Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 26

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч:  Д.Баянмөнх

Хохирогч: С.Буджав

Хохирогчийн өмгөөлөгч: Ш.Оюумаа, Д.Гомбо

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн, Э.Ганбат

Шүүгдэгч: С.Сүхбаатар нарыг оролцуулан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201612000039 тоот хэргийг 2017.04.17-ны өдөр хүлээн авсныг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973.04.22-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 12 дугаар байр 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗЮ73042218/ Жаалай овогт Сумъяагийн Сүхбаатар нь догшин авирлаж танхайрах буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Улсын яллагчаас яллагдагч С.Сүхбаатар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллагдах үндэслэлтэй гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /3-р х.х-125-130/

Шүүгдэгч С.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2016 оны 3 сарын 17-ны өдөр болсон хэрэг байгаа юм. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын  хурлын танхимд намын хүмүүсийг цуглуулж, аймгийн намын хорооны хүмүүс 2016 оны сонгуультай холбоотой мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулахаар цугларсан байсан юм. Тэнд би байсан, С.Буджав миний баруун талд сууж байсан. Би хуулийн талаар мэдээлэл хийж өмнөх сонгуультай холбоотой жишээ татаж ярихад С.Буджав дургүйцлээ илэрхийлж, бидний дунд маргаан үүссэн. С.Буджав надруу  гараа далайгаад дайрах маягтай болохоор нь  би биеэ хамгаалахаар үйлдэл хийсэн. Гэтэл С.Буджав “намайг цохьлоо” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би гар хүрсэн байхыг үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ миний үйлдлээс болж С.Буджавын нүдэнд  тийм далд, ноцтой цөмрөл хугарал үүссэн гэдэгт итгэхгүй байна. Би ямар санаатай хөдөлсөн, ямар үйлдэл хийснээ мэдэж байгаа учраас С.Буджавыг тэгтэл нь гэмтээсэн гэдэгтэй эвлэрч чадахгүй байгаа гэв.

Хохирогч С.Буджавын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Б.Амарсанаа сумдаар тойрч, сонгуультай холбоотой сургалт зохион байгуулж байна гэж цаг гаруй ярьж сургалтыг нээсэн. С.Сүхбаатар сонгуулийн хуулийн талаар сургалт хийнэ гэсэн. С.Сүхбаатарыг ярьж байхад архи үнэртэж байсан. 20 минут орчим ярьж байгаад над руу элдвээр дайрч, миний нэр төрд халдаж эхэлсэн. Би та боль, сургалт хийх гэж ирсэн шүү дээ гэсэн шаардлага тавьсан. Гэтэл суугаад л гараа зангидаад намайг цохьсон. Адаацаг суманд манай аав, ээж, ах маань байдаг. Би тэр сумаас сонгогдож иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсон. Манай аав, ээж, ах  нарт нутгийнхан маань хүндэтгэлтэй ханддаг. Би ч ажил төрөлдөө  сайн, хөдөлмөрч байхыг хичээдэг. Тэр танхимд намын гишүүд, Монгол улсын иргэд, тэр сумын төлөөлөл байсан учраас би ичсэн. Намайг доромжлохоор нь би гайхсан. Намайг цохьсоны дараа хурал завсарласан. Иргэдийн өмнө нэгийгээ цохих нь болчимгүй,  ухаанд орохооргүй зүйл байсан учраас “та бүхэн харсан биз дээ, намайг ард иргэдийн өмнө доромжиллоо” гэсэн. С.Сүхбаатар гэдэг хүн шалтгаангүйгээр миний нүдийг цохьлоо гэж дуудлага өгөхөд, дуудлагыг хүлээж авлаа гэсэн. Тэгтэл сумын цагдаа ороод ирсэн. Хурал  дууссан байсан. Бид хэсгийн төлөөлөгчтэй тэнд үлдээд аймгийн цагдаа иртэл 2, 3 цаг болсон. Тэр хооронд С.Сүхбаатарт хүмүүс цай зөөж өгч С.Сүхбаатар цай ууж байсан. Тэгээд зураг авч баримт болгоод сумын эмч дээр очоод үзүүлсэн. Миний толгой эргээд байсан  учраас  эмчид үзүүлсэн. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн. Шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан балмад авир гаргаж, олон хүний өмнө намайг доромжилсон. Энэ хүнээс болж миний нүд бэртэж одоо хүртэл ухархай нь хугархай байгаа. Энэ хугацаанд шүүгдэгч надруу утсаар яриагүй атлаа ярьсан гэж байна. Энэ хүн  худлаа яриад хохирол барагдуулахгүй байна гэв.

 

2017 оны 3 сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд МАН-ын гишүүдийн хурал, сургалт болсон, шүүгдэгч С.Сүхбаатар нь Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийж байх явцдаа түрүүчийн сонгуулийн үед гарч байсан алдаа зөрчлийн талаар мэдээлэл хийж 4-н хүний нэр зааж ярихдаа хохирогч С.Буджавын талаар ярьсан, улмаар хохирогч С.Буджаваас шаардлага тавихад, нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэрч О.Дашдондовын мэдүүлэгт: Хурал эхлээд Б.Амарсанаа дарга 1 цаг гаруй сонгуультай холбоотой мэдээлэл хийж байх шиг байсан. Дараа нь С.Сүхбаатар яриа хийсэн ба яриаг нь сонсож байхад С.Буджав даргыг үгээр доромжлоод байх шиг байсан ба энэ муу сайн хулгайчуудаас болж би иймэрхүү байдалтай явж байна, С.Буджав намайг ажилгүй болгосон гэх мэтийн зүйл ярьж байсан. Тэгэхэд С.Буджав дарга олон хүний өмнө над руу худлаа юм ярьж дайраад бай, иргэдтэй ярих юмаа ярь гэж хэлсэн. Сүүлдээ С.Буджав, С.Сүхбаатар 2 хоорондоо сөргөөцөлдөөд муудалцаад байсан. Удалгүй намайг С.Буджав дарга утсаар ороод ир гэж дуудсан. Ороод очтол С.Сүхбаатар миний нүдийг цохьчихлоо гээд баруун нүд нь улайчихсан сууж байсан ба намайг зураг дарж баримтжуул гэхээр нь зураг дарах гэтэл Б.Амарсанаа чи зураг авч болохгүй энд намын хурал болж байна, нэг их сүртэй юм болоогүй байна гарч бай гэхээр нь би даргыг гаръя гэж хэлчихээд гарсан. Хурал болохоос өмнө ямар нэгэн гэмтэл байгаагүй, нүд нь зүгээр байсан. С.Буджав дарга дуудахаар ороход баруун нүд нь улайсан байсан.Тэгээд гарч ирэхэд хөмсөгнийх нь доод талд бага зэрэг язарсан байсан. Аймгаас групп ирсний дараа харахад баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэжээ /1-р х.х-23/
  • Гэрч М.Бат-Эрдэнийн мэдүүлэгт: Би 2016.03.17-ны өдрийн орой 21 цагийн үед Адаацаг сумын хэсгийн байранд байж байхад ЗДТГ-т намын хурал дээр хэрүүл маргаан болоод байна гэж дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Д.Баттулгын хамт очсон. Буджаваас юу болсон талаар асуухад С.Буджав өнөөдөр намын хуралтай Адаацаг суманд ирсэн хурал дээр С.Сүхбаатар намайг олны нүдэн дээр нүд рүү цохиж гэмтээсэн гээд нүдээ харуулсан. Тэгээд би Буджавын нүдний зургийг дарсан. Намайг дуудлагаар очиход С.Буджавын баруун талын нүдний хөмсөгний дээд хэсэгт шалбарсан тэр хэсэг нь жаахан хавдсан байдалтай байсан.” гэжээ. /1-р х.х-25/
  • Гэрч Д.Баттулгын мэдүүлэгт:  “Би 2016.03.17-ны өдрийн орой 21 цагийн үед Адаацаг сумын хэсгийн байранд байж байхад ЗДТГ-т намын хурал дээр хэрүүл маргаан болоод байна гэж дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би хэсгийн цагдаа М.Бат-Эрдэнийн хамт очсон. С.Буджав засаг даргын тамгын газрын үүдний коридорт Дондов гэдэг залуутай зогсож байхаар нь Буджаваас юу болсон талаар асуухад, С.Буджав өнөөдөр намын хуралтай Адаацаг суманд ирсэн хурал дээр С.Сүхбаатар намайг олны нүдэн дээр нүд рүү цохиж гэмтээлээ гэж хэлсэн.  Намайг дуудлагаар очиход С.Буджавын баруун талын нүдний хөмсөгний дээд хэсэгт шалбарсан тэр хэсэг нь жаахан хавдсан байдалтай байсан гэжээ. /1-р х.х-26/
  • Гэрч Ё.Мөнх-Оргилын мэдүүлэгт: …Хурлын дундуур С.Сүхбаатар сонгуулийн талаар яриа хийж байгаад хажуудаа сууж байсан С.Буджавтай шивнэлдэх шиг болсон. Тэгтэл С.Буджав С.Сүхбаатар луу өөдөөс эгцэлж хараад ойртох шиг болоход С.Сүхбаатар зүүн гараараа С.Буджавын нүүр лүү нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэгэхэд С.Буджав нүдээ дарж босож ирээд та бүгд хараа биздээ хүнээр юм хэлүүлэхгүй намайг цохьлоо гэж хэлэх шиг болсон. ..Тухайн үед харахад нүд нь зүгээр байсан” гэжээ. /1-р х.х-27/
  • Гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэгт: С.Сүхбаатар дарга мэдээллээ хийж эхлээд нилээн ярьж байгаад манай намын нэртэй 3 хүн байдаг юм, С.Буджав дарга бас өөр 2 хүний нэр хэлээд эд нар намын нэртэй болохоос намын төлөөлөл болж чаддаггүй гэсэн утгатай үг хэлсэн. Нэг их удалгүй С.Сүхбаатар дарга С.Буджав даргын нүүр лүү нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд С.Буджав босож ирээд миний нутгийн ард иргэдийн өмнө намайг цохьлоо, иргэд харсан шүү гэж хэлсэн. Б.Амарсанаа дарга та нар болиоч гэсэн. Удалгүй С.Буджав утсаар ярьж байгаад гараад явсан. С.Буджав дарга С.Сүхбаатарыг чи согтуу байна гэж хэлж байсан. С.Буджавыг харахад нүд нь зүгээр байсан. Хөхөрсөн зүйл байгаагүй” гэжээ. /1-р х.х-31/
  • Гэрч О.Бат-Эрдэнийн мэдүүлэгт “…С.Сүхбаатар даргын хийсэн мэдээлэл дууссаны дараа тэр 2 хоорондоо маргалдаж С.Буджавын гар гозолзож С.Сүхбаатарыг цохиж байгаа юм шиг харагдсан. Тэгээд л тэднийг боль гэж болиулсан. Тэгтэл С.Буджав намайг цохьчихлоо гээд л Б.Амарсанаа дарга руу хандаж чи намайг дуудаж ирүүлж С.Сүхбаатараар зодууллаа гэж хэлэхэд Б.Амарсанаа дарга тийм зүйл байхгүй гэж хэлэх шиг болсон. С.Сүхбаатар, С.Буджав нарын биед ямар гэмтэл байсныг мэдэхгүй.  Маргаан болсны дараа С.Буджавын нүд айхтар хавдсан зүйл харагдаагүй” гэжээ. /1-р х.х-40/
  • Шинжээчийн 2016.03.22-ны өдрийн 133 тоот дүгнэлтэд “С.Буджавын биед баруун нүдний ухархайн дотор хана 1.2см урттай, этмойд хөндий рүүгээ 0.6см орчим цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, хөмсөгөнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэжээ /1-р х.х-41/

 

Шүүгдэгч С.Сүхбаатар нь хохирогч С.Буджавын нүүрэн тус газарт цохих үйлдэл болсон газар, орчин нөхцөлд дүгнэлт хийхэд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “догшин авирлаж танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний зарим шинжийг агуулж байгаа боловч тухайн зүйл, хэсгийг хэрэглэхэд эргэлзээ гарах нөхцөл байдал бас тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч С.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “С.Буджав уурлаж дайраад хоёр гараа далайхад нь би өөрийгөө хамгаалж гараа өргөсөн, гараа өргөхөд С.Буджавын нүүрэн тус газарт хүрсэн байхыг үгүйсгэхгүй” гэжээ. /3-р х.х-101, 2-р х.х-62, 3-р х.х-49/

 

Шүүгдэгч С.Сүхбаатарт нүүрэн тус газарт цохиулахаас өмнө түүн рүү гараа хөдөлгөөгүй, цохиулсныхаа дараа дахин цохиулахаас хамгаалж гараа өргөсөн гэж хохирогч мэдүүлдэг боловч гэрч Б.Мөнхжаргал, Ё.Мөнх-Оргил, Ж.Батхөлөг, О.Бат-Эрдэнэ, Б.Амарсанаа нар дараахь байдлаар мэдүүлжээ. Үүнд:

 

  • Гэрч Б.Мөнхжаргал: …С.Буджав чи юу гээд байгаа юм, та нар манай нутагт ирчихээд юу яриад байгаа юм, С.Сүхбаатар чи аятайхан байгаарай гэж хэлсэн. Тэр үед С.Сүхбаатар дарга өөдөөс нь ямар нэгэн юм хэлэлгүй сонгуулийн талаар юм ярьж байхад нь С.Буджав, С.Сүхбаатар даргын нүүр лүү гараа явуулж байсан гэж мэдүүлсэн /1-р х.х-29/
  • Гэрч Б.Мөнхжаргал Чингэлтэй дүүргийн шүүхэд 2016 оны 7 сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанд “С.Сүхбаатар дарга сургалтан дээр С.Буджавын ламтай зураг авахуулсан талаар жишээ татаж ярьж байхад С.Буджав “манай нутагт ирчихээд яах гэж ингээд байгаа юм” гээд С.Сүхбаатар руу гараа далайсны дараа С.Буджав “намайг цохьчихлоо” гээд босоод ирсэн. С.Буджав гараа дээшээ өргөөд хөдлөх шиг болсон” гэж мэдүүлжээ./2-р х.х-75/
  • Гэрч Ё.Мөнх-Оргил: …С.Сүхбаатар хажуудаа сууж байсан С.Буджавтай шивнэлдэх шиг болсон. Тэгтэл С.Буджав С.Сүхбаатар луу өөдөөс эгцэлж хараад ойртох шиг болоход С.Сүхбаатар зүүн гараараа С.Буджавын нүүр лүү нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон гэж мэдүүлсэн /1- р х.х-27/,
  • Гэрч О.Бат-Эрдэнэ: …С.Сүхбаатар даргын хийсэн мэдээлэл дууссаны дараа тэр 2 хоорондоо маргалдаж С.Буджавын гар гозолзож С.Сүхбаатарыг цохиж байгаа юм шиг харагдсан. Тэгээд л тэднийг  боль гэж болиулсан. Тэд ч маргалдахаа больсон гэж мэдүүлсэн /1-р х.х-40/
  • Гэрч Б.Амарсанаагийн “С.Сүхбаатар босож зогсоод юм ярьж байсан. Нэг мэдэхэд С.Буджав босоод ирчихсэн С.Сүхбаатар луу С.Буджав нь гараараа зангаад хэрэлдээд эхэлсэн юм. Тэгэхээр нь би та нар чимээгүй байгаач сургалт зохион байгуулж байна шүү дээ гэж хэлчихээд Ж.Батхөлөгтэй юм ярих гээд өөр тийшээ харахад С.Буджав та нар намайг зодчихлоо би цагдаа дуудна гээд гараад явчихсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Сумын төлөөлөгч, цагдаа хоёр ирчихсэн байсан тэгэхээр нь маргалдсан хоёр хүнээ аваад үлд гэж хэлээд бид нар гараад явсан. С.Буджавыг хэн нэгэн цохиж байхыг би хараагүй болохоор хаана хэндээ цохиулсныг бол мэдэхгүй” /1-р х.х-140-141/
  • Гэрч Ж.Батхөлөгийн мэдүүлэгт “...С.Сүхбаатар гишүүдэд хандан өнгөрсөн 2012 оны сонгуульд манай нам ялсан, гэвч зарим гишүүд ардчилсан намд урваж манай нам засаглалаа алдсан тухайн асуудалд буруутай хүн нь С.Буджав байгаа юм гэсэн утгатай үг хэлсэн. Тэгсэн С.Буджав С.Сүхбаатарт хандан чи манай суманд ирчихээд юу гээд байгаа юм гээд баруун гар нь С.Сүхбаатарын өөдөөс сарвайтал С.Сүхбаатар зөрүүлээд С.Буджавын нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгсэн С.Буджав намайг С.Сүхбаатар цохьчихлоо гээд нүүрээ дараад босоод шууд гараад явсан. С.Буджавыг С.Сүхбаатар гараараа нэг удаа цохьсон гэжээ. /1-р х.х-142-144/
  • Гэрч Ж.Батхөлөг Чингэлтэй дүүргийн шүүхэд 2016 оны 7 сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанд “Миний хажууд Б.Амарсанаа дарга, тэгээд С.Сүхбаатар, С.Буджав дарга сууж байсан. С.Сүхбаатар дарга сонгуулийн үр дүнгийн талаар ярихад С.Буджав дарга “манай суманд ирчихээд юу яриад байгаа юм” гээд гар нь сарвайх шиг болоход С.Сүхбаатар даргын гар нь хөдөлж байсан. Тухайн үед зэрэгцээд сууж байсан болохоор цохисныг хараагүй” гэж мэдүүлсэн /2-р х.х-72/
  • Чингэлтэй дүүргийн прокрорын 2016.11.18-ны өдрийн 403 дугаар тогтоолоор Ж.Батхөлөгт холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. /2-р х.х-148/

 

    Дээр дурьдсан гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

 

       Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн “С.Буджав уурлаж дайраад хоёр гараа далайхаар нь цохих гэж байна гэж бодоод хамгаалах гэж гараа өргөсөн” гэсэн мэдүүлгийг баталж байна.

Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үзэх үндэслэл нь хамгаалалт, халдлага нэгэн зэрэг хийгдсэн байх нөхцлийг хангасан байх шаардлагатай. Хохирогч гараа хөдөлгөсөн үйлдэл нь халдлага, довтолгооны аливаа шинжийг агуулаагүй байсан нь шүүгдэгчийн өөрийнх нь “намайг цохиогүй” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.Мөнхжаргал, Ё.Мөнх-Оргил, Ж.Батхөлөг, О.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул халдлага үнэн хэрэг дээрээ байгаагүй, довтолгоон хийгдээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

    Харин шүүгдэгчийн “биеэ хамгаалах гэж гараа өргөхөд хохирогч өртсөн байхыг үгүйсгэхгүй” гэж мэдүүлсэн нь хохирогч С.Буджавын “С.Сүхбаатар гараа зангидаад намайг цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ё.Мөнх-Оргилын “… С.Сүхбаатар зүүн гараараа С.Буджавын нүүр лүү нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон” гэсэн мэдүүлэг /1-р х.х-27/, гэрч Д.Наранцэцэгийн “Нэг их удалгүй С.Сүхбаатар дарга С.Буджав даргын нүүр лүү нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон” гэсэн мэдүүлэг /1-х.х-31/, шинжээчийн 2016.03.22-ны өдрийн 133 тоот “Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлтээр /1-р х.х-41/ няцаагдаж байна.

           

Эдгээр нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Сүхбаатар нь тухайн цаг мөчид хохирогчийн гарын хөдөлгөөнийг өөрийгөө цохих гэж байна гэж андуурч, улмаар өөрийн төсөөлсөн үйлдлийн эсрэг хариу үйлдэл үзүүлж хохирогчийн нүүрэн тус газарт цохьсон нь тогтоогдож байна.  

 Үнэн хэрэг дээрээ байгаагүй буюу болоогүй довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж бодсон нь шүүгдэгчийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

Иймд шүүгдэгч С.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, уг зүйл хэсгийг хэрэглэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, С.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, шүүгдэгч С.Сүхбаатарыг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан тул энэ хэрэгтэй холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь…эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Хохирогч С.Буджав нь 16654000 төгрөг нэхэмжилж /3-р х.х-124/ баримт гаргаж өгснийг шалгаж үзэхэд:

 

а/  Монгол улсад болон БНСУ-д хийлгэсэн үзлэг шинжилгээнд 688026 төгрөг /2-р х.х-6-11, 3-р х.х-200/, түүнтэй холбогдон зайлшгүй гарсан зардал буюу онгоцны тийз 1192900 төгрөг /1-р х.х-248/, буудал 616000 төгрөг /2-р х.х-14-15/, хоол 45760 төгрөг /2-р х.х-13/, орчуулга 35200 төгрөг /2-р х.х-28/ , мөн бичиг баримтын орчуулга 85000 төгрөг /2-р х.х-5/, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд ирж очсон бензин, шатахууны зардалд 436875 төгрөг /2-р х.х-223, 224, 225, 3-р х.х-192, 193, 197, 198/ нийт 3099761 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. /Монгол банкны албан ханш 1вон=1.76 төгрөг 3-р х.х-106/

б/ ХХБанкнаас 40000 төгрөг авсан /2-р х.х-20/, банк хооронд шилжүүлсэн 175000 вон /2-р х.х-16/, мөн казинод үйлчлүүлсэн зардал 128350 вон /2-р х.х-12/, өмгөөлөгч сайн дураараа авсны зардал 7 сая төгрөг /3-р х.х-124/ зэрэг зардлууд нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

в/ Холбоо, утасны зардал гэх 500000 төгрөг /3-р х.х-124/, физик эмчилгээ хийлгэсэн гэх 910000 төгрөг /3-р х.х-199/, бензин, шатахууны зардал 503161 төгрөг /2-р х.х-222, 3-рх.х-194-196,198/ нэхэмжилсэн нь баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул холбогдох шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч С.Сүхбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэх, мэс засалд орсон тохиолдолд баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид тайлбарлах нь зүйтэй.

Өмнө нь хохирогч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасны хохиролд 200 сая төгрөг нэхэмжилж байсан бөгөөд хэргийн материалтай танилцахдаа нэхэмжлэлээсээ татгалзсан /3-р х.х-122/ ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 121 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед татгалзах эрхтэй тул шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

 

2/ Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Э.Ганбат нараас тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 30-ны өдрийн 4 дүгээр захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй  гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Тухайлбал: Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 30-ны өдрийн 4 дүгээр захирамжийн үндэслэх хэсгийн 6, 7 дахь хэсэгт заасан буюу шүүгдэгчийн үйлдэлд гүтгэх, доромжлох зэрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулах ажиллагаа явуулах, мөн прокурорын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 172а дугаартай яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэг алга болсон талаар холбогдох ажиллагаа хийх гэсэн заалтуудыг хийж гүйцэтгээгүй байна. /3-р х.х 93-131/

Гэвч тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2017 оны 5 сарын 10-ны өдрийн 1/а дугаар захирамжид /3-р х.х-145-146/ энэ талаар “тус шүүхийн шүүгчийн 2017.01.30-ны өдрийн 4 дугаартай захирамжид заасан өөр гэмт хэргийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв тогтоогдвол нийлмэл гэмт хэргээр зүйлчилж ял сонсгох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх бөгөөд шүүхийн шатанд уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй байна. Иймд яллагдагч С.Сүхбаатарыг 2016 оны 3 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хурлын үеэр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, үл ялих зүйлээр шалтаглан С.Буджавын нүүрэн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн” байх бөгөөд энэхүү захирамж хүчин төгөлдөр болсон байна.

 Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулна” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Дээр дурьдсан шүүгчийн захирамжид заасан асуудлыг эрүү, иргэний журмаар гомдол гаргаж шалгуулах эрх нээлттэй тул энэ шалтгаанаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

      Хэргээс үзэхэд “Эксодас” ХХК бичгэн ба аман орчуулгын үйлчилгээ үзүүлсний төлөө 2016 оны 10 сарын 4-ний өдөр 85000 төгрөг төлсөн тухай баримт хэргийн 2-р хавтасны 5 дугаар талд авагджээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хохирогч талаас 22 хуудас баримт гаргаж өгсөн /2-р х.х-62/ бөгөөд шүүх уг баримтуудыг англи болон солонгос хэлээр хэвлэгдсэн бөгөөд үүнийг монгол хэл дээр орчуулагдаагүй байна” гэж дүгнэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл , хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан захирамж /2-р х.х-91/ зэргээр тогтоогдож байна.

 

      Шинжээчийн 2016.05.02-ны өдрийн 533 тоот дүгнэлтийг /1-р х.х-45-47/ гаргасан бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Ц.Ганболдыг байцаахад /3-р х.х-98/ ”дүгнэлт гаргахдаа амбулаторийн картыг үзэж харсан, мөн БНСУ-ын Saevit eye  эмнэлэгийн монгол хэл дээр орчуулагдсан дүгнэлт зэргийг харсан. монгол хэл дээр орчуулагдсан дүгнэлт байсан” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл уг дүгнэлтийн шинжилгээ хийсэн баримтад дурьдсан БНСУ-ын Saevit eye эмнэлэгийн дүгнэлтийг тухайн үед монгол хэлээр орчуулаагүй байсан болох нь орчуулгын хөлс төлсөн баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна.

Энэ нь 2016.05.02-ны өдрийн 533 тоот дүгнэлтийг баримтлахад эргэлзээ төрүүлж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т “Шинжээчийн дүгнэлтийг ... шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж заасан тул хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хэн аль нь маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа шинжээчийн 2016.03.22-ны өдрийн 133 тоот дүгнэлтийг /1-р хх-42/ шүүх баримталсан болно.

 

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн зургийг авч, түүнийгээ шинжээч нартаа шинжлүүлж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг зүгээр цаасанд үндэслэж дүгнэлт гаргадаггүй. Хохирогч надад диск байгаа гэж хэлж байгаа ч хэрэгт хавсаргасан мөрдөн байцаагчийн тогтоол байхгүй учир түүнийг судлах боломжгүй байна. Үүнийг зайлшгүй үзүүлж судалж байж оношийг зөв тогтоох шаардлагатай” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллагаас хийсэн шинжилгээний талаар иргэн, байгуулагас гаргасан гомдол, хүсэлт нь дахин шинжилгээ хийх шууд үндэслэл болохгүй ” гэж заасан, мөн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 2014 оны 12 сарын 5-ны өдрийн А/215/421 дугаар тушаалаар баталсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг шинжээчийн 133 тоот дүгнэлт зөрчөөгүй байна.

Иймд энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 62-109, 130-165 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 130-141 дүгээр хуудсанд авагдсан баримт нь эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүйг тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120, 283, 284, 285, 286, 246, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Жаалай овогт Сумъяагийн Сүхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  17 дугаар зүйлийн 17.1.1, мөн зүйлийн 17.2, 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Сүхбаатарт холбогдох бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Шүүгдэгч С.Сүхбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж,  битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Сүхбаатараас 3099761 /гурван сая ерэн есөн мянга долоон зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Буджавт олгож, иргэний нэхэмжлэлээс физик эмчилгээ, бензин, утасны зардалтай холбогдох 1913161 төгрөгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, 8290096 төгрөг гаргуулахтай  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 
  6. Хохирогч С.Буджав нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар С.Сүхбаатараас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4, 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан 1 дүгээр хавтаст хэргийн 62-109, 130-165 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 130-141 дүгээр хуудсанд авагдсан баримтыг шүүх үнэлээгүйг дурьдсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сүхбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ