Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2022/0022/З |
Дугаар | 112/ШШ2022/0033 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 112/ШШ2022/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-******* аймгийн ******* сумын иргэн Б.Ч
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э
Хариуцагч: Говь-******* аймгийн ******* сумын ******* Д.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Гуравдагч этгээд: Я.Т нарын хоорондын ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Д.Э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Я.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ч нь ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр маргаж байна.
2. Б.Ч нь ******* сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож мөн сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ажлаас халагдсан байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүлээн авч, тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие төрийн байгууллагад 24 жил, тухайн байгууллагын удирдлагаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. 2020 оны сонгуулиас хойш нам болон улс төрийн зорилгоор ******* сумын ******* Д.Этай үл ойлголцож ажил явуулахад бэрхшээлтэй болсон. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 28-нд ажлаас халах захирамж гаргасан. 04 дүгээр сарын 01-ний өдөр сумын ******* бүх нийтийн хог цэвэрлэгээнд гаргасан. Тухайн үед 5 дахь өдөр байсан. Бид нар системд ирц бүртгэх ёстой тул СӨБ хариуцсан мэргэжилтэнтэй би холбогдсон. Тэгээд яагаад ажиллаагүй юм бэ? гэж асуухад нь нийтийн хог цэвэрлэгээнд гарсан гэж хэлсэн. Тэгэхэд захирамж гарсан юм уу? гэж асуухад нь гараагүй байна гэж хэлэхэд нөхөж ажиллаарай гэж хэлсэн. Өмнөх өдрийн ирцээр явчхаад нэг бямба гаригт нөхөж ажиллаарай гэж хэлсэн тул 05 дугаар сарын 29-ны өдөр нөхөж ажилласан. 04 дүгээр сард сум орон нутгийн ажил их байсан тул 05 дугаар сард нөхөж ажилласан. Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж байгаа боловч би ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлд энэ талаар өргөдөл, хүсэлт өгсөн боловч ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Мөн ажлын байрны дарамт болон мөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг 05 дугаар сараас хойш сумын ******* нь манай байгууллагад ажилладаг тогооч эгчийнхээ өргөдлийн дагуу тоот бичиж Цагдаа, Авлигатай тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагад өгсөн байгаа. Үүний дагуу би шалгагдаж 09 дүгээр сарын 12-ны өдөр эцсийн шийдвэр гарсан байгаа. Мөн зарим зүйлүүд нь гүтгэлэг буюу нэг архичин байгаа мэт ярьж байна. Би холбогдох нотлох баримтыг өгсөн байгаа. Хариуцагч цагдаагийн байгууллагыг удаа дараа бичиг тоот өгч ямар нэгэн гүтгэлгээр хариуцлага тооцуулсан. Би ажиллаж байх хугацаандаа ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байсан. Мөн хамт олноос гэрчийн мэдүүлэг авсан байгаа буюу хамт олны сэтгэл ханамж байгаа.
Би баг ахалж 5 гишүүний бүрэлдэхүүнтэй жилийн эцсийн мал тооллогоор явсан. Тэгээд айлуудаар явж байхад хулгайгаар архи ууж, бид нарыг зодсон. Сумын Засаг даргын ахынд агсам тавьж зодоод байхад Мянганбуу ах та хэд явж ажлаа бод. Би энэ хүнийг энд аргалж унтуулъя гэж хэлсэн. Тэгээд сүлжээнд гарч ирээд Тамгын дарга сумын ******* руу ярьсан. Маргааш өглөө нь бид нар Тамгын газрын даргатай багаараа очиж уулзаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд Тамгын дарга жолоочоо явуулж авхуулсан гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уг захирамж нь Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Боловсролын тухай хууль, үр дүнгийн гэрээний хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхээр захирамжийн хүрээнд хуулийн дагуу үйл явдал, нөхцөл байдлыг няцаасан эрх зүйн зохицуулалтыг ярих нь тохиромжтой. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэх харилцааг цуцалсан. Миний үйлчлүүлэгчийн албан тушаалын ангилал нь төрийн үйлчилгээ, ТҮБД-5 цалинждаг. Ажил олгогч албан тушаалын тодорхойлолт зөрчсөн гэж үзсэн байна. Тэгэхээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахдаа хэрэг бүртгэлд ажлын байрны тодорхойлолт нотлогдсон талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдээгүй байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/51 дугаартай захирамжийн хавсралтад ажил албан тушаалын тодорхой стандартын шаардлага хэр нийцсэн талаар тайлбар хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт төрийн үйлчилгээний албан тушаал онцлог нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээнд үндэслэн ажиллахад миний үйлчлүүлэгчийн ажлын байр хамаарна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар боловсрол зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга орж байгаа тул миний үйлчлүүлэгч энэ зохицуулалтад хамаарна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ажил албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам дурдагдсан байгаа. Тэгэхээр ажил албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3.3 дахь хэсэгт албан хаагчийг шууд удирдах, нэгжийн дарга ажлын байрны тодорхойлолт байгуулж, 4.5 дахь хэсэгт зааснаар ажлын байрны тодорхойлолтыг хянаж, хуудас бүр дээр тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар Б.Чийн ажлын хариуцлагын эрх, үүрэг үүснэ. Мөн хариуцлагын эрхийг баталж тавьсан нотолгооны зүйл хавтаст хэргийн материалд байхгүй. Мөн 5.3 дахь хэсэгт эрх бүхий этгээд танилцаж бөглөнө гэж заасан байдаг. Тэгэхээр ажил албан тушаалын тодорхойлолтод гарын үсэг зуруулаагүй байж ажлын байрны гүйцэтгэх чиг үүргийг зөрчсөн гэж хариуцлага үүрүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ажил албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт гарын үсэг зурснаар ажлын хариуцлагын эрх үүснэ. Мөн биелэлтийг хариуцах үндэслэл тогтоогдоно. Албан тушаалын чиг үүрэгт гарын үсэг зуруулж албан тушаалд томилогдож байгаа этгээдэд танилцуулах үүрэгтэй. Тэгэхээр Б.Чээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байгаа нь хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд байгаа. Дээрх журмын 6.2 дахь хэсгийг зөрчсөн атлаа албан тушаалын тодорхойлолтын зорилго, чиг үүргийн 3.4 дэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Чийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалтыг ажил олгогчийн санаачлагчаар цуцалсан 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан зөрчсөн, түүнээс дээш гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байдаг. Мөн ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад хөдөлмөрийн гэрээнд тусгасан болон ажил албан тушаалын тодорхойлолтод хэрхэн дурдсан болон батлагдсан талаар хавтаст хэргийн материалд байхгүй. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилчдын сэтгэл зүйг дарамтад оруулсан зэрэг Монгол Улсын засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан боловч төрийн захиргааны үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.6 дахь хэсэгт зааснаар зохицуулагдах төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гомдол, мэдээллийн талаар дүгнэлт гарсан ямар нэгэн зүйл хэргийн материалд байхгүй. Мөн хавтаст хэргийн материалд маш олон нотлох баримт авагдсан нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор бүгд шалгагдаж, авлигын гэмт хэргийн шинжгүй гэдэг агуулгатай тогтоол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь авч үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслээгүй захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн захирамж гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн гол буруутгаж байгаа зүйл нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон улсын мал тооллогын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байгаа. Тэгсэн атлаа Б.Чийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цуцалсан байсан. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журмын ажлын байрны тодорхойлолт зөрчсөн бол архи уусан зөрчлийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод яаж тусгаж албажуулсан талаар нотлох зүйл байхгүй. Хэрэв зөрчил гаргасан бол ажилтанд мэдэгдэж тайлбар яагаад аваагүй юм бэ? Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгаа. Хэрэв миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод мал тооллогын ажил болон ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар явах ёстой байсан гэдэг өгүүлбэр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байхгүй байхад Монгол Улсын ерөнхийлөгчийн 1 жилийн өмнө болсон үйл явдлыг ажлаас чөлөөлсөн Б/12 дугаартай захирамжид оруулж захирамжилж байгаа нь утгагүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гарсан өдрөөс хойш зөрчил үргэлжилсэн тохиолдолд сүүлийн 6 сар нь өнгөрсөн байсан. Хэрэв ажил олгогч илрүүлснийг мэдсэн бол хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн зохицуулалт байгаа. Мөн сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 27.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгаа. Оролцогчоос тайлбар авах болон санал авах боломжийг хангах ёстой. Архи уусан гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй бол төрийн захиргаа болон ёс зүйн хороонд яагаад гаргадаггүй юм бэ? тэгээд дүгнэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан болон ажилдаа хайнга хандсан, төсвийн зохицуулалтыг буруу хийсэн зөрчлүүд нь прокурорт шалгагдаж тогтоолд Б.Ч нь ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа өөрөө аваагүй буюу байгууллагад ашигласан бол Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн ажлаас халах захирамжид хуулийн заалтыг дурдсан бол нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах хууль зүйн үндэслэлгүй. Шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр хянан шийдвэрлэж өгнө үү? нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай ******* сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгож Б.Чийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
6. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, 1.10 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг. Үүний 1.7 дахь хэсэгт төрийн албан хаагч нь албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх, тэсэрч дэлбэрэх шатахуун хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглох тухай заалтыг зөрчсөн.
Учир нь: 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ч нь сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллахдаа Баянцагаан багт 5 хонохдоо 3 хоногт нь архи ууж согтуурсан байсан. Энэ үйлдэл нь маш ноцтой тул цагдаад өгөхөд цагдаа өргөдлийг дарсаар шалгах хугацааг нь хэтрүүлсэн. Үүнийг цааш нь ярьвал сонгуулийн дүнд нөлөөлөх болон сонгуулийн өмнөх өдөр хүртэл архидан согтуурч бусад хүмүүсийг архи уухыг шахаж, шаардсан байсан. Мөн малын тэжээвэр амьтны улсын тооллогыг 2021 оны 12 дугаар сард ахалж ажиллах үедээ архидан согтуурч зөрчил гарган цуг явсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэг хүнийг хээр орхиж ирсэн. Тэгээд бид нар гар утсаар мэдэгдсэн тул Засаг даргын Тамгын газраас машин гаргаж, шатахуун зарцуулан үлдсэн нэг хүнийг авч ирсэн. Тэгэхээр Б.Ч нь 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар архи уусан алдаа дутагдлаа давтан 12 дугаар сард дахин гаргасан. Тийм учраас Б.Ч нь ажлын байранд байнга архидан согтуурдаг тул ажлын байранд тэнцэх боломжгүй үзсэн. Мөн холбогдох материалууд болон Засаг даргын Тамгын газраас хэдэн литр шатахуун зарцуулж, ямар хүнийг авчирсан зэрэг нотлох баримтууд хавтаст хэргийн материалд байгаа. Ажлын байрны хууль бус дарамт, шахалт болон ажилчидтай ялгаварлан ханддаг талаар тодорхой нотлох баримтыг гаргаж өгсөн. Хууль бус дарамт шахалт гэдэг нь ажилтан, алба хаагчдыг цар тахлын үед ажиллуулж, цалин бүтэн өгсөн буюу буцааж мөнгө авч өөр зүйлд зарцуулна гэж дарамталж шахдаг. Мөн ажилтан алба хаагч нарыг ялгавартайгаар хандаж, урамшуулал өгдөггүй талаар нотлох баримт хэргийн материалд хавсаргасан. Мөн ажилчдыг сэтгэлзүйн дарамттай ажиллуулах, саад болох, нөлөөлөх болон хууль бус үйлдэл хийхийг шаарддаг. Төрийн албан хаагч байгууллагын ажилтныг дарамталдаг, хууль бусаар мөнгө нэхдэг зүйл төрийн байгууллагад байж болохгүй талаар 258 дугаар тогтоолд байгаа. Хэрэв ийм зүй бус үйлдэлтэй цэцэрлэгийн эрхлэгч байвал цаашид энэ байгууллага ажиллахад хүндрэлтэй болно. Учир нь олон жил шахаж, шаардаж байдаг. Мөн хандив өгөхийг шаардсан нь тодорхой иргэдийн өргөдөлд тусгагдсан байгаа. Тэгээд ажилтныг гадуурхах асуудал буюу өөрийн эгч дүү хоёрын хүүхэд болох сургуулийн бичиг хэргийн ажилтныг цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтнаар хавсруулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Мөн 05 дугаар сарын 30-ны өдөр сонсох ажиллагаа явуулсны дараа бичиг хэргийн ажилтныг чөлөөлсөн байдаг. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу бусад ажилчдад нэг удаагийн урамшуулал олгодоггүй. Эдгээр зүйлүүд нь төрийн албанд ёс зүйн байх ёсгүй зүйлийг удаа дараа хийсэн тул Б.Чийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд захирамж гаргасан. Албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь удаа дараа гаргасан зөрчил болон 04 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэг ажиллаагүй байхад ажилласан гэж меню гаргасан зэрэг үйлдлүүд нь нотлогдож байгаа тул захирамж гаргасан. Би гаргасан захирамжаа бүрэн дүүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Ч гаргасан өргөдөл дээрээ улс төрийн зорилгоор ажлаас халсан тул мөнгө олгож өгнө үү? гэж бичсэн байдаг. Өнөөдөр өргөдөл дээрээ бичсэн улс төрийн зорилго гэдгийг яриагүй. Ямар зүйлийг улс төрийн гэж байгаа талаар нотлох баримт байхгүй. Мөн архи ууж байгаа асуудал нь удаа дараа гарч байгаа. Гурав дахь удаагаа зөрчил үйлдсэн бол хуулиараа зөрчлийн хэрэг үүсгэн торгож, эрхийг нь хассан. Тэгэхээр зөрчлийн хэрэгт холбогдсон хүнийг төрийн албанд ажиллуулах үндэслэлгүй гэж үзсэн. Мөн төсвийн хөрөнгийг өргүй зарцуулсан буюу 2021 онд хийсэн гэж ярьж байгаа боловч 2022 онд тухайн мөнгийг олно гэж хийсэн. Энэ нь яах аргагүй олон жилийн төрд дарга хийж ажилласан хүмүүсийн мөнгө идэж сурсан арга. Учир нь ажилтан алба хаагчдыг дарамталж 2021 онд хийсэн гэж ярьчхаад 2022 оны 03 дугаар сард мөнгөтэй болохоороо тийм зүйл ярьдаг. Тийм учраас Б.Ч нь төрийн албанд байж болохгүй ашиг сонирхлын зөрчилтэй. Мөн гуравдагч этгээдийн ярьж байгаа байнга дарамталж байсан хэрэв Б.Ч ялах юм бол бид нарыг ирж дарамтална гэж байгаа. Тэгээд 28-нд тушаал гарсан байхад тамга, тэмдгээ өгөхгүй 29-ний өдөр өгсөн. Мөн тамга, тэмдгээ өгөөд шууд дарамталсан асуудал байгаа. Тийм учраас бусдыг нөлөөндөө автуулж хууль бусаар юм хийхийг шаардаж дарамталдаг. Төсвийн шууд захирагчийн хувьд албан тушаалаа хэтрүүлж мөнгө авдаг болон тайлан тооцоо өгдөггүй. Тэгээд 2021 онд өр төлбөргүй гарчхаад 2022 ондоо мөнгө гаргасан гээд байж байгаа нь хаана ч байж болохгүй гэж кейс гэж үзэж байна. Тийм учраас миний гаргасан захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай ажлаас халах тухай захирамж нь хууль зүйн тодорхой үндэслэлтэй. Учир нь: 1 дэх заалтын үндэслэх хэсэг нь 5 хэсэгтэй байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сонгуулийн хэсгийн хороо ажиллахад удаа дараа архидан согтуурсан, улсын мал тооллогын ажлын хэсэгт ажиллахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн гэдэг нь нэг үндэслэл болно. Хоёрдугаарт ажилчидтай ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саатуулах, хууль бус үйлдэл хийхийг шаардах нь хоёр дахь үндэслэл болно. Гуравдугаарт хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах нь гурав дахь үндэслэл болдог. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан, мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнаагүй. Мөн төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон нь дөрөв дэх үндэслэл болно. Мөн албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах, албан тушаалын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж ажил олгогчийн зүгээс үзсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд сумын ******* төсвийн ерөнхийлөн захирагч болдог тул төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамжийг гаргасан. Уг захирамжийг гаргахдаа дээр дурдсан 5 зөрчилтэй холбогдуулан холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Албан тушаалын тодорхойлолт, зорилт чиг үүргийг нотлох баримт шинжлэн судлах үед нэмж тайлбарлана. Шүүхэд гаргаж өгсөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь холбогдох Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2018 оны 258 дугаартай тогтоол зэрэгт төрийн албаны сахилга хариуцлагын тогтоол буюу энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг тогтоолын хүрээнд төрийн алба сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын шийтгэлд тооцно. Зөрчлийн хамгийн хүнд хэлбэр болох ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагч буюу Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд эдгээр зохицуулалтууд орсон. Төрийн албаны тухай хуулийн 4.4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нь төсвийн шууд захирагч буюу байгууллага удирддаг албан тушаалтан. Байгууллагыг удирдагч албан тушаалтан гэдэг нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна байгууллагыг бүрэн төлөөлөх эрхийг эдэлдэг. Харин эрх эдэлнэ гэдэг нь үүрэг хариуцлагыг хүлээж байгаа агуулгыг илэрхийлдэг. Төсвийг ерөнхийлөн захирагчаас сумын засаг даргаас холбогдох зөрчлүүдийг удаа дараа гаргасан байна гэж үзэн тус захирамжийг гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь бодит нөхцөл байдалд нэг талаас төсвийн шууд захирагч буюу цэцэрлэгийн эрхлэгч ажил үүргээ гүйцэтгэж гарын үсэг зурж байгууллагыг төлөөлж байгаа. Нөгөө талаас сумын ******* тухайн хүнтэй ажил үүргийн хувьд албан тушаалын байдлаар харилцаж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн ерөнхий харилцаа үйлчилж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй боловч хариуцлагаас мултрах боломж байхгүй. Учир нь төсвийн шууд захирагчийн үүргийг тухайн цэцэрлэгийн эрхлэгч хэрэгжүүлж байгаа учраас нөгөө талдаа хариуцлага байх ёстой. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч хүмүүсийн хооронд эрх зүйн харилцаа явж байсныг харуулдаг. Тухайн эрх зүйн харилцаа явж байгаа боловч эрх зүйн харилцаа доголдож ирэхээр ерөнхий суурь хуулийн зохицуулалтыг барина. Түүнээс хөдөлмөрийн гэрээг одоо байгуулж, алдаа дутагдал гаргасан тул арга хэмжээ авна гэдэг ойлголт байж чадахгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн хувьд балын харандаагаар хувь тавьж дүгнээгүй явсан асуудал байгаа. Тэгэхээр дан ганц сумын Засаг даргын хариуцлага үүрэг биш. Хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулснаар урамшуулал авах зэрэг хариуцлага хүлээхээр цэцэрлэгийн эрхлэгч сумын *******д хандахгүй байхад сумын Тамгын газрын дарга дээр орж миний хөдөлмөрлөх эрх зүйн харилцаанд яагаад асуудал үүсээд байгаа талаар шахаж, шаардах эрх байсан. Тэгэхээр сумын төвд хэн хэндээ буруу өгч явсан нь өрөөсгөл ойлголт. Аль аль талдаа шаардлага тавьж гэрээ байгуулах ёстой байсан. Энэ хоёр хүний дунд сумын төсвийн шууд захирагчийн буюу Тамгын дарга байх ёстой. Энэ хүний ажил үүргийн уялдаа холбоо ямар байсан талаар маргаан бүхий асуудалд анхаарч үзэх нь зүйтэй байх. Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар тогтоолоор төсвийн ерөнхийлөн захирахыг сумын *******д олгосон байдаг. Энэ нь төрийн албаны зөвлөлөөс боловсруулсан албан тушаалын батлах бүрэн эрх нь байдаг. Энэ хүрээнд сумын ******* албан тушаалын тодорхойлолтдоо нэхэмжлэгчид хамаатай албан тушаалын тодорхойлолт баталжээ. Албан тушаалын тодорхойлолт нь шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах гэдэг чиг үүрэг нэмэгдэж орсон байгаа. Тэгэхээр энэ чиг үүргийн хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч буюу нэхэмжлэгч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид хуульд заасан чиг үүргийн хүрээнд өгч байгаа ажил үүрэг. Мөн хуульд заагаагүй хууль бус үйлдлийг даалгах үүрэг чиг үүрэг өгсөн бол өөрөө татгалзах бүрэн эрх нэхэмжлэгчид байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дэх хэсэгт заасан захиргааны акт үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн байх гэдэг агуулгаар тайлбарлахад хөдөлмөрлөх эрх зүйтэй холбоотой тухайн төсвийн шууд захирагчийн ажил үүрэг ямар явж байгаа талаар тухайн асуудал дээр захиргааны акт гаргах зайлшгүй шаардлага үүссэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж байгаа зөрчил гаргаснаас хойш ямар хугацааны дотор байх ёстой буюу зөрчил гаргасан сүүлийн хугацаанаас тоолоод үзэхэд зөрчил хангалттай байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа зөрчил гэж тогтоогдоод арга хэмжээ авагдсан хүн Монгол Улсын төрийн албанд болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажиллах нь хэр зохимжтой гэдэг нь тодорхой асуудал. Мөн урьдчилж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авахдаа мэдэгдэх боломжгүй байсан тухай яригдаж байна. Сонсох ажиллагааг сарын өмнө хийсэн байна. Сонсох ажиллагаа нь тухайн хүнд сарын өмнө мэдэгдэж байгаа нэг хэлбэр. Мөн өөрөө уулзаж захирамжийн талаар сонсоод явсан үйл баримт харагдаж байна. Тэгээд урьдчилаад сарын дотор танилцсан үйл баримт харагдаж байна. Урьдчилж Б.Чт таны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогч халдаж байна гэдэг утгаар хангалттай хугацаатай байсан. Санхүүгийн хувьд төсвийн шууд захирагч нь шууд хариуцах ёстой. Миний асууж байгаа 2021 онд өр төлбөргүй гэсэн байж тухайн онд бараа материал хүлээж авсан гэж гарын үсэг зурж байгаа нь төсвийн сахилга батыг харуулж байгаа буюу нөгөө талдаа төсвийн шууд захирагчийн сахилга батгүй буюу төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа байдал харагдаж байгаа. Мөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал гарч байна. Санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн асуудлыг прокурорын тогтоол дээр ач холбогдолгүй гэж үзсэн байдаг. Мөн төлөвлөгөө батлуулаагүй болон дүгнүүлээгүй асуудал нэхэмжлэгчид хамаарна. Ажилчдаас мөнгө авсан асуудал нь тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд буюу ажилтны цалин гэдэг агуулгаар хийсэн бол ажилтны ажиллаж хөдөлмөрлөх эрхийн эдийн засгийн баталгаа байдаг. Мөн прокурорын тогтоолд миний гаргаж өгсөн махны килограммын зөрүү нь төсвийн хөрөнгө. Төсвийн хөрөнгө нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхэд хамаарах асуудал. Миний тооцож байгаагаар нийт 700,000 төгрөгийн төсвийн үр ашиггүй зохицуулалтыг хийсэн. Эрүүгийн хэргийг тухайн төсвийн хөрөнгийг өөртөө аваад давуу байдал бий болгон гэмт хэргийн улмаас олсон мөнгийг авсан гэдгийг Эрүүгийн хуулийн 22.8.1 дэх хэсэгт заасан шинжээр явдаг. Тэгээд энэ шинжээр хэрэгсэхгүй болгосон гэдэг нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулсан гэдэг агуулга биш. Нэгэнт зөрчил нь тодорхой хэрэгт нотлох баримтаар хангалттай авагдсан баримт байгаа учраас маргах үйл баримт байхгүй. Мөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн тухайд байгууллага удирдан зохион байгуулдаг. Мөн санхүүгийн асуудлыг удирдан чиглүүлж явдаг. Тэгэхээр энэ хоёр асуудал доголдолтой байгаа хүний толгойг элж явах асуудал төсвийн шууд захирагч буюу байгууллага удирдаж байгаа хүний хувьд ноцтой асуудал. Тийм учраас Засаг даргын гаргасан захирамж хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдож байгаа тул захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр зөрүүтэй тайлбар явсан тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд шийдвэрлэх байх гэв.
8. Гуравдагч этгээд Я.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би Б.Ч эрхлэгчтэй 12 жил хамт ажилласан. Энэ хугацаанд Б.Ч эрхлэгч ажлын байранд хүнийг ялгаварлан гадуурхаж байсан нь үнэн. 2014 оноос хойш ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлж сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Мөн манай байгууллагын ажилчдыг илүү цагаар ажиллуулж, дарамталж байсан. Тэгээд 06 дугаар сарын 29-ны өдөр даргын ажил солих болтол Б.Ч нь ажилчдаар дарамталдаг талаар бичиг хийлгэж авсан. Мөн удаа дараа архидан согтуурдаг нь үнэн. Би хариуцагчийн гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа тул төсөв санхүү, орлого, зарлагыг мэднэ. Би прокурорын тогтоолыг гайхаж байгаа. Учир нь улсын хөрөнгийг буюу меню худлаа бичүүлж, хуулуулж нэмж бичүүлж байгаа нь нотлох баримтаар бүрдсэн байгаа. Байгууллагын дарга нь санхүүгийн асуудлыг зохицуулдаг хүн байж ийм үйлдэл гаргасан байхад яагаад хэрэгсэхгүй болсныг гайхаж байна. Мөн ёс зүйн том алдаатай хүн. Сумын ******* байхгүй үед ажилчдаас өөрийн гэсэн хүмүүсээ дагуулж гараад шууд архи ууна. Би байгууллагын хурал бүр дээр та ийм алдааг гаргалаа гэж хэлдэг учраас надтай нийлэхгүй. Мөн ажилчдаа ялгаварлан гадуурхдаг. Тэгээд бид нар цаг тухайд нь ажлаа хийж амжаагүй тохиолдолд орой суудаг. Яагаад ийм удаан ажиллаж, төсвийн мөнгө идсэн хүнийг прокурор хэрэгсэхгүй болгосныг би гайхаж байна. Тийм учраас Засаг даргын гаргасан захирамжийг үнэн бодитой зөв гэж бодож байна. Мөн цэцэрлэгт 40 хүүхэд ирсэн байхад 65 болгож бичээд байдгийг прокурорын тогтоол хэрэгсэхгүй болсныг гайхаж байна. Би цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны шалгуурт тэнцэж байгаа. Хэрэв Б.Ч буцаж цэцэрлэгт ажиллавал намайг ажилгүй болгоно гэж хүн бүр ярьж байна. Мөн намайг болон ажилчидыг та нар шүүхэд ингэж мэдүүлэг өгсөн байна гэж дарамтлахаар зан чанартай хүн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
******* сумын иргэн Б.Ч нь ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Б.Ч нь ******* сумын засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 11 жил ажиллажээ.
Нэхэмжлэгч Б.Чийг ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар ажлаас халсан байна.
9. ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9.1. Нэхэмжлэгч Б.Чээс: - Миний бие төрийн байгууллагад 24 жил, тухайн байгууллагын удирдлагаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. - 2020 оны сонгуулиас хойш нам болон улс төрийн зорилгоор ******* сумын ******* Д.Этай үл ойлголцож ажил явуулахад бэрхшээлтэй болсон. - Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж байгаа боловч би ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй гэж,
Хариуцагчаас: - Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, 1.10 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг. Үүний 1.7 дахь хэсэгт төрийн албан хаагч нь албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх, тэсэрч дэлбэрэх шатахуун хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглох тухай заалтыг зөрчсөн, - Албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил удаа дараа гаргасан, -Төсвийн шууд захирагчийн хувьд албан тушаалаа хэтрүүлж мөнгө авдаг болон тайлан тооцоо өгдөггүй гэж тус тус маргадаг.
9.2. ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар “Б.Чийг ажлаас халах тухай” захирамжид Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, 1.10 дахь хэсгүүд, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 248 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/51 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолтын зорилт, чиг үүргийн 3, 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь зааалтыг тус тус үндэслэсэн байна.
Маргаан бүхий захирамжид: Ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн, ажлын байран дахь хууль бус дарамт шахалт, ажилчидтайгаа ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь шударга, ил тод тайлагнаагүй, Төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн нөхцөлүүдийг дурджээ.
9.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд: албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянаагүй, Б.Чт албан тушаалын тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж маргадаг.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж зааснаар төрөөс цалин авч ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хөдөлмөрийн гэрээ байхгүй учраас үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.” гэж заасан байна.
Мөн сумын ******* болон Цэцэрлэгийн эрхлэгч нар Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, гэж заасанд нийцүүлэн жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулан ажиллаж байсан нь нотлогддог. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж заасан тул төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянаж баталгаажуулах үүрэггүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж тус тус зохицуулсан байна. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.
9.4. Говь-******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн хэсгээс сумын ******* Д.Эд хаяглан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 34 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд “...сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Б.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны 16:00-18:00 цагийн хооронд 3 ажилчны хамт архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн, 04 дүгээр сарын 01-нд байгууллагынхаа ажилчдыг цэвэрлэгээ хийж байх үед Б.Ч нь хоол, архи авч очин өөрсдөө хамт хоол идэж, архи согтууруулах ундаа ууцгаасан байна.” гэж дурджээ.
Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаар тогтоолд гэрч С.О “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цэцэрлэг дээр цэвэрлэгээ хийж дуусчихаад 16 цаг өнгөрч байхад Х.А, Х эрхлэгч Ч бид 4 Х.А-ын машинтай сумын доод тал дээр очиж 1 шил архи уусан.”, Гэрч Д.Х “..2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрсөн байх үед цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч, С.О, Х.А бид дөрөв Х.А-ын машинтай сумын доод талд очиж 1 шил архи уусан. Дараа нь Баян-Овоогийн суган дээр очиж 1 шил архи уусан” гэх мэдүүлэг, Зөрчилд холбогдогч Б.Чээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр орой 16 цаг өнгөрсөн байх үед С.О, Д.Х, Х.А бид 4 сумын доод талд дээр очиж 1 шил архи уусан” гэж мэдүүлсэн байдаг.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сумын бүх байгууллагууд нийтийн цэвэрлэгээ хийсэн байх бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч нь цэвэрлэгээ хийж байсан ажилтнууддаа хоол, цай, архи авч очиж архи уусан болох нь “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулан шалгасан материал”-аар нотлогддог.
Нэхэмжлэгч Б.Ч шүүх хуралдаанд “...Ахмад ажилтан цай авч нэг шил архи авсан байсныг машин барьж зөөж өгсөн. Тэгээд архи тойруулахад нэг хүнд 2 хундага архи таарсан” гэж мэдүүлдэг.
Дээр дурдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Ч удаа дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 23, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нотлогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх,...” гэсэн ажилтны үүргийг зөрчсөн байна.
9.5. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын гүйцэтгэлийн тайланг гарган гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд түүн дээр харандаагаар дүгнэн 77,7% гэж гараар бичжээ. Энэ үнэлгээний талаар нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд шүүх хуралдаанд “...2021 онд ажлын хэсэг үнэлж нийт дүнг Тамгын дарга харандаагаар тавьсан. Ажлын хэсэг үнэлж 77,7 хувь гарсан. Манай байгууллага хоёрдугаар байранд орсон” гэж тайлбарладаг.
Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 2.1-д “Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.” гэж заажээ.
Мөн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.”, 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: 1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид; гэж журамласан байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Сумын ******* урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэдэг. Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сумын *******д урамшуулах авах талаар өөрийнхөө хүсэлтийг бичиж өгсөн. Тэгэхэд болох байх гэж хэлсэн. Би тэгэхээр нь өгөх юм байна гэж бодоод 12 сард төсвийн жил дуусах гээд байхаар нь 12 дугаар сарын 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд хэлсэн. Тэгээд гаргачих юм байна гэж бодоод нягтланд миний урамшууллыг бодоод өгөөрэй гэж хэлсэн” гэж мэдүүлдэг.
Говь-******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/80 дугаартай актад “Ажилтанд 1125.2 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал тушаал шийдвэргүйгээр бодож олгосон. ... Илүү олгосон 1125.2 мянган төгрөгийг аудитын орлогын 100050000982 тоот дансанд төвлөрүүлэх” гэж дурдсан байна.
Нэхэмжлэгч аудитын актын биелэлтийг хангаж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн санд 1125.2 мянган төгрөгийг тушаасан байх боловч энэ нь түүний эрх бүхий этгээдийн буюу сумын Засаг даргын шийдвэргүйгээр өөртөө урамшуулал авсан гэх зөрчлийг үгүйсгэхгүй юм.
9.6. Говь-******* аймгийн ******* сумын хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр төлөвлөж, цэцэрлэг хүүхэд хүлээж аваагүй болох нь тогтоогддог бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргадаггүй. Гэвч энэ өдөр ажилласнаар тооцож хүүхдийн хоолны цэс бичүүлсэн нь гэрч Ш.Т-ын “...04 дүгээр сарын 01-нд цэвэрлэгээтэй бүх нийтээр ажиллаагүй байхад ажилласан гэж меню бичүүлсэн. 4 сарын 1-нд ажиллаагүй гээд маргаан гарсан. Ажилласнаар тооцож, хүүхдүүдийг хоол идсэн байдлаар меню бичүүлсэн.”, гэрч Б.А-ын “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хоолны цэс нэг хүүхдэд 2475 төгрөгөөр тооцож, хүнсний материал нярваас авсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогддог. Энэ нь нэхэмжлэгч Б.Ч цэцэрлэгийн удирдах албан тушаалтны хувьд ажилтнуудыг “хууль бус үйлдэл хийх”-ийг шаардаж бичүүлсэн гэж дүгнэх нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн гэрч Ш.Т-аас “... Н, Т хоёроос эрхлэгч Б.Ч 80000 төгрөг авч хүүхдийн хүнсний материал аваарай гэсэн. Түүнийг нь авч хүүхдийн хүнсний материал 04 дүгээр сард авсан.” гэж мэдүүлдэг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгаас шүүх хуралдаанд “...төсвийн зохицуулалтыг буруу хийсэн зөрчлүүд нь прокурорт шалгагдаж тогтоолд Б.Ч нь ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа өөрөө аваагүй буюу байгууллагад ашигласан бол Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн” гэж тайлбарладаг.
Говь-******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 61 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд гэрч Б.Н ““... Эрхлэгч над руу яриад чи ажлын хэсэгт орчиход энэ сард бүтэн ажил хийж чадаагүй учраас нэмэгдэл цалингаасаа 80000 төгрөгийг Төмөрбаатар луу шилжүүл хүүхдийн хоол хүнс авна гэсэн. Дараа нь би 2021 оны 12 дугаар сард 40000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард бэлэн мөнгөөр нярав Т-т 40000 төгрөг өгсөн.”, Я.Т “... Эрхлэгч над руу хүүхдийн хүнс авах гэсэн мөнгөгүй байна. Та 11 сард дотоод хяналтын ажлаа бүрэн хийгээгүй учраас цалингаасаа 80000 төгрөгийг Төмөрбаатар луу шилжүүл гэсэн. Би 2021 оны 12 сард 80000 төгрөг нярав Т-ын дансанд шилжүүлсэн.” гэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Б.Ч ажилтнуудаасаа “хүүхдийн хоолны мөнгөгүй байна” гэж үндэслэлгүйгээр мөнгө авсан болох нь тогтоогдож байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 15 дугаар зүйлийн 15.1-т “Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.” гэж заасан учир тухайн цэцэрлэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчид цалингаасаа хүүхдийн хоолны мөнгө өгөх үүрэггүй байна.
9.7. ******* сумын хүүхдийн цэцэрлэг 2021 онд урсгал засвар хийсэн талаар гэрч Г.А, А.Г, С.Ц нарын “... гадна хайс, тоглоомын талбай, бүх ангиудын шал, коридорыг будсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Харин энэхүү урсгал засварын мөнгийг 2022 оны 03 дугаар сарын 30, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “******* сумын цэцэрлэгийн урсгал засварт зарцуулсан бараа материалын жагсаалт” гэсэн баримт үйлдэн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Дэмбэрэлийн дансанд шилжүүлжээ.
Энэ нь төсвийн шууд захирагчийн хувьд төлөвлөлтийг буруу хийж, худал тайлагнасан үйлдэл болсон байна.
Ажилтнуудаас хүүхдийн хоолны мөнгө гэж мөнгө хураадаг, тайлан тооцооны баримтыг нөхөн үйлддэг, төсөвт өглөг үүсгэдэг зэрэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь “16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, “16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн байна.
9.8. Нэхэмжлэгч Б.Ч 2020 оны 6 дугаар сард туслах багш нараас 400000, тогооч нараас 350000 төгрөг хурааж авсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог. Тус цэцэрлэгийн туслах багш Г.А энэ асуудлаар 2021 оны 03 дугаар сарын 16-нд сумын ******* Д.Эд өргөдөл гаргасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас харвал ажилтанд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул ажил олгогч буюу хариуцагч сумын ******* сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Мал тэжээвэр амьтны 2021 оны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн гэж хариуцагч нэхэмжлэгчийг буруутгадаг. Ажлын хэсэгт хамт томилогдсон Г.Б-ыг орхиж ирсэн нь тогтоогддог. Энэ талаар нэхэмжлэгч “...Би баг ахалж 5 гишүүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд айлуудаар явж байхад хулгайгаар архи ууж, бид нарыг зодсон. Сумын Засаг даргын ахынд агсам тавьж зодоод байхад М ах та хэд явж ажлаа бод. Би энэ хүнийг энд аргалж унтуулъя гэж хэлсэн. Тэгээд сүлжээнд гарч ирээд Тамгын дарга сумын ******* руу ярьсан. Маргааш өглөө нь бид нар Тамгын даргатай багаараа очиж уулзаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд Тамгын дарга жолоочоо явуулж авхуулсан” гэж мэдүүлдэг.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгийн “...Хэрэв миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод мал тооллогын ажил болон ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар явах ёстой байсан гэдэг өгүүлбэр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байхгүй байхад Монгол Улсын ерөнхийлөгчийн 1 жилийн өмнө болсон үйл явдлыг ажлаас чөлөөлсөн Б/12 дугаартай захирамжид оруулж захирамжилж байгаа нь утгагүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гарсан өдрөөс хойш зөрчил үргэлжилсэн тохиолдолд сүүлийн 6 сар нь өнгөрсөн байсан. Хэрэв ажил олгогч илрүүлснийг мэдсэн бол хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн зохицуулалт байгаа.” гэж маргаж байгаа нь үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагчийн захирамжид заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурсан гэсэн нөхцөл байдал бүрэн нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...төрийн захиргаа болон ёс зүйн хороонд яагаад гаргадаггүй юм бэ? тэгээд дүгнэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн” гэж маргадаг. Гэвч сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн үндэслэл болон бодит нөхцөл байдлыг дурдсан хэсэгт ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Ч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурсан, ажлын байран дахь хууль бус дарамт шахалт, ажилчидтайгаа ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
9.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.”гэж заажээ. Өөрөөр хэлбэл ажил олгогч зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр байна.
Нэхэмжлэгч Б.Ч нь ажлын цагаар хамт ажилладаг ажилтнуудтай удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилтнуудаас хүүхдийн хоолны мөнгө гэж мөнгө хураадаг, тайлан тооцооны баримтыг нөхөн үйлддэг, төсөвт өглөг үүсгэдэг зөрчил нь удирдах албан тушаалтны хувьд үр дагавар ихтэй үйлдэл юм.
Учир нь: Цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т “боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;”, 11.2.3-т “цэцэрлэгийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;” 11.2.4-т “цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;, 11.2.7-т “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох;” үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ч нь ажлын цагаар архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн, албан хаагчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь шударга, ил тод тайлагнаагүй, Төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Үндэслэх хэсгийн 9.3-9.7, 9.9-д дурдсанчлан нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар “Б.Чийг ажлаас халах тухай” захирамж нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт нийцсэн байна гэж дүгнэв.
10. Захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: 61.1.2.хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж тус тус заасан байна. Энэхүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтаас харахад шүүхээс ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.
Иймээс нэхэмжлэгчийг эрхлэж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.2.4, 11.2.7, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.4-т заасныг баримтлан Говь-******* аймгийн ******* сумын иргэн Б.Чээс тус сумын ******* Д.Эд холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН