Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.б овогт Д-гийн М-д холбогдох эрүүгийн 2413000000414 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Ж.б овогт Д-гийн М-, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЮ…………..

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 09 дүгээр сарын үед эрүүгийн 2313003530025 дугаратай хэргийн яллагдагч Х.Б-, Е.Х-, М.А- нарын Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч А.С-, А.Б-, А.К- нарын өмчлөлийн хар хүрэн зүсмийн азаргатай 19 тооны адууг бүлэглэн хулгайлсан олон тооны мал дотроос хохирогч А.С-ий эзэмшлийн шаргал зүсмийн 4 насны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай, имгүй 1 тооны гүүг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж идэшинд гаргаж, 1,300,000 төгрөгийн хохирол учруулаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Д.М- мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө. Хүү маань байсан болохоор мэдээгүй. Хажууд нь дагаж ирсэн хүн уг гүүг минийх гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө ажил хийлгүүлж байсан. Өөрт маань мал байсан очиж авч ирж чадахгүй байсан. Өмнө хүүхэд маань “би заримдаа бусдын адууг хариулж тусалж байгаа” гэж хэлж байсан. Хүүхдэд хулгайгаа боль, хичээлээ хий гэж хэлж байсан. Тухайн үед 3 хүнд хашаа хороо татуулж байсан. Тэдгээр хүмүүст мах хэрэгтэй болох гэж мал авч ирье гэж хэлсэн. Хүүхэд маань бусдын адууг хариулж тусалж байгаа гэхээр нь хичээлийн дундуур яаж амжиж байгаа юм бэ гээд итгээгүй. 2, 3 өдрийн дараа хүүхэд маань хүрээд ирсэн. Тэгээд хүүхэд маань та түрүүн мал хэрэгтэй гэж байхаар нь энэ хүнээс мал авч ирлээ гэж хэлсэн. Адууны эзэн нь хэн юм бэ гэхэд хажууд байгаа хүнийг үзүүлж, энэ хүн байгаа юм гэсэн. Тэр залууг өмнө харж байгаагүй юм байна. Тэгэхээр нь адуу чиний өөрийнх юм уу гэж хэлэхэд тэр залуу “тиймээ, миний өөрийн адуу, заримдаа адууны ченж хийдэг. Таны хүүхдийг туслахаараа авч, заримдаа малаа хариулж байсан” гэж хэлсэн. Өөрийн төрсөн хүүхэд болон малын эзэн тэгж хэлж байхаар нь итгэхгүй гээд яах юм бэ. Тэгээд наад морь чинь догшин юм байна. Машинаас буулгахгүй байлгаж байгаад гэрт ороод цай уугаарай гэж хэлсэн. Гэрт ороод тэр хүнд “хүүхэд маань хөдөлгөөнтэй, энэ адуу хулгайн мал болоод хүүхдийг битгий буруу замд оруулаарай, хэрэв хулгайн мал байсан бол зүгээр л адуугаа авч яваарай” гэж хэлсэн. Тэгэхэд адуу авч ирсэн залуу “тийм биш, хулгайн адуу биш, та итгээрэй” гэж хэлсэн. Тухайн үед адууны им тамгыг харах гэхэд тамга байхгүй шиг шүлэслэсэн байсан. Мөн халтар ачиж ирсэн мал учраас тамгыг нь харж чадаагүй. Надад юу ч байсан адууг авчих гэхээр нь адууг буцааж ачуулахаар юу яагаад авчихсан.

Тухайн адуу тэр өдөр болон маргааш нь байсан. Яагаад гэвэл адуу гаргах хүн байхгүй байсан. Тэгэхээр 1, 2 өдөр байлгаж байгаад орой тийшээ хөрш айлын өвгөнийг авч ирээд толгойг нь бариулж, гаргаж авсан. Залуу, туранхай адуу байсан. 2, 3 өдрийн дараа хулгайн мал гэдгийг мэдсэн. Тэгээд юу хийхээ мэдэхгүй, адууны махаа тэр чигээр нь орхисон.

Хүүхэд маань насанд хүрээгүй байсан тул тухайн цагдаа нар хүүхдийг маань дагуулж явахад хамт явсан. Тэр үед хүүхдэдээ хулгайн мал байсан бол яагаад тухайн үедээ надад хэлээгүй юм бэ гэж хэлж байсан. Цагдаад бүх үнэнээ хэлээрэй. Намайг буруутгаж магадггүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр талаар та юу ч хэлэх шаардлагагүй. Тэр талаар бид бүх үнэнийг хэлэх болно гэж хүүгийн хажуудах залуу хэлсэн. Тэгээд нэг их ач холбогдол өгөөгүй. Үндсэн шүүх хуралдаан болох үед аавд нь нэг адуу аваачиж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн хэлсэн үнэн үгээ тэр үед бас хэлсэн. Хүүхдээ муу хулгайч гээд хэлээд явахыг хүсэхгүй байна. Хөнгөн зантай, моринд дуртай хүүхэд байсан” гэв.

2. Эрүүгийн 2413000000414 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/, гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04 дэх тал/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/, гэрч А.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дахь тал/, мөрдөгчөөс бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 214 дугаартай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 21 дэх тал/, эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтууд /хавтаст хэргийн 26-156 дахь тал/, яллагдагч Д.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 166 дахь тал/, шүүгдэгч Д.М-ы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.М-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 09 дүгээр сарын үед эрүүгийн 2313003530025 дугаратай хэргийн яллагдагч Х.Б-, Е.Х-, М.А- нарын Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч А.С-, А.Б-, А.К- нарын өмчлөлийн хар хүрэн зүсмийн азаргатай 19 тооны адууг бүлэглэн хулгайлсан олон тооны мал дотроос хохирогч А.С-ий эзэмшлийн шаргал зүсмийн 4 насны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай, имгүй 1 тооны гүүг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж идэшинд гаргаж, 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 9 дүгээр сарын үед манай адуун сүрэг дотроос нийт 19 тооны адуу хулгайд алдагдсан. Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэргийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч К.Е- шалгасан ба тухайн хэргийг М.А-, Е.Х-, Х.Б- нар үйлдсэн болох нь тогтоогдсон. Бид нийт 19 тооны адуунаас 7 адууг буцаан авсан ба үлдсэн 12 адууг бусдад худалдаж, заримыг нь идэшинд гаргасан байсан. Хэрэг шалгах явцад М.А-ий аав болох Д.М- нь хулгайлсан 19 адуунаас 1 адууг намрын идэшинд гаргасан байсныг сүүлд мэдсэн. Манай 3 айлаас нийт 19 тооны адуу алдагдсан. Үүнээс миний 6 тооны адуу, дүү А.С-ий 9 тооны адуу, А.К-ээс 4 тооны адуу алдагдсан. Манай бүх адуунууд нь зөв талын гуяндаа галан тамгатай байдаг. Харин Д.М-ы намрын идэшинд гаргасан гэх адуу нь А.С-ий шарга зүсмийн адуу байсан. Уг адууг А.С-ий адуу гэдгийг нь Д.М- мэдэж байсан. Манай 3 айл болон Д.М-ы гэр нь хоорондоо 4 гаруй км-ийн зайтай тул нэг нэгнийхээ малын зүс, им тамга, ямар мал байгааг бүгдийг нь мэдэж байгаа. Ялангуяа олон жил хамт байсан хөдөөний айлууд тул бүр андахгүй. Д.М-ы хүү болох М.А- нь уг адуунуудыг хулгайлж, улмаар Д.М- нь хулгайн адуу гэдгийг мэдсээр байж хуулийн байгууллагууд болон бид нарт мэдэгдэхгүйгээр нууцаар нэг адууг нь намрын идэшинд санаатайгаар алж идсэн. Хэрэг шалгагдах үед энэ талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04 дэх тал/,

4.2. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... уг 3 айл нь Д.М-ы айлтай зусландаа нэлээд зайтай буюу 30 орчим километрийн зайтай, харин өвөлжөө, хаваржаа, намаржаандаа хөршийн холбоотой буюу бараг хамт шахуу байдаг юм. Д.М- нь олон жил малчин хийж байгаа хүн тул уг 3 айлын адуун сүрэг болон бусад малыг мэдэх бүрэн боломжтой. Учир нь хөршүүдийн холбоотой айлууд юм. Д.М-ы хүү Аллаберген нь өмнө бас мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан. Ямартай ч хүү Аплаберген нь А.С-, А.Б-, А.К- нарын айлын адуун сүргийг хулгайлаад авч ирсэн тохиолдолд Д.М- нь уг адууг А.С-, А.Б-, А.К- нарын адуу мөн эсэхийг бүрэн таних боломжтой юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 06 дахь тал/,

4.3. Гэрч А.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Буянт сумын 3 дугаар буюу Өмнөгол багт тухайн галан тамгыг манай хот айл буюу А.С-, А.К-, А.Б- бид нар л хэрэглэдэг. Өөр хүмүүс гурвалжин тамгыг хэрэглэдэггүй. Ямар ч хөдөөний малчин хүн адууны тамгыг эхэлж хардаг, хэний адуу, хаанахын адуу бэ гэдгийг зөвхөн тамгаар л харж мэдэж болно. Тухайн Д.М-ы хувьд бол олон жил хөрш зэргэлдээ айл байсан хүн манай адууны тамгыг сайн мэдэх учиртай. Хулгайд алдагдсан 19 адуунаас миний 9 тооны адуу байсан ба шарга зүсмийн 4 настай гүүг манай хөрш болох Д.М- нь намрын идэшиндээ гаргасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би мэдсэн. Шүүх хуралдааны дараа надад Д.М- нь миний адууг хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж гаргасан. Манайх 40 жил хамт айл хөрш байсан хүнийхээ хувьд нэгнийхээ малыг им, тамга, зүс зэргээр эзнээс нь дутахааргүй мэддэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дахь тал/,

4.4. Мөрдөгчөөс бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

4.5. Эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

4.6. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтууд /хавтаст хэргийн 26-156 дахь тал/,

4.7. Яллагдагч Д.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн тогтоолд дурдагдсан адууг намрын идэшинд гаргаж идсэн маань үнэн, гэхдээ миний хүү болох М.А- нь 2023 оны 9 дүгээр сарын үед манайх Их булан гэх газарт нүүж очсон бөгөөд тухайн газарт хашаа татах ажил хийж байсан. Миний хүү М.А- нь сургуулийн сурагч бөгөөд хагас, бүтэн сайн, амралтын өдрүүдээр хашаа татах ажилд туслахаар Их булан гэх газарт ирсэн. Тухайн үед манай мах дууссан бөгөөд би хөдөө явж мал гаргаж мах авч ирэх зорилгоор явах гэж байтал М.А- надад хандаж “...та хөдөө явж мал авч ирж явах юм, би нэг баян хүний адуу хариулж байгаа, тэднийх адуугаа зарж байгаа. Миний адуу хариулсны цалин гэж тухайн хүн надад нэг адуу өгнө гэж хэлсэн тэрийг авъя...” гэж хэлээд өнгөрсөн.

Хэд хоногийн дараа Их булан гэх газарт цэнхэр өнгийн Портер машин манай гэрийн гадаа шаргал зүсмийн дөнжин /байдас/ гүү ачиж авч ирсэн бөгөөд тухайн М.А-, Б- хоёр манайд ирсэн. Тухайн үед Б-ийг таньдаггүй байсан ба анх удаа тухайн үед харсан, ачиж ирсэн адуугаа буулгах үед би тэр хоёроос “энэ ямар адуу вэ” гэж асуухад Б- надад хандаж “...би энийг хотоос худалдаж авч байсан, энэ миний өөрийн эзэмшлийн адуу. Би танай хүүхдээр адуу хариулуулсан, түүний хөлсөнд өгч байгаа юм” гэж хэлээд тухайн адууг буулгаад явсан. Тухайн шаргал зүсмийн адууг надтай хамт гаргалцах хүн олдоогүй бөгөөд манай хашаанд хоёр хоног уяатай байсны дараа таньдаг нэг хүнтэйгээ нийлж тухайн шаргал зүсмийн адууг гаргасан.

Тухайн явдлаас хойш 2-3 хоногийн дараа миний хүү болох М.А- малын хулгайн хэрэгт холбогдсоныг мэдсэн. М.А-, Б-, Х- нарт хандаж би “...надад өгсөн шаргал зүсмийн дөнжин гүү чинь хулгайн адуу байна, та нар надад хулгайн мал идүүлсэн, энэ талаараа цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлээрэй, дараа нь би өөрөө асуудалд орох юм байна шүү...” гэж хэлж байсан. М.А-, Б-, Х- нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байхад би “...энэ хүмүүс надад хулгайн мал авч ирж өгч, манай идэшинд гаргуулсан...” гэж хэлсэн. Тухайн хүмүүст холбогдох 19 тооны адууны хэргийн хохирол, хор уршгийг ар гэрийн хүмүүс нь хувааж төлж, барагдуулж дуусгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Д.М- “тухайн үед хулгайн мал гэдгийг мэдээгүй” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь тухайн үед хулгайн адуу гэдгийг мэдээгүй боловч дараа нь мэдсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мэдсээр байж бусдын адууг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гээд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон түрүүн шүүх хуралдаанд ч гэсэн мэдүүлж байх тул тухайн зүйл заалтаар гэм буруутайд тооцох боломжтой” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

7. Шүүгдэгч Д.М- нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...тухайн үед уг адуу малыг хулгайн мал гэдгийг мэдээгүй” гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч А.Б-, Т.Б-, А.С- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М- нь 2024 оны 09 дүгээр сарын үед эрүүгийн 2313003530025 дугаратай хэргийн яллагдагч Х.Б-, Е.Х-, М.А- нарын бусдын олон тооны адууг бүлэглэн хулгайлсан олон тооны мал дотроос хохирогч А.С-ий эзэмшлийн шаргал зүсмийн 4 насны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай, имгүй 1 тооны гүүг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь аливаа этгээдийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан байдлаар илэрнэ.

9. Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 09 дүгээр сарын үед эрүүгийн 2313003530025 дугаратай хэргийн яллагдагч Х.Б-, Е.Х-, М.А- нарын Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч А.С-, А.Б-, А.К- нарын өмчлөлийн хар хүрэн зүсмийн азаргатай 19 тооны адууг бүлэглэн хулгайлсан олон тооны мал дотроос хохирогч А.С-ий эзэмшлийн шаргал зүсмийн 4 насны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай, имгүй 1 тооны гүүг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.М-ы шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

14. Эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтууд /хавтаст хэргийн 26-156 дахь тал/-аас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Д.М- /эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт өсвөр насны шүүгдэгч М.А-ий хууль ёсны төлөөлөгч/ нь гэрч А.С-д /эрүүгийн 2313003530025 дугаартай хэрэгт хохирогч/ уг гүүний үнийг төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

15. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

16. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Д.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” гэх дүгнэлтийг, 

17. Шүүгдэгчээс “...хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

19. Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

20. Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.  

21. Шүүгдэгч Д.М- нь хувийн байдлын хувьд 1968 онд төрсөн, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.

22. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

23. Шүүгдэгч Д.М- нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

26. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

27. Шүүгдэгч Д.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр  үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.б овогт Д-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ