Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/67

 

                             Б.Б, З /../ нарт

                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч З /.../, түүний өмгөөлөгч Ч.П, Б.О,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Т, Б.М,

орчуулагч Г.М,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/1579 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б, З нарт холбогдох эрүүгийн 1919 00292 1012 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Z /Монгол нэр З/, Бүгд найрамдах хятад ард улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсад төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Алтан өргөө хотхон 75-121 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /Паспортын дугаар EB7336067, Монгол улсад оршин суух зөвшөөрлийн дугаар CHN0000178675, Үнэмлэхний дугаар 0233526/;

2. Сүрэнжав овгийн Б.Б, 1979 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 12-04 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:МЭ79022470/;

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, зарим хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялаас цагдан хоригдсон 434 хоног буюу 6.510.000 төгрөгийг хасч, 13.490.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

БНХАУ-ын иргэн З /Z/ нь Монгол улсын иргэн Б.Б-тэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаас” ХХК-ийн үйлдвэрийн байрны ойролцоо автомашины арын суудалд БНХАУ-ын иргэн М /MEI YUQIA/-аас “500.000 юань өг, эсхүл “Гаас” ХХК-ийн “Алтангалт шувуу” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан 2019/05/09 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлан “Гаас” ХХК-тай өөр компаниар шинэчлэн гэрээ хийлгэх, өөртөө цалин хөлс, хувь олгох, өөрөөсөө мөнгө зээлсэн тухай зохиомол бичвэрүүд дээр гарын үсэг зурахыг шаардаж М /MEI YUQIA/-ын толгой, нүүр, цээж, гуя орчимд цохин хүч хэрэглэж, мөн “Монгол Улсад нэг Хятадыг алахад амархан шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, БНХАУ-ын 622848 505633 7567264 тоот дансаар 100.000 юань шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдлийг санаачилсан, удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн Б.Б нь БНХАУ-ын иргэн З /Z/-той бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаас” ХХК-ийн үйлдвэрийн байрны ойролцоо автомашины арын суудалд БНХАУ-ын иргэн М /MEI YUQIA/-аас “500.000 юань өг, эсхүл “Гаас” ХХК-ийн “Алтангалт шувуу” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан 2019/05/09 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлан “Гаас” ХХК-тай өөр компаниар шинэчлэн гэрээ хийлгэх, З /Z/-д цалин хөлс, хувь олгох, З /Z/-оос мөнгө зээлсэн тухай зохиомол бичвэрүүд дээр гарын үсэг зурахыг шаардсан, БНХАУ-ын иргэн З /Z/-ын БНХАУ-ын 622848 505633 7567264 тоот дансаар 100.000 юань шилжүүлэн авч хохирогч М /M Y/-ын толгой, нүүр, цээж, гуя орчимд цохин хүч хэрэглэж, мөн “Монгол улсад нэг Хятадыг алахад амархан шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: БНХАУ-ын иргэн З /Z/-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол улсын иргэн Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд шүүгдэгч З /Z/, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэн боловч энэ хэрэгт Б.Б-гийн үйлдэл холбогдлыг хэрхэн оруулж ирсэн нь ойлгомжгүй, хамтран оролцсон гэвэл ямар байдлаар хамтран оролцсоныг /зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч, хатгагч/ тогтоогоогүй байх тул бүлэглэсэн, хамтран оролцсон оролцоо /санаа зорилго, үйлдэл/ байгаа эсэхийг тогтоож ирүүлэх нь зүйтэй,

- Уг эрүүгийн хэрэгт З /Z/ болон гэрч Л-тэй холбогдсон wechat-д боломжтой бол үзлэг хийж нотлох баримтаар тооцож ирүүлэх, хохирогч М, гэрч L нарын нэг үйл баримтын талаар өөр өөр байдлаар мэдүүлэг өгч байгаа мэдүүлгийн зөрүүг арилгах ач холбогдолтой,

- Энэ хэрэгт нотлох баримтаар БНХАУ-ын иргэн M гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 99-106/ судлахад орчуулга байхгүй байгаа нь хэрэгт ямар хамааралтай, ач холбогдолтой, юуг нотолж байгаа нь ойлгомжгүй,

- Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон нь эргэлзээтэй, хэн гэдэг шинжээчийг томилсон нь мэдэгдэхгүй, ойлгомжгүйн дээр мөрдөгчийн тогтоолд /маш их яаруулсан/ гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь шинжээчийн 5007 дугаартай баримт бичигт шинжилгээ хийсэн дүгнэлт үнэн зөв, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул энэ талаар тухайн дүгнэлт гаргасан шинжээчээс тодруулж тайлбар мэдүүлэг авах, эсхүл дахин шинжилгээ хийлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны дагуу тус тус явуулах нь зүйтэй,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлийн үндсэн хугацаа дууссан байх тул хэргийг буцаасантай холбогдуулан итгэмжлэлийг сунгах, дахин итгэмжлэл хийлгэх, хохирогч өөрөө оролцох боломжтой ажиллагааг хийж ирүүлэх зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Б, З /Z/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, З /Z/-ын нэр дээр бүртгэлтэй 10-60 УНӨ улсын дугаартай “INFINITY-FX-35” загварын тээврийн хэрэгсэл, 81-47 УН улсын дугаартай “XCMG, XG31802” загварын тээврийн хэрэгсэл, 81-48 УН улсын дугаартай “XCMA. XG6181M-1” загварын тээврийн хэрэгсэл, 81-50 УН улсын дугаартай “XCMA, XG618M-1” загварын тээврийн хэрэгсэл, 81-53 УН улсын дугаартай “XCMA, XG4161L” загварын тээврийн хэрэгсэл, 17-91 УН улсын дугаартай “XCMA, XG6181M-1” загварын тээврийн хэрэгсэл, 80-46 УН улсын дугаартай “XIA GONG8 XG6142M” загварын тээврийн хэрэгсэл, 18-27 УНҮ улсын дугаартай “TOYOTA PRIUS” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан хохирогч М-ийн “З миний дух, цээж орчимд гараа атгаж байгаад цохиод л яваад байсан. Би өвдөөд тэсэхээ байгаад З-оо би зүрх муутай, бас даралт ихсэх өвчтэй, хүний аминд хүрэхээсээ өмнө намайг зодохоо болиоч гэж гуйсан. Тэгээд арай гайгүй болсон. Би яг хэд цохисныг нь тоолж мэдэхгүй байна. ...жолоон дээр байсан залуу, З бид 3 машинд үлдсэн. Жолоо барьж байсан залуу бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод хөл рүү өшиглөөд миний хажуугаар ороод ирсэн. Би ингээд З, тэр Монгол залуу хоёрын голд суусан. Тэр Монгол залуу бас миний дух, толгой орчимд 2 удаа, цээж рүү 2 удаа, эрүү орчимд 2 удаа гараа атгаж байгаад цохиж дарамталсан. Би тэд нарт намайг битгий зодооч гэж гуйгаад л байсан. Тэгээд толгой руу цохихоо болиод миний бөөр, гуя орчимд зөндөө олон цохисон. Нилээн хэдэн минут намайг тэр 2 зогсолтгүй зодсон” гэх мэдүүлэг,

гэрч А.Т-ын “... тухайн үед явах замдаа З гэх эрэгтэй нь М-д хандан би чамайг ална, Монголд нэг муу Хятадыг алахад яадаг юм? ...З гэх залуу нь “энэ муугийн цүнхэнд байхгүй хаачдаг юм гээд цээж, нүүр лүү 2 шанаадаж цохисноо цүнхийг нь ухаж эхэлсэн. ...Тэгсэнээ тэр З гэх залуу нь надад хандан миний дүү чамд хамаагүй, чи машинаас бууж бай гээд намайг буулгасан ба надтай хамт явсан нэг 35-40 орчим насны биерхүү, том залуу миний буусан талын урд талаас бууж гарч ирээд, машиныхаа арын хаалгыг онгойлгоод М-г “цаашаа суугаач, пизда минь” гээд өшиглөөд цааш нь болгосноо суучихсан. ... Тэгснээ ах нь ийм асуудал болно гэж мэдээгүй шүү, энэ З гэж хүн явах замаараа ороод гаръя гэхээр нь хамт явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Л /LYU CHAO/-ийн “...яаралтай 100.000 юань зээлчих гэж хэлээд би чамд орчуулагчийнхаа дансыг өгье гээд БНХАУ-ын иргэн З гэж хүний картны дугаарыг зургаар явуулсан байсан. Би тэр картных нь дугаараар тэр өдөртөө 2 удаа нийт 100.000 юань шилжүүлсэн. Би З-той ямарч мөнгөний хувийн тооцоо байхгүй. Би энэ 100.000 юанийг М-г гуйгаад байсан болохоор л шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5007 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Баримт бичигт шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5007 тоот шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад уг дүгнэлтийг дээрх үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасныг зөрчсөн, түүнчлэн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болоогүй байхад нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор заасан тул анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар шинжээчийг оролцуулан тайлбар, мэдүүлэг авах боломжтой юм. Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий дахинд тархаж Монгол Улсын Засгийн газраас халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, одоог хүртэл Монгол Улс хилээ нээгээгүй байна. Хэргийн хохирогч М нь БНХАУ-ын иргэн бөгөөд Монгол Улсад ирэх боломжгүй нөхцөл байдал бодитоор байхад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хохирогчтой нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах зэрэг хүсэлтүүдийг шүүхэд гаргаж улмаар шүүгч “хохирогч өөрөө оролцох боломжтой ажиллагааг хийж ирүүлэх нь ач холбогдолтой” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгожээ. Гэвч захирамжийн тодорхойлох хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн, яаж ноцтой зөрчсөн эсэх талаар огт дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд" хууль зүйн дүгнэлтийг хийж шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З /Z/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч З /Z/-ын өмгөөлөгч Ч.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М, гэрч L нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нь ач холбогдолтой. Мэдүүлэгт 3 төрлийн ноцтой зөрүү байдаг. Бусад оролцогч нарын өгсөн гэрчийн мэдүүлэгт цохисон эсэх, хэдэн удаа цохисон зэрэг нь бүгд зөрүүтэй. Цохиж цус гаргасан эсэх нь эргэлзээтэй. Гэрч Т-ын “тухайн үед М-ээс цус гарсан” гэж хавтас хэргийн 165-168 дугаар талд мэдүүлдэг. Гэтэл М өөрийн өгсөн мэдүүлэгт “арьс шалбарсан цус гарсан зүйл байгаагүй, хөхөрч хавдсан байсан” гэж мэдүүлсэн. Ийм байдлаар манай үйлчлүүлэгчийг буруутгахын тулд үгээ нийлүүлж болоогүй зүйлийг болсон мэтээр худал мэдүүлсэн. Энэ хүмүүс тухайн өдөр бизнесийн талаар ярилцсан wechat-ын бичлэг байдаг. Энэ талаар прокурор, мөрдөгчийн зүгээс анхаарч үзлэг хийгээгүй. “Хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт камерын бичлэгийг үзэж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Уг бичлэгт хүн зодож цохиогүй болохыг тодорхой харуулах байсан. Энэ асуудлыг прокурор мөрдөгчийн зүгээс шалгалгүйгээр “Гаас” ХХК-иас тодорхойлолт авсан болоод өнгөрсөн. М болон З гэх хүмүүс тухайн өдөр бизнесийн асуудлаа захидал харилцааны хэлбэрээр ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Энэ байдалд үзлэг хийлгүйгээр гэрчийн мэдүүлгийг зохион байгуулалттайгаар зөрүүтэй байдлаар авч бусдыг гүтгэж, манай үйлчлүүлэгчийг хохироосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж заасан. Гэхдээ тодорхой тохиолдолд хууль ёсны төлөөлөгчийг томилдог. Гэтэл энэ байдлыг зөрчиж Иргэний хуулийн 65.3 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэгт төлөөлөх итгэмжлэлийг үндэслэн хохирогчийн төлөөлөгчөөр О гэх хүнийг оролцуулсан. Энэ нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ байдлуудыг нэмж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч З /Z/-ын өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчид ямар ашиг сонирхол нөлөөлж яаралтай дүгнэлт гаргуулсан юм бэ. Гэрч Л-тай холбогдсон wechat-д үзлэг хийх боломжтой байсан. Бид өмнө хяналтын прокурорын шийдвэрт шат шатанд нь гомдол гаргаж байсан. Энэ гомдолд тодорхой хариу өгөөгүй ажиллагаа хийгдээгүй. Энэ үндэслэлээр прокурорт хэрэг буцсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1579 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг бүхэлд нь дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос БНХАУ-ын иргэн З /Z/-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол улсын иргэн Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэрэгт Б.Б-гийн үйлдэл холбогдлыг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, хамтран оролцсон оролцоо, санаа зорилго, үйлдэл байгаа эсэхийг тогтоох, эрүүгийн хэрэгт З /Z/ болон гэрч Л-тай холбогдсон wechat-д боломжтой бол үзлэг хийж нотлох баримтаар тооцож ирүүлэх, хохирогч М, гэрч L нарын нэг үйл баримтын талаар өөр өөр байдлаар мэдүүлэг өгч байгаа мэдүүлгийн зөрүүг арилгахад ач холбогдолтой, M-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хх 99-106/ орчуулга байхгүй байгаа нь хэрэгт ямар хамааралтай, ач холбогдолтой, юуг нотолж байгаа нь ойлгомжгүй, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон нь эргэлзээтэй, хэн гэдэг шинжээчийг томилсон нь мэдэгдэхгүй, ойлгомжгүйн дээр мөрдөгчийн тогтоолд /маш их яаруулсан/ гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь шинжээчийн 5007 дугаар баримт бичигт шинжилгээ хийсэн дүгнэлт үнэн зөв, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул энэ талаар тухайн дүгнэлт гаргасан шинжээчээс тодруулж тайлбар мэдүүлэг авах, эсхүл дахин шинжилгээ хийлгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа явуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлийн үндсэн хугацаа дууссан байх тул хэргийг буцаасантай холбогдуулан итгэмжлэлийг сунгах, дахин итгэмжлэл хийлгэх, хохирогч өөрөө оролцох боломжтой ажиллагааг хийж ирүүлэх зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаа хийх шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б, З /Z/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад баримтуудыг үндэслэн Б.Б нь уг гэмт хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсон талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоох бүрэн боломжтой байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаарх хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Б.Б, З /Z/ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/1579 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, З /Z/ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Б.Б, З /Z/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР