Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч: И.Эрдэнэчимэг

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал   

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Ө.Наранболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201712000051 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1971.04.21-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг тааруухан мэддэг гэх,  малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р баг Тавингийн 4-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗА71042115/ Тайжууд овогт Дашнямын Эрдэнэбилэг нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.03.07-ны өдөр Баттогтохын эхнэр өөрийн Пажеро маркийн автомашинаараа сум явна гэхээр нь би хамт явна гээд хамт явсан. Мөн тэднийд хамт байгаа Наранжаргалын дүү Мягмарсүрэн хамт явсан. Замаараа Энхтуул гэх хүнийг аваад сумын төвд 17-18 цагийн үед ирсэн. Тэгээд би бууж үлдээд гэртээ орж хоол унд идчихээд Могоо гэх найзындаа очсон. Тэнд нэг шил архи гаргаж өгөхөөр нь нэг татаад ойр зуурын юм ярьж байгаад гэр лүүгээ харьсан. Гэрт байж байтал тэр хэд явъя гээд утсаар дуудсан. Тэгэхээр нь би тэр хэдийн байгаа газарт нь очсон. Тэгээд машинд буруу талын хойд суудал дээр суусан. Тэгээд бид хэд хөдлөөд тамхины дэлгүүр орсон. Энхтуул машины голд сууж байгаад буухдаа намайг бууж бай гэсэн. Машины гадаа зогсож байтал Наранболд машинтайгаа миний хажуугаар өнгөрөөд буцаж ирээд хажууд зогссон. Тэгээд машинаас Наранболд ганцаараа бууж ирээд намайг хөөш муу хулгайчаа гээд намайг арагш нь түлхэсэн. Тэгэхээр нь би чиний юуг чинь хулгайлсан юм гэж асуусан. Тэгсэн намайг шууд цохисон. Тэгэхэд би арагшаа ойчих гэж байгаад зүүн гутлын түрийнд байсан хутгаа авсан юм шиг байна лээ. Тэгээд ахиад над руу дайрахад бид хоёрын голоор Цэрэнбанзрагч гэх залуу орж ирээд бид 2-ыг салгаад Наранболдын аваад цаашаа явсан. Тэгсэн дэлгүүрээс Наранжаргал, Энхтуул 2 гарч ирээд Эрдэнэбилэгээ ахаа та юу хийгээд зогсоод байгаа юм явъя гээд машинд суулгасан. Тэгээд машинд суугаад гараа хартал гарт хутга,  гар цус болсон байсан. Тэгээд би тэр хэдэд хэлээд гэртээ буусан юм. Миний баруун нүд хавдсан, доод хэсэгтээ бага зэрэг шалбарсан. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй гэжээ./хх-117-118/
  • Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ Эрдэнэбилэг гэдэг хүн манай найзынд малыг нь малладаг байсан юм билээ. Манай дөрвөн найзтай сум орж ирсэн. Би урд өдөр нь найзындаа очсон байсан юм. Манай найз миний машины MP3 тоглуулагчийг авсан байсан болохоор тэрийгээ авах гэж дэлгүүрийн үүдэнд очсон. Тэгээд MP3 тоглуулагчаа авъя гэсэн надаар тоглоод байхгүй гээд байсан. Тэгээд би дэлгүүр ороод тамхи аваад ирэхэд Эрдэнэбилэг гэдэг хүн гадаа зогсож байсан. Тэгээд MP3-г чинь өгсөн шүү гэж хэлэхээр нь машин руугаа орох гэтэл энэ хүн намайг дуудсан. Би яасан гэж хэлээд очиход чи яагаад хүнийг аваагүй гэж хэлээд байхад нь хулгайд сэрдээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би найз нартайгаа юм ярьж байхад танд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр жаахан маргалдсан.   Миний  алгадсан шалтгаан нь болохоор энэ хүн ах нь бол эвгүй хүн шүү гэж надад хэлэхээр нь би алгадсан. Тэрнээс биш би унатал нь цохиж унагаагаагүй. Тэгээд бид хоёр муудалцаж байтал манай найз Цэрэнбанзрагч бид хоёрын голоор ороод хорьсон. Тэгээд зууралдаж байхад хуйтай зүйл байсныг нь би хусуур байна гэж бодсон учраас барьж байгаад буцаагаад тавьсан. Энэ хүн баруун гартаа барьсан байснаа зүүн гар руугаа шилжүүлж барьж байсан. Тэгээд манай найз энэ хоёр муудалцаад байна гээд машин руу энэ хүнийг чихэж суулгасан. Машиндаа суухад хорсоод байх шиг байхаар нь дараад үзэхэд хутгалсан байсан. Тэгээд би өөрийн биеэр машинтай явсан болохоор эмнэлэг дээр очсон. Манай найз хойноос нь утасдаж хүн хутгалсан байна гэж хэлсэн. Би цохиогүй, алгадсан. Би уурхайд ажилладаг байсан. Манай ажил 4 дүгээр сарын 1-ний өдрөөс ажил эхэлсэн. 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш би ажилгүй байж байгаа. Би уурхайд 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш  гурван сарын цалин 4.000.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна. Эмнэлгээс гарснаас хойш энэ хүн эм авч өгсөн. Тэрнээс хойш харуулаагүй, хааяа хааяа хатгуулж өвдөж байгаа учраас үзүүлэх шаардлага байна. Урд нь гарсан эмчилгээний зардлыг энэ хүн төлсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо  эмчид үзүүлэх, харуулах шаардлага байна. Наашаа цаашаа явсан зардал 234750 төгрөг болон бинт авсан зардал 5800 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг;
  • Хохирогч Ө.Наранболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-41-42/ 
  • Гэрч О.Наранжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-44-45/
  • Гэрч Г.Цэрэнбанзрагчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-46-47/
  • Гэрч С.Энхтуулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-48-49/
  • Гэрч Х.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-50-51/
  • Шинжээчийн 2017.03.15-ны өдрийн 83 тоот дүгнэлт /хх-64/
  • Шинжээчийн 2017.03.15-ны өдрийн 2653 тоот дүгнэлт / хх-96 /
  • Шинжээчийн 2017.03.15-ны өдрийн 2652 тоот дүгнэлт / хх-98 /
  • Шинжээчийн 2017.03.23-ны өдрийн 170200101 тоот дүгнэлт /хх-100 /
  • Шинжээчийн 2017.03.25-ны өдрийн 170300015 тоот дүгнэлт / хх-102-103/
  • Шинжээчийн 2017.03.28-ны өдрийн 3 тоот шинжээчийн дүгнэлт хх 108-109/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 22 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын төвд байрлах ” Буян-Аривжих”  дэлгүүрийн гадна хохирогч Ө.Наранболдын цээжин тус газарт хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ө.Наранболдын мөрдөн байцаалтанд өгсөн /хх 41-42/ болон шүүх хуралдаанд өгсөн “дэлгүүрээс авсан тамхиа найздаа өгөөд машин руугаа явахад Эрдэнэбилэг гэх ах 2 машины голд зогсоод намайг дуудаад чи яагаад манай дүү нарыг хулгайд сэрдээд байгаа юм гээд тэр ах нилээн согтуу байсан тул түрүүний найз нартайгаа ярьж байсан зүйлийг буруугаар ойлгоод уурласан. Тэгэхээр нь би учрыг нь тайлбарлаж өгөхөд ах ойлгохгүй, би яаж ч магадгүй хүн шүү гээд сүрдүүлэх гээд байсан. Тэгэхээр нь чамд ямар хамаатай юм п… минь гэж хэлээд зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэгсэн нөгөө ах баруун гартаа нэг зүйл барьсан байсан. Тэгэхээр нь над руу шидэж магадгүй гэж бодоод зүүн гараараа баруун гарт байсан нэг зүйлийг бариад авсан юм. Тэгсэн бид 2-ын дундуур манай найз Цэрэнбанзрагч салгах гээд ороод иртэл Эрдэнэбилэг ахын гарт байсан зүйлийг харахад хусуур шиг зүйл байхаар нь тавьчихсан. Тэгсэн Эрдэнэбилэг ах нөгөө зүйлээ зүүн гартаа шилжүүлэн барьж Цэрэнбанзрагчийн баруун талын суган доогуур над руу нөгөө зүйлээрээ чичих шиг болсон. Би хутгалуулснаа тэр дороо мэдээгүй. Тэр хэдийн машин хөдлөөд явсны дараа хорсох шиг болохоор нь үзсэн чинь гар нойтон болоод хутгалуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Г.Цэрэнбанзрагчийн “Тухайн үед 20-22 цаг болж байсан байх нилээн харанхуй болсон байсан. Нилээн байж байтал манай машины ард хоёр хүн маргалдаад байсан. Тэгэхээр нь би буугаад очтол Наранболд Эрдэнэбилэгтэй зууралцаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгсэн Эрдэнэбилэг ах миний баруун суганы доогуур нэг удаа чичиж Наранболд руу цохих шиг болсон. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгаад машинд суулгаад нөгөө хэдийг явуулсан. Би буцаад машиндаа суусан Наранболд жолооныхоо ард суусан байсан. Тэгсэн Наранболд Эрдэнэбилэг ах намайг хутгалчихсан байна гэж хэлэхээр нь шууд эмнэлэг явсан. Эмнэлэг явах замдаа Наранжаргал руу болсон асуудлын талаар хэлсэн. Хутга барьсан байсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх 46-47/

 

- Гэрч О.Наранжаргалын “Цэрэнбанзрагч хаалга онгойлгоод Эрдэнэбилэг ахыг суулгаад Наранболд энэ хоёр муудалцаад байна хурдан авч яв гэж хэлсэн. Тэгээд би шууд хөдөлсөн. Тэгсэн ардаас төд удалгүй Цэрэнбанзрагч яриад Эрдэнэбилэг Наранболдыг хутгалсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хэд буцаад эмнэлэг дээр ирсэн.  Тэгэхэд Наранболд цээжиндээ хутгалуулсан байсан. Эрдэнэбилэг ах нилээн согтуу, Наранболд халамцуухан л байсан. Машинд орж ирээд Эрдэнэбилэг юм хэлээгүй. Цэрэнбанзрагчийн ярьсан дараа асуухад тиймээ ах нь хутгалчихлаа гэж байсан ” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

- Гэрч С.Энхтуулын мэдүүлэг /хх-48-49/,

 

- Гэрч Х.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-50-51/,

 

- Гэрч Б.Нанжидын /сумын эмч/ “2017.03.07-ны орой цагийг сайн санахгүй байна. Сумын иргэн Ө.Наранболд гэх бусдад хутгалуулсан гээд цус алдсан сумын эмнэлэгт ирсэн. Хамт найз нь гээд танихгүй залуу байсан. Тэгээд үзлэг хийхэд баруун талын 7,8 хавирганы завсараар хутгалуулсан шархтай цус их алдаж байсан. Тэгээд аймгаас хагалгааны баг дуудаж яаралтайгаар хагалгаа хийсэн юм. Хагалгаа хийхэд өвчтний цээжний хөндийд хутга нэвтэрч уушигны доод ирмэг зүсэгдсэн шархтай байсан юм. Тэгээд би тэр талаар сумынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг  мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-57/,

 

- Гэрч Т.Шинэбаярын /Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч/ : 2017.03.08-ны шөнө Дундговь аймгийн Адаацаг суманд 00-01 цагийн үед хутгалуулсан хүн сумын эмнэлэгт цус алдаад байна гэсэн.Тэгээд сумын эмнэлэгт очиход иргэн Наранболд нь цээжний баруун хэсэгт, суганы урд шугамаар 7-8-р хавирганы завсараар зүсэгдсэн шархтай, шарханд 1 ширхэг зангилаат оёдол тавигдсан байдалтай, цус тогтсон, арьсан доор овойж хавсан, өвчтөн ханиамаар санагдана, ханиахад цээжээр өвдөнө гэсэн зовиуртай байсан. Тэгээд эмч нартайгаа хамтарсан үзлэг хийж шархны оёдлыг авч, хэсгийн мэдээ алдуулалтын доор шархны гүнийг шалгахад амьсгалаар багажны үзүүр хөтлөж өвчтөн ханиалгасан, тийм учраас яаралтай журмаар хагалгааг хийсэн. 6-7-р хавирганы завсараар зүслэг хийж цээжний хөндийг нээхэд баруун уушигны доод дэлбэн сэтэрсэн, түүний харалдаа өрц хатгагдаж цоорсон гэмтэлтэй байсныг зохих журмын дагуу хагалгааг хийж дуусгасан” гэх мэдүүлэг /хх-55/

  • Шинжээчийн 2017.03.15-ны өдрийн 83 тоот дүгнэлтэд: 4. Ө.Наранболдын биед цээжинд баруун 7,8 дугаар хавирганы завсараар суганы урд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрсэн, баруун уушгины доод дэлбэнгийн доод ирмэг зүссэн, өрц нэвт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. 5. Дээрхи гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэллээр үүсгэгдэнэ. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7 Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ / хх-64 /
  • Шинжээчийн 2017.03.25-ны өдрийн 170300015 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хутга, цамцнууд, дээл шинжилгээнд тэнцэнэ. 2. Улаан өнгийн дээлний баруун суганы хэсэгт 1.5-2.5 см хэмжээтэй 4 зүсэгдэлт, цагаан өнгийн цамцны хэвлийн баруун хэсэгт 1 зүсэгдэлт, улаан өнгийн цамцны хэвлийн баруун хэсэгт 1 шинэ үүссэн зүсэгдэлтүүд байна. 3. Дээлэн дээрх зүсэгдэлтүүд хурц иртэй зүйлийн 3-4 удаагийн хатгагдах хүчин зүйлийн үйлчиллээр, цамцнууд дээр үүсгэгдсэн зүсэлтүүд хурц иртэй зүйлийн нэг удаагийн хатгах, хатгагдах хүчин зүйлийн үйлчиллээр үүснэ. 4. Дээрх зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно. 5. Тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул хариулах боломжгүй. 6. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байгаагүй.  Ө.Наранболд гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн /хх-102-103/ дүгнэлт;
  • Хэрэг учрал болох үед хохирогч Ө.Наранболдын өмсөж явсан улаан өнгийн полиосон товчтой даавуун дээл, улаан өнгийн фудболк, цагаан өнгийн цамц, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хураан авах тогтоол /хх 20-28/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн үзлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

                 Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогч нь тухайн үед найз нартайгаа тоглож ярьсан үгийг шүүгдэгч буруугаар тусган авч, улмаар хохирогч Ө.Наранболдтой марган үүсгэсэн, хохирогч шүүгдэгчийг нүүрэн тус газарт нь цохьсонд эсэргүүцэж, хохирогчийг хутгалан бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

           Энэ нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд…, эд хөрөнгөд хууль бусаар санаатай ….үйлдэлээр гэм хор уруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч Эрдэнэбилэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор буюу эрүүл мэндийг нөхөн сэргээхэд бодитой гарсан зардал, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг зайлшгүй бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

            Хэргээс үзэхэд хохирогч Ө.Наранболдын эмчилгээ болон бусад зардалд 869475 төгрөг 40 мөнгө зарцуулагдсаныг шүүгдэгч Д.Эрдэнэбилэг төлж барагдуулсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг нөхөн төлөөгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт хавсаргагдсан өвчний түүх, эмийн хуудас,  мөнгө төлсөн баримтаар /хх 65-93, 137-145/ тогтоогдож байна.

Хохирогч Ө.Наранболд нь шүүхийн хэлэлцүүлэгт 7 хуудас баримт гаргаж өгснөөс баримтаар замын зардал -234750 төгрөг, боолтны зардал – 5800 төгрөгийн, баримтгүй ажилгүй байсан хугацааны цалин 4 сая төгрөг нэхэмжилсэн боловч хэргээс үзэхэд хохирогч нь 1500000 төгрөгийн цалинтай нь үнэн болно /хх-43/ гэснээс өөр нотлох баримт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч хожим нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирогч нь иргэний нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлыг нотлох болон нэхэмжлэлтэй холбоотой өөрт байгаа баримт сэлтийг гаргаж өгөх үүрэгтэй гэдгээ анхаарах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь бусдад учруулсан гэмт хэргийн хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах тухай” саналыг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Ө.Наранболд шүүгдэгч Д.Эрдэнэбилэгийг түрүүлж нүүрэн тус газарт цохьсон нь нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь согтуурсан үедээ /хх-96/ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч болох 5 тооны эм хонийг битүүмжилсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй,  мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх-32-35/ хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 292, 297, 298, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Тайжууд овогт Дашнямын Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Тайжууд овогт Дашнямын Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Д.Эрдэнэбилэгт оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээний зардал, хувцасны төлбөрт 869475.4 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 292 дугаар зүйлийн 292.2-т заасныг баримтлан хохирогчоос ажилгүй байсан хугацааны зардал 4 сая төгрөг, замын зардал -234750 төгрөг, боолтны зардал – 5800 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ө.Наранболд нь иргэний нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Д.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 5 тооны эм хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.04.16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга, хохирогчийн эзэмшлийн манк, футболка, дээлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг 201712000051 тоот хэрэгт хавсаргасугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   С.СЭРЖМЯДАГ

                                ШҮҮГЧИД                                   Г.МӨНХБАТ

                                                                                   Л.ОДОНЧИМЭГ