Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт А-ын С- д холбогдох эрүүгийн 2513000000023 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Б.с овогт А-ын С- , 2..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг Т- сумын .... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БЙ..........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.С- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Х-ын гэрт цахилгаан тамхиа цэнэглүүлэх зорилгоор орж улмаар гарахдаа үүдний амбаарт байсан ундаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч А.С- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Улсын яллагч Д.А-ээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч А.С-н үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлоо нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн 6 сарын хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

4. Шүүгдэгч А.С- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Х-ын гэрт цахилгаан тамхиа цэнэглүүлэх зорилгоор орж улмаар гарахдаа үүдний амбаарт байсан ундаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.С-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-10 дахь тал/, хохирогчоос СД дискэд хуулбарлаж гаргаж өгсөн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон дүрс бичлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 54 дэх тал/, иргэний нэхэмжлэгч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 56 дахь тал/, шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БӨА-24-0286 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-32 дахь тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.С-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            7. Шүүгдэгч А.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Шүүгдэгч А.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Х-ад унадаг дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, иргэний нэхэмжлэгч С.С- нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч А.С- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.С-н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн 6 сарын хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.С-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

13. Шүүгдэгч А.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2513000000023 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.с овогт А-ын С- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.С-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2513000000023 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                   

                   

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ