Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2020/01285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах, БҮДУМА ХХК-ийн нэхэмжлэлтэй, /3128121 регистрийн дугаартай/

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга,

Хамтран хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргийн нийт 39.862.201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Думаа, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Анухатан, хамтран хариуцагчийн төлөөлөгч М.Жавзансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бүдума ХХК-ийн захирал С.Думаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Думаа би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас 2019 оны 05 дугаар сард зарлагдсан Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендерт өөрийн Бүдума ХХК-ийг оруулан манай компани нь тус тендерт ялалт байгуулж улмаар Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатартай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Овоо сумын хадлангийн 6 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулсан юм. Гэрээнд хадлангийн талбайн тоног төхөөрөмжийн үнэ болох 94.887.000 төгрөгийн 30 хувь болох 28.463.100 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгөхөөр гэрээнд тусгасан боловч сумын Засаг дарга Ж.Хатанбаатар гэрээ байгуулах өдөр 14.300.000 төгрөгийг Бүдума ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 80.577.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бөөнөөр нь өгөхөөр тохирсон. Ингээд Бүдума ХХК нь гэрээнд заасан хадлангийн иж бүрэн Трактор 1ш, Усан сан 2ш, Үр болон өтөг бууц, бордой цацагч 1ш, Борной хөрс сийрүүлэгч хавагч 1ш, Өвс хаман боогч, Преслэгч 1ш, нийт 6 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр акт үйлдэн Баян-Овоо сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор Тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл болох 80.577.000 төгрөгийг гэрээнд зааснаар төлөх байсан, гэтэл гэрээнд заасан хугацаа хэтрүүлж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13.000.000 төгрөг, /Ж.Хатанбаатар даргын хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 13.000.000 төгрөгөөс иргэн Буяндэлгэрт 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5249123230 тоот дансанд шилжүүлсэн/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 19.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус Бүдума ХХК-ийн данс руу шилжүүлсэн байсан. Одоо үлдэгдэл төлбөр 23.577.000 төгрөг, мөн Ж.Хатанбаатарын хүсэлтээр нэмэлтээр Хадлангийн хадуур 1 ширхгийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн үнийн өртөг 2.500.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги нийт 3.589.813 төгрөг, мөн түүнчлэн миний бие өөрийн нэрээр Хадлангийн Тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд зориулж Баянхонгор аймгийн Хас банкнаас 55.000.000 төгрөгийн 20.4 хувийн хүүтэй , 24 сарын хугацаатай зээл авсан байсан. Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар гэрээнд заасан хугацаанд Хадлангийн Тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүйн улмаас миний бие тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд зориулан авсан зээлээ гэрээний мөнгөн дүн орж ирсэн үед зээлээ хаахаар төлөвлөж байсан боловч хугацаа хэтрүүлж шилжүүлсэн бага төгрөгөөр цувуулж өгснөөс болж зээлээ одоо хүртэл бүрэн төлж хаагаагүйн улмаас Хас банканд 2019 оны 11 сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх зээлийн хүү 7.195.388 төгрөгийг төлсөн. Сумын Засаг дарга Ж.Хатанбаатар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай Бүдума ХХК нь болон миний бие банканд ихээхэн хэмжээний хүү төлж, эргэлтийн хөрөнгө бууруулснаас манай компанийн үйл ажиллагаанд мөнгөн хохирол учруулаад байна. Иймд ... нийт 39.862.201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Думаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 06 дугаар сард тендерт ялсны дагуу сумын Засаг даргатай гэрээ хийсэн. Тендер зарлахдаа Баян-Овоо сумын 6 тоног төхөөрөмж авах техникийн тодорхойлолт авагдсан байсан. Үүний дагуу би тоног төхөөрөмжөө нийлүүлэхээр БНХАУ руу явсан, очоод тоног төхөөрөмжөө авахад өвс хадагч дутуу байна, өвс хадагч байхгүй бол өвс хадах боломжгүй гэж БНХАУ-ын тоног төхөөрөмж нийлүүлсэн хүмүүс зөвлөсөн тул Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатартай утсаар холбогдоод танай техникийн тодорхойлолт дээр өвс хадагч, хамагч байхгүй байна. Энийгээ та нар авахуулах уу, яах вэ? Тоног төхөөрөмж нийлүүлж байгаа хүмүүс ингэж зөвлөж байна гэж хэлж, асуухад сумын Засаг дарга Ж.Хатанбаатар нь өвс хадагч, хамагчийг нэмж авъя гэсэн тул тухайн бүтээгдэхүүнийг нэмж авчирч өгсөн. Тэр тоног төхөөрөмжөө эднийх аваагүй гэсэн зүйл ярьж байна. Тэр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн баримт акт дээр болон фото зургаар байгаа. Баян-Овоо сумаас Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний загвараа гаргаад гэрээ бэлэн болсон, та ирж гарын үсгээ зурж мэдэгдлээ авна уу гэсэн тул би очиж гэрээтэй танилцаж гарын үсэг зурж нэг хувь нь эднийд үлдэж, гэрээний нэг хувийг би авсан. Тухайн үед гэрээ байгуулж гарын үсэг зурахад Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний тусгай нөхцөл нь хамт байсан. Гэтэл одоо гэрээний тусгай нөхцөл байхгүй байсан. Намайг бараг хуурамчаар үйлдсэн гэж яриад байна. Хэрэв гэрээний тусгай нөхцөл байхгүй бол хоёрхон хуудас, хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Гэрээний ерөнхий хэсэгт гэрээний тусгай нөхцөлд заана гэж бичсэн байгаа тул тусгай нөхцөл байхгүй байх үндэслэл байхгүй юм. Мөн Баян-Овоо сумаас над руу Төрийн сангийн мэргэжилтэн Отгонцэцэг гэх хүн холбогдоод манайх гэрээгээ алга болгосон байна. Та гэрээгээ нэг хувь хувилаад өгөөч гэсэн. Тэгэхээр эднийх тухайн үед гэрээгээ алга болгосон уу, санаатай үрэгдүүлсэн үү гэдгийг мэдэхгүй. Бид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. 2019 оны 09 сарын 28-ны өдөр би тоног төхөөрөмжөө гэрээнд заасан хугацаандаа нийлүүлсэн. Гэрээнд төлбөр төлж дуусах хугацаа тоног төхөөрөмж хүлээж авснаас 30 хоногийн дотор гэж заасан байгаа. Түүнээс хойших алдангийг би мөнгө орж ирсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрөөс бодож гаргасан. Миний хувьд тус тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх зорилгоор Хас банкнаас 55.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. 2019 оны 06 сарын 28-ны өдөр буюу тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийгдсэний дараа би гэрээгээ Хас банкин дээр авч очоод хүсэлтээ өгөөд зээл авсан. Баян-Овоо сум нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлсөн тохиолдолд би зээлээ төлөх нөхцөлтэйгөөр авсан байсан боловч хариуцагч тал гэрээний хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс болж миний бие одоог хүртэл зээлийн хүү төлж байна. Зээлийн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж, Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газраас 39.862.201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 2019 оны 05 сард Хөдөө аж ахуйн хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендер зарлаж тендерт ялсан Бүдума ХХК-тай хамтран ажиллахаар болж 6-н нэр төрлийн 8 ш барааг нийлүүлэх гэрээ байгуулсан. 2019 оны 06 сарын 28-ны өдөр урьдчилгаа болох 14.300.000 төгрөгийг Бүдума ХХК-д шилжүүлсэн.

Хадлангийн тоног төхөөрөмжийг 2019 оны 09 сарын 28-ны өдөр 6-н нэр төрлийн 7 ш тоног төхөөрөмжийг сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн тасгийн дарга, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, Засаг даргын орлогч нар хүлээн авсан. Үүнд:

Трактор-1, усан сан-2, үр болон өтөг бууц бордоо цацагч-1, Борной хөрс сийрүүлэгч хавагч-1, өвс боогч, пресслэгч-1, хадуур-1 байсан. Тоног төхөөрөмжийн үндсэн үнэ 94.877.000 төгрөг болсныг 2 тал харилцан тохиролцож хадуурын үнэ 2.500.000 төгрөг нь тоног төхөөрөмжийн үндсэн үнэ 94.887.000 төгрөгт багтсан.

... 2020 оны 05 сарын 26-ны өдөр 19.000.000 төгрөг, 2020 оны 06 сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 71.300.000 төгрөг шилжүүлж, 23.587.000 төгрөг үлдсэн.

Гэрээнд алданги тооцох тухай заагаагүй төдийгүй, орон нутгийн орлого тасарсан учраас үлдэгдэл мөнгийг хувааж хийхээр Бүдума ХХК-д мэдэгдсэн.

Иймд алданги 3.589.813 төгрөг, нэхэмжлэгчийн Хас банкны зээлийн хүүний төлбөр 7.195.388 төгрөгийг төлөх боломжгүй. Одоо үлдэгдэл 23.587.000 төгрөг, иргэн н.Буяндэлгэрт шилжүүлсэн 3.000.000 төгрөг, нийт 26.587.000 төгрөгийг төлнө.

Манайх гэрээний тусгай нөхцөлийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Хаанаас ийм гэрээ, тусгай нөхцөл гаргаж ирээд байгааг мэдэхгүй байна. Мөн гэрээнд 6 нэр төрлийн 8 ш барааг нийлүүлэх ёстой гэж заасан байгаа боловч манайд 6 нэр төрлийн 7 ш барааг нийлүүлсэн. Үрлэгч манайд ирээгүй. Бүдума ХХК 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор манайд тоног төхөөрөмж нийлүүлж дуусах ёстой байсан ч хугацаа хэтрүүлсэн. Сумын төсөв тасарснаас болж гэрээний үлдэгдэл мөнгийг хувааж хийхээр боллоо гэдгээ сумын Засаг дарга хэд хэдэн удаа холбогдож Бүдума ХХК-д хэлсэн. Одоо манайх үлдэгдэл 26.587.000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

Хамтран хариуцагчийн төлөөлөгч М.Жавзансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Овоо сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 оны 05 сард Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендер зарлаж тендерт ялсан Бүдума ХХК-тай 2019 оны 06 сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. ... Энэ онд үлдэгдэл 23.587.000 төгрөг, иргэн н.Буяндэлгэрт шилжүүлсэн 3.000.000 төгрөг, нийт 26.587.000 төгрөгийг 2020 оны санхүүгийн тайланд өглөгөөр тусгаж 2021 оны 01 сард барагдуулна. Нэмэлтээр тоног төхөөрөмж нийлүүлээгүй тул 2.500.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7.195.388 төгрөгийг тус тус төлөх боломжгүй.

Манайхтай байгуулсан гэрээнд банкнаас зээл авч тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэсэн нэг ч зүйл заалт байхгүй тул Хас банкнаас авсан зээлийн хүүг нь төлөх боломжгүй. Мөн манайхтай байгуулсан гэрээнд гэрээний тусгай нөхцөл гэсэн баримт байхгүй. Техникийн тодорхойлолтод усан сан 3 ш гэж байсныг ямар учраас 2 ш болгон өөрчилж хадуурыг нэмж нийлүүлснийг мэдэхгүй байна. Эдгээр нь гэрээний нэмэлт өөрчлөлтөд орох ёстой байсан боловч яагаад гэрээг амаар ярилцаж өөрчилснийг мэдэхгүй, үүнийг зөвшөөрөхгүй. Одоо нийт 26.587.000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 

Өнөөдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Бүдума ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 5 шаардлага гаргасан. 

1. Гэрээний үүргийн үнийн дүнгийн үлдэгдэл болох 23.587.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Нэмэлтээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ 2.500.000 төгрөг дээр талууд ойлголцож хариуцагч тал зөвшөөрсөн гэж ойлгож байна. Өвс хадагч, хамагч 1 ш-ийг нэмэлтээр нийлүүлсэн, хүлээлгэн өгсөн баримт нь байгаа.

3. Гэрээний үүргийг биелүүлээгүй тал хоног тутмын 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээний тусгай нөхцөлд заасан байгаа. Иймд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцагч талаас 315 хоногийн алданги 3.589.813 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчийн Хас банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр болох 7.195.388 төгрөгийг мөн хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй. Баян-Овоо сумын Засаг Дарга, түүний тамгын газар нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, мөнгөө шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нь өөрөө гэрээний хугацаандаа тоног төхөөрөмжөө нийлүүлэх үүднээс Хас банкнаас зээл авч хадлангийн тоног төхөөрөмжийг Баян-Овоо сумын ЗДТГ-т нийлүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т: Энэ хуулийн 223-р зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй, гэж заасны дагуу хариуцагч талаас Хас банкны зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй юм.

5. Иргэн н.Буяндэлгэрт шилжүүлсэн 3.000.000 төгрөгийн хувьд хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар тайлбарлах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бүдума ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газарт холбогдуулан Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний үүргийн төлбөр 39.862.201 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газраас эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Бүдума ХХК болон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газар нарын хооронд 2019 оны 06 сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газар нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хадлангийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь уг зүйл, хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Бүдума ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газартай Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээнд заасны дагуу хадлангийн иж бүрэн трактор 1ш, усан сан 2 ш, үр болон өтөг бууц, бордой цацагч 1 ш, борной хөрс сийрүүлэгч хавагч 1 ш, өвс хаман боогч, преслэгч 1 ш, өвс хадагч, хамагч 1 ш, нийт 6 нэр төрлийн 7 ширхэг тоног төхөөрөмжийг 2019 оны 09 сарын 28-ны өдөр акт үйлдэн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний хуулбар, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт, Машин тоног төхөөрөмж хүлээлцсэн акт-ын хуулбараар тус тус тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газар нь 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Бүдума ХХК-д тоног төхөөрөмжийн санхүүжилтэд 71.300.000 төгрөгийг шилжүүлж, гэрээний нийт үнээс 23.587.000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагын 26.587.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, харин нэмж нийлүүлсэн өвс хадагчийн үнэ 2.500.000 төгрөг, алданги 3.589.813 төгрөг, зээлийн хүүний төлбөр 7.195.388 төгрөг, нийт 13.285.201 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гарган маргаж байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагаас 13.285.201 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч тал хадуурын үнэ 2.500.000 төгрөг нь гэрээний үндсэн үнэ 94.887.000 төгрөгт багтсан, гэрээний тусгай нөхцөл гэсэн хавсралт гэрээнд байхгүй, алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний 6-д: Дор дурьдсан баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно. Үүнд ... гэрээний тусгай нөхцөл, гэсэн заалтаар няцаагдаж байна.

Тодруулбал Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний 6-д Гэрээний тусгай нөхцөл нь гэрээний нэг хэсэг болохыг тодорхойлсон байх ба талууд гэрээний тусгай нөхцлөөр хоногт 0.05 хувийн алданги тооцох, алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхыг харилцан тохирч тогтоосон байна.

Иймд нэхэмжлэгч Бүдума ХХК нь хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газраас гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцож алданги нэхэмжлэх, гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ. Хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга, түүний тамгын газар нь орон нутгийн орлого тасарсан шалтгаанаар гэрээнд заасан санхүүжилт хийх хугацааг 315 хоног /2019 оны 10 сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 сарын 14-ны өдрийг хүртэл/ хэтрүүлсэн болох нь зохигчдын төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдож байх ба энэ хугацааны алданги 8.453.588 төгрөг байх боловч нэхэмжлэгч байгууллага алдангид 3.589.813 төгрөг нэхэмжилсэн тул гэрээнд заасны дагуу хариуцагч байгууллагаас алдангийг нэхэмжилсэн дүнгээр гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Думаа шүүхийн хэлэлцүүлэгт Анх тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ тохиролцоо хийх үед усан сан 3 ширхэгийг авахаар ярьж байсан боловч Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатартай утсаар ярихад өвс хадагч, хамагч 1 ширхэгийг авъя, усан сан 2 ширхэгийг авъя, үүний зөрүү төлбөрийг нь төлнө гэсэн тул усан сангийнхаа нэгийг нь буцаагаад оронд нь 2.500.000 төгрөгийг өөрөөсөө нэмээд өвс хадагч, хамагч 1 ш-ийг авч Баян-Овоо сумын ЗДТГазарт хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба түүний энэ тайлбар нь Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн акт, Машин тоног төхөөрөмж хүлээлцсэн акт-ын хуулбар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хамтран хариуцагчийн төлөөлөгч М.Жавзансүрэнгийн өгсөн Техникийн тодорхойлолтод усан сан 3 ш гэж байсныг ямар учраас 2 ш болгон өөрчилж хадуурыг нэмж нийлүүлснийг мэдэхгүй байна. Энэ нь гэрээний нэмэлт өөрчлөлтөд орох ёстой байсан боловч яагаад гэрээг амаар ярилцаж өөрчилснийг мэдэхгүй гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Улмаар Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газарт Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн актад усан сан 2 ширхэг, нийт үнэ 12.000.000 төгрөг, нэг бүрийн үнэ нь 6.000.000 төгрөг байхаар тусгасан байх бөгөөд харин нэмж нийлүүлсэн гэх өвс хадагч, хамагчийн үнэ 8.400.000 төгрөг, 1 ш гэж тусгасан зэргээс үзвэл 1 ш усан сан, 1 ш өвс хадагчийн үнийн зөрүү 2.400.000 төгрөг байгаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээр өгүүлсэн 3 ширхэг усан сангийнхаа нэгийг нь буцаагаад оронд нь 2.500.000 төгрөг өөрөөсөө нэмээд өвс хадагч, хамагч 1 ш-ийг авч хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй тул миний бие тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг хэтрүүлэхгүйн үүднээс Хас банкнаас 55.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийг авч Баян-Овоо сумын ЗДТГ-т хүлээлгэж өгсөн. Зээлийн хүүнд 2019 оны 11 сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд 7.195.388 төгрөг төлсөн. Зээлийн хүүг хариуцагч төлөх ёстой гэж тайлбарлаж, хариуцагч талаас зээлийн хүү 7.195.388 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг дүгнэвэл:

Сурмаа овогтой Думаа нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр Хас банкнаас 55.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, зээлийн хүүнд 2019 оны 11 сараас 2020 оны 08 сар хүртэл хугацаанд 7.195.388 төгрөг төлсөн болох нь зээлийн гэрээний хуулбар, С.Думаагийн 5003102378 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Гэвч зохигчдын хооронд байгуулсан Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-нд Бүдума ХХК нь тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ зээлийн санхүүжилтээр шийдвэрлэх талаар тусгаагүй, мөн гэрээний тусгай нөхцлийн 8-р заалтын 1-д: Урьдчилгаа төлбөр гэрээний дүнгийн 30 хувь олгоно,

8-р заалтын 3-д: Ирсэн барааны гэрээний үнийн 70 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө, гэж зааж гэрээний үнийн 70 хувийг Бүдума ХХК өөрийн хөрөнгөөр урьдчилан санхүүжүүлэхээр талууд тохирсон байна.

Иймд Бүдума ХХК урьдчилан санхүүжүүлэх хөрөнгөө хэрхэн, ямар эх үүсвэрээс бүрдүүлэх нь хариуцагч талд хамааралгүй бөгөөд Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-гээр зохицуулаагүй, хамааралгүй асуудал байна.

Нөгөөтэйгүүр Хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-нд аль нэг тал нь үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлбэл хүлээлгэх хариуцлага нь алданги тооцохоор заасан байх ба нэхэмжлэгч нь алдангид 3.589.813 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа атлаа мөн зээлийн хүүгийн төлбөр 7.195.388 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т зааснаар хариуцагч талаас Хас банкны зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх заалт нь мөн хуулийн 223-р зүйлийн 223.1, 223.2-д заасан тухайн 2 тохиолдолд хамааралтай болохыг дурьдах нь зүйтэй.

Хуулийн дээрх зүйлд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид шууд хохирол учирсан байхыг шаардах тул нэхэмжлэгч байгууллагын Хас банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Бүдума ХХК-ийн төлөөлөгч С.Думаа Хас банкинд хүсэлт гаргаж эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан нь зохигчдын хооронд үүссэн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний харилцаанд хамааралгүй, тусдаа харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иймд зээлийн хүүгийн төлбөр 7.195.388 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр Бүдума ХХК-ийн нэхэмжлэлээс 32.666.813 төгрөгийн шаардлагыг хангаж, 7.195.388 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 32.666.813 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүдума ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.195.388 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бүдума ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.261 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг Дарга, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас 321.284 төгрөгийг гаргуулж Бүдума ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН