Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

хохирогч С.Н-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.м овогт Б-н Т-д холбогдох эрүүгийн 2413002350349 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.м овогт Б-н Т-, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, турк-араб хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц- сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЖ...........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Н-ээс эхнэрээ хардаж чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “...хохирогчийн олон жилийн өмнөөс надад хийж байсан зүйлс нь миний гар утсан дээр байгаа. Хохирогч архи ууж аваад намайг ална, тална гэдэг. Харин тухайн өдрийн хувьд хохирогч над руу утсаар залгасан. Би машин засаж байхад намайг ална гээд дахин дахин залгасан. Тэгэхээр нь тухайн дугаарыг шалгаж үзэхэд өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Тэр хүний гэрийн гадаа хайж очсон. Эхнэртэйгээ хамт ирээрэй гэхээр нь эхнэртэйгээ хамт очсон. Тэрнээс 2 минутын өмнө хохирогчийн төрсөн ахын гэрт очиж, тэр үед хохирогчийн дугаарыг нь олж, тэнд уулзахаар дуудсан. Тэр үед хохирогч эхнэрийнхээ дүүгийн машинаар эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Ирэхдээ хохирогч согтуу байсан. Бид хоёр зодолдож байхад намайг эхнэр маань барьж авч, чирч авч явж байхад хохирогчийн эхнэр нь бид нар луу чулуу шидсэн. Тэгэхээр би нэг чулуу авч шидсэн. Тэр үед хохирогч газар унасан. Тэр үед явахдаа би машины урд талыг шүргэж өнгөрч, цагдаад очсон. Цагдаагийн албан хаагч намайг үлээлгэж, бүртгэж, цаас авч, тэр дагуу прокурорт ирээд өгсөн.

...хохирогчид 8 сая төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй”. гэв.

2. Хохирогч С.Н- мэдүүлэхдээ: “...тухайн хэрэг болдог өдөр залгасан маань үнэн. Тэгээд би явж байхад шүүгдэгч өөрөө залгасан. Шүүгдэгч миний эхнэрийн дугаарыг мэддэг байсан. Манай ахын гэрээс очиж миний дугаарыг авсан гэж байгаа нь худал зүйл. Манай дугаарыг мэддэг байсан. Дэнж дээр эхнэр бид хоёр явж байсан. Машин зогсох гэж байхад ирээд чулуу шидсэн. Шидсэн чулуу нь машин дотор орж ирсэн. Би бууж очиход чулуугаар цохисон. Гарт нь отверка байсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Би газарт унаж, намайг эхнэр маань босгож байхад шүүгдэгч машинаа унаж, миний машиныг шүргэж, яваад өгсөн. Эхнэрийн хэлснээр тухайн үед явж байгаад дараа нь шүүгдэгч өөрийн эхнэрээ зодож, үүнийг манай эхнэр зодсон гэж цагдаад мэдэгдсэн байна. Эхнэр маань тухайн үед жирэмсэн байсан. Хүн зодох ямар ч боломжгүй байсан.

…эмчилгээнд гарсан зардлууд ойролцоогоор 8 сая төгрөг гарч байгаа. Яг нарийн тооцоолоогүй байгаа.

…шүүгдэгчээс өгсөн 8 сая төгрөгийг бэлнээр авлаа” гэв.

3. Эрүүгийн 2413002350349 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн А.А-аас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн талаар харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/, хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 109 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е-ын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, яллагдагч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, шүүгдэгч Б.Т-ы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд, хохирогч С.Н-ийн эмчилгээ хийлгэсэн, төлбөр төлсөн тухай нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

5. Хэргийн үйл баримт

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Н-ээс эхнэрээ хардаж чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

5.1. Иргэн А.А-аас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн талаар харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

5.2. Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Ц- сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Пирус-20 загварын тээврийн хэрэгслээр сумын төвд явж байхад нэг танихгүй дугаараас “би Б-н Т- байна, хаана байна, уулзах ажилтай” гэж хэлсэн. Тэгээд би суманд байна гэж хэлсэн. Гэтэл утасны цаанаас надруу хандаж “чамайг уулзаж байгаад ална, энэ тэр” гэж заналхийлж янз бүрийн хорио үгээр дарамталсан. Тэгээд би утсаа тасалчихсан. Гэтэл дахин утсаар Б.Т- нь над руу залгасан ба “уулзах уу, эхнэрээ дагуулж сумын доод дэнж рүү хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ямар учиртай залуу бэ гэж бодоод эхнэр болох Т.Н-ыг утсаар дуудаж, дүүгийн машинаар эхнэрээ дагуулж Б.Т-ы дуудсан газарт түүний машин байгаа газарт яваад очсон. Гэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл зогсоод миний бие машинаас буугаад очтол нөгөө Б.Т- нь миний машин руу чулуу шидсэн ба шидсэн чулуу нь машины онгорхой цонхоор ороод ирсэн, тэр үед би машинаас буугаад нөгөө залуу руу явж байхад тэр залуу над руу шууд хүрч ирээд чулуу атгасан баруун гараараа миний зүүн шанаа тус газарт цохиж унагаасан ба тэр үед би ухаан алдаж, толгойноос цус гараад газар унасан байна лээ.

...Б.Т- машинаас бууж ирээд над руу чулуу шидсэн. Тэгээд би машинаасаа буугаад очтол миний толгой руу чулуугаар цохиж намайг ухаан алдуулсан. Би гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна.

...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/

5.3. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е-ын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 692 дугаартай “1.Иргэн С.Н-ийн биед гавал тархины гэмтэл, гавал ясны хугарал, зүүн талын зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал, зүүн чамархай хэсэгт оёдолтой шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

5.4. Яллагдагч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... газраас чулуу аваад Нурдаулет рүү шидсэн бөгөөд оносон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан газар унасан байсныг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Т-ы үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн учруулсан хохирлыг гаргуулан хохирогчид олгох” дүгнэлтийг, шүүгдэгч Б.Т-аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлыг төлөхөөр 8.000.000 төгрөгийг бэлэн авч ирсэн” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “шүүгдэгч Б.Т-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

7. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

9. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

10. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Н-ээс эхнэрээ хардаж чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд “гавал тархины гэмтэл, гавал ясны хугарал, зүүн талын зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдал, зүүн чамархай хэсэгт оёдолтой шархтай гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

11. Шүүгдэгч Б.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-аар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилжээ.

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан байна.

15. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч С.Н- нь “эмчилгээнд гарсан зардлууд ойролцоогоор 8 сая төгрөг гарч байгаа. Яг нарийн тооцоолоогүй байгаа” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирогч С.Н-эд гэмт хэргийн хор уршигт 8 сая төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан.

16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Б.Т- нь хохирогч С.Н-ээс нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршиг болох 8,000,000 төгрөгийг бэлнээр хохирогч С.Н-эд хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Б.Т-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

17. Харин хохирогч С.Н- нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг цаашид эмчлүүлэх, үүнтэй холбоотой олох байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршиг, бусад зардлыг шүүгдэгч Б.Т-аас нэхэмжлэх бол нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх дүгнэлтийг,

19. Хохирогч М.Нурдаулетээс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

20. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “…шүүгдэгч Б.Т- нь өөрийгөө илчилсэн, хохирлыг төлж өгсөн тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай тул 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

22. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

23. Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

24. Шүүгдэгч Б.Т-ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд 1985 онд төрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

25.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

26. Шүүгдэгч Б.Т- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

29. Шүүгдэгч Б.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

30. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.м овогт Б-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрйн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Н- нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг цаашид эмчлүүлэх, үүнтэй холбоотой олох байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршиг, бусад зардлыг шүүгдэгч Б.Т-аас нэхэмжлэх бол нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах , “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ