| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/0896/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/276 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/276
2025 01 23 2025/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Э.Булганчимэг,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Д.Ц,
шинжээч Б.Д (цахимаар) нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Л-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Д.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрТоосгоны үйлдвэрийн эцэст хохирогч Э.Ө-тай "Найзыгаа манайхаас аваад яв" гэж үл ялих зүйлээр маргалдаж улмаар толгойн зүүн хэсэгт гараараа 1 удаа алгадаж эрүүл мэндэд нь зүүн талын хөхлөг сэртэнд суурь яс руу үргэлжилсэн шугам хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
Мөн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бэлхийн ..... дүгээр гудамжны задгай тоотод “манай үйлдвэрээс хулгай хийдэг хүн байна" гэж хэлэн Г. М-ийн нүүр рүү гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны их биеийн зөрсөн ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс (яллагдагч Д.Л-ийн мэдүүлэг хх-ийн 7 дахь тал), (гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 9 дэх тал), (хохирогч Э.Ө-ын өргөдөл хх-ийн 10 дахь тал, 13 дахь тал), (Д.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хх-ийн 15,17 дахь тал), (гэрч Б-ын мэдүүлэг хх-ийн 20 дахь тал), (мөрдөгчийн санал хх-ийн 21 дэх тал), (22 дахь тал, осол гэмтлийг бүртгэх хуудас хх-ийн 23 дахь тал), (мөрдөгчийн санал хх-ийн 24 дэх тал, 25 дахь тал), 26 дахь тал, (амбулторийн үзлэгийн тэмдэглэл хх-ийн 27 дахь тал), (шинжээчийн дүгнэлт хх-ийн 29 дэх тал), (мөрдөгчийн санал хх-ийн 33 дахь тал), (ял шалгах хуудас хх-ийн 35 дахь тал), (Д.Л-ийн мэдүүлэг хх-ийн 57 дахь тал), (бэлэн мөнгөний орлогын баримт хх-ийн 71 дэх тал, 72 дахь тал, 73 дахь тал), (хохирогч Г.М-ийн мэдүүлэг хх-ийн 76 дахь тал, 78-79 дэх тал), (Б-ын мэдүүлэг хх-ийн 83 дахь тал), (Д.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хх-ийн 88 дахь тал), (шинжээчийн дүгнэлт хх-ийн 96 дахь тал) болон (шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд хх-ийн 195-223 дахь тал), (мөнгө шилжүүлсэн баримт, Г.М-ийн гомдолгүй гэсэн бичиг хх-ийн 194 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол,
Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Ийм зүйл болно гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэрийн эцэст хохирогч Э.Ө-тай "Найзыгаа манайхаас аваад яв" гэж үл ялих зүйлээр маргалдаж улмаар толгойн зүүн хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн талын хөхлөг сэртэнд суурь яс руу үргэлжилсэн шугам хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
Мөн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Бэлхийн .... дүгээр гудамжны задгай тоотод “манай үйлдвэрээс хулгай хийдэг хүн байна" гэж хэлэн Г.М-ийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны их биеийн зөрсөн ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз Батдэлгэрийн хамт Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо Тоосгоны Үйлдвэрийн эцсийн буудал дээр байх дэлгүүрээс архи авчхаад гэр рүүгээ харих гэж яваад замдаа Шуук гэх зүс таних танилтайгаа таараад түүний ажил болох Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн эцэст байх “.....” дэлгүүрийн баруун талд байх гэрийн үйлдвэр дээрх ажлын байран дээр нь очсон. Тэнд очиход Ш-ын хоёр эрэгтэй найз байсан бид нар тавуулаа нийлж 3 шил Хараа 0,75 архи ууж байгаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны үүрийн 04:00 цагт Сүхбаатар дүүрэг ....дугаар хороо ...... тоотод байх гэртээ сэрсэн. Сэрэхэд би гэртээ ганцаараа, ор дэр цус болсон, зүүн чихнээс цус гоожсон байдалтай сэрсэн. Удалгүй манай эхнэр ирсэн би гэртээ 2-3 хоног эмчилгээ хийлгүй өвчин намдаах эм уугаад хэвтэж байгаад Улаанбаатар мед эмнэлэгт нэг удаа үзүүлэхэд "чихний хэнгэрэг хагарсан байна" гэж хэлээд эм тариа өгсөн..." гэх мэдүүлэг (хх 13),
Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би тухайн өдрийн 07:00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1-165 тоотод байх гэртээ ирэхэд Ө нь зүүн орон дээр чих, толгойноос нь маш их цус гарсан байдалтай, ор дээр маш их цусаар бохирлогдсон хэвтэж байсан би тэгээд Ө-ыг сэрээхэд бага зэрэг согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Тухайн өдөр би Л-ийн хашаан дотор Ө, түүний найз бас нэг залуу бид нар 3 ширхэг 0,75 уусан. Л тэр үед архи уугаагүй тэгээд хашааны гадаа “......” дэлгүүрийн үүдэнд дахин архи авч Ө, түүний найзтай гурвуулаа дахин дэлгүүрийн үүдэнд архи уусан. Архи уучхаад би гэртээ харихаар явж байхад тэр хоёр “...........” дэлгүүрийн өмнө уулзаад зогсож байсан би цохиж байхыг хараагүй тэгээд л гэртээ харьсан. Маргааш өглөө Өлзийбатын эхнэрийн гуанз руу ороход Ө-ын эхнэр Ө-ыг Л цохичихсон байна гэж ярьсан. Ө тэр өдрөөс хойш гэрээсээ ч гараагүй..." гэх мэдүүлэг (хх 20),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-ээс гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн ..........дугаартай "...Э.Ө-ын биед зүүн талын хөхлөг сэртэнд суурь яс руу үргэлжилсэн шугам хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт (хх 29-30),
Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед би найз Б, Б нарын хамт "............" нэртэй дэлгүүрийн хажуу талд байдаг хүнсний дэлгүүрээс дахиад "Хараа" нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг аваад буцаад Б ахын гэр рүү явж байх үедээ найз А-тэй таараад хэсэг хугацаанд уулзаж байгаад салж яваад Б ахын гэрт дөнгөж очоод байж байх үед найз Б нэг үл таних эрэгтэй хүний хамт ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирээд Б ямар ч үгийн зөрүү үгүй 2-3 удаа миний бүсэлхий хэсэгт өшиглөсөн, би тэр үед Б-той барьцалдаж, Б ахын гэрээс гарсан. Тэгээд бид нарыг гараад байж байх үед тэр ул таних эрэгтэй нь "энэ чинь манай үйлдвэрээс хулгай хийдэг залуу байна ш дээ" гэж хэлээд гараараа миний шанаа хэсэгт нэг удаа хүчтэй цохиход миний толгой эргэж манараад газар унасан, тэгээд босож ирээд ярих гэхэд юм ярьж чадахгүй байсан. Тэгээд би тэр үл таних эрэгтэй хүнээс "...хэзээ болсон юм бэ..." гэж асуухад жил гаран болж байна, би камерын бичлэгийг чинь үзсэн гээд байсан. Тухайн үед А нь Б ахын хашаанд ирсэн байсан ба манай найзууд тэр үл таних эрэгтэй хүнд намайг жил гарангын өмнө Монгол улсад байгаагүй гэж хэлж нотолсон чинь тэр үл таних эрэгтэй хүн "Хүн андуурчхаж, ёстой уучлаарай" гэж байсан. Тэр үед юм ярьж чадахгүй, аман дотор дүүрэн цус болсон байсан. Тэгээд тэр үл таних эрэгтэй "яадаг ч байсан эмийн сан явъя" гээд Б бид хоёрыг машиндаа суулгаад "............." дэлгүүрийн хажуу талд ломбардад тэр үл таних эрэгтэй нэг багажаа барьцаанд тавиад гарч ирээд хүнсний дэлгүүрээс ундаа болон 2 шил архи аваад, эмийн сан ороод өвчин намдаах эм, бинт, тамидин авсан. Тэгээд бид нар буцаад Б ахын гэрт нь очсон. Архи тойруулаад ууж эхлэхэд би юм ууж чадахгүй байсан ба хэсэг хугацааны дараа би тэд нарт "Ер нь болохгүй нээ" гэж хэлэхэд А яаралтай түргэн тусламж дуудаад хэсэг хугацааны дараа түргэн ".........." дэлгүүрийн гадаа ирсэн гэхээр нь цуг байсан хүмүүсийнхээ нэгтэй нь доошоо Т дэлгүүр рүү буугаад түргэний машинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед Б ахын гэрт найз А Б, Б, Б, тэр үл таних эрэгтэй нар үлдсэн. Би тухайн үед өөрийгөө ингэж хүнд гэмтсэн гэж бодоогүй болохоор асуудал үүсгээд яах вэ гэж бодоод өөрөө унасан гэж мэдүүлэг өгсөн. Би тэр үед өөрийгөө хараагүй, жоохон хавдсан болохоор өөрийгөө ярьж чадахгүй байгаа гэж бодсон шүд унасан юм болов уу л гэж бодсон. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр шинжилгээ өгөхөд миний эрүүний яс хоёр талдаа хугарсан байсан ба эрүүгийн хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хх 75);
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ээж Д-ийн эзэмшлийн хашаа янзлахаар ирсэн юм аа. Тэгээд тус өдрийн 17 цагийн үед найз М-той уулзахаар Б ахын Тоосгоны эцсийн үйлдвэрийн орчимд байдаг гэр рүү явсан бөгөөд ..............төвийн орчим зүс таних "Ш-тай" таараад бид хоёр цуг Б ахын гэрт нь очсон. Тухайн үед Б ахын гэрт нь Б ах өөрөө, найз М-ж болон зүс таних Б, Б нар нь байсан бөгөөд тэд нар бүгдээрээ согтуу байсан. Би тэр үед М-д Энэ хавиар бараг сар гаран архи уулаа гэж уурласан. Тэгээд намайг очсоноос хойш 10 орчим минутын дараа М, Б ахын байшингаас түрүүлээд гарсан бөгөөд би араас нь гарсан бөгөөд тэр үед Ш, М-ийг цохиод газар унагаасан байсан. Би яагаад цохиж байгаа нь асуухад Ш ах "энэ манай үйлдвэрийг ухсан, хулгай хийсэн бацаан мөн байна" гэсэн бөгөөд юун хулгайн талаар асуухад "нэг жилийн өмнө манай үйлдвэрт хулгай орсон" гэж хэлсэн. М нэг жилийн өмнө Монгол Улсад байгаагүй тухай хэлсэн. Тэр үед М-н амнаас цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг (хх 83-84);
Хохирогч Г.М-д таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 89-93),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай "...Г.М-н биед эрүү ясны их биеийн зөрсөн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн шинжээч эмчийн дүгнэлт (хх 96-97) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байна.
3 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Л нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогч нарын биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Д.Л нь хохирогч нарын биед санаатай гэмтэл учруулсан зүйл байхгүй, болгоомжгүйгээр гэмтэл учруулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
4. Хохирогч нарын биед учирсан хүндэвтэр болон хүнд гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр тус бүр 1 удаа гараараа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тайлбараар тэрээр бага наснаасаа боксын спортоор хичээллэж байсан, одоо биеийн хүчний ажил эрхэлдэг, хохирогч нарыг тус бүр нэг нэг удаа л цохисон, түүнд цохиулсаны дараа хохирогч Г.Ө нь ухаан алдаж газарт унасныг өөрөө сэргээсэн гэх нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шинжээч эмчээс энэ төрлийн спортоор хичээллэж байсан хүн нэг удаагийн цохилтоор хохирогчийн эрүүл мэндэд дүгнэлтэд заасан хүнд гэмтэл учруулах боломжтой гэх тайлбарыг гаргажээ. Иймд өмгөөлөгчийн нэг удаагийн алгадалтын улмаас хүнд гэмтэл учрах боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч нь хохирогч Г.Ө-ын зүүн чих рүү цохисон, хохирогч нь шүүгдэгчид цохиулсанаас хойш өөр бусад байдлаар бусадтай маргалдсан зүйлгүй, тухайн өдрөөс эхлэн чихнээс нь цус их хэмжээгээр гарч зүгээр болохгүй байсан тул Д.Л-д хандаж хамтдаа эмнэлэг явж үзүүлсэн, шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргахдаа шүүгдэгчийн хохирогчийг дагуулан эмнэлэгт үзүүлсэн үеийн баримтуудад үндэслэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул олон хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандаж, гэмтлийн зэрэг тогтоолгосон нь эргэлзээтэй байна гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тэрээр өөрт учирсан хохиролд баримтаар 1.016.238 /нэг сая арван зургаан мянга хоёр зуун гучин найм/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардалд гарсан бүх зардлыг төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн хүсэлтийг бичгээр (1хх194) шүүхэд ирүүлжээ.
Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Ө-тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжлээгүй ч шүүгдэгч Д.Л нь 284.900 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт (хх 226, 227) хэрэгт авагдсан, шүүхээс тов мэдэгдэхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө нь 25.000 төгрөгийн, хохирогч Г.М нь 2.819.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, тус төлбөрүүдийг шүүгдэгч Д.Л нь төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.Л нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн, нийт 22.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэр бүлтэй, бага насны хүүхдүүдтэй, тодорхой эрхэлсэн ажилтай, анхнаасаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан боломжит бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан.
8.Шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, хохирогчид учруулсан өвдөлт, зовиур, өөрийн үйлдэлд дүгнэлт өгч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 (мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн 15000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх цээрлүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.
10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Л (РД:.................)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 (мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500 (мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 13.500.000 (арван гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 15 (арван тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ