| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт С-ын А-ад холбогдох эрүүгийн 2413002420377 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт С-ын А-, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЮ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Е.Ж-ийг ачааны маргааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Е.Ж-т гэмт хэргийн хор уршгийг барагдуулж өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн надаас нэхэмжилсэн эрүүл мэндийн байгууллагаас хохирогч Е.Ж-т үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 120,423 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна” гэв.
2. Эрүүгийн 2413002420377 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Е.Ж-ээс 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 619 дугаартай нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, иргэний нэхэмжпэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, яллагдагч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/, шүүгдэгч С.А-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
4. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Е.Ж-ийг ачааны маргааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Е.Ж-ээс 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.2. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А- нь би хэдэн төгрөг хэнд өгөхөө өөрөө мэднэ гээд надтай хэрүүл маргаан үүсгэсэн ба миний зүүн талын чих, шанаа тус газар гараараа цохисон ба миний толгой эргээд би газар унасан. Намайг газар унасан байхад үл таних 4-5 хүн ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
4.3. Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...очиход Е.Ж- зодуулчихсан, нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
4.4. Гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг залууг бүлэглэж зодсон ямар ч асуудал болоогүй, тэрээр өөрөө л хэрүүл хийгээд яваад байсан.
...С.А- захиралтай хэрэгдсэний дараа баруун талын чихнээс нь бага зэргийн цус гарсан, өөр бусдаар ил харагдах гэмтэл шарх гараагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
4.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 595 дугаартай “1.Иргэн Е.Ж-ийн биед зүүн дээд зовхи, зүүн шуунд зулгаралттай, зүүн суганы орчим цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
4.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Х.Е-ын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 619 дугаартай “1.Е.Ж-ийн биед нэмэлт шинжилгээгээр хамрын таславчийн мурийлт, хамрын ясны хугарал, зүүн чихний хэнгэрэг цооролттой гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлүүд нь хэзээ үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
4.7. Иргэний нэхэмжпэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.Ж- нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,423 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
4.8. Яллагдагч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч С.А- “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
9. Шүүгдэгч С.А- нь хохирогч Е.Ж-ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, хамрын ясны хугарал, зүүн чихний хэнгэрэг цооролттой” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
10. Шүүгдэгч С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.А-, хохирогч Е.Ж- нарын үл ойлголцсон байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.
14. Шүүгдэгч С.А-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Е.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан, мөн хохирогч Е.Ж-т эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын санд 120,423 төгрөгийн хор уршиг учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
15. Хохирогч Е.Ж-ийн шүүхийн шатанд гаргаж өгсөн “миний бие Ерболат овогтой Ж- нь миний биед учирсан эрүүл мэнд болон бусад хохирлоо бүрэн барагдуулж өгсөн тул С- овогтой А-ад гомдолгүй байгаа. Ямар нэгэн сэтгэлийн дарамт байхгүй болно” гэх баримтыг үндэслэн шүүгдэгч С.А- нь хохирогч Е.Ж-т учирсан гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан гэж үзлээ.
16. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 120,423 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, шүүгдэгч С.А- нь хохирогч Е.Ж-т төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
19. Шүүгдэгч С.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
20. Шүүгдэгч С.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2 дахь заалтад зааснаар “... учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
21. Шүүгдэгч С.А- нь хувийн байдлын хувьд 1991 онд төрсөн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
22. Шүүгдэгч С.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч С.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
24. Энэ хэрэгт шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2413002420377 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалав.
25. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт С-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 120,423 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, шүүгдэгч С.А- нь хохирогч Е.Ж-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2413002420377 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ