2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар   2025/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025       02          10                                         2025/ШЦТ/439

 

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ны Э-т холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б танхимд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Сүхбаатар дүүргийн....дугаар хороо, Арслантай гүүрний явган хүний гарцан дээр 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 14 цаг 54 минутын орчимд ............. маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас С.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.О-оос Хавтаст хэргээс (хавтаст хэргийн 24 дүгээр тал), (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), (хавтаст хэргийн 34 дүгээр тал), (хавтаст хэргийн 105-106 дугаар тал), (хавтаст хэргийн 132 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  гэм буруу дээрээ маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  шүүгдэгч Ж.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Арслантай гүүрний явган хүний гарцан дээр 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 14 цаг 54 минутын орчимд ..........маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" мөн дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч С.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх 17-21),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ын "... Би осол хэрхэн болсон талаар мэдэхгүй бөгөөд охин над руу 15 цаг өнгөрч байхад над руу залгаад машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн... Охины зүүн хөл нь бага зэрэг өвчтэй байгаа, гипс тавиулсан байгаа, бусдаар биеийн байдал нь хэвийн байна... Охины эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг жолооч бүрэн төлсөн байгаа.... Охины биеийн байдал хэвийн гайгүй байна мөн жолооч талаас хохирол төлж барагдуулсан тул бидэнд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна, ослыг хурдан шийдүүлмээр байна хөдөө орон нутагт байдаг болохоор хүндрэлтэй байна.... гэх мэдүүлэг (хх 23-24)

Насанд хүрээгүй хохирогч С.А-ийн: "... Би тухайн өдрийн 15 цагийн орчимд Олимпиадын шалгалтаа өгчихөөд хоол идэхээр Багшийн дээдийн зүүн урд байдаг арслантай гүүрний явган хүний гарцаар замын хойноос урагш чиглэлтэй алхаж явахад миний баруун гар талаас нэг машин мөргөөд, би газар унасан, миний зүүн хөлөн дээгүүр намайг мөргөсөн машины урд дугуй нь гарчихсан. Тэр машины жолооч нь эрэгтэй хүн байсан бөгөөд машиндаа ганцаараа байсан. Ослын дараа би босоод алхах гэтэл алхаж чадахгүй байсан тэгээд жолооч ах намайг өргөөд машиндаа суулгасан дараа нь түргэний машин болон цагдаа нар ирсэн. Би түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан... Миний зүүн талын хөл шагай хэсгээр өвчтэй байна..." гэх мэдүүлэг (хх 27-28),

 Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л. Т-ийн: "... ........ маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав Ж.Э надад 2024 оны 04 дүгээр сард худалдан авч өгсөн, миний эзэмшлийн автомашин байгаа юм.... би ослын талаар мэдсэн 04 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагаас залгаад ослын талаар мэдэгдсэн... хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна... надад автомашинтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хх 37),

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн "...дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.А эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас үзлэгт 20,000, яаралтай тусламж 196,380 төгрөг нийт 216,380 төгрөгийг гэм буруутай этгээдээр төлүүлж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү. " гэх мэдүүлэг (хх 48-49),

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5828 дугаартай “С.А-н биед зүүн тавхайн 2, 3 дугаар хурууны өлмийн шивнүүр ясны суурь хэсгийн зөрөөгүй далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хх 59-60),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №.... дугаартай “С.А-ийн биед зүүн хөлийн 2-3-р хурууны өлмий ясны зөрөөгүй хугарал, зүүн хөлийн шагайн үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт (хх 72-75)

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Жолооч Ж. Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", мөн дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна..." гэх магадлагаа (хх 97),

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл "...Ж-ны Э /.........../ нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний эрх хасагдсан" гэх лавлагаа (хх 108-119) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн замын хөдөлгөөнд оролцогч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг  хориглоно, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь “.......... машины жолооч хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.

Улмаар шүүгдэгч Ж.Э-гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

4. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгохоор хуульчилсан. 

Шүүгдэгч Ж.Э нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа,  зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Э-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, төлбөрийн талаар:

5. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад  баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ч шүүгдэгч Ж.Э нь эмчилгээний зардалд 9.800.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хэн аль нь мэдүүлсэн байна.

Мөн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.А нь 216.380 /хоёр зуун арван зургаан мянга гурван зуун наян/ төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч Ж.Э нь төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч  С.А нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох ялын санал гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.О-оос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Дээрх гэмт хэрэг нь гэмт хэргийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг. Миний үйлчлүүлэгч хохирлоо сайн дураараа төлсөн мөн хохирогч америк руу сурахаар явсан байгаа. Байнгийн холбоотой байсан. Миний үйлчлүүлэгч цагдаагийн байгууллалгат 24-25 жил ажиллаж байгаа. 24/72 ээлжээр ажилладаг. Анхнаасааа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлага хүлээвэл цаашдаа ажлаасаа чөлөөлөгдөж мөн 36 сарын мөнгө авах эрх нь хаагдана. Иймд хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, өөрийн үйлдэл, үр дагаварт хандаж буй хандлага, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.  

 

Бусад асуудлын талаар:

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн дүрс оношлогооны хариу бүхий 2 ширхэг сидиг хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн багалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ны Э /РД:............../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э-гийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Насанд хүрээгүй хохирогч С.А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс оношлогооны хариу бүхий 2 ширхэг сидиг насанд хүрээгүй хохирогч С.А-д буцаан олгосугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЧАНЦАЛНЯМ