Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/00743

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/00743

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Бл, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016.03.24-ний өдөр Э.Этай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг түр хугацаанд 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож уг мөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээг байгуулахдаа зээлийн гэрээ, мөн барьцааны гэрээ нийж нотариатаар батлуулсан. Барьцаа хөрөнгөд түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгосон. Хариуцагч Э.Э нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч байхад надад нэг ч төгрөг төлөөгүй байна. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч тооцоо хийхгүй намайг маш их хохироож байна. Иймд тус гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 7 875 000 төгрөг, нийт 23 625 000 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Тыг танихгүй. Харин би 2016 оны 3 сард зээл чөлөөлөх зарын дагуу Мөнхжаргалтай холбогдож Тэрх капитал ББСБ-д уулзсан. Мөнхжаргал ирэхдээ нэг залуутай ирснийг би хувьдаа нөхөр нь гэж бодсон. Тэр хүн нь Н.Т байсан. Эхлээд миний ББСБ-ын 15 000 000 төгрөгийг тэд төлж өгсөн. Надад бэлнээр 15 000 000 төгрөгийг тоолж гарт болон дансанд хийгээгүй. ББСБ-ын кассанд тэд тушаасан. Дараа нь нотариат орж зээлийн гэрээг Түмэнжаргалтай хийх гэнэт болчихсон. Би 15 000 000 төгрөгийг Түмэнжаргалд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байгуулагдсан. Миний бие уг мөнгийг багаар төлөх сонирхолтой байсан боловч Түмэнжаргал надаас хүү, алданги гээд их хэмжээгээр нэхдэг байсан. Иймд бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул Түмэнжаргалын нэхэмжилж байгаа зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 625 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 15 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийн хүү 750 000 төгрөг, алданги 7 875 000 төгрөг, нийт 8 625 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Э.Э нарын хороонд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай, 5 хувийн хүү төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн хоногийн 0.5 хувиар бодож алдангийг тооцох үүргийг зааж гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигч талуудын тайлбар, гэрч Ш.Мөнхжаргалын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч Н.Таас бэлэн мөнгө 15 000 000 төгрөгийг аваагүй, харин Тэрх капитал ББСБ-д миний төлөх ёстой зээл, хүүнд нийт 15 000 000 төгрөгийг төлж, барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлж, түүнээс гараад нотариат орж 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн талаар зээлийн гэрээг хийсэн тул уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Э.Э нь Тэрх капитал ББСБ-аас зээлсэн үндсэн зээл болон хүүнд нийт 15 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд уг зээлийг нэхэмжлэгч Н.Таас 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлэн авч төлсөн үйл баримт нь гэрч Ш.Мөнхжаргалын мэдүүлэг, зохигчдын өөрсдийнх нь тайлбараар хөдөлбөргүй нотлогдож байна.

Түүнчлэн Э.Э нь миний ББСБ-ын зээлийг хааж, барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлсний дараа бид гарч нотариат дээр очиж зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хийсэн гэсэн тайлбар нь хариуцагчийг зээлийн гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч Н.Т нь 15 000 000 төгрөгийг хариуцагч Э.Эд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагч буцаан өгөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч Н.Ттай 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээг байгуулж, 4 хоногийн хугацаа зааж, хүүг 5 хувиар тохиролцон тогтоож, гэрээг бичгээр байгуулсан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн байх тул нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н.Т нь 15 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч Э.Эд шилжүүлэн өгсөн нь нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Иимээс, нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийн 5 хувийн хүү 750 000 төгрөг зэргийг шаардах эрхтэй. Харин алдангид 7 875 000 төгрөг нэхэмжилснээс 7 500 000 төгрөгийг хангаж, үлдэх 375 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, түүний хүү 750 000 төгрөгийн нийт дүн 15 750 000 төгрөгөөс алдангийг 7 875 000 төгрөг гэж тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хэдийгээр дээрх хуульд алданги шаардах эрхийг зохицуулсан боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн алдангид тооцсон 15 750 000 төгрөгийн тооцоог үндэслэлгүй гэж дүгнээд үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс алдангийг тооцож 7 500 000 төгрөгийг хангаж, үлдэх 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний 2.6-д Хүүг үндсэн зээлийн хамт хугацааны эцэст бөөнд нь төлж дуусгана, 2.7-д Төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногийн 0.5 хувиар бодож алданги тооцно, 3.2-т гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй ба зээлдэгч гэрээг зөрчсөн болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Зохигч талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай ГД-0045563, Ү-2203003484 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, түүнчлэн барьцаалсан хөрөнгө нь зээлдэгч Э.Эгийн хамтран өмчлөх хөрөнгө болох нь гэрээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэгт авагдсан итгэмжлэл зэргээр /х.х-ийн 7-8 дахь талд/ тус тус тогтоогдож байна.

Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Барьцааны гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгч өөрөө зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэг 15 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 23 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Эгаас 23 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 375 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай.............  улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276100 төгрөгийн 276075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 274200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ