Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б-,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,  

хохирогч Н.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т.к овогт Д-ы А-д холбогдох эрүүгийн 2413002640368 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.к овогт Д-ы А-, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЮ......

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А- нь:  2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “...улсын яллагчаас хамаг бурууг надад тохож байна л даа. Бүх юм нь зодсон юм шиг л бичигдсэн байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлс дандаа худлаа. Яагаад гэвэл эрх мэдэлтэй цагдаагийн газрын дарга хүн байгаа. Эхлээд би эхнэрээ цагдаад өгсөн байдаг. Тэгэхэд чи түрүүлж цагдаад өгч, бидний уурыг хүргэсэн тул бид чамаас өш хонзон авах маягаар хуулийн зүйл, заалтыг тааруулж, “байнга” гэх үгийг хэрэглэдэг. Уг хуулийн зүйл, заалтыг мэдэхгүй байна. Цаанаасаа бичигдсэн зүйлс байгаа. Үүнийг өмнө бид хоёртой уулзаж асуух байсан уу, эсхүл шүүх дээр ярилцах байсан юм уу. Хэргийг шалгаж байхад та надад ерөөсөө шалгаж, уулзаагүй. Би одоо бараг хэлмэгдэж байгаа. Надад эхнэрээ зодсон зүйл байхгүй. Дандаа хэрүүл, маргаан л гардаг байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа манай эхнэрийг жирэмсэн байсан. Тийм байхад намайг зодсон, эхнэрийн толгой доргисон гэсэн байдаг. Бид хоёрын хооронд маргаан байсан нь үнэн. Энэ нь зөвхөн маргаан л байсан. Гэрлээд 3 сар болсон эхнэрээ байнга зодно гэж юу байсан юм бэ. Би эхнэрээ зодох гэж гэрлээгүй. Миний бие аймгийн Онцгой байдлын газарт ерөнхий нягтлангаар 5 жил ажилласан. Намайг казах гээд нэрлэж, гадуурхаж, Ховд аймаг руу албан тушаал бууруулж тооцооны нягтлангаар шилжүүлэн ажиллуулсан. Үүнийг нь эсэргүүцэж ажлаасаа гарч, Австрали улсад 3 жил амьдарсан. Хүний нутагт ганцаараа байх хэцүү юм байна. Тиймээс эхнэр авч, Австрали улсад буцна гэж бодсон. Би 36 настай, амьдралдаа нэг ч удаа хүн зодож байгаагүй” гэв.

2. Хохирогч Н.А- мэдүүлэхдээ: “...тухайн үед жирэмсэн байсан тул өөрийгөө удирдах чадвараа алдаж, уурласан байсан. Тиймээс зарим зүйлсийг хэтрүүлж хэлсэн.

…мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгсөн маань үнэн боловч зарим зүйлсийг хэтрүүлж хэлсэн.

…2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, мөн оны 8 дугаар сар, мөн оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрийг шилжих шөнө миний халдсан тийм үйл явдал болсон.

…тухайн үед жирэмсэн болсныг нөхөр бид хоёр хоёулаа мэдээгүй байсан.

…надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

3. Эрүүгийн 2413002640368 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Н.А-гаас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Н.А-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажилалгааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 02-04 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 741 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 73 дахь тал/, гэрч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Ө.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/, гэрч Х.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/, гэрч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, шүүгдэгч Д.А-ий хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

4. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-гийн биед байнга халдсан үйл баримт тогтоогддог. 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр машины түлхүүрийг 00-д унагаасан асуудлаас болж чи хүнээс уучлалт гуйсан гэх шалтгаанаар нүүр лүү нь алгадсан асуудлыг хохирогч шүүх хуралдааны явцад хэллээ. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд ч гэсэн дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. 2024 оны 8 дугаар сард “чи миний ээжээр хөргөгчид мах хийлгүүлдэг хэн бэ” гэх шалтгаанаар хохирогчийг орноосоо түлхэж, улмаар гэрээсээ хөөж гаргасан асуудлыг түрүүн нэмж шүүх хуралдааны явцад хэлж байна. Мөн 9 дүгээр сарын 15-16-ны өдөр шилжих шөнө “чиний хоол чинь яахаараа ууддаг юм бэ, чиний хоолыг бид нар хэзээ, хэр удаан хүлээх ёстой юм бэ” гэх шалтгаанаар ялгаагүй цохисон, багалзуурдсан үйл баримт тогтоогддог. Хамгийн сүүлд нь шүүгдэгчийн үйлдэл хүндэрсээр байгаад 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр буюу биед нь халдаж гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Дээрх нөхцөл байдлуудаас хууль зүйн хувьд дүгнэлт хийж үзвэл шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг юм байна гэж үзэж байгаа. “Байнга” гэдэг шинж маань 3 буюу түүнээс дээш үйлдлийг хамруулдаг байгаа. Шүүгдэгчийн хувьд байнга гэх шинжийг хангасан байгаа. Мөн тухайн үйлдлүүдийг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байхгүй гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өнөөдөр ч гэсэн хохирогч өөрийгөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харахад та бүхэн ажигласан байх. Хүчирхийллийн нөхцөл байдалтай өөрөө өөрийгөө бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ тодорхой хэмжээнд үгүйсгээгүй. Түүнийгээ дэлгэрэнгүйгээр ярьж чадаагүй нөхцөл байдал нь ч гэсэн өөрөө өнөөдөр энэ хүнийг хүчирхийлэлд байгаа гэдгийг илтгэж байна.

2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдлийн хувьд хохирогч нь “шүүгдэгч миний биед халдаж зодсон нь үнэн. Гэмтэл учирсан маань үнэн гэдэг” зүйлийг ярьж байна. Тухайн шүүгдэгчийн үйлдлийн улмаас Н.А-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Тухайн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар танилцаж ямар нэгэн байдлаар санал хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

…иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж, хохирол, хор уршгийн асуудал яригХ.Д-. Хохирогчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад ч өнөөдрийн шүүх хуралдааны явцад ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв. 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас гаргасан дүгнэлтэд: “…Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай 11. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокурорын саналыг гаргаж байгаа нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна. Дээрх хоёр зүйл, ангийн нэгийг нь би үндэслэлтэй гэж үзэж байна.

…яагаад гэвэл анхны хохирогчийн мэдүүлэг дээр нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөгдсөн. Үүнд намайг байнга шүүмжилдэг. Хэрүүл маргаан бид хоёрын дунд байгаа. Тэгээд дундын хөрөнгөтэй холбоотой таарамжгүй зүйл байдаг. Мөн гэрлэлтийн баталгаагаа аваагүй гэх гомдол тээсэн. Тэгээд тухайн өдөр төрсөн өдөртэй холбоотой зодолдсон. Зодооныг анх эхэлсэн шалтгаан, нөхцөлтэй холбоотой өөрөө бас мэдүүлж байгаа, “би хашхирсан” гэж байгаа. Хашхирсан учраас би орилж, хашхирч хүн рүү дайрч байсан учраас миний бичлэгийг утсаараа хийж байсан гэж байгаа. Үүнийг шүүгдэгчийн зүгээс ямар нөхцөл байдлыг төсөөлж ярьж байгаа вэ гэвэл над руу нулимдаг, үснээс нь зулгаадаг, хумсаараа мааждаг асуудал байсан. Үүнтэй холбоотой түүнийг зогсоох арга хэмжээ авч, газарт унагааж байгаад нүүрнээс нь нэг удаа алгадах нь асуудал байгаа. Үүнийг харсан хохирогчийн хадам ээж, аав нь байсан. Хадам аав нь төрийн албанд он удаан жил ажилласан. Тэд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгт нэг удаа алгадсан. Тэр үед нь бид салгасан гэж мэдүүлдэг. Тэрнээс биш 3, 4 удаа цохиж, газар шидсэн гэх зүйлийг ерөөсөө яриагүй. Дараа нь хохирогч бараг 20-иод хоногийн дараа мэдүүлэг өгсөн байна. Уг мэдүүлэгтээ 3, 4 удаа зодсон, цохисон. Мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зодсон. Тэр үед машины түлхүүрийг жорлонд унагаасан. 100,000 төгрөг өгч хүнээр авахуулахад “баярлалаа” гэж хэлээгүй гэх байдлаар намайг цохисон, зодсон гэж мэдүүлдэг. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ энэ нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн асуудал биш, тэрнээс хоёр өдрийн өмнө гэх зүйлийг ярьдаг. Хохирогчийн мэдүүлэгт эргэлзэж, анхнаасаа бүх нөхцөл байдлыг хэлсэн бол өөр байх байсан. Яагаад огноо өөрчлөгдсөн вэ гэвэл бид зураг гаргаж өгсөн. Үүнд тэр өдөр тийм зүйл болоогүй. Тиймээс хохирогчийн зүгээс өмнөх мэдүүлгээ үгүйсгэж байгаа. Хэрэв 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс өөр бусад цаг хугацаанд байсан бол үүнийгээ мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж, тогтоосон зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийн шалгаж, тогтоох ёстой. 2024 оны 8 дугаар сарын дунд үед гэж яаж зодсон вэ гэвэл үгүйсгэж байгаа. Хохирогч өмнөх мэдүүлэгтээ сандлаасаа шидсэн. Гэрээсээ хөөсөн гэж гар дээр аваад шидсэн юм шиг л үүнийг тодруулж, ярихад тийм зүйл болоогүй. Би хэтрүүлж мэдүүлэг өгсөн юм гэдэг зүйл яригдаж байгаа. Өнөөдрийн хохирогчийн мэдүүлэгт прокурор хууль сануулж байгаа. Чи урьд нь худал мэдүүлэг өгсөн байна. Энэ гэмт хэрэг байна шүү дээ гэдэг байдлаар прокурор тэгж асуулт асуусан болохоор хохирогчийн зүгээс урьд өгсөн мэдүүлгээ ямар ч гэсэн би батлах ёстой гэсэн байр сууринаас үнэн зөв байдлыг нууж байгаа юм болов уу гэж би үзэж байна. Энэ хүний хувьд 2024 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр хоолыг хугацаандаа хийгээгүй гэх асуудлыг өөрөө үгүйсгэж, тийм зүйл болоогүй, түлхсэн гэх зүйлийг ярьж байгаа.

2024 оны 15, 16-ны өдрөөс хоёр хоногийн дараа хохирогчийн төрсөн өдөр нь болсон. Хэрэв үнэхээр хохирогчийг үнэхээр зодсон бол хоёр хоногийн дараа шүүгдэгч нь төрсөн өдрөө тэмдэглэх гээд бялуу авах гэж явахгүй байсан. Хохирогчийн мэдүүлэгт мэдээж эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа. Уг нөхцөл байдлыг хадам аав, ээж нь хажуугаас харж, сонссон гэх зүйлийг ярьдаг. Гэрч С.Ж-гийн хувьд ч гэсэн яг шууд үзэж, харсан гэрч биш. Харин гэрч Х.Д-гийн мэдүүлгийн хувьд хохирогчийн нөхцөл байдлыг тодруулж өгсөн байгаа. Хохирогч найзуудтай сууж байхад нөхрөө этгээд үг хэллэгээр доромжилдог, хүндэлдэггүй. Шөнө оройн цагаар алга болчихдог. Мөн хохирогч би нөхрийн утсыг авах гэж дайраад байсан болохоор бичлэг хийгээд байсан болохоор ч түүн түрүү нь дайрсан маань үнэн гэж байгаа. Хохирогчид нулимсан уу гэхэд хохирогч үгүйсгэж хэлж чадахгүй байгаа. Шүүгдэгч нь урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогч нь миний үйлчлүүлэгчийн хоёр дахь эхнэр гэдэг нь үнэн. Өмнөх эхнэртэйгээ ар гэрийн шалтгааны улмаас гэрлээд 7 хоног болоод салсан нь үнэн юм. Дараа нь шүүгдэгч нь амьдралаа босгох гэж гадаадад ажиллаж, 36 нас хүрсний дараа дахин хоёр дахь хүнтэйгээ гэр бүл болно. Тэр хүнтэйгээ гадаадад очиж амьдралаа босгоё, тэр хүнийг хайрлая, хүүхэдтэй болно гэсэн санаа зоригоосоо амьдарч, гэрлэсэн. Түүнээс биш прокурорын ярьж байгаачлан эхнэрээ авч, зодно, хүчирхийлэл үзүүлье. Ажилтан, зарц болгоё гэсэн санаа зорилго байгаагүй. Прокурор нь шүүгдэгчээс чи яах гэж эхнэр авч суусан юм бэ гэдэг асуулт асууж байгаа шүү дээ. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 зүйл, ангиар гэм буруутайд тооцох эргэлзээ дараах байдлаар гарч байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна. Тухайн хэсэгтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

6. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А-ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтын талаар.

7. Шүүгдэгч Д.А- нь: 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1. Иргэн Н.А-гаас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, Зөрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

7.2. Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Өлгий сумын 2 дугаар багт аав ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг байсан ба энэ оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.А-тэй хуримаа хийсэн, бид хоёр гэр бүл болоод 3 сар болж байна. Гэр бүл болоод 3 сарын хугацаанд бид гэр бүлийн баталгаа авахгүй байсан, би яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр “чи миний хөрөнгийг хуваалцана, тийм болохоор гэр бүлийн баталгаа авахгүй” гэж хэлээд араас нь миний машиныг бас унах эрх байхгүй шүү гэж хэлнэ, намайг хэл амаар доромжилж, дандаа миний хийсэн ажил, хоол бүх юм дээр асуудал ярьдаг байсан.

Өнөөдөр миний төрсөн өдөр болохоор өглөө бид хоёр сэрээд манай байшинд засвар хийж байгаа болохоор хүн дуудах боломжгүй байсан тул би аав ээжийг гэрт дуудахгүй, орой хэдүүлээ өөрсдөө суугаад тэмдэглэнэ гэж хадам ээжид хэлэх үед чимээгүй явчихсан байсан. Тэгж байгаад би өрөөндөө сууж байхад нөхөр орж ирээд “миний ээжид чи юу гэж хэлсэн бэ” гэж хашхирахаар нь “би юу гэж хэлсэн байна, хэл дээ” гэж асуухад тэр чимээгүй зогсож байгаад баруун гараагаа миний эрүүний хэсэгт 3-4 удаа цохиж намайг авч шидсэн, тэр үед би уйлсан. Тэр надад “чам шиг эхнэр надад хэрэггүй, гэрээс зайл” гэж хэлэхээр нь би ээж рүү залгаад намайг аваад яваарай гэж хэлсэн ба ээж цагдаад дуудлага өгсөн байсан байна.

...Д.А- бид хоёр гэр бүл болоод дөнгөж 3 сарын дотор нийт 4 удаа надад гар хүргэж зодсон. Бусдаар бол үгээр хэрэлдэж, маргалдсан удаа бол зөндөө байгаа. Бид хоёр гэр бүл болоод удаагүй байхад 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу наадмын өдөр намайг нөхөр болох Д.А- анх удаа гар хүрч зодсон. Тэр өдөр зодсон шалтгаан нь би түлхүүрээ хашаанд байсан 00-д унагаасан юм. Түүнийг манай хашаанд хөлсөөр ажил хийж байсан нэг ахаар авахуулж, түлхүүр авч өгсөн хөлсөнд 100,000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь нөхөр маань надад чи яагаад тэр 00-оос түлхүүр авч өгсөн хүнд “баярлалаа” гэж хэлэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд би нөхөртөө би мөнгийг нь өгсөн шүү дээ, чи яагаад баярлалаа гэж хэлж болдоггүй юм бэ гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Харин тэр үед нөхөр маань намайг захаас барьж багалзуурдаж, хана руу шахсан. Тэр үед би түүний урдаас нь эсэргүүцэхэд тэр намайг нүүрэн тус газар цохисон юм. Тэр үед миний биений хэд хэдэн хэсгээр хөхөрсөн байсан. Түүнийг би гэрэл зургаар авч бэхжүүлсэн боловч дараа нь устгагдсан байна. Би энэ талаар хэнд ч хэлээгүй.

Дараагийн удаа 2024 оны 8 дугаар сарын үед өдрийг нь тодорхой санахгүй байна намайг нөхөр болох Д.А- сандалд сууж байсан газраас шууд аваад шидчихсэн юм. Тэгээд намайг гэрээс зайл гэж хөөсөн бөгөөд би шөнийн 23 цагийн үед гэрээс гарч тэр хавьд ойрхон найз болох С.Ж-гийн гэрт очиж хоносон. Тэр өдөр зодсон шалтгаан нь би оройн хоол идсэний дараа бүх аяга тавгаа угааж цэвэрлэсэн. Мөн хөргөгчинд хийх ёстой мах байсан бөгөөд тэр махыг би хөргөгчинд багтааж чадахгүй байсан тул хадам ээж багтаагаад хийчих байх гэж бодоод унтахаар хоёр давхар луу гарсан. Тэгэхэд нөхөр маань надад чи хөргөгчинд махаа яагаад хийгээгүй юм бэ, миний ээж тэр махыг хөргөгчинд хийх гэж байна, чи очоод хий гэж хэлээд тэрнээс болж хэрүүл маргаан гарч намайг зодсон.

Дараагийн удаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрийн үед нөхөр маань намайг дахиад зодсон. Тэр үед нөхөр маань намайг хацарнаас цохих үед миний толгой хананд хүрч цохигдсон. Тэр өдөр нөхрийн зодсон шалтгаан нь надад чиний хоол яагаад хугацаандаа болдоггүй юм бэ, чиний хоолыг бид нар яагаад хугацаандаа идэж чадахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоол одоо болно шүү дээ, жоохон буцлаг гэж хэлсэн. Би ихэнхдээ тэр ирж хэрүүл өдөхөд түүнд хариулт өгөхгүйгээр чимээгүй суучихдаг. Тэгээд нөхөр маань уурлаж гар хүргэдэг.

Хамгийн сүүлд намайг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр намайг зодоход миний хацар, нүүр, дух зэрэг хавдсан. Би тэр өдөр л ээждээ хэлж ээж цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлтэн дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэдэг нь 3 дахь удаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдийн аль нэгэнд миний толгойг хананд савах үед үүссэн гэж бодож байна. Бусад гэмтлүүд бол 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зодоход учирсан гэмтлүүд байгаа.

...2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Д.А-тэй хэрэлдэж тэдний гэрээс төрхөмдөө буцсан, тэгээд 3-4 хоногийн дараа тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан. Тэгээд Д.А- надтай ирж уулзаад “энэ хүүхэд миний хүүхэд мөн үү, хэрвээ миний хүүхэд мөн байх юм бод би шууд аавын нэр дээр буулгана, би 1-2 жилдээ гэрлэлтийн баталгаа авахгүй, чи хүүхдээ төрүүлтлээ төрхөмдөө байж бай, хүүхдээ төрүүлсний дараа ир” гэж хэлсэн. Тэгээд би гомдоод үр хөндөлт хийлгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 73 дахь тал/,

7.3. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 741 дугаартай “1.Иргэн Н.А-гийн биед тархины доргилт, нүүрний баруун талд битүү хавантай, духны баруун талд хавантай, баруун хацарт хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Иргэн Н.А-гийн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн Н.А-гийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дах тал/,

7.4. Гэрч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 8 дугаар сарын дунд үе байсан байх өдрийг нь яг санахгүй байна, шөнийн 23 цаг өнгөрч байхад над руу найз болох Н.А- утсаар залгаж “танайд очиж хонох гэсэн юм, танайд хүн байгаа юу” гэж уйлсан.

...би ирэхэд Н.А- орцонд уйлаад сууж байсан. Н.А- 2024 оны 6 дугаар сард Д.А- гэдэг залуутай хуримаа хийсэн. Нөхрийнхөн гэр нь манай орон сууцанд ойрхон байдаг юм. Би ирээд Н.А-г гэртээ оруулж юу болсон талаар асуухад Н.А- “намайг махыг хөргөгчинд хийсэнгүй, ээжээр хөргөгчинд мах хийлгэлээ” гэж нөхөр маань уурлаж, зодож, сандлаас шидчихсэн юм гэж хэлсэн. Тэгээд Н.А- манай гэрт 2 өдөр хоносон. Гурав дахь өдөр явсан. Н.А-а надад хэлэхдээ “нөхөр маань байнга багалзуурдаж, хувцас хунараас зуурдаг. Энэ удаа бас багалзуурдаж намайг өргөж аваад газарт шидсэн гэж хэлсэн. Түүний биед ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй. 2024 оны 10 дугаар сарын эхэн үеэр Н.А-тай уулзахад “нөхөр маань намайг зодож нүүр хэсэг рүү алгадсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

7.5. Гэрч Ө.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хуримаа хийсний дараагаар Н.А-а ерөөсөө гэртээ ирэхгүй их удсан юм. Сар, өдрийг нь сайн санахгүй байна бодвол 2024 оны 8 дугаар сарын сүүлийн үед байх би зах дээр байхад охин болох Н.А- ирсэн. Би өөрөө зах дээр наймаа хийдэг юм. Н.А- зах дээр ирж надад “2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр маань зодсон, сая дахиад намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар охиноо дагуулаад хадмын гэрт нь хүргэж өгсөн. Бид нарын бодол бол нэгэнт гэр бүл болсон хойно гайгүй болох байлгүй, нэгэнт гэр бүл болсон тул цаашдаа зөв амьдраасай гэж хүссэн. Тухайн үед би Н.А-гаас яагаад зодсон талаар асуухад Н.А- надад “2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би түлхүүрээ 00-д унагачихаад тэрийг нэг хүнд 100,000 төгрөг өгч авахуулсан, тэгсэн чинь нөхөр маань надад чи тэр түлхүүр авч өгсөн хүнд “баярлалаа” гэж хэлээгүй гэж намайг зодсон. Дараа нь бас нэг удаа жижиг зүйлийг шалтгаалж зодсон. Сая болохоор намайг бас хана руу савж, багалзуурдаж зодсон, тэр үед би толгойгоо хананд цохисон гэж хэлсэн. Миний охин 8 дугаар сарын үед нөхөртөө зодуулахдаа гэрээс яваад найз болох С.Ж-гийн гэрт очиж хоносон байна. Д.А- Н.А-г зодох болгонд “хувцас хунараа аваад гэрээс зайл” гэж хэлдэг юм байна лээ.

Мөн 2024 оны 9 дүгээр сарын 15-16-ны үед мөн нэг удаа Д.А- нь Н.А-г зодсон байна. Тэр үед Н.А-гийн хэлснээр “би толгойгоо угаачихаад хоёр давхарт үсээ самнаад сууж байхад Д.А- ирж “чи миний ээжид яагаад хөргөгчинд мах хийлгээд байгаа юм бэ” гэж хэлээд шууд нүүрэн тус газар цохисон” гэсэн. Мөн орон дээрээс авч газар луу шидсэн, хувцаснаас зууралдаж, багалзуурдсан гэж хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр түүний бие нэлээн хөхөрсөн талаар түүнийг гэрэл зургаар бэхжүүлж авсан талаар хэлсэн боловч зураг нь устгагдсан байна.

2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай охин Н.А-гийн төрсөн өдөр байсан бөгөөд тэр өдөр тэдний гэрт дахиж маргаан гарч миний охиныг нөхөр нь дахин зодсон байна. Тэр өдөр над руу охин маань залгаж “ээжээ намайг зодож байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь хэд хэдэн удаа Н.А-г нөхөртөө зодуулсан талаар сонсож зүрх өвдөж бараг сар гаруй унтаж чадаагүй байсан. Тухайн өдөр бид нар өөрсдөө шууд цагдаа дуудсан юм. Өмнө нэг удаа Н.А- зодуулахдаа уурлаад тэдний гэрийн зуухны үүдэнд тавьсан төмрийг өшиглөхөд манай хүргэн өөрөө цагдаа дуудаж Н.А-г цагдаад өгөөд тэгээд хоорондоо тохирлоо гэж аваад явсан.

Миний охин хоёр удаа л гэртээ ирэхэд араас нь нөхөр нь болон хадам аав, ээж нь хайж ирээгүй. Хоёр удаад нь бид нар өөрсдөө аваачиж өгсөн. Н.А- надад нөхөр нь нийтдээ 4 удаа гар хүрч зодсон талаар хэлсэн. Нэг удаад нь багалзуурдсан, нэг удаад нь толгойг хананд савсан, нэг удаад нь орон дээрээс аваад шидсэн гэж хэлсэн. Мөн Н.А-а надад хэлэхдээ “нөхөр маань шөнөжин компьютероор тоглоод суучихдаг” гэж хэлж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Н.А-г нөхөр нь зодож, би гэрт нь очиход түүний баруун талын хацар, нүүр, дух хэсэг нь хавдсан байсан. Мөн хэд хоногийн өмнө нөхөртөө зодуулах үед толойгоо хананд савж цохисон талаар хэлж толгой нь өвдөж байгаа талаар хэлж байсан. Гэр бүл болоод 3-4 сар болж байхад эхнэртээ гар хүргэж зодож байгаа хүн цаашид амьдралаа босгож чадах уу гэдэгт эргэлзэж байна. Охины араас хайгаад ирээ ч үгүй, хадам аав, ээж нь ч холбогдоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

7.6. Гэрч Х.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Н.А-тай сайн найзууд учраас байнга уулзаж байдаг. Яг өдрийг нь тодорхой санахгүй байна 2024 оны 8 дугаар сарын сүүлээр байх Н.А-тай уулзахад Н.А- надад нөхөр нь зодож, багалзуурдсан, мөн орноос авч газар луу шидсэн талаар хэлж байсан. Мөн хана руу толгойг минь савсан гэж хэлсэн. Би түүнээс шалтгааныг асуухад Н.А- надад шалтгааныг нь хэлээгүй. Зүгээр сууж байхад ирж зодсон гэж байсан. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түүний төрсөн өдөр байсан ба орой бид нар уулзахаар болсон. Тэр орой Н.А- надад нөхөр нь зодсон талаар хэлж, уулзаж чадахгүй болсон талаар хэлсэн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

8. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Н.А-, гэрч С.Ж-, Ө.К-, Х.Д- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.А-, хохирогч Н.А- нар нь 2024 оны 6 дугаар сард хуримаа хийж, гэр бүл болсон боловч гэрлэлтийг шүүгдэгч Д.А-ий хүсэл зоригоос шалтгаалан улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар шүүгдэгч Д.А- нь хохирогч Н.А-г ахуйн шинжтэй харилцаа, маргааны улмаас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа тус тус зодсон нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-ийг гэм буруугүй гэж үзэх боложмгүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

10. Мөн шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч цолтой К.Х- нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд, эрх үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсны үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 741 дугаартай “иргэн Н.А-гийн эрүүл мэндэд тархины доргилт, нүүрний баруун талд битүү хавантай, духны баруун талд хавантай, баруун хацарт хаван” бүхий хохирол учирсан болох”-ыг тогтоож дүгнэлт гаргасан байх ба шинжээчийг дүгнэлтээ гаргахдаа аливаа этгээдийн нөлөөнд орсон талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрх зүйн дүгнэлт.

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

12. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

13. Шүүгдэгч Д.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, нүүрний баруун талд битүү хавантай, духны баруун талд хавантай, баруун хацарт хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг агуулж байна.

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхыг хэлнэ. Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг зодсон шинж нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг болно.

15. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.А- нь хохирогч Н.А-тай ахуйн шинжтэй маргаан, үл ойлголцол зэргээс шалтгаалан түүний биед халдаж зодсон буюу мөн 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нэг удаа, 2024 оны 8 дугаар сарын үед нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн хооронд нэг удаа, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа тус тус зодсон үйл баримт нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Д.А- нь хохирогч Н.А- гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд жирэмсэн болохыг мэдээгүй, шүүгдэгч, хохирогч нар нь энэ тухай шинжээч эмчийн дүгнэлт гарах үед мэдсэн байна.  

16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарласан байна.

17. Энэ хэргийн шүүгдэгч Д.А-, хохирогч Н.А- нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуримаа хийж, мөн өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нэг гэр бүлд хамтран амьдарч байгаа тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байжээ.

18. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

19. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.А-, хохирогч Н.А- нарын хооронд үүссэн ахуйн шинжтэй маргаан, үл ойлголцох байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

21. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

22. Шүүгдэгч Д.А-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Н.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.А- хохирогч Н.А-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

23. Харин тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.А-ээс “...иргэн Н.А-гийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 192,567 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардал гарсан тул уг мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд тушаах шаардлагатай” талаар мэдүүлжээ.

24. Эрүүгийн хавтаст хэргийн 75-76 дахь талд авагдсан, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн даатгуулагч Н-ийн А-гийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний цахим мэдээллээс үзэхэд түүний эмчилгээнд зориулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр амбулаторийн үзлэг, оношилго, шинжилгээний багцад Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 31,049 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.А-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 31,049 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

25. Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн жирэмсний хяналтын багц 25,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн амбулаторийн үзлэг 31,049 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 31,049 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ 74,420 төгрөг, нийт 161,518 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсэг нь энэ эрүүгийн хэрэгт хамааралгүй, хохирогч Н.А-гийн жирэмсэн болсон үед авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамаарч байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

26. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.А-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэж 11 сарын хугацаагаар тогтоох” дүгнэлтийг,

27. Хохирогчоос “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

28. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчид оногдуулж байгаа ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх”  дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

30. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

31. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

32. Шүүгдэгч Д.А- нь хувийн байдлын хувьд 1988 онд төрсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

33. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

34. Шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг; 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.” гэж заасныг журамлан шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар тогтоов.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

38. Шүүгдэгч Д.А-д оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

39. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй тул хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

40. Шүүгдэгч Д.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

41. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах гаргах, мөн “Монголын улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.к овогт Д-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.  

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.А-д оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-ээс 31,049 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэний нэхэмжлэгч А.Асемгүлийн 161,518 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

8. Шүүгдэгч Д.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ