Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02320

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02320

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К  банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 279,838,128.03 төгрөг, зээлийн хүү 46,456,447.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,291,289.46 төгрөг, нийт 335,585,864.78 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, О.Б, хариуцагчийн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монмир ХХК нь тус банктай 2014 оны 04 сарын 08-ны өдөр 46 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 280,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0.58 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож доорхи хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

а/. Ү-2204032914 улсын бүртгэлийн дугаартай, 000291874 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц.

б/. Ү-2202007038 улсын бүртгэлийн дугаартай, 0095387 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг барьцаалсан.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Монмир ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 161,871.97 төгрөг, зээлийн хүүнд 34,868,137.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,390.14 төгрөг, нийт 35,058,400 төгрөг төлсөн байна.

Монмир ХХК-ийн 46 тоот зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 08-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж 2016.03.25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчилэн эргэн төлөх грификийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлт нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Зээлийн гэрээний 8.3-т заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Монмир ХХК-иас үндсэн зээл 279,838,128.03 төгрөг, зээлийн хүү 46,456,447.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,291,289.46 төгрөг, нийт 335,585,864.78 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь Жайка /JICA/ төслийн шугамаар 2014 оны 04 сард цаасан хайрцаг үйлдвэрлэлийн чиглэлээр Капитал банкнаас 280,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тус зээлийн төлөлтийг 2016 оны 03 сар хүртэлх хугацаанд гэрээний дагуу төлж байсан.

2016 оны 02 дугаар улирлаас түүхий эдийн үнийн өсөлт болон манай үйлдвэрээс захиалах захиалгын хэмжээ эрс цөөрснөөс болж зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ийм нөхцөл байдлаас гарах олон арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй өдийг хүрсэн.

Манай компани нь бусад үйл ажиллагаагаараа тус банкнаас авсан зээлийг талуудын харилцан тохиролцож гаргасан зээл төлөлтийн хуваарийн дагуу гэрээний хугацаа дуустал буюу 2024 он хүртэл цаашид төлөх бүрэн боломжтой.

Тус компанид хамааралгүй этгээдийн өмч болох Ү-2202007038 улсын бүртгэлийн дугаартай, 0095387 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Монмир ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 279,838,128.03 төгрөг, зээлийн хүү 46,456,447.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,291,289.46 төгрөг, нийт 335,585,864.78 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Капитал банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 24,414,135.22 төгрөгөөр ихэсгэсэн боловч уг ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Монмир ХХК нь Капитал банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, 2016 оны 03 сараас хойшхи хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй үйл баримтын талаар болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний үүргийн тооцоололтой маргадаггүй ба зээлийн гэрээний үүргийг цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой, Монмир ХХК-д хамааралгүй этгээд болох Ш.Дулмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Талууд 2014 оны 04 сарын 08-ны өдөр 46 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Монмир ХХК нь зээлдүүлэгч Капитал банк ХХК-иас 400,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатайгаар зээлдэн авахаар, 46 тоот Барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Деневерийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн Ш.Дулмаагийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.

Зээлийн гэрээний 3.1-д Олгосон зээлийн хэмжээ: 400,000,000 төгрөг гэсэн байх боловч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны хуулгаас үзэхэд зээлдэгч Монмир ХХК нь зээлдүүлэгч Капитал банк ХХК-иас 280,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдож байна.

2014 оны 04 сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээ-нд барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох Б.Билгүүн, Б.Уранчимэг, Ш.Дулмаа нар гарын үсэг зурсан байхаас гадна орон сууцыг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг төлөөлүүлэгч Б.Уранчимэг, Ш.Дулмаа нараас төлөөлөгч Монмир ХХК-ийн захирал Б.Билгүүнд итгэмжлэлээр олгожээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байх ба зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдүүлэгч Капитал банк ХХК нь шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгч Монмир ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч Монмир ХХК нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг Капитал банк ХХК-д төлөх үүргийг хүлээнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заажээ.

Зээлийн дансны хуулгаас үзэхэд зээлдэгчийн зүгээс 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй байх ба нэхэмжлэгч Капитал банк ХХК-д шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 17 удаагийн төлөлт хийх хуваарийг зөрчжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 8.3, 8.3.2, 8.3.3-т зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол, зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй 60 хоног өнгөрсөн бол Банк зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардахаар заажээ.

Иймд нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 8.3, 8.3.1, 8.3.2-т зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой хэмээн тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч тал нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй, уг тооцооллыг няцаах тооцооллыг өөрсдийн зүгээс гаргаж өгөөгүй учир хариуцагч Монмир ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 335,585,864.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэв.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Барьцаа хөрөнгө нь заавал зээлдэгчийн буюу Монмир ХХК-ийн өмч байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна иргэн Ш.Дулмаа нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг Монмир ХХК-ийн захирал Б.Билгүүнд итгэмжлэлээр олгож, Барьцааны гэрээ-нд гарын үсэг зурсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Монмир ХХК-иас 335,585,864.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

 

2.      Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Монмир ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Деневерийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Дулмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,879.33 төгрөг болон 280,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монмир ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,835,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д буцаан олгож, Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР