| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2021/0016/З |
| Дугаар | 115/ШШ2022/0044 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 115/ШШ2022/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ХХК,
Хариуцагч: *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоорондын “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосон”-той холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалт (үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох)-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч *** нар шүүх хуралдааны танхимаас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул, Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус Хурлын “***” ХХК-ний байгаль орчинд хортойгоор нөлөөлж буй үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох тухай” 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тус 08 дугаар тогтоолын 1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулсан.
2. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолыг хариуцагч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр, сумын Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/284 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч “***” ХХК-д хүргүүлж, уг хуулийн этгээдээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолын хуулбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж буй “***” ТББ, “***” ТББ-уудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэхээр товлогдсон 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15:30 цагийн шүүх хурал дээр уг хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, *** /*** сумын иргэдийн төлөөлөгч, *** багийн Засаг дарга/ нар гаргаж өгсөн тул тус тогтоолын хуулбартай танилцсан бөгөөд,
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранхоёрдугаар зүйлийн 2 дахь заалтад “... Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно …” гэж зааснаас үзэхэд *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хянах чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
3.2..Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой,тодорхой байх ёстой. Гэтэл *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...*** ХХК-ийг байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоож үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосугай” гэж шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй тодорхой бус байна. Учир нь 08 дугаар тогтоолын 1 дэх заалтаас үзэхэд манай компанийн үйл ажиллагаанаас байгаль орчинд хортой нөлөөлсөн, хохирол учруулсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч байгаль орчинд хортой нөлөөлсөн эсэхийг нь тогтоолгүйгээр шууд тодорхойгүй хугацаагаар байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад манай компанийн үйл ажиллагааг хэзээнээс эхлэн ямар хугацаанд зогсоож байгаа нь тодорхойгүй байдлаар шийдвэр гаргасан нь компанийн эрх ашигт ноцтой хохирол учруулсан үйлдэл болно.
3.3. Маргаан бүхий актын удиртгал хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гаргаж буй захиргааны актад тавигдах шаардлагыг хуульчилж өгсний дотор 40.2 дугаар зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг зөрчсөн.
3.4. Мөн актын удиртгал хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “л”-д заасныг үндэслэсэн байдаг. Тухайн заалтыг судлан үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх эрхтэй байхаар зохицуулсан байх боловч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргын гаргасан мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргаагүй нь уг тогтоолын удиртгал хэсгээс харагдана.
3.5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, 2 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан.
Гэтэл *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 08 тогтоолын удиртгал хэсэгт Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар сум, дүүргийн Засаг даргад хуулиар олгосон эрхийн заалт болох 17.2.4 дэх заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргаан акт гаргасан” заасан буюу өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.
3.6. Түүнчлэн захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмыг заавал баримтлах үүрэгтэй. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу гаргах гэж байгаа захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Тодруулбал *** ХХК-ийн ямар үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн хортой нөлөөлсөн болохыг тогтоох Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлэх, 26 дугаар зүйлд заасны дагуу гаргах гэж буй захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийг олж тогтоох, тухайн иргэн, хуулийн этгээдийг захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй ба манай компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломжийг олголгүй шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх журмыг зөрчсөн гэж үзнэ.
3.7.*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас гаргаж буй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан дараах зарчмуудад үндэслэх ёстой. Тодруулбал 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах гэх мэт.
3.8. Манай компани *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа учир орон нутагтай байгуулсан гэрээний дагуу орон нутагт болон суманд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй болно гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс, 08 тогтоолыг гаргахдаа хуралдсан хэлэлцүүлэгт нь анхаарлаа хандуулахыг гэж хүсэж байна. Ямар процесс болсон, хэн юу гэж хэлсэн юм. Ямар нотлох баримтыг судалж шинжилсний үндсэн дээр гаргасан юм гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Шинжлэх ухааны академийн дүгнэлт хэрэгт авагдсан. Тухайн дүгнэлтээ хэд хэдэн худгуудад байгалийн тогтцоороо зарим нэг элементүүд нь уух усны шаардлага хангахгүй худгууд байна гэж дүгнэсэн байдаг. Тэр худгуудыг орон нутгаасаа яагаад хаахгүй байгааг бид нар мэдэхгүй. Тэр худгууд нь манай компанийн мэдлийн худгууд биш, шалгуулах хүсэлт гаргах этгээд нь манай компани.
1997 оноос хойш хайгуул хийгээд ордоо олоод, нөөцөө тогтоогоод 2015 онд ашиглалтын лиценз авсан. Ашиглалт маань бүрэн хэмжээнд олборлох хэмжээнд хүрээгүй байгаа. Орд ашиглах гэрээгээр туршилтын үйлдвэрлэл хийж байгаа. Гадагшаа гаргаж экспортолсон зүйл байхгүй. Манай компани нь Франц болон төрийн өмчийн оролцоотой компани хамтарсан. Төр 34 хувийг эзэмшдэг. Одоогийн байдлаар ашиг орлого олоогүй байгаа гэв.
3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би энэ компанид байгаль орчин цацраг, орон нутагтай харилцах бүх асуудлыг хариуцаж ажилладаг. Энд ажиллах явцдаа 10 гаран жил нутгийн усыг ууж ажилладаг байсан. Шинжилгээ нь өөр өөр гараад байна гэж байна. Энэ чинь өөр өөр гарна шүү дээ. Усны чанарын асуудал улирлын чанартай өөрчлөгдөж байдаг. Хоёрдугаарт тэр нутагт уран байгаа учраас ураныг дагалдах элементүүд нь өндөр байдаг. Тэгээд говийн ус ямар байдаг гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Энэ уснууд чинь хоорондоо ялгаатай. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд аль нэг компанийг буруутгаж байгаа дээр хэлэх ч үг алга. Байгалиасаа биологийн тогтцоосоо ийм өндөр байна гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм.
Олон ажлын хэсгийн дүгнэлтүүдээс авч хэрэглэхээрээ тийм юм нь өндөр энийг хаа гэсэн үг хэллэг, өгүүлбэрүүдийг авч хэрэглэдэг. Байгалиасаа, өөрөөсөө, тогтоц нь ийм гэсэн үг өгүүлбэрийг бүгдийг нь хасдаг. Манайх өнөөдрийн байдлаар 19 худгийг өөрийн хяналтад байлгадаг. *** булгийн худаг манайхаас 1,7 км зайтай манай хяналтад байдаг. Энэ худгаас айл нь уудаг ямар нэгэн асуудал байдаггүй. Яг манайхаас 2, 3 км цаана байгаа айл өнөөдөр улсын сайн малчин болж байна. *** багаас хэдэн улсын сайн малчин төрсөн бэ? үүнийг бас тооцож үзэх хэрэгтэй.
*** сумын малын тоо жил болгон өсөлттэй гардаг. Манай компани энэ дээр анхаарч ажилладаг. Тийм ч учраас бид нар усыг хяналтдаа байлгаж малын эрүүл мэндийн төсөл боловсруулж ажилладаг. Малын үхэл дээр гаж төл гэж ярьж байна. Энэ гаж төлийн судалгаагаар *** сум улсын дунджаас доогуур байгаа. Харин Хөвсгөл, Архангай, Улаанбаатар руу гаж төл илүү байна гэсэн судалгаа байдаг. Мөн бид нар хүн амын эрүүл мэндийн судалгаанд 1,4 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ судалгаагаар хоёр төрлийн өвчнийг олж тодорхойлж байсан. Энэ мал сүрэгт ялангуяа ***гийнд энэ өвчин байна. Мал сүргээ холихгүй, бэлчээрийг нь зааж өгч байсан. Гэвч үүнийг хэрэгжүүлээгүй байдаг. Тэгээд энэ өвчин нь өөр айлд илрээд гаж төл гарлаа гээд холбогдох байгууллагад нь хандаад хэрэг нь хаагдсан байдаг.
Малын эрүүл мэндийн судалгаагаар бүх малын вакцинжуулах, хашаа хороо цэвэрлэх энэ ажлуудыг бүрэн хийсэн. Манайх төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө суурь судалгаа хийгээд дараа нь хоёр жилийн төсөл хэрэгжүүлснийхээ дараа дахин 20 айлыг сонгож аваад сайжирсан эсэх талаарх судалгааг хийсэн. Тэгэхээр малчин вакцинжуулах ажлаа цаг тухайд нь хийх ёстой гэсэн зөвлөмжүүдийг гаргаж, төсөлтэй холбогдуулан хэрэглэж байсан багаж хэрэгслийг орон нутгийн нэгжийг дэмжих зорилгоор өгч хамтран ажиллаж байсан. Бид нар өнөөдөр ажилчдынхаа хоолны махыг орон нутгаас татдаг. Жил болгоны 11 дүгээр сард мах худалдан авах төсөл хэрэгжүүлдэг гэв.
3.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “***” ХХК нь *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолын нэг дэх заалтын “***” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.
“***” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 2015 оноос эхлээд байгаль орчинд болон байгаль экологи хүн малын эрүүл мэндэд аливаа хортой нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг чанд мөрдөж ажиллаж ирсэн. Гэтэл хариуцагч байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоож, үндэслэлийг тодорхой заалгүй захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т заасны дагуу өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Захиргааны актыг гаргаж байгаа захиргааны байгууллага нь өөрөө “***” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хортойгоор нөлөөлсөн гэдгийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй. Зөвхөн таамаг бүхий байдлаар асуудалд хандсан болох нь тогтоолын нэг дэх заалтаас харагдана.
*** сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “***” ХХК-г байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоож үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоосугай гээд нөлөөлж байж болзошгүй гэсэн зөвхөн хардлагын шинжтэйгээр нэг компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээний тогтоолыг гаргасан байна. Үүнийгээ өөрөө байгаль орчинд нөлөөлж болзошгүйг урьдчилсан тогтоож чадаагүйн улмаас тогтоолынхоо 2 дахь заалтаар экологийн цагдаагаар шалгуулахаар маргаан бүхий тогтоолдоо дурдсан. Энэхүү асуудал дээр нэхэмжлэгч талаас маргахгүй, энэ шалгах асуудлаа хариуцагч байгууллага хэрэгжүүл, “***” ХХК-ийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлийн талбайдаа явуулж байгаа үйл ажиллагаандаа байгаль орчинд хортойгоор нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг шалгахад манай байгууллагын зүгээс татгалзах зүйл байхгүй. Гагцхүү энэ шалгалтыг хийхдээ байгууллагын үйл ажиллагааг зогсоох үүрэг даалгаврыг бий болгож байгаа агуулга бүхий захиргааны актыг гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна.
“***” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудал ерөнхий сайд Алтанхуягийн захирамжийн дагуу ажлын хэсэг 2013 онд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр шалгасан. Үүний үр дүнд байгаль орчин болон хүн мал амьтны эрүүл мэндэд ямар нэг байдлаар хор хохирол учруулсан зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Хоёр дахь удаа 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнийн тушаалаар дахин шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын хариуг 2013 онтой харьцуулсан байдаг. Энэ компанийн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийн хувьд хүний эрүүл мэндийн нөхцөл байдал, *** аймгийн сумдын эрүүл мэндийн байдлыг нь харьцуулан “***” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа *** сумын хүний эрүүл мэнд, нас баралт зэрэг нь улсын дунджаас ямар байгаа юм гэдэг дүгнэлтүүдийг гаргасан. Энэ дүгнэлтээр 2013 онд хийсэн дүгнэлтийн үр дүн 2020 оны дүгнэлтээр баталгаажсан гэж үзэж байгаа. 7 жилийн дараа энэ гаж төрөлт, эхийн эндэгдлүүд буурсан байна гэсэн дүгнэлтүүд гарчихсан. Энэ дүгнэлтээр “***” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Засгийн газраас онцгой анхаарч Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болсны дараа Засгийн газрын 58 дугаар тэмдэглэлээр шинжлэх ухааны академийг бас үүнтэй холбоотой дүгнэлт гаргах үүрэг бүхий тэмдэглэлийг гаргасан. Энэ дүгнэлтээр шинжлэх ухааны академиас шалгалтыг хийсэн. 2022 оны 01 дүгээр сард эцсийн байдлаар шалгалтын хариу гарсан. Үүгээр мөн “***” ХХК-ийн үйл ажиллагаанаас байгаль орчныг бохирдуулсан, хордуулсан байна гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж гарсан. Аливаа байдлаар энэ компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхдээ үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл бүрдээгүй байна гэдэг нөхцөл тогтоогддог.
Хариуцагчаас, тусгай зөвшөөрлийн ойролцоо байх булаг, шанд, худаг усыг “***” ХХК үйл ажиллагаа явуулсны улмаас хордуулсан, бохирдуулсан зүйл байна гэж маргадаг. Үүнтэй холбоотой Галба өөш долоодын сав газрын захиргаа гэдэг байгууллагаас энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор дахин шалгалтыг хийсэн. Энэхүү шалгалтын хариугаар “***” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас ойролцоох худаг ус булаг шандыг бохирдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж гарсан.
Захиргааны актыг мэдэгдэх сонсгохтой холбоотой ажиллагааг захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу хийх ёстой. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу эхний ээлжид энэхүү захиргааны актыг гаргах хэрэгцээ шаардлага, шалгах нөхцөл байдал үүссэн үү? гэдэг асуудалтай холбоотойгоор холбогдох баримтуудыг цуглуулах бүрдүүлэх үүргийг захиргааны байгууллага хийнэ. Ингэж байж сая дурдаад байгаа 42.3-т заасан бодит нөхцөлд тохирсон байх захиргааны акт гаргах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн зүгээс нотлох баримт бүрдүүлсэн. Энэ захиргааны актыг гаргах хэрэгцээ шаардлага гаргахтай холбоотой бүрдүүлсэн баримт юу байна гэдгийг цуглуулсан. Гэвч энэ дээр яг бодитойгоор хортой үйл ажиллагаа учруулсан зүйлийг тогтоосон нэг ч баримт байхгүй.
Дээрээс нь яагаад энэ шалгалтыг хийхдээ “***” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох болсон талаар үндэслэл бүхий тайлбар өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй. Үүнтэй холбоотой тайлбарыг хариуцагч гаргаж өгөөгүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үүргээ захиргааны байгууллага бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг гаргахдаа бүрдүүлээгүй зөрчлийг гаргасан байна.
Иймээс маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсгийн “***” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаа дэмжиж байна гэв.
3.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 тоот *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа. Энэ тогтоол дээр үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлүүдээ жагсаасан байгаа. Түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг гэж заасан байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын Үндсэн хуулийн засаг захиргаатай гэсэн агуулгатай бүлгийг тэр чигт нь үндэслэл болгосон. Энэ бүлэгт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал маань хувийн өмчийн хэлбэр бүхий компанийн үйл ажиллагааг шууд зогсоох түдгэлзүүлэх эрхийг олгосон заалт байдаггүй. Ерөнхий энэ бүлэг заалтуудыг харах юм бол Монгол улсын Үндсэн хуулийн зарчим 1 дүгээр зүйлээсээ эхлээд Үндсэн хууль, шударга ёс, хууль дээдлэх гээд заачихсан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрөө хуульд заасан чиг үүрэг хязгаарын дотор үйл ажиллагаа явуулж, шийдвэрээ гаргана гээд хэмжээ хязгаарыг нь тогтоож өгсөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "л" гэдэг хэсгийг үндэслэл болгосон байдаг. Тухайн заалт нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл арга хэмжээ нь хүн мал амьтан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид заасан журам тогтоож мөрдүүлэх эрхтэй гэсэн эрх олгосон утгатай заалт байдаг. Энэ заалтыг үндэслэл болгосон нь дараах зөрчилдөөнтэй байдлыг бий болгож байгаа. Нэгдүгээрт энэ заалтын агуулга нь аж ахуйн нэгж байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл арга хэмжээ нь өөрөө байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр байх юм бол энэ заалтыг хэрэгжүүлэхээр байдаг. Гэтэл манай тохиолдолд тухайн байгууллагын төлөвлөж буй төсөл арга хэмжээ биш 1997 оноос хойш эхлээд хайгуулын үйл ажиллагаа явуулаад 2015 оноос хойш ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан, их хэмжээний цаг зарцуулаад хэрэгжиж 20 гаруй жил болсон үйл ажиллагаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ гэдэг заалтад хамаарахгүй болж байгаа. 1995 оноос хайгуулын үйл ажиллагаа 2015 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Хоёрдугаарт энэ зүйлийг хэрэгжүүлэхэд хуулиар тусгайлсан нөхцөлийг тавьж өгсөн. Энэ нь тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах гэдэг хуулийн шаардлага байгаа. Энэ хүрээнд төлөвлөж байгаа гэдэгт хамааралгүй. Засаг даргын мэдээлэл гэсэн зүйл одоогийн байдлаар хавтаст хэрэгт цугларсан баримтууд дотор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 08 тоот тогтоолыг гаргахтай холбоотой засаг даргын мэдээлэл гэж юмыг хэлэлцсэн үйл баримт тогтоогддоггүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл дотор нь хүртэл Засаг даргын мэдээллийн талаарх утга агуулга үг, өгүүлбэр дурдагдаагүй байдаг. Тэгэхээр энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "л" гэдэг заалтынхаа хуульд заасан урьдач нөхцөл журмыг хангаагүйгээр эрх зүйн зөрчилтэй хэрэгжиж гарсан акт байна гэдэг нөхцөл байдлыг илэрхий харуулдаг.
Үүний дараагийн үндэслэл болгосон заалт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 гэсэн заалтыг баримталсан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг харах юм бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарах заалт байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт дээр 17.2.4 гэсэн заалтыг үндэслэл болгосон нь Хуралд хамаарах биш сумын Засаг даргад хамаарах заалтыг татаж авч үндэслэл болгосон нь шууд хуулийн зөрчил бий болгож байна. Яагаад гэхээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ дотор зөрчлийг арилгах эсхүл хортой нөлөөлж байгаа үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох гэдэг иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаарах эрх хэмжээ олгосон заалт огт байхгүй. Харин 17.2.4-т зөрчил байх юм бол үүнийг түдгэлзүүлэн зогсоох эрх бүхий байгууллагад асуудал тавих гэдэг эрхийг Засаг даргад олгосон. Тэгэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад олгосон бүрэн эрхийг буюу өөрт олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь илэрхий ноцтой зөрчил бүхий акт гэдэг нь үүнээс харагдаж байгаа.
Хэдийгээр энэ заалт нь Засаг даргад хамаарах ч гэсэн энэ заалт дээр нь өөрийнх нь хэрэгжүүлэх нөхцөл байдлыг заасан. Энэ нь илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол хортой нөлөөлөхүйц үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох гэж байгаа. Засаг дарга хүртэл энэ эрхээ хэрэгжүүлэхдээ энэ болзошгүй юм гэж сэргийлж хардаж үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4-т олгоогүй. Хортой нөлөөлж буй үйл ажиллагааг илэрснийх нь дараа түдгэлзүүлэн зогсоох эрх олгосон заалт байгаа. Гэтэл манай нөхцөлд илрүүлсэн, тогтоосон зүйл байхгүй. Маргаан бүхий захиргааны акт нь хохирол учирсан юм уу, шалгая тогтооё, шалгаж байх хугацаанд нь үйл ажиллагааг зогсооё гэсэн агуулгатай байдаг. Өөрөө маргаан бүхий акт дээрээ шалгах чиг үүргийг нь экологийн цагдаагийн албанд шууд чиг үүрэг өгч үүрэг болгосон байдлаар шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр энэ актын утга агуулгаас нь харахаар зөрчил илрүүлээд тогтоосон зүйл байхгүй. Зөрчил байж болзошгүй гэдэг утгаараа экологийн цагдаагийн албаар шалгуулъя гэсэн байгаа.
Энэ асуудлыг Экологийн цагдаагийн алба шалгаж байгаа. Бид нар шалгуулах хүрээнд ямар нэг байдлаар эсэргүүцэх байр суурь илэрхийлэхгүй. Яагаад гэвэл энэ компани 1997 оноос хойш хайгуулын лицензтэй байж байгаад 2015 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтарсан компани байгуулаад ашиглалтын лиценз авснаас хойш жил болгон шалгуулдаг. Хуулиараа мэргэжлийн хяналтын алба жил болгон ээлжит болон ээлжит бус шалгалт хийдэг. Цацрагийн тун гэдэг төхөөрөмжийг ажилтан болгон зүүсэн байдаг. Энэ цацрагийн тунгийн хэмжээг жил болгон хянадаг. Дундуур нь ээлжит бус байдлаар худаг усанд нь байнга тогтмол шинжилгээ хийдэг.
Тийм учраас энэ байгууллага ямар байр суурь илэрхийлж байна гэхээр бид жил болгон шалгуулъя, болохгүй бол сар болгон шалгуулъя, шалгаж байх явцдаа үйл ажиллагааг зогсоохгүй ээ гэдэг. Энэ өмнөх шалгалт бүрд энэ компанийн үйл ажиллагааг зогсоох бодитой нөхцөл байдал өнөөдрийг болтол илрээгүй. Энэ бүх шалгалтуудыг хийхэд компани үйл ажиллагаагаа явуулж байсан, явуулж байх явцад нь хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явагддаг байсан. Гэтэл яагаад 08 тоот тогтоолыг гаргах үед экологийн цагдаа энэ компанийн үйл ажиллагааг шалгах үед тусгайлан үйл ажиллагааг нь зогсоох хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм гэдэг нь нотлогддоггүй.
Хавтаст хэргийн хүрээнд өнөөдрийг хүртэл хүн мал амьтан ноцтой хор хохирол учруулсан зүйл байхгүй. Ийм олон жил шалгагдаж явж байгаа компанийн хувьд ямар нэгэн зөрчил гараагүй байхад одоо экологийн цагдаагийн алба шалгахад үйл ажиллагааг нь зогсооно гэсэн утгатай шийдвэр гаргасан нь яах аргагүй илэрхий зөрчилтэй эрх зүйн акт болсон байна гэдэг асуудлыг бидний зүгээс тавьж байгаа.
Дээр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн удирдлагын байгууллагад баримтлах зарчим гэж бий. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулахдаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтална гэдэг шаардлагыг тавьсан байдаг. Дээр нь 18 дугаар зүйлийн 18.1-т сумын болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Ерөнхийлөгч, Улсын их хурал, яам, агентлаг, дээд шатны хурал болон төрийн эрх бүхий бусад байгууллага албан тушаалд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгэм болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэн бие даан шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ заалтаар бусад албан тушаалтанд харьяалуулснаас бусад асуудлыг бие дааж шийдвэрлэнэ гэж байгаа. Гэтэл нутаг дэвсгэрийнхээ хүрээнд компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсооно гэдэг нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд биш сумын Засаг даргад олгосон. Олгохдоо болзошгүй гэж сэргийлэх хардах байдлаар зогсоох биш илэрсэн зөрчил дээр зогсоох эрхийг олгосон ийм заалт байгаа учраас энэ дээр яах аргагүй буруу байна гэдэг зүйлийг хэлж байгаа.
Энэ компанийн ард ажилчдынх нь эрх ашиг гэж байгаа. Мөн тухайн орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийж байгаа түүгээр эрх ашгийг нь хүртэж байгаа орон нутгийн эрх ашиг гэж байгаа. Цаашилбал энэ компани үйл ажиллагаа явуулснаараа Монгол улсын төсөвт татвар, лицензийн хураамж, газрын төлбөр гэх мэт маш олон төрлийн олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт, төлбөр зогсох үр дагаврын асуудал яригдана. Яагаад гэхээр энэ компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох юм бол энэ компани санхүүжилтээ авч цаашид үйл ажиллагаа явуулахдаа гацаанд орно үүнтэй холбоотойгоор Монгол улсын төсөв, ажилчдын эрх ашиг, татвар, хураамж очихгүй гэх мэтчилэн маш олон үр дагавар үүсэх гээд байгаа. Тэгэхээр энэ ямар үр дагавар үүсэж ямар үр нөлөөнд хүрэх гээд байгаа юм гэдгийг судалсан, харьцсан, сонсох ажиллагаа явуулсан, нотлох баримт цуглуулсан тодруулсан ямар ч үйл баримт хэргийн нотлох баримтын хүрээнд гарч ирээгүй. Иймээс маргаан бүхий захиргааны актын үйл ажиллагааг зогсоох гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.13. Хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ***шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолыг гаргахдаа Засаг газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн *** аймгийн *** суманд үйл ажиллагаа явуулж байгаа “***”-ийн үйл ажиллагаа нь хүн, мал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд хийсэн дүгнэлтийг үндэслэлээ. Уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан ***шандын ус зэрэг худгууд нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй тул мал болон хүний ундны усны зориулалтаар ашиглахгүй байх, малчдад өгөх зөвлөмжийн 3.11, 3.12 дахь заалтуудаас харахад хүн, мал уур боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байна.
*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд бүтэц, байгаль орчин хөдөөгийн бодлогын хорооноос 2021 оны 08 дугаар сарын 17-нд “***” ХХК-д хийсэн шалгалтын дүгнэлтээс харахад Үндсэн хуулийн 1.6.1, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.4 дэх заалт Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн 2019, 2020, 2021 онуудад газар ашигласны төлбөрөө төлөөгүй бөгөөд “Нийгмийн хариуцлагын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа нь дууссан байсан гэжээ.
3.14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж хуралдаанд оролцож байна. “***” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаар тогтоолыг хэвээр үлдээх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Яагаад 8 дугаар тогтоолыг гаргах болсон бэ гэхээр манай тэнд 2012 оноос эхлэн мал шалтгаангүй үхсэн байдаг. Жишээ нь *** гуайн 21 тугал, манай өөрийн 40 ямаа зулбах, ***ын 10 гаруй бага мал эндэх гэх мэтчилэн өнөөдрийг хүртэл мал үхсээр байна. Энэ хугацаанд малын эмч дуудах, мал эмнэлэг ирж ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байсан. Одоо болтол үхлийн шалтгааныг тогтоосон зүйл байхгүй. Аймгийн Засаг дарга болон Засгийн газар, Улсын их хурлын гишүүдэд, Яамдад өргөдөл гомдол албан бичгээр 535 хүний гарын үсэгтэй энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн хүсэлт өргөдөл байгаа. Мөн аймгийн Засаг дарга ***д үйл ажиллагааг нь зогсоож өгөх шаардлагыг хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийг ерөнхий сайд байхад нь 2018 оны 150 хүний гарын үсэгтэй 18 өргөдөл 9 гаж төлийн зураг бүхий албан бичгийг өөрийн гараар гардуулж өгсөн. Энэ дарга нар ямар ч арга хэмжээ аваагүй мал үхсээр байгаа.
Худаг усны талаар янз бүрийн дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ дүгнэлтэд “***” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй гэж гаргасан байдаг. Бид үүнтэй санал огт нийлдэггүй, зөвшөөрөхгүй. Шинжлэх ухааны академийн гаргасан 2021 оны дүгнэлтээр *** аймгийн *** суманд хүхрийн хүчил ашиглан газар дор уусгах аргаар уран олборлож байгаа үйл ажиллагааны талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох дүгнэлт зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн тайлангийн дүгнэлт хэсгийн 3-т хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хувьд ус ундны шаардлага хангаагүй ашиглах боломжгүй гэсэн 8 худаг байдаг. Одоог хүртэл мал ундныхаа уснаас хордсон хэвээр байгаа. “***” ХХК нь ундны усаа өөрсдөө тээвэрлэж хэрэглэдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр тушаалаар *** аймгийн *** суманд үйл ажиллагаа явуулж байгаа компаниас хүн мал, амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайлангийн 4 дүгээр хэсгийн 4.7-д Баруун баянгийн булгийн ус нь маш их хэмжээгээр марганц, хлор, сульфат, уран агуулсан тул хүн мал, аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй. Энэ усыг мал уусан тохиолдолд туулгах буюу үхэлд хүргэх аюултай гэсэн дүгнэлт гаргасан. Бид нар энэ геологийн тогтоцтой холбоотой гэсэн дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаа.
*** сум нь 1925 оноос хойш байгуулагдаж тэр үеэс хойш л мал аж ахуй эрхэлж аж төрж байсан. Тэр үед геологийн тогтцоос болсон байсан бол өдийд мал сүрэг байхгүй болсон байгаа. 2012 оноос өмнө ингэж учир битүүлгээр үй олноороо үхэж үрэгдэж, ургийн гажиг элдэв зүйлүүд 100 гаруй жилийн хугацаанд үзэгдэж байгаагүй. Тийм учраас энэ компанийн үйл ажиллагаатай холбож ойлгож байгаа.
“***” ХХК нь 1997 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2010-2011 онд хайгуулын лицензтэй байхдаа туршилтын олборлолт хийсэн. Энэ явцад 2,8 тонн уран олборлосон гэсэн тайлан бүхий бичиг баримт байгаа. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөдөөгийн бодлогын хороо шалгалт хийх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхжаргал байсан. Өөрөө үзүүлээгүй боловч 36 ширхэг 200 поошигтой шар нунтаг байгаа гэж тайлбарласан. Үүнийг нь поошигны хэмжээгээр үржүүлж үзэхээр 8 тонн болж байгаа энэ ямар учиртай юм тайлбарла гэсэн ч тайлбарлаж чадаагүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үүний талаар тайлбар авъя гэсэн бичгээ мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. “***” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтын лицензээ аваад газар дор уусган баяжуулах технологио 2015 оны Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна. Тиймээс энэ ашиглалтын лиценз авахаасаа өмнө, технологио батлуулахаасаа өмнө 2010-2011 онд 2,8 тонн ураныг олборлож Монгол Улсын хууль зөрчсөн.
Хамтын ажиллагааны гэрээний хугацаа дууссаны дараа үйл ажиллагаа явуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хугацааг нь сунгуулахаар ирүүлсэн байна. “***” ХХК 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *** багийн иргэдийн нийтийн хурал дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, экологийн бүтээмжийн талаар танилцуулах хүсэлтийг тавьсан боловч иргэд сонсоогүй ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр орсон боловч хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн тайланг нотлох баримтад хавсаргасан. Мөн Засаг дарга ***хянах боломжгүй гэсэн хүсэлтийг тавьсан байхад байгаль орчны яамд өгч батлуулан хууль зөрчсөн байна. Шинжлэх ухааны академийн дүгнэлт дээр энэ шалтгааныг газар нутгийн чулуулагтай холбогдуулан тайлбарласан байдаг, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
“***” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж ус бохирдож байна гэж үзэж аймаг орон нутаг болон Засгийн газарт удаа дараалан хүсэлт тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуульд заасан эрхийнхээ хэмжээнд “***” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох 8 дугаар тогтоолыг гаргасан гэв.
3.15. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжийн үндэслэх хэсгийн 2-т маргаан бүхий акт нь тус компанийн үйл ажиллагааг байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүйг шалган тогтоох улмаар ийнхүү шалгахын тулд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх агуулгаар гарсан байна. Миний ойлгож байгаагаар шүүх ингэж дүгнэлт хийсэн байна гэдэг нь 8 дугаар тогтоол нь ойлгомжтой гарсан байна. Тийм учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа ойлгомжгүй тогтоол гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.
Тогтоолыг яагаад хэвээр үлдээх шаардлагатай тухай хууль эрх зүйн үндэслэлийг товч тайлбарлая. 8 дугаар тогтоол нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4 дэх заалтыг баримтлан гарсан. *** сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “***” ХХК-ийг байгаль орчинд хортойгоор нөлөөлж болзошгүй хохирлыг тогтоох, үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох гэсэн заалттай. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэдэг тайлбартай холбогдуулан хэлж байна. Энэ хуулийн 18.1-т сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд гэж байгаа нь тухайн нутагт “***” ХХК нь малчдын амьдрал, сум орон нутгийн байгаль орчинд хор хохирол учруулахаар үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийн хүрээнд эдийн засаг гэдгээрээ орж байна гэсэн үг. Энэ дээр ямар ч асуудлыг гэж бичсэн байгаа учраас харьяалал хамаарахгүй гэсэн үг. Тэгээд үргэлжлүүлээд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гээд 18.1 “л” гэсэн заалт байгаа. Тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх гэж заасан байна.
Иргэдийн хурлын 8 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх талаар авч үзье. *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “***” гэдэг аж ахуйн нэгжээс хэрэгжүүлж байгаа хуульд заасан уран хэрэгжүүлэх төсөл гэж байгаа. Хуульд төсөл гэж заасан. Цаашлах юм бол хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, тухайн Засаг даргын мэдээллийг хэлэлцэх ажиллагаа нь энэ хуулийн тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэсэн заалтын хүрээнд явагдсан байна.
Засаг даргынхаа мэдээллийг хэлэлцэн тогтоол гаргаж байгаа энэ үйл ажиллагаа нь энэ хуулийн заалтад нийцсэн байна. Асуудлыг хэлэлцээд иргэдийн хурлын 8 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хурлын шийдвэр болгон гаргасан байх бөгөөд энэ нь хуулийн шийдвэр гаргах мөрдүүлэх гэсэн заалтад нийцэж байгаа. Тогтоолын тогтоох хэсгийн 3-т энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Засаг дарга *** нарт үүрэг болгосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4 дэх хэсэгт сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар гээд 17.2.1-т заасан нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах гэсэнтэй нийцэж байна. Мөн хуулийн 17.2.4-т нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасан. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж болох “***” ХХК-ийн байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоох үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоож эрх бүхий байгууллага болох экологийн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тогтоосон нь хуулийн энэ заалттай нийцнэ.
Засаг даргын эрх хэмжээний асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлээд харьяалал зөрчиж тогтоол гаргасан гэлээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар ч асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. Түүний дотор саяын энэ дурдаж байгаа Засаг даргын эрх хэмжээний тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэй. Тэр нь өөрийн эрх хэмжээний хүрээнд байгаа асуудлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэдэг тайлбарыг хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл тогтоолд энэ хуульд заасан нэр томьёог хэрэглэсэн байгаа. Түүнчлэн хуульд ерөнхийлөн заасан Засаг даргын бүрэн эрхийг иргэдийн Хурлын 8 дугаар тогтоолоор *** сумын Засаг даргад тухайлан үүрэг болгон нарийвчлан тогтоосон ажиллагаа нь Хурлын хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд байна. Иймд энэ тогтоол нь Засаг даргын бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Төлөөлөгч *** 2010-2021 оны хугацаанд мал сүрэг үхэж, нийтийн ашиг сонирхолд илт хохирол учирсан байна гэж хэлсэн. Тиймээс шалтгааныг шалган тогтоолгох, шалгалтын явцад үйл ажиллагааг нь зогсоох 8 дугаар тогтоолыг гаргасан. Нэхэмжлэгч талын тайлбарт яригдаад байсан зарим тайлан дүгнэлтэд ус бохирдсон нь геологийн бүтэц тогтоцтой холбоотой гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Харин манай үйлчлүүлэгч малчид үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ ус байгаль орчин бохирдсон асуудал нь “***” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа. “***” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүй бол байгаль орчинд хор хохирол учирч өөр олон худгийн ус бохирдож олон мал үхэж үрэгдэж, малчид хохирсон энэ хор хөнөөл үргэлжилсээр байх болно гэдэг байр суурьтай байгаа. Хэрэв түдгэлзүүлж зогсоохгүй бол эдгээр нь үргэлжилнэ. Тийм учраас үүнийг түдгэлзүүлж зогсоох ёстой гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шийдвэр гаргахын өмнө шүүх тодорхой эрх зүйн асуудлыг түдгэлзүүлэх эсхүл зогсоох хоёр ажиллагааны чухам аль нь илүүтэйгээр *** сумын иргэдэд нөлөөлөх вэ гэдгийг зайлшгүй нарийвчлан авч үзэх шаардлагатай болж байна. Миний хувьд аливаа эрх зүйн актыг түдгэлзүүлэх, зогсоох ойлголт нь тухайн актыг үйлчлэх хугацааны хувьд нэг нь түр нөгөө нь бүр зогсоож байгаагаараа ялгаатай. Харин агуулгаараа эрх зүйн хувьд аль аль нь зогсоох гэсэн үр дагавартай. Үр дагаврын хувьд нэгэнт зогсоох л гэсэн агуулгатай. Түдгэлзүүлэх эсхүл зогсоох ажиллагааг нь адилхан үр дагавартай гэсэн дүгнэлт хийж байна. Хэрэв нэгэнт адилхан үр дагавартай байна гэсэн дүгнэлт хийж байгаа бол өнөөдрийн шүүх хурал дээр энэхүү маргаантай актыг түдгэлзүүлэх тухай асуудлаар захиргааны хэргийн давж заалдах шүүх анхан шатны шүүхийн өмнө хийж байсан дүгнэлтүүдийг зайлшгүй дахин авч үзэх шаардлагатай болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1-т захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэж заасныг үндэслэл болгон анхан шатын шүүхийн түдгэлзүүлэх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хоёрдугаарт захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1-д заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ба энэ тохиолдолд шүүхээс дахин нотлох шаардлагагүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээд 08 дугаар тогтоолын нэг дэх заалтын биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тэгэхээр би өмнө нь хэлсэн яагаад энэ шүүхийн шийдвэрийг хэлээд байна гэхээр үр дагаврын хувьд түдгэлзүүлэх нь түр зогсоож байна. 8 дугаар тогтоолд заасан зогсоох гэдэг нь адилхан л зогсооно гэсэн үр дагавар байгаа, харин тэр нь тодорхой хугацаагүй байгаа. Хоёр шүүх хоёулаа түдгэлзүүлэх ажиллагааг 62-т заасан үндэслэл байгаа учраас зогсоож болохгүй гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол анхан болон давж заалдах шатны шүүх түдгэлзүүлэх тухай асуудлыг 2 удаа тус тусдаа авч хэлэлцэж хуулийн 62.1.1-т заасныг баримтлан тогтоолыг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Шүүхийн энэ шийдвэрүүд нэгэнт хүчин төгөлдөр хэвээр байгаа. Анхан шатны шүүхийн захирамжид дурдсан дахин нотлох шаардлагагүй, иймд шүүх нэгэнт уг тогтоолыг түдгэлзүүлэх тухай асуудлаар хуулийн 62.1.1-т заасныг баримтлан нэгэнт шийдвэр гаргасан бол тэр жишгээ баримтлан тухайн тогтоолыг хүчингүй болгох зогсоох, нэхэмжлэлд холбогдуулан хуулийн 62.1.1-т заасан хэм хэмжээнд дүйцсэн шалгуур тавьж нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зохистой гэсэн зүйлийг хэлэх байна. Өнөөдрийн байдлаар авч үзэхэд хэргийн нөхцөл байдалд өөрчлөлт орсон зүйлгүй байгаа. Тэр үеийн нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөөгүй байгаа. 8 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрах нөхцөл байдал нөхцөл өөрчлөгдөөгүй байгаа. Түдгэлзүүлэх болохоор өөр болоод зогсоох болохоор нэг өөр болдог гэсэн зүйл байхгүй. Иймд тогтоолын үйлчлэлийг зогсоох нь түдгэлзүүлэхтэй адилхан үр дагавар бий болгох уу, үгүй юу гэдэг нь бид нарын өнөөдөр шийдвэрлэх гол асуудал болж байна. Түдгэлзүүлж болохгүй гэж шүүх хэлчхээд дараа нь түдгэлзүүлэхээсээ илүү ноцтой үр дагаврыг бий болгож зогсоох ажиллагааг нь хүлээн авч болохгүй байх. Иймээс тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
“***” ХХК нь уран олборлож ашиг орлого олж байгаа үйл ажиллагаа нь байгаль орчныг бохирдуулж *** сумын нутгийн иргэдийн амьдралын эх үүсвэр болсон мал сүргийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа бол жирийн малчин иргэдийн Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ураны уурхайн ашиг орлогын төлөөх бизнес үйл ажиллагаатай дүйцүүлэн авч үзэх түүнд илүү ач холбогдол өгөх эрх зүйн үндэслэлгүй. Хүний амьд явах эрхийг компанийн үйл ажиллагаагаар зөрчиж болохгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй.
Газрын татварыг “***” ХХК 2019, 2020, 2021 онуудад төлөөгүй. Байгаль орчны нөхөн сэргээх сангийн төлбөрийг Дулаан-Уул, Өмнөд зэрэг ордын 2017, 2018, 2021, 2022 онд төлөөгүй. Хамтын гэрээг илт эрх тэгш бус байдлаар байгуулсан. “***” ХХК хууль зөрчсөн судалгааны талаар нотлох баримтыг хэлэлцлээ. Цаашид Цагдаагийн газраар үргэлжлүүлэн шалгуулах боломжтой юм. Нээлтийн үгэнд хэлсэн миний байр суурь өнөөдрийн шүүх хуралдааны төгсгөлд хэвээр үлдэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08 дугаартай тогтоол нь худгийн ус яагаад бохирдсон, мал яагаад үхэж, үрэгдэж байна вэ гэдгийг шалган тогтоохоор гарсан. Малчин иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ухамсрын түвшинд хүрч ардчилсан сонгуулийн хуулийн дагуу байгуулсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дамжуулан хүсэл, байр сууриа чөлөөтэй илэрхийлж хуулийн хүрээнд тогтоолгосон байна. Тэр эрхийг шүүх хүндэтгэн үзэж хүний эрх, чөлөөг хамгаалах үүрэгтэй. Малчид өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалах ухамсарт суралцаж өөрийн эрхээ хэрэгжүүлж эхэлж байгаа нь монголын ардчиллын хөгжлийн хэрэг, хэм хэмжээ болох юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.
4. Гэрч Д.*** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би байгалийн гамшиг, байгалийн хүчин зүйлээс болж мал үхэж үрэгдэж байгааг маш сайн мэднэ. Энэ мал үхээд байгаа шалтгаан нь хөл нь татаад, чигээрээ болж байгаад атирч татаад үхээд байгаа зүйл юм. Энэ мэтээр маш олноор үхэж, үрэгдсэн зүйл он жилийнхээ судалгаатай надад байдаг. Шинжилгээнүүдээс харахад алинаас ч болоогүй гэсэн. Малын гоц халдварт өвчнөөс болоогүй гэдэг нь тогтоогддог. Тийм байтлаа мал үхээд байдаг. Үүнийг тогтоолгүй 10 жил гаруй болчихлоо.
Энэ намар би хот руу явахдаа 1 адуу махалсан юм. Энэ адууны уушги нь бүүр хатуурсан байсан. Уушгийг нь үзэхээр өнчин уушги нь сунасан, хөөлттэй, хөхрөлттэй байсан. Үүнийг Мал эмнэлэгт алхам тутамд л үзүүлж, харуулж, шинжлүүлж байсан. Сая наашаа ирэхээсээ өмнө би 1 ямаа идэхээр гаргасан. Тэгээд өрцийг нь хуулсан чинь идээ мэт хачин зүйл гарч ирэхээр нь шинжилгээнд өгсөн. Өнөөдөр шинжилгээний хариугаа авъя гэсэн чинь гаргаж өгөөгүй байна.
Мөн 4-5 хоногийн өмнө ямаа үхсэн, 3 хоног шувуу идсэнгүй. Манай нутагт үхсэн мал, амьтдыг шувуу иддэггүй. Удаандаа тараагаад, ихэнхдээ бүхлээрээ хатдаг. Энэ талаар мянга хэлээд ч сонсдоггүй, мянга хөөцөлдөөд ч болдоггүй.
Уснаасаа болоод байдаг юм уу, дотрыг нь задлаад үзэхээр уушги нь дандаа өвчтэй байгаад байдаг. Хуулиараа иргэн бид нар байнга задалж үзээд байх боломж нь хаалттай байдаг. Мал амьтад чинь хоёрхон төрлийн хоол, ундтай. Ус, ургамал, агаараасаа болдог юм уу, би бодохдоо эдгээр юмны аль алинд нь байна гэж онош тавиад байдаг.
Манайх “***”-ны дэргэд нь байгаа айл юм. 1990 оны үед гаргасан худаг юм. 2012 он хүртэл малаа услаад явж байсан. Мал ийм ихээрээ үхэж байгаагүй. Заримдаа 1 хэсэг мал маань үхэж байгаад заримдаа гайгүй байдаг. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй л байна. Байгалиас болсон гэж үзээд байдаг юм, яаж ийм байж болох юм бэ. Би өмнө нь малаа хэдэн мянгаар нь өсгөж байлаа. 2012 оноос хойш ус ийм бохирдолтой болсон. Аман ус маань сүүлдээ цай чанахад ээдээд байдаг болсон. “***” ХХК нь 130 метрийн гүнээс 27, 28 нэр төрлийн олборлолт хийдэг. Тийм учраас үүнтэй зайлшгүй холбоотой гэж үзэж байна.
Би жилд 40 үнээ тугаллуулдаг байсан бол 20 тугал нь үхээд байхаар 20 тугалаар хохироод байгаа нь ойлгомжтой. Жилд 100 бод мал бойжуулж амьдардаг гэж бодоход 50 бод нь үхэхээр хохиролтой л байгаа юм. Орон нутагт малын өвчлөл их болж малаараа хохироод байгаа нь Үндэсний аюулгүй байдал алдагдуулсан гэж л үзэж байна. Одоо болтол тодорхой шийдэл байхгүй байгаа учраас бидний аж ахуй, ахуй амьдралд хэцүү байна гэв.
5. Гэрч ***шүүх хуралдаанд дээр мэдүүлэхдээ: *** аймгийн *** сумын *** багийн “***” гэх газарт 45 жил нутагласан.“***” ХХК-аас 30 км зайтай нутаглаж байна. 2015 оноос хойш малын зүй бус хорогдол жил дараалан гарч байна. Ихэвчлэн манайх төллөх малаас 50 хувийг нь төллүүлж, 30 хувь нь зулбалттай, үлдсэн 20 хувь мал амьдрах чадваргүй төл гаргадаг. Малын зүй бус хорогдол нь бүх мал дээр гардаг. Төл гэхгүй мал бүрээс л жил болгон хорогдолтой байна. Бод малын үхлийн шалтгаан нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Бод мал дээр 2021 онд 4-5 тохиолдол илэрч байсан бол 2022 онд 10-аад тохиолдол илрээд байна. Энэ асуудал *** суманд малчдад нийтлэг тохиолдож байгаа зүйл. Үхдэггүй мал гэж байхгүй. Зүй бус хорогдол байдаг байсан. Гэхдээ 2015 оноос хойш малын үхэл илт ихэссэн. Бөөн бөөнөөр, олноор үхдэг болсон. Яагаад үхээд байгаа нь тодорхойгүй. 2015 оноос хойш ямар ч тодорхойгүйгээр үхэл явагдаад байгаа юм. Ингэж мал үхээд байгаа шалтгаан нь уурхайгаас болж байгаа гэж үзэж байгаа.
Бид нарын дүгнэлтээр ус, ургамлаасаа болж байгаа, уурхайн үйл ажиллагаанаас болж байна гэж үзэж байгаа. Уурхайн нь хүхрийн хүчил газар хөрсөн доор шахаж уусан баяжуулах олборлолт хийж байгаа гэж яригддаг. Тэр нь хөрсөнд гарч ирэхдээ хор болж гарч ирдэг гээд байгаа юм. Тэр нь хор болоод байгаа гэж бид нарт бодогдоод байгаа юм. Шинжлэх ухааны тайланд “***” ХХК-иас болоогүй, газрын хөрс, биологийн бүтцээс болж хөрс бохирдсон гэх дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр бидний өвөг дээдэс насаараа нутаглаж, тухайн усыг ууж, идэж байхад урьд, өмнө нь ийм зүйл гарч байгаагүй. Одоо үед яагаад ийм зүйл тохиолдоод байгаад л бид нарт хардлага төрөөд байгаа юм.
Манай нутгаар байгаль дээр байдаг амьтад асар ихээр ховордож байгаа. Жишээ нь хээрийн бор туулай огт үзэгдэхээ больсон. Загийн шар оготно мөн ялгаагүй асар их цөөрсөн. Загийн шар оготно нь малчин биднийг хөдөө малд явж байхад энэ тэндгүй л харагддаг байсан. Одоо огт байхгүй. Тэр оготноор хооллодог амьтад буюу үнэг, хярс жилийн 4 улиралд айлын гадаа байж байдаг болсон. Яагаад тэр амьтад ийм байдалтай байна вэ гэхээр туулай, оготно, зурам нь байхгүй болсонтой холбоотой гэж үздэг. Шинжээчид ирлээ л гэж яриад байдаг. Хөдөөгийн малчид бид нар хөдөө тал нутгаар юу болж байгаа, байгаль орчноор юу болж байгааг шинжилж байгааг огт хараагүй.
Бид нар чинь мал, аж ахуйгаар амьдарч ирсэн. Бидний өвөг дээдэс ч мөн ялгаагүй ингэж амьдарч ирсэн. Бид эрүүл мэнд, эдийн засаг гээд бүх юмаа л мал аж ахуйгаасаа хангаж ажиллаж амьдардаг. Мал бол бидний амьдралын баталгаа болж байгаа зүйл. Мал маань жил болгон үхэж үрэгдээд байгаа нь эрүүл мал маллаж байгаа гэсэн ямар ч баталгаа байхгүй боллоо. Бид энэ талаараа эхлээд багийн Засаг дарга болон сумын Засаг даргад ханддаг. Бид нарыг хайхардаг газар огт байхгүй.
Найман усыг хүн малын ундаалганд таарахгүй гэсэн мэдээг 2018 оны 10 сард өгсөн. Нэр бүхий 8 худгийн усыг хүн, мал хэрэглэж болохгүй гэж бид нарт хурал болгонд хэлж байсан. “***” ХХК яг хор хийсэн гэж үзэхгүй байгаа. Үйлдвэрлэлээс болж ийм болж байгаа гэж боддог. 2015 оноос өмнө бид нар тэр худгаас жилийн 4 улирал хэрэглэдэг байсан. Манайх өвөл хавартаа тэр нутагт өвөлжиж, хаварждаг. Зун болохоор 5-6 км яваад *** усанд очоод буучихдаг юм.Манай 2019 оны 10 дугаар сард өвөлжөөндөө ирж буугаад худгаасаа усаа хүнсэндээ хэрэглэх гэсэн чинь ямар ч боломжгүй болсон байсан. Усыг саванд хийхээр маш ихээр хөөсөрдөг, хувцсаа угаах гэхээр бужигнасан юм ихтэй, цайгаа чанахаар шууд гашилдаг, уух аргагүй болсон байсан.
Миний сэтгэл зовж байгаа зүйл маань ундны ус хүнсэнд хэрэглэх боломжгүй болчихлоо. Хүүхдийн эрүүл мэндийн байдал алдагдаад ирлээ. Би 4 охинтой. Манай охин *** 2019 онд жирэмсэлж 2 ихэр ураг тээж байгаад амьгүй болсон. 2020 онд хүүхдийн эрүүл мэндийн байдал таараа эрүү, нүүрний эмгэгтэй хүүхэд гарсан. Би хүүхдээ жирэмсэн болоод хяналтад ороход нь эмгэгтэй хүүхэд тээж байна гэсэн мэдээ, мэдээллийг мэдэж авсан. Бид нар хүүхдийг төрүүлье гэж шийдсэн. Одоо 2 настай хүүхэд бойжиж байна. Хэсэгчилсэн 8 удаагийн хагалгаанд орох заалттай хүүхэд төрсөн юм. Эхний ээлжийн хагалгаануудад орсон. Одоо 2 дахь хагалгаа нь тагнай нөхөх хагалгаанд орсон явж байгаа. Сумын Эрүүл мэндийн газарт бүх мэдээ, мэдээлэл нь байгаа.Эхний дүгнэлт шалтгаан тодорхой бус гэж хэлсэн. Төрөх явц явагдаж хүүхдийг төрөхөд миний охин ***гаас эмч “чи өмнөх 2 хүүхэд чинь амгүй боллоо, одоо ийм хүүхэд төрүүллээ, танайх үйлдвэрлэлийн бүсээс хэдэн км зайд байдаг вэ, өндөр хордлогод өртөөд байгаа юм уу” гэсэн байсан. Энэ юунаас болоод байгаа шалтгааныг нь олж өгнө үү” гэж бичиж өгсөн. Одоо болтол ямар ч хариу өгөөгүй. Сумын Эрүүл мэндийн газраас манай охины хүүхдийн талаар цаашаа дамжуулан судалж байгаа гэсэн хариу өгсөн гэв.
6. Гэрч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төрийн бус байгууллага “***” гэсэн байгууллага, 2015 онд байгуулагдсан. Хүн ардынхаа байгаль экологийн сайн сайхан, эрүүл аюулгүй байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг.
*** ХХК-тай холбоотой анх 2015 онд үүсгэсэн хэрэг байдаг. ***х төрийн бус байгууллагаас гаргасан нэхэмжлэлтэй хэрэг юм. Энэ маргаантай хэрэг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор хийсэн судалгаа надад байна. Өнгөрсөн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 33 хоног, өдөр шөнөгүй *** аймгийн ***, *** сум, *** баг, *** сумын нийт 191 малчдаар явж 106,000 малд гамшгийн талаар судалгаа хийсэн. *** суманд байгаа “***” ХХК-ийн уурхайгаас радиус, тэнхлэгээс харах юм бол хамгийн хол байгаа айл 160 км радиустай байсан. Надад байгаа 256 хуудастай материалыг Улаанбаатар хотын Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. 54 бичлэгийг флаш дискээр өгсөн. Энэ нь нийтийг хамарсан гамшиг гэж дүгнэж өгсөн. Ганц жишээ дурдахад мал төлөлтийн 30-50 хувь нь зулбаж байсан. 106,000 малын нийт дүн, төллөх малын нийт дүн нь хэд гэх мэдээлэл тодорхой байгаа. Би шүүхэд өөрийн судалгааны материалаа шүүхэд өгөхөд бэлэн байна.
Судалгааны зорилго нь маш тодорхой юм. Миний төрсөн нутгийн элэг нэгтнүүд, өөрсдийнх нь гаргасан хүсэлт, ард түмнийхээ, малчдынхаа ч дуу хоолой нь хүрэхгүй байгаа учраас манай төрийн бус байгууллага төлөөлөл болж энэ аймшигтай гамшгаас аврахын тулд өөрийнхөө ухамсраар иргэний үүргээ биелүүлж явдаг юм. Манай төрийн бус байгууллага шийдвэр гаргах эрх байхгүй. Байгаль экологид үйлчилнэ гэсэн дүрэм баримталдаг. *** сумын нөхцөл байдал албан ёсоор 2017 онд эхэлсэн гэдэг боловч 2015 оны үеэс бид нарт хурал цуглаан дээр илэрхийлж байсан. Бидэнд олон жилийн харилцаа холбоо байдаг. Надад байгаа баримтын 72 дахь хуудсанд нийт судалгаанаас 135 өрх айлын малын гэдэс, дотор, таван цул эрхтэн мөн ялангуяа уушги, элэг, зүрх нь ялзарч цэврүүтсэн, идээ бээрээр идэгдсэн, устаж өмхийрсөн, бие биетэйгээ наалдсан, дотор эрхтнүүд янз бүрийн гаж хэлбэрт орсон, шингэн цус байхгүй гэх мэт зовлонгоо бүртгүүлсэн байна. 105 малчин өрх айлын адуу, үхэр, тэмээ, ямаа, хонь нь дээрх өвчнөөр өвчилсөн болохыг бүртгэлээ гэсэн байна. Цээжээр хэлэхэд 1 айлаас 1 нүдтэй хурга 1 ширхэг, 1 нүдтэй ишиг 2 ширхэг 1 айлаас гарсан байсан. 8 хөлтэй малыг сошиал хуудсанд тавихад дээр үед их гайхаж байсан бол одоо гайхах зүйлгүй болсон. Улсын аварга малчин ***гийнд 3 нүдтэй, 2 амтай ишгийг би гардаж авч судалгаа, ажиглах цэгтээ байлгаж, Байгаль орчны яам руу явуулж байсан. Мөн түүний төрсөн охины малд 4 чихтэй, 8 хөлтэй ишиг гарч байсан.1 нүдтэй ишигний нүд нь маш том байсан. Ишиг гараад 1 хоног амьдарсан. Энэ нь яг Ковид-19 өвчний хөл хорионы үе байсан учраас та бүгдэд таниулж амжаагүй. 1 хоног зүгээр, цовоо сэргэлэн байж байгаад үхсэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Энэ хэрэгт, орон нутагт цацраг идэвх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд туршилтын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр үндэслэлтэй эсэх маргаан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх)-ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “***” ХХК-ний байгаль орчинд хортойгоор нөлөөлж буй үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох тухай” 08 дугаар тогтоол (1 дэх хавтаст хэргийн 9, 11 дэх тал)-оор, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2. л. дэд заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт ( тогтоолд “17.2.4” гэж дугаарласан)-ыг тус тус үндэслэн,
1 дэх заалтаар “... “***” ХХК-ийг байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоож үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох”-оор,
2 дахь заалтаар “***” ХХК-ийн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг тогтоох, гэм буруутай үйл ажиллагааг шалгуулахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “***” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчмуудад үндэслэгдээгүй, ... 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гарсан, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр 40.2.3-т заасантай нийцээгүй, ... уг тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргын мэдээллийг хэлэлцээгүй, ... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4-т заасныг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан буюу өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан, ... компани байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй” гэх зэргээр тодорхойлж маргах бол,
4. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татгалзлын үндэслэлээ: “...08 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 31 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “***” ХХК-ийн үйл ажиллагаа нь хүн, мал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд хийсэн дүгнэлтийг үндэслэсэн, ...Хурлын Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооноос 2021 оны 08 дугаар сарын 17-нд “***” ХХК-д хийсэн шалгалтаар Үндсэн хуулийн 1.6.1, 6.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.1-18.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, 2019, 2020, 2021 онуудад газар ашигласны төлбөрөө төлөөгүй, ”Нийгмийн хариуцлагын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа нь дууссан байсан дүгнэлт гарсан, тагнай нь цоорхой хүүхэд төрсөн, мал, амьтан олноор хорогдож байгаа нь компанийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, ... 08 дугаартай тогтоол нь худгийн ус яагаад бохирдсон, мал яагаад үхэж, үрэгдэж байна вэ гэдгийг шалган тогтоохоор гарсан” хэмээн тайлбарлаж байна.
5. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага болохын хувьд шийдвэр, үйл ажиллагаа нь мөн хуулиар тогтоосон захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтуудад нийцсэн байх учиртай.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт” гэж заасан улмаар 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, ... (-т) заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн тус тус зааснаар маргаан бүхий 08 дугаар тогтоол нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэг хэлбэр захиргааны актаар хэлбэржин бичгээр гарсны хувьд захиргааны актад тавигдах тус хуулиар тогтоосон шаардлагыг хангасан байхын зэрэгцээ тус захиргааны актыг гаргах үйл ажиллагаа ч мөн хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан байж гэмээнэ захиргааны аливаа үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд актын үйлчлэл чиглэж буй этгээдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангана.
5.2. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоол нь хуулийн этгээдийн “үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох” үр дагаврыг үүсгэж байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байх ба,
Энэ тохиолдолд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, сөрөг нөлөөлөл бүхий шийдвэрийг гаргахдаа захиргааны үйл ажиллагаанд зайлшгүй баримталбал зохих тусгай зарчим болох мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тухайлан хэрэгжүүлсэн байх үүрэгтэй бөгөөд,
Энэхүү үүргээ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэх мэтчилэн заасны дагуу явуулах замаар хэрэгжүүлэхээр байна.
Гэтэл хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 08 дугаар тогтоолыг гаргахдаа дээр дурдсан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй нь тус Хурлаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/88 тоот албан бичигт “*** сумын ИТХ-ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаар тогтоолтой холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй болно” (1 дэх хавтаст хэргийн 132 дах тал) гэж дурдсанаар тогтоогдож байна.
5.3. Мөн, хариуцагч нь маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар ч үндэслэлтэй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан ... шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэх зэргээр захиргааны актын үйлчлэл нь чиглэсэн этгээдийн оролцоог хангах замаар холбогдох шийдвэрээ гаргахыг захиргааны байгууллагад үүрэг болгожээ.
Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гаргах болсон бодит нөхцөл байдлын талаар “...ажлын хэсгийн дүгнэлтээр уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан ... зэрэг ус худгууд нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй тул хүн, малын ундны усны зориулалтаар ашиглахгүй байх, ... хүн, мал уух боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, ... Хөдөөгийн бодлогын хорооноос явуулсан шалгалтаар ... хууль зөрчсөн дүгнэлт гарсан, ... тагнай нь цоорхой хүүхэд төрсөн, ... мал, амьтан тодорхой шалтгаангүйгээр олноор хорогдож малын гаж төл гарч байгаа нь компанийн үйл ажиллагаатай холбоотой, ... 08 дугаартай тогтоол нь худгийн ус яагаад бохирдсон, мал яагаад үхэж, үрэгдэж байна вэ гэдгийг шалган тогтоохоор гарсан” хэмээн тайлбарлах боловч энэ нь “үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох” шийдвэрийг гаргах хуулиар тогтоосон нөхцөл шалтгаан болох “байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагаа” байна гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
2021.11.23 гэсэн огноо бүхий, *** сумын ИТХ-ын “Хөдөөгийн бодлогын хороо”-ноос зохион байгуулсан хяналт шалгалтын талаарх дүгнэлтэд: 1.Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харахад Үндсэн хуулийн 1.6.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.1, 18.2, 18,3, 18.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.3 дахь заалтыг зөрчиж, 2019, 2020, 2021 онуудад газар ашиглалтын төлбөрөө төлөөгүй, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг зөрчиж “Нийгмийн хариуцлагын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээний хугацаа дууссан, мөн Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй, 2010-2011 оны хоронд “Дулаан-Уул” талбайгаас олборлосон 2.8 тонн шар нунтаг давирхайнаас салгах явцад 6.8 тонн болсон байсан. Үүнийгээ нуун дарагдуулсан. Энэ талаарх мэдээллийг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч болно гэсэн боловч Мэргэжлийн хяналт хариу өгөхөөс татгалзсан нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг зөрчсөн.
Дээрх зөрчлүүд нь ерөнхийдөө Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйл заалтыг зөрчсөн нь харагдаж байна гэж дурджээ. (1 дэх хавтаст хэргийн 83 дах тал)
Гэтэл дээрх дүгнэлт дэх холбогдох хууль зөрчсөн гэх нөхцөл байдлууд нь тус компанийн “үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох” бодит нөхцөл байдалд хамааралгүй тодруулбал, “2019, 2020, 2021 оны газрын төлбөр төлөөгүй” гэх нөхцөл байдал нь үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох бус, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үр дагавартай ба улмаар 2019, 2020, 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй байсан шалтгаан нь тус Хурлаас газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон шийдвэр гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг асуудал шүүхэд маргаантай байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар тус дүгнэлт дэх “Нийгмийн хариуцлагын гэрээ” болон “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа дууссан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдлууд ч “үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох” шийдвэрийг гаргах бодит нөхцөл шалтгаантай шууд хамааралгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй хамааралтай болон аймгийн Засаг даргаас ашигт малтмалын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн талаарх зохицуулалт байна.
Мөн тус дүгнэлтэд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2, Арванзургадугаар зүйлийн 2 дахь заалтууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх, улмаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн талаарх зохицуулалтууд байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс эдгээрийг зөрчсөн гэх нөхцөл байдал тухайн шалгалтын явцад тогтоогдоогүй байна.
Түүнчлэн “Засаг газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 31 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр “Уран болон хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан ***шандын ус зэрэг худгууд нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй тул мал болон хүний ундны усны зориулалтаар ашиглахгүй байх, малчдад өгөх зөвлөмжийн 3.11, 3.12 дахь заалтуудаас харахад хүн, мал уух боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан” гэх, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дахь “***” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох шийдвэрийг гаргах болсон нөхцөл шалтгааны талаар “...тагнай нь цоорхой хүүхэд төрсөн, мал, амьтан олноор хорогдож байгаа нь компанийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй” тайлбаруудаас үзэхэд ч үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох талаарх хуулиар тогтоосон, бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “***” ХХК нь, Ашигт малтмал газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 420, 421, 422 тоот шийдвэрүүдээр, *** аймгийн *** сумын нутаг, ***нэртэй газруудад орших ... гектар талбайд тус тус цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, улмаар *** ордод газар доор уран уусган олборлох туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар холбогдох бусад нотлох баримтууд (1 дах хавтаст хэргийн 190-193, 3 дах хавтаст хэргийн 196-208 дах тал)-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр тушаалаар томилогдсон “*** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “***” ХХК-ийн үйл ажиллагаа хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тайлангаас үзэхэд хариуцагчийн тайлбарт дурдсанчлан “...*** шандын худгийн ус нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй тул хүн, малын ундны усны зориулалтаар ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд цэвэршүүлж ашиглах шаардлагатай” (2 дахь хавтаст хэргийн 173 дахь тал, Нэгдсэн дүгнэлт 4. Хөрс, ус, ургамал, химийн бодисын чиглэлээр: гэсний 4.6) гэх дүгнэлт гарсан байх боловч уг тайлангийн нэгдсэн дүгнэлт хэсгийн Гурав. Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр: гэсний 3.1-д “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгээс үзэхэд “***” ХХК болон “***” ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуул судалгаа болон туршилтын олборлолтын үйл ажиллагаанаас хүн, мал, амьтанд цацрагийн нэмэгдэл шарлага өгөх нөхцөл тогтоогдоогүй болно (2 дахь хавтаст хэргийн 171 дэх тал) гэж, мөн тус дүгнэлтийн Долоо. Авах арга хэмжээний санал: 1.Төрийн Захиргааны байгууллагад хүргүүлэх санал хэсгийн 1.1.-д “Засгийн газраас ураны олборлолтын ажиллагаа эхлүүлэхээс өмнө чиглэл бүрийн судлаачдаас бүрдсэн судалгааны багийг ажиллуулж, хүхрийн хүчлээр газрын дор ураныг уусган олборлох үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг бүрэн судалж, тодорхойлох ажлыг зохион байгуулах (2 дахь хавтаст хэргийн 174 дэх тал) хэмээн тус тус дурдсан,
Улмаар маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гарахаас өмнө буюу Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/45 дугаар тушаалаар байгуулагдсан, *** аймгийн *** суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн тайлан”-гийн ерөнхий дүгнэлт хэсэгт “... олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжүүдэд хортой, биоидэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй, мөн байгалийн цацраг идэвхт элементийн гамма цацрагаас оршин суугчдын жилд авах эффектив эквивалент тун нь дэлхийн дунджийн орчимд (407 мк3в) байгаа нь тухайн газар нутгийн хөрс болон экосистем бохирдолд өртөөгүйг харуулж байна, ...хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга өндөр, ундны усны стандартын шаардлага хангахгүй байгаа нь энэ газар нутгийн хөрс чулуулагт эдгээр элементүүд дэлхийн дунджаас ихээр агуулагдаж байгаатай холбоотой бөгөөд худгуудын байрлаж буй уст давхарга нь уран олборлох давхаргаас ус үл нэвчүүлэх шавран үеүдээр тусгаарлагдсан тул харилцан бие биеийнхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй” гэсэн байгаа (2 дахь хавтаст хэргийн 226 дахь ар тал) зэргээс тус тус дүгнэхэд “***” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ нь тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдал болох “байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагаа” байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тагнай нь цоорхой хүүхэд төрсөн, ... мал, амьтан тодорхойгүй шалтгаанаар олноор хорогдож байгаа нь компанийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа” гэх тайлбартайгаа холбогдуулан нэр бүхий иргэдийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан боловч тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт дурдаж буй үйл баримт, нөхцөл байдлуудын эх сурвалж тодорхойгүй бөгөөд түүнийгээ заагаагүй, улмаар холбогдох бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй тул тухайн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.
Мөн түүнчлэн 08 дугаар тогтоолд “нөлөөлж байж болзошгүй” гэсэн нөхцөл шалтгаан дурдсан байгаагаас нь үзвэл хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох хуульд заасан бодит нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч нь, маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
5.4. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дээр дурдсанаар хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан байхын зэрэгцээ гаргаж буй тухайн шийдвэр нь зохих шаардлагуудыг хангасан байхыг хуулиар шаардсан.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах ... хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсэн байх ба маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
5.4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын талаарх нийтлэг суурь зохицуулалтыг тодорхойлсон, улмаар мөн бүлгийн Жаран гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заажээ. Үүнээс үзэхэд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий 08 дугаар тогтоолыг гаргахтай холбоотой тухайлан эрх олгогдсон зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт байхгүй байна.
Харин ч тухайн тогтоолд үндэслэл болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт буюу Жарангуравдугаар зүйлийн 2-т “Хурлын тогтоол, ... нь хууль тогтоомж, ... харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх ...”, гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.
5.4.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2. л. дэд заалтад “...(Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал) ... (нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар) ... тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх”-ээр заажээ.
Хэрэгт авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 24-28 дах тал)-ээс үзэхэд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хуралдаанд, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулах явцад Хурлын төлөөлөгч ***өөс хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “***” ХХК-д шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийж, тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох” талаарх асуудлыг нэмэлтээр оруулах санал гаргаснаар тус хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар уг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн улмаар тус тэмдэглэлд “...ХЭЛЭЛЦСЭН нь: 3. *** ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай, Хуралдааны дарга: Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу *** ХХК-д шалгалт хийсэн талаар мэдээлэл хийж, үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох талаар асуудал оруулсан *** төлөөлөгч мэдээлэл хийнэ. СОНССОН нь: ***: “...Хурлын шалгалтын дүн, иргэдийн санал хүсэлт зэргээс *** ХХК нь маш олон хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тул үйл ажиллагааг нь түдгэлзүүлье, ...Оюун-Эрдэнэ сайдын ажлын хэсгийн дүгнэлт дээр хэд хэдэн худгийн шинжилгээний хариу нь хүн, мал ууж болохгүй гэсэн дүгнэлт хүртэл гарсан, мөн тагнай нь цоорхой хүүхэд хүртэл гарсан байгаа, ...***гийн ус ууж болохгүй гээд заасан байгаа, Экологийн цагдаад өгч шалгуулах гээд байгаа юм. Тийм учраас бид үйл ажиллагааг нь зогсоож байгаад шалгуулах эрхтэй, ...” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл маргаан бүхий 08 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд заагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2.л. дэд заалтад заасны дагуу “Засаг даргын мэдээллийг хэлэлцсэн” гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй болно.
5.4.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлэх бүрэн эрх гэсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хариуцагч байгууллагын буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт сумын Засаг даргаас байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан заасан байх ба уг хэсгийн 4/-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.4 гэсэн зохицуулалт нь хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамааралгүй, сумын Засаг даргад хуулиар тухайлан олгогдсон бүрэн эрхийн асуудал байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар хариуцагчаас гаргасан “.....түдгэлзүүлэн зогсоох” талаарх шийдвэр нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
5.4.4. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн ямар ч асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд 08 дугаар тогтоолыг гаргасан” хэмээн маргаж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэдийгээр тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй боловч энэхүү эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад ...” гэж зааснаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээр дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад, ямар ч асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэхүү маргаанд хамаарах “үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох” бүрэн эрх, нэгэнт сумын Засаг даргад хуулиар харьяалуулсан асуудал байх тул хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломжгүй юм.
5.5. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан “... Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасан “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлага болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг зөрчсөн” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл ч тогтоогдохгүй байна.
6. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн, эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 08 дугаар тогтоолыг бүхэлд нь бус 1 дэх заалтын “үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох” гэсэн хэсэгтэй маргаж улмаар энэ хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ...”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд иргэн, хуулийн этгээд нь хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульчилсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
8. Хариуцагч захиргааны байгууллагаас, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахтай холбоотойгоор маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх зорилгыг нь буруутгах боломжгүй боловч гаргаж буй шийдвэр нь тухайн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зэргээр үйл ажиллагаандаа зайлшгүй баримталбал зохих зарчмуудад үндэслэгдэн гарснаар хууль ёсны гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр иргэдээс Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хэрэгжүүлэхийг хязгаарлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, 24, 25, 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “*** ХХК-ийн байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох тухай” 08 дугаар тогтоолын 1 дэх заалт (үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох гэснийг)-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, *** регистрийн дугаартай ”***” ХХК-д буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА