2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

  2025          01          28                                          2025/ШЦТ/315

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

иргэдийн төлөөлөгч Ц.У

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч Г.Г,

шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч С.П нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И-ийн О-д холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч И.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо, ................тоотод хамт архи ууж байсан Г.Г-тай маргалдан, улмаар цээжин тус газарт архины шилээр хатгаж эрүүл мэндэд нь аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч элэг, нойр булчирхай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн..........дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-оос шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 41 дэх тал, 42 дахь тал, 43 дахь тал, 44 дэх тал, 90 дэх тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөнтэй холбоотой баримтыг шинжлэн судалж,

Хохирогч Г.Г нь хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах зүйлгүй гэжээ.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч С.П нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Иргэдийн төлөөлөгч Ц.У нь шүүгдэгч И.О-ийг гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч И.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо, ............ тоотод хамт архи ууж байсан Г-ртай маргалдан улмаар архины шил хагалан цээжин тус газарт хатгаж эрүүл мэндэд нь аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч элэг, нойр булчирхай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .......... тоотод ганцаараа амьдардаг. Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би гадуур найз нөхөдтөйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ ирсэн. Намайг гэрт очсоны дараагаар манай найз О гэрт ирсэн. О ирэхдээ 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архитай хүрч ирсэн. Бид хоёр тухайн архийг хамтдаа хувааж ууж сууцгаасан. Бид хоёр сууж байх үед миний санаж байгаагаар манай гэрт Д, М хоёр хүрч ирчихсэн байсан. Бид нар цуг ууж байгаад би О-тэй нэг зүйлээс болж хоорондоо хэрэлдэж маргалдсан. О уурандаа ууж байсан архины шилээ хагалаад миний цээжин хэсэгт маань 1 удаа хатгаж гэмтэл учруулсан. Тэрний дараагаар миний цээжнээс цус их хэмжээгээр гарч байсныг мэдэж байна. Би тэрний дараа юу болсныг сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар би түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн гэдгээ санаж байна..." гэх мэдүүлэг /хх 15-16/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хэд архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Архины шил хагалсан зүйл байхгүй. Зуухны хажууд тавьсан байхад хагарсан байсан. Надад гомдол санал байхгүй. И.О надад тусламж үзүүлж байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ амраад байж байтал манай гэрт миний танил болох Д хүрч ирсэн. Бид хоёр уулзалдаж байж байгаад хашаанд байдаг шороог тэгшлэх гээд Г-ыг очиж хамт ажил хийлгүүлэх гээд Д бид хоёр хамт Г-ын гэрт нь явж очсон. Бид хоёрыг гэрт нь очих үед Г гэртээ О-тэй хамтдаа хоёулхнаа байсан. Д бид хоёр очих үедээ 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа архитай очсон. Бид дөрөв тэр архиа цуг нийлж ууж сууцгаасан. Тэр үед Г болон О хоёр гэнэт хэрэлдэж маргалдаад хоёр бие биетэйгээ барьцалдаж авсан. Тэр хоёр барьцалдаж байгаад О ууж байсан архины шилийг гараараа хагалаад Г-ын цээж гэдэс хэсэгт нь зүсчих шиг болсон. Тэрний дараа би тэр хоёрыг болиулж салгасан. Салгах үед О-ийн гар нь зүсэгдчихсэн байдалтай, Г-ын цээжнээс нь цус гарч байсан. О тухайн үйл явдлын дараа шууд гэрээс нь гараад яваад өгсөн. Ганбаатарын цээжнээс нь цус гараад байхаар нь би цамцаар нь цээжний цусыг тогтоосон. Би тэр үед гар утсаараа түргэн тусламжид дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа удалгүй түргэн тусламж хүрч ирж Г-ыг үзээд яаралтай эмнэлэг рүү авч явсан. Түргэний араас бас цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар Д бид хоёрыг авч явсан. Цагдаа нар бид хоёртой цуг О-ийг хайж хажуу хөрш айлаас нь олж бид гурвыг эрүүлжүүлэх байранд оруулсан..." гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн танил дүү болох М-ийн гэрт нь би ганцаараа явж очсон. Би М-той уулзаад Г-ын гэр лүү хамт явсан. Бид хоёр гэр лүү нь явж байхдаа хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи авч очсон. Бид хоёр Г-ын гэрт нь очих үед Г гэртээ О-тэй хоёулаа юм яриад сууж байсан. Бид дөрөв уулзаад хамтдаа 1 шил архиа хувааж ууж сууцгаасан. Архиа уугаад дуусахын даваан дээр Г, О хоёр нэг зүйлээс болж хоорондоо маргалдаж хоорондоо барилцаад авсан. Тэр хоёр хоорондоо барилцаж байгаад О тэр үед ууж байсан Хараа архины шилийг хагалаад хагархай шилний хэсгээр Г цээжин хэсэгт зусчих шиг болсон. Тэрний дараа М тэр хоёрыг салгаж болиулаад салсныхаа дараа О гэрээс нь гараад яваад өгсөн. Тэр үед М бид хоёр үлдээд Г-ын цээжнээс нь гарч байсан цусыг тогтоож барьсан. М тэр үед түргэн тусламжид дуудлага өгч удалгүй түргэн болон цагдаа нар ирээд түргэн тусламж Г-ыг авч явж цагдаа нар бид хоёрыг авч явж О-ийн гэрээр нь очоод хайтал О гэртээ байхгүй харин хажууд талын айлдаа байсан. О-ийг аваад бид гурвыг цагдаа нар эрүүлжүүлэх байранд хүргэсэн..." гэх мэдүүлэг /хх 24-25/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн .............. дугаартай "...Г.Г-ын аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч элэг, нойр булчирхай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 28-29/

Шүүгдэгч И.О-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзынхаа биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

 

3. Хохирогчийн биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу цээжин тус газар нь архины шилээр 1 удаа хатгасан үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээр давхар тогтоогдсон байна.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгоно. Зэвсэг гэдэгт халуун хүйтэн хийн бүх төрлийн зэвсэг хамаарахаас гадна хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц хайч, сэрээ, сүх, отвёртка, хүрз, өрөм, лоом, гал тогооны болон болон сахлын хутга, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл зэрэг багтана.

Хавтаст хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлвэл шүүгдэгч И.О нь санаатайгаар архины шилийг хагалж, ир үзүүртэй болгож бэлтгэн улмаар тухайн шилээр хохирогчийн цээжин тус газар нэг удаа хатгасны улмаас Г.Г-ын эрүүл мэнд хүнд хохирол учирсан байх тул улсын яллагчаас зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч И.О-ийн шилээр хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч И.О нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.    

  5. Иймд улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч И.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...1.350.000 төгрөгийг дансаар, 990.000 төгрөгийг бэлнээр шүүгдэгчээс авсан. Цаашид гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г нь 2.957.297 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан /хх 47/ байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч И.О нь төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч И.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-оос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өндөр настай ээжийгээ асардаг, 2 охинтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг. Зан аашны хувьд төлөв даруу хүн байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү...” гэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан.

Шүүгдэгч И.О-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан, хүнд гэмт хэрэг.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд санаатайгаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч И.О-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт И-ийн О /РД:............./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.О-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч И.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч И.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЧАНЦАЛНЯМ

 

             ШҮҮГЧИД                                     С.БАТГЭРЭЛ

 

                                                                       М.ТҮМЭННАСТ