Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д-ын О-эд холбогдох эрүүгийн 2413000000401 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт Д-ын О-, 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЛ............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баян-Өпгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу хохирогч С.К-гийн өмчлөлийн барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хүрэм, эрэгтэй хүний биеийн тамирын өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 175,000 төгрөгийн хохирол мөн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ийг шилжих шөнийн 03 цаг 51 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.С-ын эзэмшлийн нэр хаяггүй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг хагалан нэвтэрч, дэлгүүрийн кассанд байсан бэлэн 320,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.С-т 320,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “..........................” гэв.

2. Эрүүгийн 2413000000401 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн М.А-аас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/, “Samsung A54” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, “Samsung A54” загварын гар утсыг хохирогч М.А-д хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/, хохирогч М.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, шинжээч Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-24-0190 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-33 дахь тал/, яллагдагч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгч Д.О-ын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О-ын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

4. Хэргийн үйл баримт

Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баян-Өпгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу хохирогч С.К-гийн өмчлөлийн барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хүрэм, эрэгтэй хүний биеийн тамирын өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 175,000 төгрөгийн хохирол мөн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ийг шилжих шөнийн 03 цаг 51 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.С-ын эзэмшлийн нэр хаяггүй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг хагалан нэвтэрч, дэлгүүрийн кассанд байсан бэлэн 320,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.С-т 320,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Иргэн Э.С-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

4.2. Яллагдагч Д.О-ээс эд зүйл хураан авч, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 02-07 дахь тал/,

4.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг /хавтаст хэргийн 11-18 дахь тал/,

4.4. Хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед дэлгүүрдээ гал түлсэн юм. Тэгэхэд хүйтэн сийгээд байхаар нь дээшээ харсан чинь цонх хагарсан байсан. Тэгээд тэрийг шуудайгаар тагалж хаяад Тува сургуулийн нээлтэнд оролцоод 15 цагийн үед буцаад дэлгүүрдээ ирээд дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд манай дэлгүүрт хулгайч орсон байсан юм. Тэгээд өчигдөр орой болсон болохоор унтаж амраад өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай дэлгүүрээс яг юу алга болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Хулгайч доод талын подвалын хэсгээр нэвтрэн орсон ба доод талын подвалын хэсэгт хяналтын камер байхгүй болохоор юу алга болсныг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн миний бодлоор хулгайч доороос юм аваагүй гэж бодож байна. Харин 1 дүгээр давхарт хяналтын камер байдаг болохоор бүх зүйл тодорхой бичигдсэн байсан. Уг хулгайч нь кассанд байсан 320,000 бэлэн мөнгийг хулгайлан аваад явсан байсан. ...манай дэлгүүрийн хяналтын камерт 2024 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нийг шилжих шөнө 03 цаг 51 минутын үед эрэгтэй хүн орсон байна. Уг эрэгтэй хүн дээшээ хараагүй орсноос хойш доошоо харсан байдалтай ирж дэлгүүрийн кассанд байсан мөнгийгавсан байсан юм. Манай дэлгүүрийн хяналтын камерт уг хулгайчийн өмсөж явсан хувцасны өнгө зүс нь сайн мэдэгдэхгүй байлаа. Ямар ч гэсэн уг хулгайч ноосон малгайтай, малгайгаа дараад өмссөн, өвлийн эрэгтэй хүний хүрэмтэй харагдаж байсан. Өөр зүйл анзаарагдаагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

4.5. Гэрч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2024 оны 11 дүгээр сарын 10-аас 11-ийг шилжих шөнө Ц- сумын төвд "Ри макс" үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт унтаж байхад яг хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Д.О- гар нь цус болсон байдалтай ирсэн юм. Би тухайн үед “чиний гар яасан вэ?” гэж асуухад “би сая нэг дэлгүүрийн цонхыг хагалаад ирсэн” гэж хэлсэн юм. Тухайн үед би Д.О-эд хандан чи эндээс яв өөр газар оч гэж хөөгөөд явуулсан болно. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад Д.О- нь бараг 2-3 боодол мөнгө бариад буцаад ирсэн юм. Турхайн үед би Д.О-ээс чи наад мөнгөө хаанаас авсан юм вэ? гэхэд нэг газраас аваад ирлээ гэж хэлээд надад 96,500 төгрөгийг үлдээгээд буцаад ирнэ гэж яваад өгсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.О- нь буцаад ирээд саяны мөнгөнд надад хүнсний зүйл аваад өг би хөдөө эгч рүүгээ явлаа гэхээр нь би 96,500 төгрөгөөр дэлгүүрээс хүнсний зүйл аваад өгсөн ба уг эд зүйлийг Д.О- аваад яваад өгсөн болно. Дараа нь юу болсныг нь би мэдэхгүй юм байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

4.6. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-24-0279 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 79см х 28см харьцаатай вакум цонх нийтдээ 40,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

4.7. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

4.8. Иргэн С.К-гаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 68 дахь тал/

4.9. Яллагдагч Д.О-ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 69 дэх тал/,

4.10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 81-86 дахь тал/,

4.11. Хохирогч С.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед дэлгүүрээ хаагаад тэр чигээрээ очихгүй хөдөө яваад өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирээд дэлгүүрээ нээгээд орох үед манай дэлгүүрийн цонх нь хагарсан хулгай орсон байдалтай байсан. Иймд миний дэлгүүрийн цонхыг хагалж орж хулгай хийсэн хүнийг олоод хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Яг үнэндээ яг юу юу алга болсоныг өөрөө ч сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар 250,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний гадна талын хүрэм, 15,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний биеийн тамирын өмд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Мөн цонхыг маань хаглаад надад хохирол учруулаад байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

4.12. “Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-24- 0278 дугаартай “...эрэгтэй хүний хүрэм, биеийн тамирын өмд 23*31 см вакум цонх нийт 175,000 төгрөг” үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 104-108 дахь тал/,

4.13. Яллагдагч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би яг хэдний өдөр тухайн С.К-н эзэмшлийн дэлгүүрт орсон талаараа өөрөө сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 11 дүгээр сарын эхэн үе байсан. Би Ц- сумын төвд тодорхой эрхэлсэн ажилгүй, очих айл байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Ц- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ри-Макс” төвийн коридорт унтаж байгаад ямар нэгэн гадуур өмсөх хувцасгүй даарч байсан тул даарсаны улмаас дулаан хувцас олж өмсөх зорилгоор Ц- сумын 9 дүгээр багт байрлах төв хар зам дагуу худалдаа үйлчилгээ эрхэлдэг дэлгүүрийн урд талд очоод жижиг цонхыг нь хагалж уг цонхоор нэвтэрч ороод, цэнхэр ногоон өнгийн хойноо дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх бичиглэлтэй өвлийн хүрмийг авч өмсөж орж ирсэн жижиг цонхоороо гараад “Ри- Макс” төвийн коридорт очиж унтсан. Маргааш өглөө нь сэрхэд цагдаа нар ирсэн байсан ба би дэлгүүрээс хулгайлсан өвлийн хүрмээ өмсөөд хэвтэж байгаад цагдаа нарт баригдаж уг өмсөж байсан өвлийн куртикээ сайн дураараа тайлж өгсөн” гэх мэдуүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,

4.14. Хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...надад учирсан хохирлыг барагдуулсан, надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн Д.О-эд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

4.15. Хохирогч С.К-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...манай дэлгүүрээс алдагдсан гэх өвлийн хүрмийг цагдаа нар надад буцааж өгсөн. Тухайн өвлийн хүрэмний мөнгө нэхэмжлэхгүй. Үлдсэн хохирол болох 75,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Д.О-аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

7. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.

8. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

9. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

10. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.О- нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баян-Өпгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу хохирогч С.К-гийн өмчлөлийн барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хүрэм, эрэгтэй хүний биеийн тамирын өмд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 175,000 төгрөгийн хохирол мөн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ийг шилжих шөнийн 03 цаг 51 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.С-ын эзэмшлийн нэр хаяггүй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчийг хагалан нэвтэрч, дэлгүүрийн кассанд байсан бэлэн 320,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.С-т 320,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

11. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авчч, шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.О-ын амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи олж уух гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

15. Шүүгдэгч Д.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.К-д 175,000 төгрөгийн, хохирогч Э.С-т 320,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.       

16. Хохирогч С.К-, Э.С- нарт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан эд зүй болон бэлэн мөнгө, бусад хохиролоо бүрэн төлүүлж авсан тул шүүгдэгч Д.О-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “...шүүгдэгч Д.Отгонсүх нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж өгсөн тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.О-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

21. Шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.  

22. Шүүгдэгч Д.О-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1996 онд төрсөн, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

23.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч Д.О-т хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хэсэгчлэн хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

25. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О-ыг 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Д.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Д.О-т оногдуулсан 1 жил, 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

27. Шүүгдэгч Д.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Д-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О-ийг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхэгийг эрүүгийн 2413000000401 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

                            

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ