Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/113

 

 

 

 

 

 

  2021              1            26                                          2020/ДШМ/113

 

 

 

С.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Л.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.А-т холбогдох эрүүгийн 1911028250614 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Сүхбаатарын А-, 19... оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ................ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 С.А- нь бусадтай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын тойргийн автобусны буудлын орчим Н.Б-ы эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж 1000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэгт,

дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ Н.Б-ыг бусадтай бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-т Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.А-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан хасаж тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч С.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийн хувьд давхар объекттой буюу гэмт этгээд өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон бусдын эрх, өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн эрхшээлд оруулахын тулд тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүчирхийлсэн довтолгоо хийж  халдсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг алдагдуулж буй шууд санаатай, идэвхитэй хөдөлгөөн болох довтолгооноор дамжуулан хохирогчийн бие махбодид халдах бөгөөд шүүгдэгч С.А-ын үйлдлээс үзвэл дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдэх үедээ хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг өөрийн үйлдлээр хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А-ын үйлдэл холбогдлыг давхар зүйлчлэн ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.А-ын үйлдсэн гэмт хэргүүдээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр эсэргүүцэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжээр тодорхойлогддог, хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй бол тус зүйлээр зүйлчлэх нь хуульд нийцнэ. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байхад дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж заасан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу хүч хэрэглэсэн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинж учир давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх хүч хэрэглэсэн үйлдлийг нь хүндрүүлэх нөхцөл байдал болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, энэ хэрэг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдэж шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байсан. Уг саналаа дэмжин оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос С.А-ыг “бусадтай бүлэглэн хохирогч Н.Б-ы эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, 1000 төгрөгийг нь дээрэмдсэн, мөн хохирогч Н.Б-ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” тус тус гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг алдагдуулж буй шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөн болох довтолгооноор дамжуулан хохирогчийн бие махбодид халдах бөгөөд шүүгдэгч С.А-ын үйлдлээс үзвэл дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэх үедээ хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А-ын үйлдэл холбогдлыг давхар зүйлчлэн ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн холбогдох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. 

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, шүүгдэгч С.А- нь нэг удаагийн хүч хэрэглэсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулиар эрүүжүүлж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдлийг дээрмийн гэмт хэргийн үйлдэлд хамаарч байгаа байдлаар тайлбарлан гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглэх үндэслэл журамд нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А- нь бусадтай бүлэглэж, хохирогчийн эд хөрөнгийн авахаар довтолж, эд хөрөнгө /1000 төгрөг/-ийг нь дээрэмдсэн, хүч хэрэглэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд эрүү ясны салаа дайрсан зөрөөгүй хугарал, зүүн 4, 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд араа /7/ шүдний булгарал, зүүн дээд бага араа /5/ шүдний сулрал, зүүн хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг эрүүл мэндэд нь учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.  

Иймд “дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.А-т холбогдох хэргийг дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ