Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 43

 

Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01184/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Тринититрейд” ХХК-д холбогдох

"Дулааны төлбөр 4.064.485 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал болон нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас:

Хэрэглэгч Тана дэлгүүрийн захирал Я- нь 2013 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 давхар байрны нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба энэхүү хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй байгаа тул түүнээс 2013-2018 онуудын дулааны үндсэн төлбөр 4.064.485 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тринититрейд ХХК-ийн захирал Д.Я-гаас:

Дархан сумын 16 дугаар багт байрладаг 16 дугаар байрны дулааны шугам гэмтсэнээс оршин суугчид дулаан авч чадахгүй, тус байрны дулааны шугам, хоолой хөлдөх ноцтой, хүнд байдалд орсон. 16 дугаар байрны 0 давхарт бохирын лагаар дүүрч дулааны шугамын засвар, үйлчилгээг Дарханы дулааны сүлжээ ТӨХК хийх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба болон Дархан Дулааны сүлжээ ТӨХК-аас 0 давхрын дулааны шугамыг ашиглахгүйгээр нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд суурилуулах санал тавьсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн алба, Дархан дулааны сүлжээ ТӨХК болон 16 дугаар байрны нэг давхрын аж ахуйн нэгжүүдтэй олон удаагийн уулзалт хэлэлцээр зохион байгуулсан бөгөөд тус аж, ахуй нэгжүүдийг төлөөлж иргэн Д.Сарантуяа хэлэлцээр хийсэн. Тус уулзалт хэлэлцээрийн үр дүнд дараах шийдэлд хүрсэн. Аж ахуй нэгжүүдийн талбайд дулааны гол шугам байрлуулна. Дулааны шугамд гэмтэл гарсан үед Дарханы Дулааны сүлжээ ТӨХК засварын ажлыг хариуцна. Тус барилгын 1 давхрын аж ахуйн нэгжүүдийг дулааны төлбөрөөс чөлөөлнө. Дулааны шугам тавьснаас хойш том магистрал шугамын гэмтэл, эрсдэлийг хариуцаагүй. Өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжүүд гэмтэл засварыг хийж байна. Дулааны төлбөрөөс чөлөөлсөн байхад төлбөр нэхэмжилсэн. Иймд Дарханы Дулааны сүлжээ ТӨХК дээрх хэлэлцээрийн дагуу үүргээ гүйцэтгээгүй бөгөөд дулааны төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм гэжээ.

            Хариуцагч Тринититрейд ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг тус тус үндэслэн Монгол улсын иргэний эрхээ хамгаалуулах зорилгоор дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах. Дулааны өндөр даралтын төв шугамтай холбогдох засварын ажлыг өөрсдийн зардлаар тухай бүр засвар хийж байсан. Одоогийн байдлаар нийт 4.618.750 төгрөгийн засварын ажлыг хийсэн тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх  буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг үндэслэн засварын төлбөр болох 4.618.750 төгрөгийг төлөх. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан тул сүүлийн 5 жилд дэлгүүрийн ашигтай талбайны 9.7 м кв талбайг Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн талбайг дулааны өндөр даралтын төв шугам ашиглаж байсан тул нийт 4 888 800 төгрөг, /9.7 мкв2*8000 төгрөг /сарын түрээс 1 мкв2/*63 сар /ашигтайн талбайн нийт сар/. Иймд нөхөх олговрын нийт 9.507.550 төгрөгийг нэхэмжилж байна. Дархан-Уул аймаг дахь 12 дугаар багт байрладаг 16 дугаар байрны дулааны шугам гэмтэж засвар хийх шаардлагатай болсон. Тус байрны дулааны шугам, цахилгаан шугам байрладаг 0 давхарт ус алдалт болон эдэлгээний гэмтлээс болж цахилгааны монтажууд масстай болсон тул дулааны шугамыг засах боломжгүй болсон тул нэг давхарт байрладаг аж ахуй нэгжүүдийн талбайд дулааны гол шугам байршуулах саналыг Дархан-Уул аймгийн Захиргаа болон Дархан Дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсан. Дулааны шугам гэмтэл гарсан үед Дархан Дулааны сүлжээ ТӨХК засварын ажлыг хариуцна. Тус барилгын 1 давхрын аж, ахуй нэгжүүдийг дулааны төлбөрөөс чөлөөлнө. Дулааны шугам тавьснаас хойш Дарханы дулааны сүлжээ ТӨХК нь үүргээ биелүүлээгүй учраас дараах хохирол учраад байна. Дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхрын аж ахуй нэгжүүдийн талбайд байршуулсан нь Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д ашигтай нөхцөл бүрдүүлж, аж ахуй нэгжүүдийн хувьд байнгын хараа, хяналттай болгосон. Засварын ажлыг Дарханы дулааны сүлжээ ТӨХК хариуцахаар шийдсэн ч хариуцаагүй. Тиймээс тодорхой хэмжээний элэгдэл учирсан тохиолдолд өөрсдийн зардлаар засвар үйлчилгээг хийж байгаа. Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй нийт 4.618.750 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Манай дэлгүүрийн ашигтай талбай 90 м2 , үүний 9.7 м2 талбайг дулааны шугам эзэмших болсон. Хэрэв энэхүү талбайг зах зээлийн ханшийн доод жишгээр тооцвол 1 м2 ыг 8000 төгрөгөөр гэж үнэлбэл сард 77.600 төгрөг, жилд 931.200 төгрөг болно. Дулааны өндөр даралтын төв шугамыг тавихад дэлгүүрийн үйл ажиллагааг 3 хоног зогсоож, шугам тавьсан. Энэ нь дэлгүүрийн өдөр тутмын орлогот нөлөөлөөд зогсохгүй тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Дулааны өндөр даралтын төв шугам байршуулснаар хавар, намрын улиралд хэт халуун агаараас болж хүнсний бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй нийт 4.618.750 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Уг шугамыг буцаан байршуулах зорилгоор зоорийн давхрыг цэвэрлэх, засварлах, засварын ажилд тусалж, хүнсний бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлсэн. 2ф80-ын трубаг /15-20 м урттай/ зааланд оруулах гэж 3 м 10 см ханыг цөмлөсөн боловч зааланд оруулаагүй тул хана хэрэггүй цөмлөсөн. Цөмлөсөн ханыг засаж өгөөгүй. Тэр оруулж ирэх гэж байсан 2ф 80-ын трубаг нь одоо хүртэл 16 дугаар байрны 1 дүгээр давхарт нийтийн эзэмшлийн талбайд /коридор/ ямар ч хамгаалалтгүй байгаа бөгөөд оршин суугчдын аюулгүй байдлыг хангаагүй. Труба цоорох тохиолдол гарвал оршин суугчид 1 давхарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ихээхэн аюул, хохирол учирна. Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д хандаж тус дулааны шугамыг буцаан 16 дугаар давхрын 0 давхарт байршуулах тухай өргөдөл тухай бүрт өгч байсан боловч огт хариу өгөөгүй гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Дулааны өндөр даралтын төв шугамаас үүдэлтэй засварын 4.618.750 төгрөг нэхэмжилсэн байна. Уг засварыг мэргэжлийн ямар аж ахуй нэгж байгууллагаар засвар хийлгэсэн болох. Ямар шугам хоолойг хаанаас ямар үнэ өртгөөр авсан талаар ямар ч баримт нотолгоо байхгүй. .... талбайгаас 9.7 м квадрат талбайг эзэлсэн шугам хоолой байгаа тул 9.507.550 төгрөг мөн нэхэмжилсэн. Хэргийн материалд нотолгоо байхгүй байгаагаас гадна шугам хоолой байснаар ямар хохирол учирсан болох, хэрвээ байхгүй байсан бол ямар хэмжээний ашиг орлого нэмэгдэх олох байсныг нотлох. Ямар хуулийн зүйл заалтыг баримтлаад байгааг тодорхой бичээгүй байна. Дулааны шугам хоолойг гаргасан нь 16 давхрын 180 өрх айлын 700 гаруй иргэдийн эрх ашгийн үүднээс Аймгийн Засаг даргын захирагчийн албатай хамтран удаа дараа ярьж, эцэстээ энэ шийдвэрт арга буюу хүрсэн байдаг. Түүнээс Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д ямар ч алдаа байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

16 давхар орон сууц байр нь эд өвлийн үед халаалт нь зогсож тэр чигээрээ хөлдөх аюултай болоод оршин суугчид Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газарт засаж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу Дархан Уул аймгийн Захирагчийн албанаас манай байгууллагад хандаж үүрэг даалгавар өгсөн байдаг. Үүний дагуу манай байгууллага доор подьвалд байсан дулааны шугам сүлжээг 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг 3 албан байгууллагатай ярилцаад, танай эзэмшлийн талбайгаар дулааны шугам хоолой явуулахгүй бол доор засвар үйлчилгээ хийх боломжгүй болчихлоо гэж хэлж тохиролцоод 3 аж ахуй нэгжийн ханыг цоолоод шугам сүлжээ явуулсан байдаг. Энэ асуудал дээрээ хоорондоо ярилцаад дулааны төлбөр авахгүй байх талаар ярилцсан байдаг .Тэрнээс гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй байдаг. 2011 оны 7 дугаар сарын хурлын тэмдэглэл дээр энэ жилдээ дулааны төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Хуралд оролцсон хүн нь гэрчээр ирсэн байгаа.Гэтэл тухайн байгууллага нь дулааны төлбөрөө өгөхгүй асуудал үүсгэж 2013-2018 он хүртэлх дулааны төлбөрөө өгөөгүй учир манай байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байгаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бүхэл бүтэн 170 айл буюу 16 давхрыг халааж байгаа дулааны шугам нь манай нэг давхраар гараад ирсэн болохоор манайх халуун байдаг. Анх болохоор Б.Жаргалсайхан гэдэг хүнтэй гэрээ хэлцэл хийсэн байдаг.Гэтэл н.Жаргалсайхан гэдэг хүний дараа өөр удирдлага гарч ирээд манай байгууллагаас дулааны төлбөр авна гээд дулааны төлбөр бичээд эхэлсэн байдаг. Дулааны төлбөр өгөхгүй байх шалтгаан нь нэгэнт гэрээ хийсэн, дулааны шугам нь байж байгаа тохиолдолд дулааны төлбөр авахгүй гэж Дулааны шугам сүлжээ, Захирагчийн алба, ажлын албаны хүмүүс байхад тохиролцсон байдаг. Одоо манай байгууллага төлбөр огт төлөхгүй биш төлнө. Харин манай эзэмшлийн газраар явуулсан шугам сүлжээгээ доошоогоо оруулчихвал төлбөр төлөхөд асуудалгүй гэж үзэж байгаа гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Тринититрейд” ХХК-аас 2.969.897,63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д олгож, 1.094.587,37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхрын 0 давхарт байрлуулах, засварын зардал, нөхөн олговор нийт 9.507.550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 79.981 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 237.371 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.468 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сувд давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж зөөлдөх гомдол гаргаж байна.

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т “Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийг хэрэглэгч хүлээнэ”, Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Хэрэглэгч гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон боловч “Тринититрейд” ХХК нь "Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-тай огт дулаан эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй, хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн хэрэглэгчийн тодорхойлолтой нийцэхгүй байгаа тул дулааны төлбөр болох 2.969.897 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

2. Дулааны төв шугамыг 1 давхарт байрлуулахад манай байгууллагын ханыг хэд хэдэн удаа цоолж эд хөрөнгийн хохирол учирсан. Дулааны төв шугамаас болж манай байгууллагын эрх, ашиг хэрхэн хөндөгдөж байгаа зэргийг нотлох баримттай гаргаж өгсөн байхад бидний эрх, ашгийг хамгаалаагүй

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгахдаа дан ганц аж ахуйн нэгжийн хүсэлтээр буцаах боломжгүй нөхцөл үүссэн, бусад этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн мөртлөө тэднийг төлөөлөх эрх олгосон баримт ирүүлээгүй гэж дулааны шугамыг буцаан байршуулахаас татгалзсан байна. Дулааны төв шугамыг буцаан 0 давхарт байрлуулах зорилгоор 16 дугаар байрны нэг давхрын аж ахуйн нэгжүүд шүүхэд хандсан байгаа. Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус хэргүүдийг нэгтгэх хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан. Тус аж ахуйн нэгжүүд тус тустай шүүх хуралд оролцож байгаа тул тэднийг төлөөлөх эрх олгосон баримт шүүхэд гаргах шаардлагагүй гэж үзсэн. Дээрх үндэслэлээр дулааны төлбөр болох 2.969.897 төгрөгийг төлөх, дулааны шугамыг 1 давхарт хэвээр үлдээх зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь хариуцагч “Тана” хүнсний дэлгүүрт холбогдуулан 2013-2018 онуудад хэрэглэсэн дулааны төлбөрт 4.064.485 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Тринититрейд” ХХК-ийг жинхэнэ  хариуцагчаар татаж, дулааны төлбөр  гаргуулахаар  шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй байхаас гадна нэхэмжлэгчид холбогдуулан  Дулааны өндөр даралтын төв шугамыг буцаан 16 давхар байрны 0 давхарт  байрлуулах, шугаманд засвар хийсэн зардал 4.616.750 төгрөг, дэлгүүрийн ашигтай талбайн 9,7 м.кв-ыг дулааны өндөр даралтын төв шугам байрлуулж ашигласны төлбөр   4.888.800 төгрөг, нийт 9.507.550 төгрөгийн  хохирол  гаргуулах  сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг 2.969.897,63 төгрөгийн  шаардлагыг хангаж, үлдэх хэсэг 1.094.587,37 төгрөгийн шаардлагыг, мөн  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дархан сумын  12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 давхар байрны нэгдүгээр давхарт “Тана” хүнсний дэлгүүрийн  үйл ажиллагаа явуулдаг,  дулааны эрчим хүч  хэрэглэсэн гэж тодорхойлсон  байна.

            Хариуцагч “Тринититрейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “...16 давхар байрны дулааны шугам гэмтсэнээс  оршин суугчид дулаан авч чадахгүй..., ...ноцтой нөхцөл байдалд орсон..., ...Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба болон Дарханы дулааны сүлжээ  ТӨХК 0 давхрын дулааны шугамыг ашиглахгүйгээр нэг давхарт байрладаг аж ахуйн  нэгжүүдийн талбайд суурилуулах санал тавьсан..., ...аж ахуйн нэгжүүдийг төлөөлж иргэн Д.Сарантуяа хэлэлцээр хийсэн, ...хэлэлцээрийн үр дүнд...,  ...аж ахуйн нэгжүүдийн  талбайд дулааны шугам байрлуулна, гэмтэл гарсан үед Дархан дулааны сүлжээ засварын ажлыг хариуцна...,” гэсэн Дарханы дулааны сүлжээ ТӨХК үүргээ  гүйцэтгээгүй тул төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй  гэж  тайлбарлажээ.

            Эрчим хүчний тухай хуульд зааснаар Дарханы дулааны сүлжээ ТӨХК нь  дулааны эрчим хүчээр хангагч байгууллага, “Тринититрейд” ХХК нь хэрэглэгч  байгууллага  болно.

            Хэрэглэгч “Тринититрейд” ХХК нь 2009 оноос одоог хүртэл эрчим хүчний төлбөрөө төлөөгүй болох нь  хэрэгт авагдсан баримт, зохигчдын гаргасан тайлбараар  тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй харин дулааны шугамыг хувийн өмчийн эзэмшлийн байрны талбайд байрлуулсан учраас дулааны төлбөрөөс  чөлөөлсөн  эсэх талаар маргасан   байна.

            Хэрэгт авагдсан  2011 оны 7 дугаар сарын  19-ний өдрийн \хэргийн 19 дүгээр тал\ тэмдэглэлийн “шийдвэрлэсэн нь” хэсгийн 2–т 2009 онд дулааны шугамыг подволоос шилжүүлэхэд аймгийн захиргаа болон “ДДС” ХК,1 давхрын аж ахуйн нэгжүүдтэй  тохирсны дагуу дулааны төлбөрөөс чөлөөлнө гэжээ.

            Дарханы дулааны сүлжээ ТӨХК дээрх шийдвэрийн дагуу 2009, 2010, 2011, 2012, 2013 онуудад хэрэглэсэн дулааны төлбөрийг төлүүлээгүй байх тул аж ахуйн нэгжүүдийг  төлбөрөөс чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Харин 2014 оноос хойш хугацааны  дулааны төлбөр төлүүлэхээр шаардсаныг буруутгах боломжгүй, учир нь тэмдэглэлд дулааны төлбөрөөс чөлөөлөх хугацааг тодорхой  тохироогүй  байна.

Иргэний хуульд заасан  хөөн хэлэлцэх хугацааг баримтлан  2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх төлбөрт  2.969.897,63 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хэдийгээр  тухайн цаг хугацаанд болсон дулааны шугамтай холбоотой   асуудлыг  шийдвэрлэхэд  аль аль тал оролцсон ч  сөрөг нэхэмжлэлийг хариуцах этгээд  биш  учир   хохирол, зардлыг гаргуулах  боломжгүй  байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг   хангах  хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4-т заасныг баримтлан  хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ