Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

      Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт М-ын Н-эд холбогдох эрүүгийн 2513000000035 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг 02 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ... дугаар /Жана ауыл/ багийн ...дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М.х овогт М-ын Н-, регистрийн дугаартай: БЖ..........;

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч М.Н- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Н.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 2 сараас 2022 оны 01 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 2,720,000 төгрөгийг халамжийн сангаас талийгаач охин Н.А- эзэмшлийн ХААН банкин дахь ...... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг нь хүлээж авч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж мөн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах саналыг гаргаж байна. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 1.520.000 төгрөгийн хохирол гаргуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан арга хэмжээ авагдсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналтай байна. Битүүмжилсэн зүйлгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэв.

            2. Шүүгдэгч М.Н- шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дулаарахаар ажил хийж үлдсэн хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байгаа” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нас барьсан охин Н.А- нас барьсан талаар холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг прокуророос хүлээж авч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон. Улсын яллагчийн санал болгож байгаа эрүүгийн хариуцлагыг оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.

            4. Шүүгдэгч М.Н- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Н.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 2 сараас 2022 оны 01 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 2,720,000 төгрөгийг халамжийн сангаас талийгаач охин Н.А- эзэмшлийн Хаан банкин дахь ...... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, иргэн Н.А-гийн эзэмшлийн Хаан банкин дахь ...... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, иргэн Н.А-гийн төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, яллагдагч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

            7. Шүүгдэгч М.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            8. Энэ хэргийн улмаас нийгмийн халамжийн санд учирсан 2,720,000 төгрөгийн хохирлоос 1,200,000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байгаа ба үлдсэн хохирол болох 1,520,000 төгрөгийг төлж өгөхөө иллэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ээс 1,520,000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Н-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Н-эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч М.Н-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Н-эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

12. Шүүгдэгч М.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

 

13. Шүүгдэгч М.Н-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.х овогт М-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Н-эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ээс 1,520,000 /нэг сая таван зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд олгосугай.

 

7. Шүүгдэгч М.Н-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК