Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 28

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч: О.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Сайнжаргал

Шүүгдэгч: Б.Мөнхбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 201712000013 тоот хэргийг 2017.05.16-ны өдөр хүлээн авсныг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1980.12.28-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засдаг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 8-р хороо Сонсголонгийн 22-751 тоотод оршин суудаг, одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Эрчимийн 1-10 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗМ80122817/ Тугалдай овогт Бямбажавын Мөнхбаатар нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах буюу Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                        1/ Холбогдсон хэргийн талаар

 

        Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2017 оны 1 сарын 1-ний өдрийн 19 цагийн орчимд Дундговь аймгийн Хулд сумын төвд Баруун жирэмийн 20-01 тоот буюу иргэн Э.Төрбатын гэрт хохирогч О.Батболдыг 2 удаа хутгалж, хэвлий хэсэгт нь хүнд зэргийн гэмтэл, баруун даланд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Шүүгдэгч Б.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 1 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн төвөөс яваад найз О.Батболдтой Луус суманд таарсан. Ойрд уулзаагүй, шинэ он гарсан байсан учраас бид 2 шил архи уугаад  Хулд  суманд очсон. Би согтоод буруу зөрүү яриад хүнтэй маргаж байтал тэр хүнийг эхнэр нь аваад гарсан. Би ширээн дээр байсан бялуунаас хутгаар зүсэж идээд ус уух гээд үүд рүү явтал О.Батболд намайг гарах  нь гэж бодоод миний гарнаас хүчтэй татаж би О.Батболдын дээрээс тэнцвэр алдаж унасан. О.Батболд цээж хөндүүр болоод байна босооч ээ гэсэн. Би О.Батболдыг хутгаар дүрснээ  мэдээгүй. Би босоод түргэн дуудаж, эмнэлэгт үзүүлсэн  гэв.
  • Хохирогч О.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 1 сарын 1-нд Луус  суман дээр Б.Мөнхбаатартай 2 шил архи уугаад Хулд  суманд Төрбатынд очсон. Б.Мөнхбаатар Э.Төрбат хоёр маргаж, Э.Төрбатыг эхнэр нь аваад гарсан. Би зурагт харж байгаад  Б.Мөнхбаатар гараад явах гэж байх шиг болохоор нь гараас нь татаж, Б.Мөнхбаатар унасан. Гэтэл цээжнээс цус гарсан. Б.Мөнхбаатар түргэн дуудаж, эмнэлэг дээр очсон“ гэв.
  • Хохирогч О.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.01.01-ний өдөр Төр гэх айлынд Б.Мөнхбаатар бид 2 19 цаг өнгөрч байхад очсон. Тэднийд Төрийн эхнэр Аниа, Х.Хуягбаатар, Ц.Урангоо гэх хүмүүс байсан. Төрийнд очоод байж байтал Б.Мөнхбаатар Төртэй маргалдсан. Э.Төрбат эхнэртэйгээ гэрээс гараад явсан. Б.Мөнхбаатар гэрийн зүүн талд хэсэг зогсож байснаа Э.Төрбатын араас гарах гэхээр нь би гараад бас маргалдаж зодолдох юм болов уу гэж бодоод босож очоод Б.Мөнхбаатарын баруун гаран дээрээс нь өөрлүүгээ хүчтэй таттал миний хэвлий рүү нэг юм орчих шиг болсон, би Б.Мөнхбаатарын гарыг цааш нь түлхсэн. Тэгэхэд хөлд айлын дөрвөлж тээглээд газар унасан, унахдаа Б.Мөнхбаатарын өмднөөс зуураад унасан. Тэгэхэд Б.Мөнхбаатар миний дээрээс давхралдаж унасан. Тэгэхэд миний гэдэс халуун оргиод явчихаар нь Б.Мөнхбаатарыг дээрээс бос гэдэс рүү хатгаад байна гэхэд Б.Мөнхбаатар боссон, босоод үзтэл миний гэдэснээс цус гарч байсан. Би цус гарч байна гэхэд Б.Мөнхбаатар гэрээс гарсан. Зөрөөд Э.Төрбат, Ц.Мөнхтуяа 2 ороод ирсэн. Тэгээд нэг хэсэг ухаан балартаад сэрэхэд түргэн дуудаж байсан.Тэр өдөр бид 2 хоорондоо маргалдсан зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-22/
  • Гэрч Ц.Урангоо мэдүүлэгтээ: …Зурагт үзээд байж байтал ард хүний чимээ сонсогдохоор нь эргээд хартал Б.Мөнхбаатар, О.Батболд 2 газар унаад босож ирж байгаа харагдсан. Гаднаас Э.Төрбат, Ц.Мөнхтуяа 2 орж ирсэн, Б.Мөнхбаатар зөрж гараад гүйж байгаа харагдсан О.Батболдыг эмнэлэгт дуудаж үзүүлсэн. Би Б.Мөнхбаатар О.Батболдыг хутгалж байхыг хараагүй, хутга хаанаас хэзээ яах гэж авсныг мэдээгүй гэжээ. /хх-31/
  • Гэрч Х.Хуягбаатар мэдүүлэгтээ: Би хүүхдээ тэврээд зурагт үзэж байгаад нэг хартал О.Батболд Б.Мөнхбаатар 2 аргалын дөрвөлжний урд унаад босож байгаа харагдсан. Би яагаад унасан хэн нь дээр нь унасан болохыг анзаараагүй. О.Батболд ёолоод унасан, Б.Мөнхбаатар гараад явчихсан. Б.Мөнхбаатартай зөрөөд Э.Төрбат, Ц.Мөнхтуяа 2 орж ирээд хутгалсан байна гээд эмнэлэг дуудсан. Тэгээд тэд эмнэлэг явсан. Хутгалж байхыг нь хараагүй гэжээ. /хх-30/
  • Гэрч Э.Төрбат мэдүүлэгтээ: Б.Мөнхбаатар нилээн согтуу байсан, тэгснээ чи гараад ир 2-уулаа зодолдчихоё гээд байхаар нь би гэрт орж ирчихээд агсам тавих гэлээ чи яв гэж хэлсэн. Тэгтэл Ц.Мөнхтуяа гаръя гээд намайг авч гэрээс гараад бие засчихаад эхнэртэйгээ ярилцаад гэр лүү орох гэтэл Б.Мөнхбаатар өөдөөс зөрөөд гараад ирсэн, би хаачихнуу гээд цамцнаас нь барих гэхэд цамц нь тайлагдаад үлдсэн. Би гэрлүү ороход О.Батболд атийгаад суучихсан гэдсэн дээрээ гараараа дарчихсан байхаар яасан юм гээд гарыг нь татаж үзэхэд дээл нь цоорчихсон зүсэгдсэн цаанаас нь цус шүүрч байсан. Би тэгээд хутгалуулсан байна гэдгийг мэдсэн. Тэр 2 гаднаас орж ирэхдээ хэрэлдэж маргалдаагүй. Мөнхбаатар над руу хутга барьж дайраагүй, тэр манай шар иштэй хутга байсан гэжээ. /хх-28/
  • Гэрч Ц.Мөнхтуяа мэдүүлэгтээ ...гэр лүү эргээд орох гэтэл Б.Мөнхбаатар өөдөөс гарч ирээд зөрөөд гүйсэн. Э.Төрбат цамцнаас нь барих гэтэл цамц нь мултараад унасан. Гэрт ортол О.Батболд гэрийн зуухны урд цээжээ дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь гэрт байсан хүмүүсээс яав юу болов гэж асуухад О.Батболд цээжээ дарчихаад энд эвгүй болоод байна гэж хэлээд гэрээс гарч 2-3 алхаад сууж бөөлжсөн. Би дээлийг нь сөхөөд үзэхэд хэвлий тус газраас нь цус гарч байсан. Тэгээд түргэн дуудсан. О.Батболд, Б.Мөнхбаатар нар гаднаас орж ирэхдээ нилээн согтуу байсан, харин хоорондоо маргалдсан шинжгүй байсан  гэжээ. /хх-27/
  • Гэрч Ө.Пунсанлхам мэдүүлэгтээ: 2017.01.01-ний өдөр эмнэлэг дээр жижүүр сувилагчаар ажиллаж байсан юм. Оройны 19 цаг өнгөрч байхад Ц.Мөнхтуяа гэх хүн гэрт ирсэн 2 хүн нэгнийгээ хутгалчихсан байна гэсэн дуудлага ирсэн. Түүний дагуу би эмч нарт мэдэгдсэн. Түргэний эмч яваад хутгалуулсан гэх хүнийг аваад ирэхээр нь эмчийн зааврын дагуу тэр хүнд дусал залгаж тариа хийсэн. Эмч үзээд аймаг руу бүрэлдэхүүн дуудсан гэжээ. /хх-25/
  • Гэрч Д.Бадамцэцэг мэдүүлэгтээ: 2017.01.01-ний орой 19 цагийн үед манай сувилагч Ө.Пунсанлхам над руу утасдаж хутгалуулсан хүний дуудлага ирлээ гэхээр нь би хаана юм гэхэд Төрбатынд гэж хэлсэн. Түргэний машинтай Э.Төрбатын гэрт очиход гэрийн баруун шалан дээр эвхэрсэн байдалтай О.Батболд гэх хүн ёолоод хэвтэж байсан. Гэрт байгаа хүмүүсээс хаанаа хутгалуулсан юм гэхэд гэдсэндээ гэж байсан. Эмнэлэг дээр ирээд Э.Уранчимэг эмчид үзүүлж, үзлэгийг хамт хийсэн. Бид О.Батболдод цус тогтоох эмчилгээ хийж, аймгаас мэс заслын баг дуудаж яаралтай хагалгаанд орсон. О.Батболдын баруун талын хавирганы нуман доор нэг хатгагдсан шарх, баруун далан дээр хатгагдсан шарх байсан. Юу болсон талаар асуухад Б.Мөнхбаатар Э.Төрбат  руу дайрах гэхээр нь дундуур нь ороод ийм зүйл болчихлоо гэж хэлсэн” гэжээ. /хх-24/
  • Гэрч Э.Уранчимэг мэдүүлэгтээ: 2017.01.01-ний орой ажил дээрээ байж байтал яаралтай дуудлага ирлээ гээд хуваарийн дагуу Д.Бадамцэцэг эмч явж хүлээн авах дээр О.Батболд гэх хүнийг авчирсан. Би тэр хүнд үзлэг хийгээд биеийн байдал хүндэвтэр, амнаас нь архи үнэртсэн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна, орчиндоо харьцаатай, амьсгал зүрх судасны үзүүлэлт хэвийн байсан, цусаар бөөлжиж байсан, хэвлий баруун доод хавирганы нуман доогуур 1.5см зүсэгтсэн шархтай, ар нуруу буюу далны хэсэг шархтай байсан. Би цус тогтоох зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Цусаар бөөлжсөн болохоор нь хэвлий хөндийд нэвтэрсэн байна гэсэн онош тавьж аймгийн нэгдсэн эмнэлэгээс мэс заслын баг дуудаж хагалгаа хийлгэсэн гэжээ. /хх-26/
  • Гэрч Ц.Батбилэг мэдүүлэгтээ: 2017.01.01-ний орой Хулд сумын эмнэлэгээс хутгалуулсан хүн ирсэн гэсэн дуудлагын дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгээс хагалгааны баг алсын дуудлаганд явсан. Очиход 40 орчим насны эрэгтэй хэвлийдээ болон ар нуруундаа хутгалуулсан гэх өгүүлэмжтэй Хулд сумын эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр байсан. Тэр хүнийг үзэж шархыг шалгахад хэвлийд авсан шарх нь 10 см орчим гүн байсан тул хэвлий нэвтэрсэн шарх гэж үзээд яаралтай хагалгаанд орсон. Хэвлийн хөндийг нээж харахад элэгний баруун доод ирмэг сэтэрсэн, цааш лавшруулан шалгахад ходоодны гарах хэсэг нэвт хатгагдсан, хэвлийн гялтангийн арын зайд цус хурсан байдалтай байсан. Тэгээд ходоодны гарах хэсгийн шархыг оёж, элгэн дээр түлэх аргаар цус тогтоолт хийж хэвлийн хөндийг шалган угааж 2 хос буюу 4 ширхэг гуурсыг моррисоны зай болон бага аарцагны хөндийд тус тус байрлуулан хэвлийг үечлэн хааж хагалгааг дуусгасан. Би О.Батболд хэн ингэсэн талаар асуухад тэр энэ гэж хэлээгүй би зүгээр яагаач үгүй гээд байсан гэжээ /хх-23/
  • Шинжээчийн 2017.01.07-ны өдрийн 32 тоот дүгнэлтэд: О.Батболдын биед хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх элэгний баруун дэлбэнгийн доод ирмэг сэтэрсэн, ходоодны гарах хэсгийн цоорч хатгагдсан шарх, хэвлий хөндийн цус алдалт, баруун далны доогуур хавсан шарх, хагалгааны дараах шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи гэмтэл нь  ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх элэгний баруун дэлбэнгийн доод ирмэг сэтэрсэн, ходоодны гарах хэсгийн цоорч хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ / хх- 33/
  • Шинжээчийн 2017.05.05-ны өдрийн 170200132 тоот дүгнэлтэд: О.Батболдын биед баруун далны доогуур хавсан шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ” гэжээ. /хх-128/
  • Өвчтний түүх /34-53/;
  • Туршилт хийсэн тэмдэглэлд: ...хохирогч О.Батболд сэжигтэн Б.Мөнхбаатар нарыг гэрт оруулж тухайн үед юу болсон болохыг харуулна уу гэж Б.Мөнхбаатарт хэрэгт хураагдсан хутгатай яг ижил хэмжээтэй модыг бариулан туршилтын ажиллагааг эхэл гэхэд: Б.Мөнхбаатар хутгыг орлуулсан модыг баруун гартаа барьж гэрийн зүүн урд хэсэгт очиж зогслоо. О.Батболд гэрийн баруун талд байр орон дээр очиж суулаа. Дараа нь Б.Мөнхбаатар хутгыг орлуулсан модыг барьсаар зүүн гараа даган эргэж  гэрийн хаалганы зүг алхлаа. Орон дээр сууж байсан О.Батболд орон дээрээс босож мөн хаалганы зүгт алхлаа. Б.Мөнхбаатарыг хаалганы өмнө очиход О.Батболд араас нь очиж хутга орлуулсан бодтой баруун гарны тохойны дээд хэсгээс барьж өөрлүүгээ хүчтэй хүчтэй татахад хутгыг орлуулсан мод О.Батболдын хутгалуулсан шарх авсан хэсэгт эгцээрээ тусаж байлаа. О.Батболд хутгатай гарыг нь түлхээд өөрөө атирч хойноо байх дөрвөлжинд тээглэж газарт унахдаа Б.Мөнхбаатарын баруун хөлний өмднөөс зуурч доошоо унахад Б.Мөнхбаатар, О.Батболдын дээрээс дарж унахдаа баруун дал хэсэгт нь хутга орлуулсан модоор үзүүр хэсгээр нь дарж, давхралдан уналаа гэсэн ба туршилтын үед авсан гэрэл зургууд  /хх-15-19/ зэрэг баримт хамаарч байна.

                 Дээрх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтыг байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

   Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2017 оны 1 сарын 1-ний өдрийн 19 цагийн орчимд Дундговь аймгийн Хулд сумын төвд Баруун жирэмийн 20-01 тоот буюу иргэн Э.Төрбатын гэрт,  гэрийн эзэн Э.Төрбаттай хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар гэрээс гарсан Э.Төрбатын араас хутга авч гарах гэж байхад нь хорьж зогсоосон хохирогч О.Батболдыг  хэвлий хэсэгт нь хутгалж, шалан дээр хохирогчийн хамт унахдаа дээрээс нь хутгатай гараар дарж унасны улмаас хохирогчийн баруун далны доогуур нь хавсан шарх, гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь үдшийн цагаар, бусдыг өдөн, хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан үйлдлээс болж энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч “хутгыг торт зүсч идэхэд хэрэглэчихээд хутга барьсан чигээрээ ус уух гээд эргэхэд хохирогч хутгатай гарнаас татаад ийм хэрэг болсон” гэж шүүхэд мэдүүлж байгаа нь хохирогч О.Батболд, гэрч Э.Төрбат, Ц.Мөнхтуяа нарын мэдүүлгээр батлагдахгүй байна.

Гэвч хохирогч нь “Б.Мөнхбаатар гэрийн зүүн талд хэсэг зогсож байснаа Э.Төрбатын араас гарах гэхээр нь би гараад бас маргалдаж зодолдох юм болов уу гэж бодоод босож очоод Б.Мөнхбаатарын баруун гаран дээрээс нь өөрлүүгээ хүчтэй таттал миний хэвлий рүү нэг юм орчих шиг болсон, би Б.Мөнхбаатарын гарыг цааш нь түлхсэн. Тэгэхэд хөлд айлын дөрвөлж тээглээд газар унасан, унахдаа Б.Мөнхбаатарын өмднөөс зуураад унасан. Тэгэхэд Б.Мөнхбаатар миний дээрээс давхралдаж унасан. Тэгэхэд миний гэдэс халуун оргиод явчихаар нь Б.Мөнхбаатарыг дээрээс бос гэдэс рүү хатгаад байна гэхэд Б.Мөнхбаатар боссон, босоод үзтэл миний гэдэснээс цус гарч байсан” гэж удаа дараа тогтвортой мэдүүлж байгаа, энэхүү мэдүүлэгт дурьдсан зүйл нь туршилтаар хийж үзүүлсэн үйл хөдөлгөөнтэй тохирч байгаа ба тухайн цаг мөчид хохирогч О.Батболд хэрхэн яаж хутгалагдсаныг харсан, мэдсэн өөр хүн байхгүй байна.

 Хохирогч О.Батболдод худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, үр дагаврын талаар тайлбарлаж мэдүүлэг авсан, мөрдөн байцаалтын туршилтыг /хх-15-19/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хийсэн байх тул эдгээр баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

Хэдийгээр шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хохирогч О.Батболдыг хутгалахаас өмнө болсон үйл явдал, тухайн үед үүссэн нөхцөл байдлыг судлан шинжилж үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийг “болгоомжгүй” гэж үзэхэд эргэлзээ төрж байгаа боловч “эргэлзээ гарсан тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд дээрхи нотлогдож, тогтоогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн баруун талын дал хэсэгт “хөнгөн”  зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр /хх-128/ тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуульд “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулах” гэсэн гэмт хэрэг тодорхойлоогүй тул шүүх энэ үйлдлийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

 

2/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 сарын 10-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Мөнхбаатарт 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ. /хх-81-83/,
  2. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 8 сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Б.Мөнхбаатарт 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялаа бүрэн эдэлсэн байна. /хх 75-79, 85, 86/

 

Шүүгдэгч Б.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж 2005 оны 8 сарын 10-наас хянан харгалзагдсан хугацаа нь 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болсон, 2008 онд шийтгүүлсэн албадан ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж дуусаад, 2008 оны 10 сарын 17-ноос хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байх хуацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй нь ял шалгах хуудсаар /хх-73/ тогтоогдож байх тул Б.Мөнхбаатар нь ялгүй болсон байна.

Хохирогч О.Батболдын бие махбодид хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлүүлэхийн тулд хэн нэгнээс төлбөр зардал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан нь тодорхой боловч хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.  

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан боловч хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд энэ талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Харин шүүх хуралдаан эхлэхэд хохирогч О.Батболд нь 4.5 сая төгрөг шүүгдэгчээс хүлээж авсан гэсэн баримт гаргаж өгсөн, мөн хохирогч үүнийг батлан мэдүүлж байгааг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч О.Батболд нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар   жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй гэдгийг хохирогчид тайлбарлая.

Бусдын эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбогдон гарсан зардал, иргэний нэхэмжлэл нь шүүгдэгч Б.Мөнхбаатарын үйлдсэн энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул дээрх шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж хохирогч мэдүүлж байгаа  нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Учир нь тухайн хэрэг болсон үед Б.Мөнхбаатар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч согтолтын хэмжээг шалгасан баримт ирээгүй тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно. 

            Иймд дээрх нөхцөл байдал болон хохирогч “гомдолгүй, эрүүл болсон” гэж байгааг болон шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, ялгүй болсон байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсгийн урт нь 14 см, бариулын урт нь 12 см урттай хутга-1 ширхэгийг /хх-12-13/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

  1. Шүүгдэгч Тугалдай овогт Бямбажавын Мөнхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Б.Мөнхбаатарт 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл битүүмжлүүлээгүй, хохирогчид 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн гэж хохирогч мэдүүлснийг тус тус дурьдсугай. 
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч О.Батболд нь энэхүү гэмт хэргийн улмаас өөртөө учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан болон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Мөнхбаатараас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг Б.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 201712000013 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Мөнхбаатарт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.  
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                                С.СЭРЖМЯДАГ