, Ш.С нар нь бүлэглэн хохирогч Б.М-г согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй гэдгийг мэдсээр байж хүзүүгээр нь тэврэн ухаан алдуулах замаар хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ оруулан машиндаа суулгаж авч явсан тухайн цаг мөчид тус гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Л.Э-ыг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч дээрх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байна.

             Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар /хх 91-93, 169/ .............. арлын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ш.С-ын эзэмшлийнх  болох нь тогтоогдож байх тул заавал зах зээлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй, биет байдлаар хураан авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхих нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байх тул шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Э, Ш.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүн хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршиг: 

6. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдаагүй байх тул хохирогч Б.М нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ............... арлын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр, тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ш.С-ын өмчлөл, эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан автотээврийн үндэсний төвийн лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ш.С-ын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулна, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ............ арлын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёота Кровн” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэрэг гарснаас хойш шүүгдэгч Ш.С нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольсон гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч энэ нь тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол,

Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай санал нэг байна гэжээ. 

Шүүгдэгч Л.Э, Ш.С тэдгээрийн өмгөөлөгч С.М-ээс: “....Шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид хохирол төлье гэж өмгөөлөгч миний бие Дэлгэрням өмгөөлөгчтэй ярихад учирсан хохирол байхгүй гэж мөнгөн дүн хэлээгүй, хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлөн андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар хохирогчид туслах санаагаар хандсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нар нь энэ хэргээс болж өөрсдөө хохирсон байгаа...гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Э-оос “...Би анх орж ирээд ийм асуудал болдог гэдгийг мэдээгүй гэж хэлсэн. Хохирогч ирээгүй учир уучлалт гуйж чадаагүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Тэр цаг үед ийм асуудал болно гэдгийг мэдээгүй Мөнхжинг авч явсандаа уучлалт гуйж байна. Хохирогч хэрвээ хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулахад бэлэн. Би эхнэртэйгээ байдаг. Ээж маань хавдартай. Туслах гэсэн биш эцсийн бүлэгтээ ял үүрэх шатанд очдог гэдгийг мэдэрлээ. Гэмшиж байна...” гэв

Шүүгдэгч Ш.С-аас “...Би өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, уучлалт гуйж байна. Манай аав ээж хоёр тэтгэврийн хүмүүс байдаг...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан.

Шүүгдэгч Л.Э, Ш.С нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “... учруулсан хохирлыг төлсөн” , 1.6 “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон тул харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй гэх тайлбарыг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч нар нь бүлэглэн санаатайгаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй болон нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан гэх нөхцлүүдэд хамаарахгүй, мөн хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж ирүүлээгүйг хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

 Шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял тус тус оногдуулах нь тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзэв.

Мөн шүүгдэгч Л.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.С-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч Т овогт Л-ийн Э РД:............../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн хулгайлах гэмт хэргийг Ш.С-тай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

   Шүүгдэгч И овогт Ш-ийн С /РД:............../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн хулгайлах гэмт хэргийг Л.Э-той бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Ш.С-ын эзэмшлийн .................арлын дугаартай “Тоёота Кровн” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.

            7. Хохирогч Б.М нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э, Ш.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ