2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар    2025/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         02          10                                         2025/ШЦТ/427

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ын П-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё танхимд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.П нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн....дугаар хороо, Хүүхдийн зууд танил Ч.Х-ыг “гар утсаа өгөөч, би фейсбүүкт мессенжер чатаа оруулаад хүнтэй утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Ч.Х-ны эзэмшлийн Айфоне 14 загварын гар утсыг залилан авч, бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ........дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.П нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Хүүхдийн зуугийн гэрэлт гудамжинд байрлах автомашины зогсоолд байршуулсан байсан автомашин дотор тухайн үед үеэрхэж байсан Ч.Х-ныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “гар утсаа өгөөч, би фейсбүүкт мессенжер чатаа оруулаад хүнтэй утсаар ярих хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Айфоне 14 загварын гар утсыг нь авч явсан, улмаар гар утсыг ломбарданд тавьж өөрийн зээлийн төлбөрийг төлөх, мөрийтэй тоглоом тоглох зэргээр хувьдаа захиран зарцуулж, хохирогч Ч.Х-д 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.  Энэ нь:

Хохирогч Ч.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Миний бие 2023 оны 10 сараас өөрийн найз Ө-гaap дамжуулан Б.П гэх залуутай танилцсан. Бид нар заримдаа найзуудаараа уулздаг байсан. Мөн Б.П бид 2 заримдаа уулздаг байсан ба сошиал сувгуудаар харьцдаг байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз С /.........../, Б.П түүний хоёр найз С, Л нарын хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хүүхдийн зуугийн гэрэлт гудамж С-ын машин дотор уулзаад сууж байсан. Гэтэл Б.П надад ... Гар утсаа өгөөч, би фейсбүүк мессенжерээ оруулаад хүнтэй утсаар ярих хэрэгтэй байна..." гэж хэлсэн. Би Б.П-т гар утсаа өгтөл Б.П миний гар утсыг аваад хоёр найзтайгаа С-ын машинаас буусан. Тэрнээс хойш 30-40 минут С бид хоёр машин дотор нь хүлээсэн. Тэгээд Б.П-ын найзууд руу залгатал утсаа авахгүй салгаж байгаад намайг фейсбүүкээр блок хийсэн. Би Б.П-тай "... Хоёулаа уулзъя. Би гар утсаа авъя..." гэхэд надтай огт холбоо барихгүй байсан учир би Б.П-ын найз болох Л-оос асуухад "... Чиний гар утсыг ломбардад тавьсан гэсэн..." гэж хэлсэн. Би Б.П-ын талаар судалж үзэхэд Б. П нь эмэгтэйчүүдтэй танилцаад гар утас, компьютер гэх мэт зүйлсийг нь залилдаг хүн байсан. Энэ талаар найз С, Л нар надад хэлсэн. Мөн хамт байхад үл таних хүмүүс Б.П руу залгаад "... Эд зүйлс болон мөнгөө авъя..." гэх мэт зүйл яриад байдаг байсан..." гэх мэдүүлэг (хх 8),

Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Б.П гэдэг хүнийг танина. 2023 оны 09 дүгээр сараас эхлээд хамт амьдарч байгаад 2023 оны 11 дүгээр сараас эхлээд хамт амьдрахаа больсон. Гэхдээ холбоотой байдаг. Миний санаж байгаагаар манай найз Б.П нь 2023 оны 10 дугаар сард байх найзаараа дамжуулж Х гэх охинтой танилцаж байсан. Тэгээд Б.П тухайн охинтой чатлаад сүүлдээ бид хоёрын түрээсэлж байсан байранд ирээд архи, дарс уугаад найзуудаа цуглуулдаг болсон. Тухайн үед манай найз Б.П 180 кровн машинтай байсан ба тэрийгээ Банк бустай 200 кровнтой тулаад сар болгоны 25-ны өдөр байх төлөлт гэж мөнгө тушаадаг байсан. Тэгээд тэр үед Б.П 2 сарын төлөлт төлөөгүй учраас Банк бусаас байнга мөнгөө хий гэж шаардаад байдаг байсан. Б.П тухайн үед 2 сар төлөөгүй байсан учраас мөнгөний хэрэгцээ гарсан. Тэгээд чаталж байсан охин болох Х-наас Б.П гар утсыг нь ломбарданд тавих талаар нэг, хоёр удаа хэлэхэд Х зөвшөөрөөгүй гэж байсан. Тэгээд миний санаж байгаагаар Х найзтайгаа манай байранд 2023 оны 12 дугаар сарын эхээр байх ирээд архи, дарс ууж сууж байгаад Х-наас утсаа ломбарданд тавих талаар дахиж асуухад зөвшөөрөөгүй. Тэгээд ямар ч л байсан бөөндөө гэрээс гараад нэгнийх нь машинтай Хүүхдийн зуугийн Сөүл плаза руу хөдөлсөн. Тэнд ирээд П, Л хоёр машинаас буугаад Х-ийн утсыг аваад гарсан. Тухайн үед миний санаж байгаагаар С, Х, Л, П бид 5 байсан. Тухайн үед тэр хоёр машинаас буугаад 15-20 минутын дараа буцаад ирсэн. Тэгээд дараа нь ломбарднаас утасны мөнгө орж ирээд П Банк бусаа төлөөд үлдсэн мөнгөөр нь идэж уух зүйл, архи дарс аваад гэртээ буцаад ирсэн. Үлдсэн мөнгө нь яг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Надад өөр зүйл хэлээгүй ээ..." гэх мэдүүлэг (хх 13-14)

Гэрч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Б.П гэх хүнийг танина. Улаанбаатар хотод ....дүгээр хороололд П болон С нарын байсан байранд 2023 оны 10 дугаар сарын сүүлээр ярьж тохироод бид 3 хамтдаа тухайн байрыг түрээслэх болсон. Тэгээд түрээсийн байрандаа байж байхад П-ын найз охин болох Х манай байранд ирж очдог болсон. П хуучин 180 кровноо зараад Банк бустай нэг машин авсан, тухайн машины төлбөрөө сар болгон төлөх хэрэгтэй гээд ярьдаг байсан. Тухайн үед хэдэн төгрөг төлдөг талаар мэдэхгүй ээ. Тэгээд П 1-2 сар байх банк бусын төлбөрөө төлөөгүй гээд хэлээд яваад байдаг байсан. Х ирэх болгондоо найзуудаа дагуулж ирдэг байсан. Тэгээд нэг удаа 2023 оны 12 дугаар сарын эхээр байх манай байранд П, С, С, Ө бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед П Х-наас Айфоне 14 загварын гар утсаа ломбарданд тавьчихаа мөнгөөр нь би банк бусын төлбөрөө төлөх хэрэгтэй байна, 7 хоногийн дараа эргүүлээд гар утсыг нь аваад өгье гэж хэлж байсан. Тэгээд Х-гийн гар утсыг П бид 2 аваад Хүүхдийн зуугийн урд байдаг нэг ломбарданд /нэрийн санахгүй байна/ 7 хоногийн хугацаагаар миний нэр дээр "нэг сая дөрвөн зуун мянга" гаран төгрөгөөр тавьсан. Тухайн үед худалдагч нь нэг ах байсан. Ломбардны мөнгө П-ын Хаан банкны ............ тоот данс руу орсон. Тэгээд тэндээсээ гараад бид хэд машиндаа суугаад П машиныхаа мөнгийг өгөөд илүү гарсан мөнгөөр нь бид хэд бөөндөө хоолонд ороод дэлгүүрээс ууж идэх зүйлс аваад түрээсийн байр луугаа явцгаасан. П тухайн мөнгийг яг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна бид нарт хэлээгүй ээ. Тэгээд П, Х-ийн гар утсыг өгч чадахгүй байна гээд өөрөөсөө байх нэг Айфоне XS загварын гар утас өгч байсан. Тэгээд бид 3 тухайн байрнаасаа нүүгээд Баруун 4-н замд өөр газар байр түрээсэлсэн. Б.П, Х-ийн гар утсыг ломбарднаас эргүүлж авч өгөөгүй..." гэсэн мэдүүлэг (хх 17-18)

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...П миний машинтай явж байхад Хүүхдийн зуугийн тэнд Наран плазагийн хажуу талд зогсчих гээд зогссон, тухайн үед П нь Х-гийн Айфоне 14 загварын гар утсаар өөрийн мессенжер чатаа оруулчихсан байж байсан. Тэгээд нэг их удалгүй Х-гийн гар утсыг аваад утсаар яриад буусан. Гадаа нэг хэсэг ярьж цаашаагаа алга болсон, араас нь найзууд нь болох С, Л нар нь буусан. Машин дотор нээх чухал нарийн ширийн зүйл яриагүй ээ, П найзуудынхаа гар утсыг ломбарданд тавьчихсан байсан, тэрнийхээ мөнгийг яаж олох вэ, Банк бусын машины зээлтэй, зээлээ яаж төлөх вэ, хүн мөргөчихсөн тэр хунда байнга мөнгө өгч байгаа гэх мэт асуудлаа хальт ярьж байсан санагдаж байсан тэр хүндээ П, Х-ийн гар утсыг ломбарданд тавиад хэдэн өдрийн дараа мөнгийг нь егье гэж ярьсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (хх 37)

М.Л-ийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны хуулга (хх 43-47),

Ч.Х-ны эзэмшлийн Айфоне 14 загварын гар утсыг 2,150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх 69-72), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.П  нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тухайн үед дотно харилцаатай байсан Ч.Х-ны гар утсыг “түр өөрийн цахим хаягаар нэвтэрч хүнтэй утсаар  яриад өгий” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурсан, улмаар гар утсыг ломбарданд тавьж өөрийн зээлийн төлбөрийг төлөх, мөрийтэй тоглох зэргээр хувьдаа захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

4. Шүүгдэгч Б.П дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.                                                                                   

5. Иймд  шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Х-д 2.150.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь Ч.Х нь хохирол барагдуулсан тул гомдол саналгүй гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.П-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...”  гэжээ.

Шүүгдэгч Б.П-т  эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Б-ын П /РД:............../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай.

 

          5. Шүүгдэгч Б.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЧАНЦАЛНЯМ