| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03554/И |
| Дугаар | 181/ШШ2018/02439 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2018/02439
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2018/02439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , Тэпэ ХХК /-д холбогдох,
1,450,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай
1,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь Т ХХК-ийн менежер Ш.Доржхандтай 2017 оны 10 сарын 12-ны өдөр утсаар холбогдон 6,000 ширхэг брошурыг нэг нэгжийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх, В ХХК нь үнэ хөлсөнд 3,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон.
Ингээд Ш.Д 2017 оны 10 сарын 12-ны өдөр оффис дээрээ дуудан уулзаж өмнө нь хийлгэсэн эх бэлтгэлээ өгч явуулан тэрхүү эх бэлтгэлийн дагуу тухайн үед хийж өгсөн цаасаар, өнгө загварын хувьд яг ижилхэн хийлгэхээр тохиролцож урьдчилгаа болгож 1,450,000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг бүх брошураа хүлээн авсны дараа төлөхөөр төлбөрийн баримт дээр гарын үсэг зуруулсан.
Гэтэл Тэпэ ХХК нь тохирсон хугацаандаа бус хугацаа хэтрүүлэн брошураа авч ирж анх тохирсон цааснаас өөр цаасаар хийж, тоо ширхэг дутуу, анх тохирсон эх бэлтгэлээс өөрөөр хийж ирснийг бид хүлээж аваагүй бөгөөд гарын үсэг зураагүй.
Иймд Т ХХК-тай холбогдон бид эд хөрөнгийн доголдолтой зүйлийг хүлээж авах боломжгүй байна гэж хэлэхэд өмнөх цаас нь байгаагүй учир та нарт мэдэгдэлгүй өөр цаасаар хийсэн юм гэж хэлээд утсаар ярих боломж олгоогүй.
Иргэний хуулийн 352.2.1, 355.1, 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж байна.
Иймд хариуцагч Т ХХК-иас 1,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
Манай компани хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 10 сарын 11-ний өдөр Волд кореа ХХК-тай харилцан тохиролцож 6,000 ширхэг брошурыг нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлыг хугацаанд нь хийж нийлүүлсэн билээ. Гэрээний нийт үнийн дүн 3,000,000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа төлбөрт 1,450,000 төгрөгийг шилжүүлэн авсан.
Одоо үлдэгдэл төлбөр 1,550,000 төгрөг дутуу байгаа боловч В ХХК нь төлбөрөө төлөлгүй урьдчилгаанд төлсөн 1,450,000 төгрөгөө буцаан шаардаж шүүхэд хандсан байна.
Манай байгууллага талуудын тохиролцсон ёсоор 6,000 ширхэг брошурыг зохих хугацаанд нь хийж нийлүүлсэн бөгөөд В ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хугацаа хэтрүүлж тохирсноос өөр цаасаар хийсэн, мөн анхны эх бэлтгэлээс өөрөөр дутуу хийж гүйцэтгэсэн зүйл огт байхгүй.
Бид анх тохиролцсон 157 граммын матт цаасаар брошурыг хийж гүйцэтгэсэн, мөн 6,000 ширхэгийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед тоо ширхэг дутуу байсан талаар ямар нэгэн маргаан гараагүй юм. Гэтэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүйн тулд ямар ч үндэслэлгүй шалтаг шалтгаанаар урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байна.
Манай компанийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 1,550,000 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Иймд В ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь Тэ ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ брошурыг тоо ширхэгээр нь чанарын шаардлага хангахуйц байдлаар хүлээлгэн өгсөн гэж дурдсан байдаг. Гэтэл Тэпэ ХХК-ийн хийж ирүүлсэн брошур нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна тоо ширхэг дутуу брошур байсан тул манай байгууллагын зүгээс хүлээж аваагүй юм.
Иймд Тэпэ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Волд Кореа ХХК нь хариуцагч Тэпэ ХХК-д холбогдуулан 1,450,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан 1,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг зохигч талууд эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр В ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тэпэ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талууд 2017 оны 10 сарын 12-ны өдөр амаар хэлцэл хийж, Т ХХК нь 6,000 ширхэг танилцуулга хэвлэх, Волд Кореа ХХК нь ажлын хөлс 3,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан захиалгын хуудас /хх-31-36х/-аар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь аливаа доголдолгүй ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Волд Кореа ХХК нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Тэпэ ХХК-д урьдчилгаа гэж 1,450,000 төгрөг бэлнээр өгсөн болох нь захиалагчийн Бэлэн мөнгөний зарлагын баримт болон ажил гүйцэтгэгчийн Кассын орлогын ордер-оор тус тус нотлогдож байна. /хх-6х, 7х/
Захиалгын хуудас гэх баримтанд А2 хэмжээтэй, 157 граммын матт цаасаар 6,000 ширхэг танилцуулга хэвлүүлэх, чанарт анхаарах, нэг бүрийг нь 500 төгрөгөөр тооцох тухай дурдсан байх ба танилцуулгын өнгө, загвар, хэвлэлийн эхийг тодорхойлсон байна.
Талууд өмнө нь танилцуулга хэвлэх, хэвлүүлэх харилцаанд орж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч талууд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, шүүх иргэний маргааныг шийдвэрлэхдээ төвийг сахисан буюу хөндлөнгийн байр сууринаас хандах бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг тус тус өөрөө нотлох үүргийг хүлээнэ гэсэн үг юм.
Талууд гүйцэтгэсэн ажлын хугацаа, тоо ширхэг, доголдлын талаар, мөн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан эсэх талаар маргаж байна.
Нэг. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Тэпэ ХХК-ийн Зарлагын баримт /хх-48х, 49х/-аар ажил гүйцэтгэгч нь харилцан тохиролцсон хугацаанаас 1 хоног хоцорч ажлыг гүйцэтгэсэн, харилцан тохиролцсон тоо ширхэгээс 30 ширхэг дутуу танилцуулга хэвлэсэн болох нь тогтоогдож байна.
Ажил гүйцэтгэх хугацааг ялимгүй хэтрүүлсэн, тоо ширхэг ялимгүй дутсан зэрэг нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахгүй байх эрхийг Волд Кореа ХХК-д олгохгүй учир дээрх үйл баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Хоёр. В ХХК нь өмнө хэвлэсэн цаасаар танилцуулга хэвлүүлэхээр тохиролцсон, өмнө нь 157 граммын цаасан дээр хэвлэсэн гэж хэлсэн учир захиалгын хуудаст 157 грамм гэж бичсэн хэмээн, Т ХХК нь өмнө 200 граммын цаасан дээр хэвлэсэн, 2017 оны 10 сарын 12-ны өдөр 157 грамм гэж бичсэний дагуу танилцуулгыг 157 граммын цаасан дээр хэвлэсэн гэж тус тус харилцан адилгүй тайлбарлаж байна.
Хэргийн 9-14-р хуудаст авагдсан танилцуулга /өмнө хэвлэсэн гэх/ болон 15-20-р хуудаст авагдсан танилцуулга /сүүлд хэвлэсэн гэх/ нь цаасны зузааны хувьд өөр өөр байгаа нь илт мэдрэгдэж байх боловч чухам аль цаас нь 200 грамм, аль цаас нь 157 грамм болох талаархи баримтыг зохигч талууд шүүхэд гаргаж өгөөгүй учир зохигч талуудын шаардлага, татгалзал нотлогдохгүй байна гэж үзнэ.
Гурав. ВХХК нь танилцуулгын өнгө будаг тод биш, үсэг бүрсийсэн зэрэг доголдолтой гэж тайлбарладаг бол Т ХХК нь чанарын шаардлага хангасан гэж маргадаг.
Аливаа танилцуулга нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэх үйлчилгээний талаархи анхны сэтгэгдлийг нийтэд илэрхийлдэг учир тухайн танилцуулгын өнгө будаг, загвар хийц ажлын чанарыг хэмжих гол үзүүлэлт болох учиртай.
Хэрэгт авагдсан захиалгын хуудас /хх-31-36х/ болон хэвлэсэн танилцуулга /хх-15-20х/-ыг харьцуулан үзэхэд гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хэвлэсэн танилцуулга нь анх захиалга өгөхөд тодорхойлсон танилцуулгын загвараас өнгө будаг тод биш, үсэг нь бүрсийсэн болох нь тогтоогдож байна.
Дээр дурдсан доголдол нь энгийн нүдээр харахад илрүүлэх боломжтой доголдол байх ба уг доголдлыг засах боломжгүй учир нэхэмжлэгч Волд Кореа ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Тэпэ ХХК-иас шаардах эрхтэй байна.
Дөрөв. Волд Кореа ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй, хариуцагчийн орхиод явсан тэр байдлаар агуулахад нь хадгалагдаж байгаа гэж тайлбарладаг бол Тэпэ ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан Т ХХК-ийн Зарлагын баримт /хх-48х, 49х/-д Тэпэ ХХК-иас н.Доржханд гарын үсэг зурсан, Волд Кореа ХХК-иас гарын үсэг зураагүй байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй хэдий ч доголдолтой ажлын үр дүнг хүлээн аваагүй Волд Кореа ХХК-ийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хэвлэсэн танилцуулгыг ажлын байранд нь орхиод явсныг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Тэпэ ХХК-иас 1,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Волд Кореа ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тав. 1,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүйд Волд Кореа ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул уг сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Зургаа. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.
2018 оны 11 сарын 23-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагч талд боломжит хугацаанд буюу 2018 оны 11 сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь холбогдох Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримтаар нотлогдож байна.
Иймд хариуцагч талыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Долоо. Хариуцагч тал хэргийн материалтай танилцаагүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тухайд.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, хэргийн материалтай танилцах эрхтэй учир шүүх хэргийн оролцогчийг хэргийн материалтай албадан танилцуулж болохгүй бөгөөд энэхүү эрхээ эдлэх эсэх нь хэргийн оролцогчийн өөрийн хүсэл зоригийн асуудал байна.
Хариуцагч тал 2017 оны 01 сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцсан байх бөгөөд үүнээс хойшхи хугацаанд зохигч талуудаас шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Найм. Хариуцагч Тэпэ ХХК нь нэхэмжлэгчийн оффист орхиод явсан гэх хайрцаг бүхий 5,970 ширхэг танилцуулгыг буцаан авахад энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар Тэпэ ХХК-иас 1,450,000 төгрөг гаргуулан Волд Кореа ХХК-д олгож, Волд Кореа ХХК-иас 1,550,000 төгрөг гаргуулах тухай Тэпэ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөг болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэпэ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 38,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Волд Кореа ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР