2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/205

 

 

   2025         01          17                                        2025/ШЦТ/205

           

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р д холбогдох эрүүгийн 2406 00000 2424 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Р , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Р  нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.М-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж, хүзүүнээс нь багалзуурдаж, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох О маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж 330.000 төгрөгийн хохирол санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Р  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 02 дугаар сард томилогдож ажиллаж байгаад 2024 оны 02 сард Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад нийт 8 жил ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн ахлагч цолтой, хувийн дугаар 30680, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09:00 цагаас ээлж хүлээн авч, Цайз 114 чиглэлтэй, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэгтэй цагдаагийн дэд ахлагч Б.У-ын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус хэлтэст Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машиндаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу дуудлага, мэдээллийг шалгахаар цагдаагийн дэд ахлагч Б.У-ын хамт Их наяд худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талын зам дээр явж байсан чинь урдаас 00-00 улсын дугаартай, МБ маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 3 эрэгтэй, 2 эмэгтэй ирээд бид хоёрын хажууд машинтайгаа зогсоод 3 эрэгтэй нь буугаад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр дуудлага, мэдээллийн дагуу явж байна гэж хэлээд шалгасан чинь тээврийн хэрэгсэл жолоодож явсан эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Улмаар Б.У-д нь Цагдаагийн байгууллагын тусгай дугаар 102-т “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодож байна” гэх утгатай дуудлага өгсөн. Тухайн хүмүүстэй уулзаж байхад нэг эрэгтэй нь Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй “бид нар явна, эмнэлэг явж үзүүлмээр байна гэх мэтээр хэл амаар доромжилж” байгаад албаны 00-00  улсын дугаартай, O маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалгыг нэг удаа өшиглөж хонхойлгосон юм. Машин руу өшиглөсөн залуу нь хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн миний хүзүү хэсгээс гараараа багалзуурдаж хоолойг боосон. Би биеийн хүч хэрэглэж үйлдлийг нь таслан зогсоогоод тусгай хэрэгсэл хэрэглэх гэж байтал дахин миний хэвлий хэсэг рүү зүүн талын гараа атгаж байгаад нэг удаа цохисон, тухайн үед миний хэвлий хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгдэж доошоо тонгойсон. Тэр үед хамт байсан 2 эмэгтэй, 1 эрэгтэй нь үйлдлийг болиулсан юм. Уг асуудал өрнөж байхад 00-00 улсын дугаартай, МБ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн зугтаагаад явсан. Улмаар Цайз 10-руу холбогдож нэмэлт хүч дуудаж нэмэлтээр Цайз 117, 113 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ирж тухайн хүмүүсийг аваад хэлтсийн байр руу явсан юм. Албаны тээврийн хэрэгсэл мөн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй биеийн хүч хэрэглэсэн хүнийг регистрийн дугаараар нь албаны Tab дээр шалгахад Б.Р гэж хүн байсан юм. Би ардаас нь хэлтэс дээр ирэхэд тухайн хүн нь эрүүл мэндийн шалтгаанаар эрүүлжүүлэх байранд тэнцээгүй учир 103-н эмч аваад Гэмтэл согог судлал руу аваад явсан байсан юм. ... Би хамт үүрэг гүйцзтгэж байсан Б.У-ын хамт дуудлагын дагуу очиж хууль ёсны шаардлагыг тавьсан. Гэтэл албан болон алба хаагчийн биед халдсан эрэгтэй хүн нь шаардлага биелүүлэхгүй, бид нар явна гэх мэтээр агсарч, хэл амаар доромжилж, хашхирч байгаад л шууд албаны тээврийн хэрэгсэл рүү өшиглөсөн, мөн миний биед халдсан юм. Тухайн хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... Одоо амьсгалах үед хэвлийгээр өвдөж байна. Хүзүү бага зэргийн шалбарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би шүүх шинжилгээний ерөнхий газраар сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Сэтгэцэд хор уршиг учраагүй. ...Би тухайн үед хандаж чадаагүй. Тухайн Б.Р  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй бид хоёр луу шууд дайрч, орилж биед болон албаны тээврийн хэрэгсэлд халдсан. ...Би тэрийг бол мэдэхгүй байна. Уг нь энгэрийн камерын бичлэгт ямар нэгэн дуу хаадаг зүйл байхгүй. Яагаад хуулбарлаж авахаар дуугүй хуулаад байгаа талаар мэдэхгүй байна. Энгэрийн камерын бичлэгийг хуулбарлаж өгөөд энгэрийн камераас устгасан байгаа юм. ...Албаны тээврийн хэрэгслийн хаалгыг солиулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч албан тушаалд ажилладаг юм. ...Би уг дүгнэлттэй танилцлаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албаны 00-00  улсын дугаартай O маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалга хонхойсон гэмтэл дээр “Дамно” ХХК-аас хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна. Уг хаалгыг 345.500 төгрөгөөр үнэлсэн байх тул төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэтэл Б.Р  гэх залуу нь Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж “Бид нар явна, эмнэлэг явж үзүүлмээр байна писдаануудаа” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад албаны 00-00  улсын дугаартай, O маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг өшиглөөд хонхойлгоод хууль бус үйлдээ үргэлжлүүлэн жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Б.М-ийг багалзуурдаж, хоолой хэсгийг нь боосон. Би шууд очиж үйлдлийг нь таслан зогсоож байх хооронд нөгөө залуу манай жолооч цагдаа Б.М-ийг зүүн гараараа хэвлий хэсэг рүү цохиж унагаасан. ... Дуудлагын дагуу явж байхад тухайн хүмүүс нь өөрсдөө замын урдаас гарж ирээд өөрсдөө зогсоод буугаад ирсэн. Бууж ирэх үедээ Б.Р  гэх залуугийн цээжний хэсэгтээ зүсүүлсэн шархтай, хувцаснууд нь урагдчихсан байсан болохоор тэр хүмүүсийг зодолдсон байх гэж бодсон. ... Би тухайн хүнийг бол танихгүй. Гэхдээ регистрийн дугаараар нь сүүлд шүүж үзэхэд Батбаяр овогтой Р гэж байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

Гэрч В.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Их Наяд төвийн В1 давхарт байх караокед Б.Р, П, Н нарын хамт орсон. Тухайн караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дуулж сууж байгаад шөнө 05 цагийн үед бид 4 караокеноос гарсан. Тухайн үед найз Б.Р нь цээж хэсэгтээ шилээр зүсүүлсэн шархтай байсан учраас Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явахаар болж дуудлагын жолооч дуудаад хүлээж байсан. Гэтэл Цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд та хэд юу болсон юм бэ, яагаад агсан согтуу тавиад байна аа, ойр орчмоос чинь гомдол ирсэн гэхээр нь бид нар дуудлага өгөөгүй, бид нар ийм байдалтай байна, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явах шаардлагатай, шархаа оёулахгүй бол цус нь тогтохгүй байна гэж тайлбарлахад, за та 4 дөрөв байж бай, шалгана гэж хэлсэн. Дуудлагаар ирсэн шар, дунд орчим өндөртэй цагдаагийн алба хаагч нь явуулахгүй. Та хэдийг шалгана, шууд ингээд явна гэж байхгүй гэх мэтээр хэлж байсан. Тэгтэл Б.Р нь өөрийнхөө биеэ харуулаад би ийм байдалтай байна шүү дээ, цус нь тогтохгүй байна гэж бага зэргийн уурласан. Тэгээд халы харахад дунд зэргийн нуруутай цагдаагийн алба хаагчтай маргалдаж байсан. Тэгтэл нөгөө цагдаагийн алба хаагч хэвлий хэсгээ бариад доошоо замын бордур дээр сууж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дугаар хуудас),

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-532 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б31-24-1834 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас),

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас),

Нэг ширхэг СиДи,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), “Дөрвөн бэрс Очирт” ХХК-ийн захирлын тушаал, 412.000 төгрөгийг шилжүүлсэн Шилжүүлгийн баримтын хуулбар (3 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Р нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.М-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж, хүзүүнээс нь багалзуурдаж, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох О маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж 330.000 төгрөгийн хохирол санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.Р нь найз нөхөдийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их наяд” худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талын зам дээр 00-00 улсын дугаартай МБ маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.М, Б.У-д нартай таарсан байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.М, Б.У-д нар нь 102 дугаарт ирсэн “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхээр явж байжээ.

Таарах үедээ шүүдэгч Б.Р  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаас гадна цээж хэсэгтээ шилээр зүсүүлсэн шархтай, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.М, Б.У-д нар нь шүүгдэгчтэй хамт явж байсан 00-00 улсын дугаартай МБ маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож байсан эрэгтэй болон хамт явсан хүмүүсийг дээрх дуудлагын дагуу шалгахаар шаардлага тавьжээ.

Улмаар шүүгдэгч Б.Р нь ГССҮТ-д үзүүлэх шаардлагатай гэж Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч Б.М, Б.У-д нарын шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох О маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж, цагдаагийн алба хаагч Б.М-ийг багалзуурдах, хэвлий хэсэгт цохих зэргээр халдсан байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Р гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаа жолооч ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Шүүгдэгч Б.Р  нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.М-ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж, хүзүүнээс нь багалзуурдаж, гэдэс рүү нь цохисон үйлдэл нь “...хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Р  нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн талаар

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 330.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Р  нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох О маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж 330.000 төгрөгийн хохирол санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Р гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Б.Р  нь иргэний нэхэмжлэгчид 412.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.М  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч Б.Р д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хөнгөрүүлэх байр суурьтай байна. Р нь хэргийн үйл баримтын талаар маргаан байхгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, гэмшиж байгаа болон хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан 700 болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөөөр торгох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Р гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.700.000 төгрөгөөр тогтоов. 

Шүүгдэгч Б.Р  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Р-г Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.700.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Р  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ