Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0612

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А, С.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.М

Хариуцагч: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А, С.Э нараас Ц.А, С.Э нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-д заасны дагуу шийдвэрлээгүй МХАА-ийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.А, М.Э нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэхийг МХАА-ийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа зохион байгуулах комисст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нэхэмжлэлийн шаардлагаа Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 тушаалаар батлагдсан Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмын 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулахад зөрчил гаргасан мэргэжлийн нийгэмлэг, холбооны шалгалтын дүнг хүчингүй болгох гэж өөрчлөх хүсэлт гаргасан. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нь дахин хүсэлт гаргаж, өмнөх нэхэмжлэлийн шаардлагаар тус хэргийг хянан хэлэлцэх хүсэлт гаргасан байна.

2. Анх Ц.А, С.Э нар нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/513 тоот тушаал болон Монголын хүүхдийн анагаахын академи-аас гаргасан Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу өргөдөл, материал бүрдүүлэн Монголын хүүхдийн анагаахын академи-д өгсөн ба Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/39 тоот тушаалаар шалгалт өгөх эрх олгогдсон.

3. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Мэргэшлийн зэрэг олгох, шинэчлэн тогтоох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай А/715 дугаар тушаалаар тайлан хамгаалалт явуулаагүй байна.

4. Үүний дараагаар нэхэмжлэгч Ц.А, С.Э нар нь уг тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хүүхэд судлал мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсан комисс, Эрүүл мэндийн хөгжлийн төвд тус тус гомдол гаргасан байна.

5. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 61 дугаар бүхий албан бичгээр дээр дурдсан гомдлын дагуу ... Өргөдлийн дагуу судалж үзэхэд Эрүүл мэндийн сайдын А/513 дугаар тушаалын 7.11-д заасны дагуу шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авах хугацаа хэтэрсэн байна гэснийг, Монголын хүүхдийн анагаахын академийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/01/14-1 дугаар албан бичгээр ... Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл мэндийн сайдын А/513 дугаар тушаалын 7.1-д мэргэшлийн зэргийн шалгалтыг зөвхөн нэг удаа зохион байгуулна , мөн тус журмын 7.11-д шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдлыг шалгалт өгснөөс хойш ажлын нэг өдөрт, үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалтын дүнг зарласан өдрийн ажлын цагт багтаан, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш төв хоногийн дотор тус тус бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу зөвлөх зэрэг олгох асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг авсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монголын анагаахын академийн мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журамд заасан тайлан хамгаалалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулна, мөн журмын 1.3-д заасан эмнэлгийн мэргэжилтэн мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа үнэн бодитой, шударга, ил тод байх зарчимд баримтална гэсэн боловч энэ зарчмаа баримтлаагүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/39 тоот тушаал болон 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 дүгээр тушаалуудаар батлагдсан бүх судлалын салбарын зөвлөх зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд ороогүй хүмүүсийн саналыг үндэслэн шийдвэрлэсэн. Мөн журмын 8.7-д зөвлөх зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг заавал оролцуулна гэж заасан боловч 2021 оны шалгалтын дүнг гаргахад Эрүүл мэндийн яамнаас төлөөлөл оролцоогүй. Хууль бус бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоор шалгалтыг зохион байгуулсан байна гэдгийг үндэслэн Ц.А, С.Э нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг олгосон өргөдлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журамд заасны дагуу шийдвэрлээгүй, Монгол хүүхдийн анагаахын академийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хоёрт нэхэмжлэгч нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг олгосон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэхийг Монголын хүүхдийн анагаахын академийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комисст даалгаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмын 7.1 дүгээр зүйлд заасан Мэргэшлийн зэргийн шалгалтыг жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан нэг удаа зохион байгуулах зохицуулалтын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021 онд мэргэшлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, мэргэжил, мэргэшлийн чиглэл, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай А/39 дүгээр тушаал батлагдсан. ТУс тушаалын хавсралтад зааснаар Хүүхэд судлалын чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комиссыг Комиссын дарга АУ-ын доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Д.М, гишүүдээр Р.Р, Д.А, Г.Э, Д.Д, Г.Ч болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл 1 хүн буюу нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалтын комиссын нарийн бичгийн даргаар Б.А-г тус тус баталсан. Тус тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан журмын 7.5.3, 8.7, 8.8.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоо, эрдэмтэн, багш судлаач, эмнэл зүйн сургагч багш, Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулсан. Хүүхэд судлалын чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комисс нь мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх олж авсан Мэргэшлийн нийгэмлэг, холбоо /МХАА ТББ/-тай хамтран шалгалтыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, мөн оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах ёстой байсан боловч 2021 оны хувьд цар тахлын сөрөг нөлөөлөл арилаагүй өндөр эрсдэлтэй байсан тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Э-ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 2/1949 дугаартай албан бичгийн дагуу 2021 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулахыг түр хугацаагаар хойшлуулах үйл ажиллагааг зохион байгуулж шалгалт хойшлогдсон болно. Эрүүл мэндийн хөгжлийн төв иргэн Ц.А, С.Э нараас ирүүлсэн өргөдлийг хянах үед МХАА-ийн зөвлөх зэргийн шалгалтыг комиссын бүрэлдэхүүний дагуу зохион байгуулаагүй, цаашлаад Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар журмын 1.3, 3.4.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 21-ны 62 тоот албан бичгийг хүргүүлсэн. Цаашлаад мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмын 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлын хариуг гомдол гаргагч нарт бичгээр хүргүүлсэн болно. Шалгалт зохион байгуулах эрх олж авсан /мэргэжлийн нийгэмлэг, холбоо/ М ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.А болон шалгалтын комисст бусад гишүүд нь шалгалтын комисс болон шалгалт зохион байгуулах эрх олж авсан байгууллагын адил бус статусыг ойлгохгүйгээр М ТББ нь шалгалтын комиссын үйл ажиллагааг давхар хариуцах нэг байгууллага мэтээр үйл ажиллагаа явуулж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж шалгалтын комиссын гишүүдийг баталсан гэж шийдвэр гаргаж, шалгалтын комиссын шалгалтад оролцогч нарыг хэрхэн дүгнэх, хэрхэн шийдвэрээ гаргах талаар журам батлан хэрэгжүүлж, Эрүүл мэндийн сайдын 2019 оны №А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. 2021 оны Хүүхэд судлалын чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комисс болон шалгалт зохион байгуулах эрх олж авсан МХАА ТББ нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны №А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмыг холбогдох заалтуудыг зөрчсөн боловч тодорхой асуудлаар шийдвэр гаргаж, шалгалтыг зохион байгуулсан байх тул дээрх үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэж, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.            Ц.А, С.Э нар нь тус шүүхэд хандаж Ц.А, С.Э нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-д заасны дагуу шийдвэрлээгүй МХАА-ийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын /цаашид Комисс гэх/ эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэхийг Комисст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж тус тус заажээ.

3.            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд тус төвөөс шүүхэд ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 567 дугаар албан бичгээр ...Мэргэшлийн зэргийн шалгалт нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-ын дагуу явагддаг ба .... шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг төвөөс жил бүр шинэчлэн байгуулдаг бөгөөд тус комисс нь тухайн жилийн шалгалтыг зохион байгуулж дуусаад чиг үүрэг нь дуусгавар болдог гэсэн байх тул тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6816 дугаар захирамжаар МХАА-ийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын эрх залгамжлагчаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

4.            Нэхэмжлэгч нарын зүгээс ...зөвлөх зэргийн шалгалтыг зохион байгуулахдаа холбогдох журмыг зөрчсөн тул дахин шалгалт авах ёстой..., хариуцагчийн зүгээс журамд жилд 1 л удаа шалгалт зохион байгуулахаар заасан тул шалгалт зохион байгуулах боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг нэгтгэн дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

6.            Эрүүл мэндийн яамны дэргэдэх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор 13 мэргэжлийн нийгэмлэгт Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс баталсан шалгалтын хэлбэр, зэргийн шатлал, мэргэжил, мэргэшлийн чиглэлийн дагуу 2020-2022 онд шалгалт зохион байгуулах эрх-ийг олгосны дотор МХАА багтсан байна.

7.            Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар тухайн шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулсан журам баталсан байхад тус академийн зүгээс Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулах журам-ыг баталсан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна.

8.            Улмаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/39, 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар тус тус Мэргэшлийн зэргийн шалгалтад орох 2258 эмнэлгийн мэргэжилтний нэрс, мэргэшлийн чиглэл-ийг нэгдүгээр хавсралтаар баталсны дотор хүүхдийн анагаахын зөвлөх зэргийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдийн жагсаалтад нэхэмжлэгч Ц.А, С.Э нар багтсан байна.

9.            Дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарийг баталсан байх бөгөөд АУ-ны доктор, профессор зөвлөх зэргийн эмч Д.М-ээр ахлуулан нарийн бичгийн даргаар Б.Амгалан, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтын бүрэлдэхүүнд 5 хүн орсны дотор Эрүүл мэндийн яамнаас төлөөлөл оролцуулаагүй нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.1-д ...Зөвлөх зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл заавал байна гэж заасныг зөрчсөн байна.

10.         Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2/4505 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж ...Коронавируст халдварын тархалт буурахгүй, дельта хувилбарын эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг хангаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэх шаардлага тулгарч байна. Иймд 2021 эмнэлгийн мэргэжилтний 2021 оны мэргэшлийн зэргийн шалгалтыг ... зайн хэлбэрээр оновчтой зохион байгуулах чиглэлийг хүргүүлсэн байна

11.         Уг чиглэл нь шалгалтыг зайн хэлбэрээр зохион байгуулах агуулгатай байхад Комиссын зүгээс ...уг чиглэлийн дагуу зөвлөх зэргийн шалгалтыг зохион байгуулахдаа тайланг хамгаалуулаагүй нь буруу бөгөөд Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.4-д Зөвлөх зэргийн шалгалтыг зөвхөн тайлан хамгаалалтаар авах бөгөөд тайлан хамгаалалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулна гэж заасныг зөрчсөн байна.

12.         2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр МХАА дээр Зөвлөх зэрэг горилох эмч нарын талаар хэлэлцэн дүгнэсэн байх бөгөөд тус хуралд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнээс гадна өөр шалгалтын комиссын гишүүд орж хамтран дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь дээр дурдсаны дагуу Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар баталсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-ыг зөрчсөн байна.

13.         Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/715 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, шинэчлэн тогтоох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай тушаалаар шалгалтад оролцож тэнцсэн иргэдэд зэрэг олгосон байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч нарт хүргүүлээгүй, шалгалтын дүнг албан ёсоор мэдэгдээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд энэхүү тушаалыг мэдмэгцээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

14.         Түүнчлэн хариуцагчийн зүгээс журамд заасны дагуу шалгалтыг жилд 1 удаа тогтсон хугацаанд зохион байгуулдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгээс өгсөн чиглэлийн дагуу шалгалтаа хойшлуулж, мөн шалгалтын хэлбэрийг өөрчилж байгаагаас дүгнэвэл нэгэнт журам зөрчиж шалгалт зохион байгуулсан байх тул энэ шалтгаанаар нэхэмжлэгч нарын эрхийг зөрчих нь үндэслэлгүй юм.

15.         Иймд хариуцагчийн зүгээс шалгалтыг зохион байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.6-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх; бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн байх тул дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

16.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасныг баримтлан шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, С.Э нараас Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.А, С.Э нарын Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам-д заасны дагуу шийдвэрлээгүй МХАА-ийн Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэх-ийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг Хүүхдийн анагаахын мэргэшлийн зөвлөх зэрэг горилсон өргөдлийг журамд заасны дагуу шийдвэрлэж Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА