| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 186/2024/0787/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/346 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Г |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/346
2025 01 31 2025/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч М.Г
насанд хүрээгүй хохирогч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Д,
шүүгдэгч Г.Ө түүний өмгөөлөгч Т.Д нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г-ын Ө-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Г.Ө нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн урд замд ............ маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мопедыг мөргөж, тус мопедын жолооч болох М.Г, зорчигч болох насанд хүрээгүй М.Б нарыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, улмаар дээрх зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол, хохирогч нарын өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д-аас “...Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй. Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зүйлчлэл дээр маргаж оролцоно. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй...” гэжээ.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ө нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн урд замд Г.Н-ийн эзэмшлийн ......... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 1.4, “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас мопедыг мөргөж тус мопедын жолооч болох М.Г, зорчигч болох насанд хүрээгүй М.Бнарын эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан,
Улмаар дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т заасан “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл (хх 2),
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 3-8),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.273% (хх 8-10),
Мотоцикль, мопедын эвдрэл гэмтлийг нийт 1.250.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 47-49),
Самсуунг А-04ѕ загварын гар утасны эвдрэл гэмтлийг 350.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 53-55),
Айфони-15 маркийн гар утасны эвдрэл гэмтлийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-н 58-62),
Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн: "...Тухайн өдөр буюу 2024 оны 08 сарын 17-ны өдөр ах М.Г-ийн хамт мопедонд сундалаад явсан. Бид хоёр Баянзүрх дүүрэг ороод буцаад гэрлүүгээ харих гээд явж байхад Их дэлгүүрийн хажууд нэг машин хурдтай ирээд мөргөсөн, тэр үед би ахынхаа хамт газарт унасан, босож чадахгүй газар хэвтэж байхад машины жолооч машинаас буугаад ах бид хоёрыг ирж харчихаад цаашаа алхаад явж байсан. Тэгээд би ухаан алдсан сэрэхэд намайг тойроод хүмүүс овоорч байсан, би аав ээжрүүгээ залгаад өгөөч гээд тэнд байсан хүний гар утсаар ярьсан. Миний өөрийн гар утас тухайн үед эвдэрсэн холбоо барих боломжгүй байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирж ах бид хоёрыг аваад эмнэлэг явсан. Миний биед учирсан гэмтлүүд нь өсөлтийн яс хугарсан, зүүн хөлний дунд чөмөг хугарсан, биеийн бусад хэсгүүдэд шалбархай зулгаралт ихээр үүссэн. Нарийн шинжилгээнд орж амжаагүй байгаа... Би болон манай ах Г бид 2 хоёул хамгаалах малгайтай байсан мөн өвдөг тохойны хамгаалалт зүүсэн байсан..." гэх мэдүүлэг (хх 16-17),
Хохирогч М.Г-ийн: "...Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг .... дүгээр хороололоос гэрээсээ гараад төрсөн дүү М.Б-тай хамт 20 цагийн орчимд гараад Баянзүрх дүүрэг нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын хажуунаас хүнээс юм авчихаад төв замаар гэртээ харих гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй авто машины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зах хэсгээр зорчиж байсан тухайн үед Улсын их дэлгүүрийн явган хүний гарц таарах үед би хурдаа хасаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй цагаан өнгийн авто машин хурдтай ирээд миний унаж явсан мопедны хажуу талаас буюу зүүн талаас мөргөөд би дүүгийнхээ хамт газар шидэгдэж унасан. Тухайн үед босож чадахгүй байсан болохоор ар гэртээ мэдэгдсэн, мөн цагдаа эмнэлгийн байгууллагад хүмүүс мэдэгдсэн байсан. Одоогоор миний биеийн байдал дунд зэрэг босож чадахгүй байгаа, нуруу хугарсан мөн түнх мултарсан, сүүжний дунд яс хугарсан гэсэн оноштой байгаа. Биеийн бусад эд эрхтнийг нарийн шинжилгээнд оруулж амжаагүй байгаа, намайг нэг сар хэвтэрийн дэглэм сахих ёстой гэсэн болохоор эмнэлгийн байгууллагаар явж чадахгүй байгаа... Надад гомдол санал нэхэжлэх зүйл байна эм эмчилгээний зардалаа болон ажилгүй байх үеийн бүх нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Миний гар утас эвдэрсэн мөн сэтгэл санааны хохиролоо нэхэмжилнэ. Мопед бас эвдэрсэн байгаа..." гэх мэдүүлэг (хх 19)
Гэрч Р.С-гийн: "... Тухайн үед буюу 2024 оны 08 сарын 17-ны 16 цагийн орчим өөрийн найз Ө түүний ах О бид 3 хамт уулзаад хамт хоол идээд хоолны дараа пиво ууцгаасан пиво дуусгаад 100 грамм архи ууцгаасан. Тухайн газраас гараад миний ажлын газарт очсон байсан би ажлын байран дээрээ унтаж байгаад сэрээд Ө-ын гар утасруу залгасан тэгтэл манай ажлын байртай ойрхон байна гэж хэлээд би дахин Ө-тай уулзсан, тэр үед жолооч дуудсан боловч жолооч ирээгүй, харин Ө миний......... улсын дугаартай цагаан өнгийн бенк маркийн авто машиныг жолоодон Ө-ын ах О-ын байгаа газарлуу явах гээд хөдөлсөн тэр үед бид хоёр хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооны хүрдний ард Ө сууж байгаад улсын их дэлгүүрийн урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байгаад их дэлгүүрийн зүүн талын нэг урсгалтай авто замруу эргэх үйлдэл хийсэн тэр үед зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан 4-5 мотоциклтой хүнийг өнгөрөөгөөд үйлдлээ үргэлжлүүлэх гэтэл зүүнээс дахин нэг мотоциклтой хүн гарч ирээд авто машины урд хэсгийг ирж мөргөсөн мотоцикл дээр сууж явсан 2 хүн газарт унасан..." гэх мэдүүлэг (хх 21),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н-ийн: "...2024 оны 08 дугаар сарын 17-ны орой болсон зам тээврийн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Харин зам тээврийн осолд холбогдсон ......улсын дугаартай авто машин миний нэр дээр байдаг манай нөхөр Р.С-ийн машин байгаа юм, тухайн машиныг унаж хэрэглэх эрхийг бүрэн эзэмшдэг. Миний зүгээс тухайн машинд учирсан хохирол нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг (хх 24),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.02-ны өдрийн: “...М. Г-ийн биед зүүн сүүж ясны тогооны бяцарсан далд хугарал, түнхний үений мултрал, зүүн өвдөг, шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо гэх ..... дугаартай...” гэх дүгнэлт (хх 29-32),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.09.02-ны өдрийн: “...М.Б-ийн биед зүүн шаант ясны ил хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шуу, гуя, өвдөг, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална......... дугаартай...” гэх дүгнэлт (хх 37-40),
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаартай дүгнэлт (хх 71-75),
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр 06-ны өдрийн 77 дугаартай "...мотоцикльд ... шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна" гэх албан бичиг (хх 79),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Б-ийн 2024.08.29-ний өдрийн ...... дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" (хх 135-136),
Яллагдагч Г.Ө-ын: "...үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эм эмчилгээний зардалд өөрийн боломжоор одоогийн байдлаар 3.000.000 гараг төгрөг өгсөн байгаа, цаашид дахин эмчилгээний зардалд зарцуулсан нөхөн төлбөрийг гаргаж өгнө. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх 149),
Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч А.М-аас гаргасан хохирлын баримтууд (хх 153-177) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн замын хөдөлгөөнд оролцогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тааврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, тэмдэг тэмдэглэгээг давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь “............. машины жолооч мопедтой нэг том хүн, нэг хүүхэд мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.
Улмаар шүүгдэгч Б.Ө-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган мопедтэй зорчиж явсан хохирогч нарыг мөргөж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль /%/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /%/ илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг тус тус ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ө нь хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээний буюу 2.273 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь стандартын шаардлага хангасан драгер багажийн үзүүлэлт, баталгаажуулалтын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Г.Ө-ыг зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...машины жолооч машинаас буугаад ах бид хоёрыг ирж харчихаад цаашаа алхаад явж байсан. Тэгээд би ухаан алдсан сэрэхэд намайг тойроод хүмүүс овоорч байсан. Би аав ээжрүү залгаад өгөөч гээд тэнд байсан хүний гар утсаар ярьсан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Г-ийн “...Тухайн үед босож яадахгүй байсан учраас ар гэртээ мэдэгдсэн, мөн цагдаа эмнэлгийн байгууллагад хүмүүс мэдэгдсэн....” гэх мэдүүлэг, дуудлагын лавлагааны хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Ө нь дээр дурдсан зам тээврийн осол гаргасны дараа хууль, журамд заасан үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь осол гаргасны дараа сандарсны улмаас хэргийн газрыг орхиж явсан, санаатай орхиж зугтаагүй гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ө нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчид анхан шатны тусламж үзүүлэлгүйгээр хэргийн газрыг орхин зугтсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Г.Ө-ыг зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
5. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч М.Б нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ө нь эмчилгээний зардалд 2.700.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч нарын өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд 6.226.202 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, баримтаар тогтоогдож байна.
Мөн зам тээврийн осол гэмт хэргийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө устаж, гэмтсэний улмаас 4.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч нарын өмгөөлөгчөөс дээрх хохирлыг бодит бус, тухайн эд хөрөнгийг ашиглаж боломжгүй байх тул үнэлгээгээр бус үндсэн үнийн дүнгээр нэхэмжлэнэ гэх тайлбарыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь дээрх дүгнэлтүүд нь хууль журмын дагуу эрх бүхий байгууллагаар хийлгэсэн байх бөгөөд гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулахаар хуульчилсан. Иймд хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрх бүхий байгууллагын үнэлгээгээр тогтоох нь хуульд хийгээд шударга ёсны зарчимд нийцэж байна. Харин шинжээчийн ажлын хөлсний төлбөрт төлсөн 185.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хохиролд тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”гэж хуульчилсан.
Хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөрөө эрхлээгүй хугацааны буюу 6 сарын цалин хөлсний төлбөрт 15.577.682 төгрөг нэхэмжилсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 4 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй гэх нөхцөл тогтоогдсон тул 10.385.121 төгрөгийг хохиролд тооцох нь бодит байдалд нийцхээр байна.
Харин хохирогч нарын өмгөөлөгчөөс сэргээн засах эмчилгээний зардалд 12.000.000 төгрөг, сувилагчийн зардалд 900.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх боловч шүүхэд баримт ирүүлээгүй байх тул хохиролд тооцох боломжгүй юм.
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүнд хохирлын улмаас хохирогч нарт үүссэн сэтгэцийн эмгэг нь тус бүр дөрөвдүгээр зэрэглэлд хамаарахаар байна.
Энэ талаар хохирогч нарт танилцуулсан болох хавтаст хэргийн (132-133) дугаар талд авагдсан ба хохирогч нар болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэлээ.
Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогч М.Г-ийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 26.400.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 29.700.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч нарын сэтгэцэд учирсан гэмтлийн байдал, эдгэрэлт, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар, өвдөлт зовиур зэргийг тус тус харгалзаж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б нь 1.620.360 төгрөгийн, хохирогч М.Г нь 3.163.040 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч Г.Ө нь төлж барагдуулсан талаарх баримт (хх 185-190) авагдсан байна.
Хохирогч М.Г, М.Б нар нь төрсөн ах, дүү хоёр байх бөгөөд хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтууд нь хохирогч тус бүрээр ялгах боломжгүй, хохирогч нарын өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөрийг нэгдсэн байдлаар нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ө-тай осол гарах үед иргэний хариуцагч Г.Н-ийн нөхөр болох Р.С хамт мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдалтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоог шилжүүлж бариулсан нөхцөл байдал тогтоогддог тул иргэний хариуцагчаар хувь тэнцүүлэн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэх санал шүүхэд гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс хохирогч нарын гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нийт 74.296.224 төгрөгөөр тогтоож, тухайн хохирлыг шүүгдэгч Г.Ө, иргэний хариуцагч Г.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч М.Бг нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Өнь хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар хуульд заасан тав хоногийн хугацаагаар завсарлага авч улмаар энэ хугацаанд 7.000.000 төгрөгийг хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид төлж, барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
6. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх саналыг тус тус гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Улсын яллагчаас хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгаа нөхцөл байдал нь шүүгдэгчийг тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгаа нөхөн төлөх, хохирогчид хохирол төлбөрөө нөхөн төлөх боломж нөхцөлийг хангах үүднээс тэнсэх, нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бол,
Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Д-оос “...Г.Ө-тай хувь хүний хувьд яахаа алдсан аймшигтай хүн биш юм байна гэж ажиглагдаж байгаа. Хохирлоо нөхөн төлөх гэж хичээж байгаа. 2 газар өгөхөөр санал болгосон бөгөөд газрыг нь очиж үзсэн. Өнөөдрийн байдлаар авах боломжгүй байна. Хохирлоо төлнө гэдгээ амлаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 9 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Хохирлыг 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахыг даалгаж өгнө үү. Заавал нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д-аас “...Шүүгдэгч нь 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлыг боломжоороо төлж байгаа. Мөн 2 газрыг шилжүүлэхэд бэлэн байгаа. Прокуророос гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж ялын санал гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн ялын саналыг дэмжиж оролцож байна. Согтолт өндөр байсан учир ухамсарлах чадвар алдагдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Г.Ө-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан хохирогч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Г.Ө-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөрийг төлөх нөхцөл боломжийг хангах үүднээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, хуульд зааснаар хохирол төлбөрийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Бусад асуудлын талаар:
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн багалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Г-ын Ө /РД:............./-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар З овогт Г-ын Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Г-ын Ө-ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ө-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял хүлээлгэх болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ө-аас 30.148.112 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Н-гээс 37.148.112 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч Г.Б нарт олгосугай.
8. Хохирогч М.Г, насанд хүрээгүй хохирогч Г.Б, иргэний хариуцагч Г.Н нарын иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирол төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
10. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ