| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х............... овгийн П.............н Ц...............т холбогдох 2526000000034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын ...........-ны өдөр Өвөрхангай аймгийн ......... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, хувиараа ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 10 дугаар баг 46-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.......... овгийн П.............. Ц............., /РД:......................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ц................. нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 11 дүгээр 14-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 92-00 ӨВО улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 2.25 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Ц.................. нь 2024 оны 11 дүгээр 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт .......0 .................. улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 2.25 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх шүүхийн шийтгэвэр, гэрч Б.Э.................н 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүргийг цагдаа зохицуулагч Х.Б................н хамтаар гүйцэтгэж байх хугацаанд 16 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт .......... .......... улсын дугаартай .................. маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч П.Ц..................с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь Драгер 7510 багажаар үлээлгэн шалгахад согтуурал 2.25 хувийн согтолттой гарсан. Унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргэсэн. П.Ц.................. нь урьд огт жолоодох эрхгүй байсан. Эрхгүй байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан бөгөөд 2024 оны 12 сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхээр орж 01/2352 дугаартай захирамжаар жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан байсан” гэсэн мэдүүлэг, яллах дүгнэлтийн хавсралт, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 1, 4, 12, 14-18, дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилан заажээ. Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч П.Ц............. нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хавтаст хэрэг авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/2849 дугаартай шийтгэвэр /хх-ийн 14-18 дүгээр хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Ц................. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Ц.................. нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д..................шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд шуурхай дэмжлэг үзүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн тул улсын яллагчтай тохиролцсон ялын хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Х.............овгийн П................н Ц..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил 5 сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц.....................т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч П.Ц................т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц.................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х............ овогт П...........н Ц................г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х............ овогт П............ Ц...............н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил таван сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц................ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч П.Ц..................т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц..................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц...............т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА