2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/203

 

 

 

 

 

     2025         01          17                                         2025/ШЦТ/203

 

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-ад холбогдох эрүүгийн 2306 05314 2554 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.О г шалтгаангүйгээр зодож, түүний биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч О.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх найз эмэгтэй Б гэрт ирсэн. Намайг ирэх үед манай найз Б нь Г гэх залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгтэл Б , Г нар дэлгүүр яваад архи аваад бид гурав ууж эхэлсэн юм. Бид гурав ууж байгаад шөнийн 23 цаг өнгөрч байх үед манай найз Б согтоод унтаад өгсөн. Би Г гэх залуутай юм яриад байж байтал гэнэт намайг багалзуурдаад намайг үнсэх гэж оролдохоор нь би ууралтал миний хэлийг хазаад шууд нүүрэн хэсэгт гараараа хоёр удаа цохитол миний толгой манараад би тухайн айлаас гарах гэтэл гар утас маань байхгүй болохоор нь Г гэх залуугаас миний утас хаана байна гээд асуутал би угаасаа хулгайч гээд миний гар утсыг өгөхгүй болохоор нь гэрээс гарах гэтэл миний нуруу хэсгийг төмөр зүйлээр урсан. ... Миний хамар хэсэг хавдсан, баруун, зүүн нүд хөхөрсөн, нуруу хэсэгт зүсэгдсэн шархтай, уг гэмтлүүдийг Г гэх залуу миний нүүрэн хэсэгт хоёр удаа гараараа цохиж, намайг гэрээс гарах үед ардаас алхаж байгаад ямар нэгэн зүйлээр урж гэмтээсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед Б , Г бид гурав байсан. Бид гурав гурвуулаа согтолттой байсан. Би Б гэрийг зааж өгч чадна, түүнээс гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй байна. Харин Г гэх залууг нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй байна. Ямар ч байсан олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн гэж ярьж байсан. Миний гар утас 200.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Б ганцаараа согтуу байсан, бид хоёр эмнэлэг болиод цуг 3-4 шил архи уугаад байж байтал Б-ийн найз гэх хохирогч эмэгтэй 16 цагийн орчимд ганцаараа ирсэн. Тэгээд бид гурав хамт архи уугаад байж байтал Б намайг манай найз алдаж, онож явсан гэж хэлсэн чинь нөгөө хохирогч эмэгтэй өө чи шоронгийн ялтан юм байн шүү дээ гэж хэлэхээр нь би түүнийг гараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадаад, цохиход цагдаа дуудна гээд байсан. Энэ үед нэлээн орой болсон байсан үүрээр хохирогч эмэгтэй Б-ийн савхийг аваад гараад яваад өгсөн. Үүнээс хойш би тэр эмэгтэйтэй уулзаагүй. Би болсон зүйлийг санаж байгаа. Бид гураваас өөр хүн байгаагүй. Би түүнийг танихгүй. Тухайн орой Б-ийн найз гээд ирсэн. Би түүнтэй бэлгийн харилцаанд орох гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэр эмэгтэй өөрөө гар утсаараа нэг хүнтэй ярьж залгаж байгаад гараад яваад өгсөн. Би гар утсыг нь аваагүй анх орж ирэхдээ LG-ийн дэлгэц нь хагархай, хар өнгийн утас цэнэглээд байсан хүн авахаар гар утас биш байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12971 дугаар: “... О.О гийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 60-80 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.О г шалтгаангүйгээр зодож, түүний биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.О г шалтгаангүйгээр зодож гэмтэл учруулсан байна.

Хохирогч О.О д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12971 дугаар дүгнэлтээр “хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчийг зодож, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч  О.О д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12971 дугаар дүгнэлтээр “хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.Гнь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч О.О гаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шууд зардлын баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх боловч түүний эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл учирсан байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ..  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, өмнөх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул тус тусад нь эдлүүлэх саналтай.” гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Мөн шүүгдэгч Б.Г-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн, хамгийн сүүлийн ял шийтгэлийг эдлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнөх ял шийтгэлийг эдлээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын удирдлага болгон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Мөн шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 544 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 544 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэгтгэн эдлэх ялын хэмжээг 720 цагийн хугацаагаар тогтоов.   

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хооронд нэмж нэгтгэсэн ч уг ялын дээд хэмжээ буюу 720 цагаас хэтэрч болохгүй.

Шүүгдэгч Б.Г-д тус Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3049 дүгээр захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч нь 43 хоног цагдан хоригдожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 43 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож, 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, эдлэх ялыг 376 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан 376 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 43 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 544 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэгтгэн эдлэх ялын хэмжээг 720 цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 43 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож, 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, эдлэх ялыг 376 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан 376  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Хохирогч О.О  нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 43 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ