| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 186/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/381 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Н |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/381
2025 02 04 2025/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Л-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар (товч утга):
Шүүгдэгч Б.Л нь Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг, зуслангийн замд 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Hyundai Porter” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Л нь Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг, зуслангийн замд үйл ажиллагаа явуулдаг ....... гэх нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн замд 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 цаг 42 минутын орчимд “Hyundai Porter” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Жижүүрийн шуурхай дуудлагын 102 дугаарын утсанд ирсэн “....... машин хүн мөргөсөн...” гэх дуудлага, мэдээлэл (хх 3),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт асфальтан, шулуун тэгш, зам нойтон, цаг агаар бороотой, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ. хашлагатай, хайсгүй, явган хүний замтай, явган хүний гарцгүй зам байв... гэх (хх 06-11),
Жолоочийн согтуурлыг шалгасан "... Жолооч Б.Л-ийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй..." гэх тэмдэглэл (хх 05),
Явган зорчигчийн согтуурлыг шалгасан "... Д.Н-ийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 2.220% үзүүлэлттэй..." гэх тэмдэглэл, (хх-05),
Хохирогч Д.Н-ийн "... Би тухайн өдрийн 19 цагийн орчимд 7 буудалд дээврийн төмөр хийж байсан ажлаа хийж дуусаад хамт ажилладаг Б гэх залуутай барилгачдын баяр гээд 1 шил архи авсан байснаа талыг нь уугаад Шадивлангийн автобусанд суугаад Бүрнээгийнд очихоор болсон тэгээд автобусанд юм ярьж яваад буудлаа өнгөрөөд явчихсан байсан болохоор автобуснаас буугаад буцаад зуслангийн замаар хойноос урагшаа 2,3 буудал алхсан, тэгэхэд бороо ороод эхэлсэн, тэгээд замын эсрэг талд дэлгүүр байхаар нь орж нөмөртэй газар зогсохоор замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарцгаасан, тэрнээс өмнө Б замдаа мөн танихгүй залуутай таарсан тэр хоёр түрүүлээд зам хөндлөн гарсан би араас нь зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн. Ослын дараа ухаан ороход би нэг машины урд сууж байсан, намайг драгер үлээлгэж байсан тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан... Би машин ирж байгааг хараагүй..., Гарц байгаагүй, дэлгүүр харагдахаар нь норохоос өмнө гээд л зам хөндлөн гарч явахдаа мөргүүлсэн ослын улмаас миний зүүн далны яс цууралттай гэж хариу гарсан.... Миний эрүүл мэндтэй холбоотой эмнэлгээс эм бичиж өгсөн би эмээ авах гээд мөнгөгүй байгаа болохоор авч чадаагүй явж байна, тийм болохоор гарсан зардал байхгүй байна.... Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилж байна, надад учирсан хохирлыг жолооч төлчихвөл гомдол санал байхгүй...." гэх мэдүүлэг (хх 14)
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Д-ын "... Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад нөхөр Б.Л-ийн хамт Ар гүнтээс Улаанбаатар хот руу хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тухайн үед нөхөр миний эзэмшлийн Х.Портер маркийн ...........улсын дугаартай автомашиныг жолоодоод би зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Тэгэхэд эсрэг урсгалд хурц гэрэлтэй машин явж өнгөрөөд зөрөхөд зам дээр хүн зам хөндлөн гарч яваа нь машины гэрэлд харагдсан тэр үед нөхөр тоормос гишгээд баруун гар тийш рулээ дараад би ч хүн явж байна гэж орилоход машины зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд зогссон. Нөхөр бол ойрын гэрлээ асаагаад явж байсан. Явган зорчигч зогсох шинжгүй шууд л алхаад ороод ирж байгаа нь харагдсан... Нөхөр маань хурдан яваагүй, би хянах самбар руу хараагүй учраас мэдэхгүй байна... миний машинд үнэлгээ хийлгэхэд 1.035.000 төгрөгийн хохирол гарсан... Хэргийн дүгнэлтээс хамаараад санал хүсэлтээ хэлнэ...... Нөхөр бол ойрын гэрлээ асаагаад явж байсан. Явган зорчигч зогсох шинжгүй шууд л алхаад ороод ирж байгаа нь харагдсан... Нөхөр маань хурдан яваагүй, би хянах самбар руу хараагүй учраас мэдэхгүй байна.. дүгнэлтийн хариу гарахаар санал хүсэлтээ хэлж шийдвэр гаргана..." гэх мэдүүлэг (хх 20, 23),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Д-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .......... дугаартай "...Д.Н-ийн биед зүүн далны тогоо, хүзүү, гадна ирмэгийг дайрсан ташуу, зөрүү багатай сэлтэрсэн хугарал, зүүн хацар, хамрын хянга, нуруу хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо" дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх 75-77),
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн .......... дугаартай “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормос болон зогсоолын тоормос зогсоогүй, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 62-69),
Мөрдөгчийн ........дугаартай магадалгаа (хх 91-92) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.
Улмаар шүүгдэгч Б.Л замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган явган зорчигч Д.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Л нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан гэх үйл баримт тогтоогдож, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал байх боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Б.Л-ийг зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
4. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхэд хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгчээс хохирлын төлбөрт 660.000 төгрөг төлж барагдуулсан байна. Түүнчлэн хохирогч Д.Н нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хх 16) бичгээр ирүүлсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н нь 1.035.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Б.Л төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
5. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал зэргийг харгалзан нийгэмшүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Б.Л-д торгох ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн багалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Л /РД:............/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ